Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Батжаргал өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Зуун богд овогт Батдоржийн Батжаргалд холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201725011201 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Зуун богд овогт Батдоржийн Батжаргал, 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 1165 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ФМ 79112739 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Батжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1165 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Пүрэвдуламыг байнга зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “ Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний буруу. Пүрэвдулам бид хоёр цуг архи ууснаас болж ийм асуудал гарлаа. Хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож  өгнө үү” гэв,

Хохирогч Ц.Пүрэвдулам хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ нөхөр Б.Батжаргал бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Батжаргалын найз гэх Ариунболд орж ирээд найз нь бэлэн мөнгөгүй байна, чамд барьцаанд тавих зүйл байна уу гэж асуусан чинь Батжаргал гэрт байсан хашаа байшингийн гэрчилгээг авч гараад 1 цагийн дараа буцаж ирэхээр нь чи архи уухын төлөө хашаа байшингийн бичиг тавих гээд байхдаа яадгийн гээд уурласан чинь Б.Батжаргал чамд хамаагүй гээд шууд миний нүүр рүү газар байсан хагас түрийтэй гутлаараа шууд цохисон. Тэр үед би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд миний уруул сэдэрчихсэн цус их гарч байхаар нь би гарч гүйгээд шууд цагдаа дуудаж цагдаад барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх6-7/,

Гэрч Г.Оюунцэцэг хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Манай хүргэн Батжарга лнь огцом ууртай бас хар ихтэй, миний мэдэж байгаагаар 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр миний хажууд манай охиныг утсаар эрэгтэй хүнтэй ярьсан гээд зодоод намайг хүүхдээ аваад манай гэрээс зайл гээд хөөгөөд, маргааш нь болохоор би дахиж зодохгүй гээд гуйгаад л буцаад гэртээ авчирдаг байсан. Түүнээс хойш би хөдөө байдаг гэр рүүгээ явсан. Харин сая 2017 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай охин Ц.Пүрэвдулам над руу залгаад Батжаргал намайг зодоод би цагдаа дуудаад бариулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх11-12/,

Сэжигтэн Б.Батжаргал хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Пүрэвдулам чи хашаа байшингийн бичиг баримт архинд тавих гэлээ гээд уурлаад байхаар нь чамд хамаагүй, тэгээд ч Ариунболд өмнө нь ч гэсэн чи бид хоёроорархи авхуулж уучихаад дараа нь мөнгөө өгдөггүйбиздээ, чи дандаа хүнд ашиглуулж явдаг, хүний үг сонсдоггүй гээд уурандаа манай аав, ээж хоёрыг төлбөрийн хийж сургасан, цэцэрлэгийн багшийн үнэмлэхээ урчихаар нь миний уур хүрээд шууд баруун гараар Ц.Пүрэвдуламын нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгэхэд Пүрэвдулам газар унаад ухаан алдаад унасан...” гэсэн мэдүүлэг. /хх22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4349 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Пүрэвдуламын биед дээд уруулын эдийн бүхий шарх, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-16/,

Хохирогч Ц.Пүрэвдуламын өргөдөл /хх-3/, хохирогч Ц.Пүрэвдуламын мэдүүлэг /хх5-8/, гэрч Г.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх13-14/, гэрч Ч.Энхбаярын мэдүүлэг /хх15-16/, гэрч Б.Ариунболдын мэдүүлэг /хх17-18/, шинжээчийн №4349 дугаартай дүгнэлт /хх-20/, сэжигтэн Б.Батжаргалын мэдүүлэг /хх25-27/, яллагдагч Б.Батжаргалын мэдүүлэг /хх30/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Батжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1165 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Пүрэвдуламыг байнга зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Батжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Пүрэвдулам нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Батжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батжаргал нь анх удаагаа гэмт хэрэг үлйдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт дүгнэлт өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс баривчлах ял оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зуун богд овогт Батдоржийн Батжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар Б.Батжаргалыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Батжаргалд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР