| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/03891/И |
| Дугаар | 181/ШШ2023/02109 |
| Огноо | 2023-06-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2023/02109
| 2023 06 29 | 181/ШШ2023/02109 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******, өөрийн байранд байрлах, "Г"ХК/РД:*******, гүйцэтгэх захирал*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* оршин суух,овогт Э.Н/РД: /-д холбогдох,
2,785,139 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д оролцов. Хариуцагч Э.Н-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "Г" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н нь 2022 оны 04-р сарын 19-ны өдөр "Г" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Б/814 дугаар тушаалаар тус компанийн Борлуулалтын газрын Дотоод борлуулалтын хэлтэст Дотоод борлуулалтын хэлтсийн даргаар 3 хүртэл сарын туршалтын хугацаагаар ажилд орсон байдаг.
Ажиллаж байх хугацаандаа ноолууран бүтээгдэхүүнд нэр төрөл өгөх, өмсгөл суулт шалгах гэсэн тайлбартайгаар "Г" ХК-ийн үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрийн хямдралын тасгаас ннп I 14 ширхэг бүтээгдэхүүн сүлжмэл бүтээгдэхүүнийг авч явсан байдаг.
Улмааар 2022 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд 9 ширхэг бүтээгдэхүүнийг буцаан өгсөн ба үлдэгдэл нийт 1,220,310 төгрөг бүхий 5 ширхэг ноолууран бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртэл хугацаанд "Г" ХК-нд хүлээлгэн өгөөгүй байна.
Мөн Э.Н нь ажиллаж байх хугацаандаа 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ний 9 ширхэг ноолууран бүтээгдэхүүнийг "Г" ХК-иас зээлээр худалдан авсан байдаг.
Мөн Э.Н нь 2022 оны 06-р сарын 20-ны өдөр урьдчилгаа цалин дээр нэмж, илүү 235,000 төгрөг аваад 2022 оны 06-р сарын 27-ны өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй байдаг.
2022 оны 06-р сарын 27-ны өдрөөс хойш "Г" ХК-нь утсаар Э.Н-тэй утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй эсхүл утсаа авахгүй тохиолдол үүссэн байдаг. "Г" ХК- ийн зүгээс 2022 оны 7-р сард Э.Н-тэй утсаар холбогдоход өр төлбөрөө төлнө, 5 ширхэг ноолууран бүтээгдэхүүнийг буцаан өгнө гэж ярьдаг боловч Э.Н нь өнөөдрийг хүртэл нийт өр төлбөр болох 2,955,310 төгрөгийг "Г" ХК-нд төлөөгүй мөн өөрийн биеээр "Г" ХК-ийн оффис дээр ирж холбогдо.х ажилтантай уулзаж тайлбар өгөөгүй байна.
"Г" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн Б/1486 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт. 22/1507 дугаар туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07-р сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон байдаг.
Иймд "Г" ХК нь иргэн Э.Н-ээс нийт 2,955,310 төгрөгийг нэхэмжилж байгаа тул иргэн Э.Н-ээс нийт 2,955.310 төгрөгийг гаргуулж "Г" ХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Г" ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Н надад холбогдох 2,955.310 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд ажиллах хугацаандаа ноолууран бүтээгдэхүүнд нэр төрөл өгөх, өмсгөл суулт шалгах гэсэн тайлбартайгаар "Г" ХК-ийн үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрийн хямдралын тасгаас нийт 14 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүнийг авч явсан байдаг. Улмаар 2022 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд 9 ширхэг бүтээгдэхүүнийг буцаан өгсөн ба үлдэгдэл нийт 1,220.310 төгрөг бүхий 5 ширхэг ноолууран бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртлэх хугацаанд "Г" ХК-нд хүлээлгэн өгөөгүй.... гэжээ.
Э.Н миний бие "Г" ХК-д ажиллаж байхдаа нийт 47 ширхэг бүтээгдэхүүн хүлээж авсанаас 9 ширхэг бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан бөгөөд энэ нь нийт 1,505.600 төгрөг болсон. Үлдэх 38 ширхэг сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүнээс 13 ширхэгийг Галлериа дэлгүүрт, 23 ширхэгийг Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрт 2022.06.24-ний өдөр худалдааны зөвлөхүүдэд чанарыг нь шалгуулан хүлээлгэн өгсөн. Харин 2 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн буюу цамцыг халтардсан байсан учраас буцаан өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгч тал намайг 14 ширхэг бүтээгдэхүүн л аваад 5 ширхэгийг нь өгөөгүй мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан бөгөөд хэрэгт авагдсан барааны жагсаалт гэх баримтанд буцаан авсан бүтээгдэхүүнээс заримыг нь бичээд заримыг нь бичээгүй байгаа нь шүүхийг төөрөгдүүлэх гэсэн санаа гэж ойлгож байна.
Хариуцагч миний бие "Г" ХК-д дотоод борлуулалтын газрын дарга албан тушаалд 3 сарын туршилтын гэрээний үндсэн дээр ажилласан. Ийнхүү ажиллах хугацаанд дээрхи бүтээгдэхүүнүүдийг борлуулалтаа нэмэгдүүлэх, байгуулагуудад танилцуулах үүднээс зарлагын падаанаар хүлээлгэн өгч, дэлгүүрүүдээс гаргадаг байсан. Мөн хугацаанд үнэ нэмэхтэй холбогдуулан ажилтан бүрд 1,500.000 төгрөгийг бараа зээлээр худалдан авах эрх олгож би 9 ширхэг бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан бөгөөд зээлээр худалдсан бүтээгдэхүүний үнийн дүнд 10%-ийн хөнгөлөлт олгосон болно.
Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/814 тоот гүйцэтгэх захиралын тушаалаар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дотоод борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүний нөөцийн газрын менежэр гэрээ сунгахгүй болсоныг мэдэгдэж мөн өдрөө А захирал нэгдэх өдрөөс буюу 2022.06.27-ны өдрөөс ажилдаа ирэх шаардлагагүй гээд 2022.06.25-ны өдөр хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүнүүдийг өгөхийг шаардаж зээлээр худалдан авсан 9 ширхэг болон халтардсан 2 ширхэг бүтээгдэхүүнээс бусад бүгдийг нь худалдааны зөвлөхүүдэд чанарыг нь шалгуулан буцаан хүлээлгэн өгсөн.
Миний бие 2022.06.20-ны өдөр хамгийн сүүлийн цалин 1,200.000 төгрөгийг авсан бөгөөд би 2022.04.14-ний өдрөөс 2022.06.27-ны өдрийг хүртэл тус байгууллагад ажилласан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тушаал гарч ажилд орсон үеэс цалин хөлс тооцогдох ёстой байтал надад 2022 оны 4 дүгээр сард 971.800 төгрөгийн цалин өгөх ёстойгоос нэг ч төгрөгний цалин олгоогүй. Нэхэмжлэгч тал илүү цалин олгосон гэж байгаа боловч ажилд орсон үеэс ажлаас чөлөөлөгдсөн 2022.06.27-ны өдрийг хүртлэх хугацааны олговол зохих цалингаас яг хэзээ, яагаад илүү цалин олгогдсон талаархи тооцоо гаргаж өгөөгүй байна.
Харин ч миний бие ажилд орсон үеэс гарсан үе хүртлэх цалингаа тооцвол би дутуу цалин авсан байх үндэстэй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас зээлээр худалдан авсан 9 ширхэг бүтээгдүүхүүний үнэ болох 1,500.000 төгрөг, буцаан өгөөгүй 2 ширхэг бүтээгдэхүүний үнэ болох 436.310 төгрөг буюу нийт 1.936.310 мянган төгрөгийг л төлөх бөгөөд нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/814 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/1486 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № 22/1507 Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/1137 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бараа бүтээгдэхүүний агуулах, салбар нэгж дэлгүүрүүдээс түр хугацаагаар бүтээгдэхүүн авч ашиглах, үйчлүүлэх журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Журмыг мөрдөн ажиллах албан тушаалтнууд, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Зарлагын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Зарлагын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Тодорхойлолт, Н даргын падаанаар авсан барааны жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Дотоод борлуулалтын хэлтсийн дарга Э.Н даргын авсан нийт барааны нэгтгэл дүн, Э.Н-ийн 2022 оны 4, 5, 6, 7 сард авсан цалингийн хүснэгт, хариуцагчийн баримтаар гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Зарлагын падаан, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Зарлагын падаан, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын падаан, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын падааныг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Г" ХК хариуцагч Э.Н-д холбогдуулан нийт 2,785,139/хоёр сая долоон зуун наян таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Н нь нийт 1.936.310 мянган төгрөгийг л төлөх бөгөөд нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 2,955,310/хоёр сая есөн зуун тавин таван мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 170,171/нэг зуун далан мянга нэг зуун далан нэг/ төгрөгөөр багасгаж нийт 2,785,139/хоёр сая долоон зуун наян таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 3/гурав/ хүртэл сарын туршилтын хугацаагаар нэхэмжлэгчид Дотоод борлуулалтын хэлтсийн даргаар ажилласан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/814 дугаар тушаалын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № 22/1507 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид Дотоод борлуулалтын хэлтсийн даргаар 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/1486 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/1137 дугаар тушаалын Хавсралт 3-р Бараа бүтээгдэхүүний агуулах, салбар нэгж дэлгүүрүүдээс түр хугацаагаар бүтээгдэхүүн авч ашиглах, үйчлүүлэх журмыг баталсан болох нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/1137 дугаар тушаалын болон Бараа бүтээгдэхүүний агуулах, салбар нэгж дэлгүүрүүдээс түр хугацаагаар бүтээгдэхүүн авч ашиглах, үйчлүүлэх журмын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн эрхэлж байсан Дотоод борлуулалтын хэлтсийн даргын албан тушаал нь Бараа бүтээгдэхүүний агуулах, салбар нэгж дэлгүүрүүдээс түр хугацаагаар бүтээгдэхүүн авч ашиглах, үйчлүүлэх журмыг мөрдөн ажиллах албан тушаалтнуудын жагсаалтад хамаарч байсан болох нь Журмыг мөрдөн ажиллах албан тушаалтнуудын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байсан Галлериа дэлгүүрээс Бараа бүтээгдэхүүний агуулах, салбар нэгж дэлгүүрүүдээс түр хугацаагаар бүтээгдэхүүн авч ашиглах, үйчлүүлэх журамд заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 15/арван тав/ ширхэг ноолууран эдлэл авсан боловч 2/хоёр/ ширхэг нийт 466,310/дөрвөн зуун жаран зургаан мянга гурван зуун арав/ төгрөгийн үнэтэй ноолууран эдлэлийг, Үйлдвэрийн төв дэлгүүрээс 10/арав/ ширхэг ноолууран эдлэл авсан боловч 3/гурав/ ширхэг нийт 754,000/долоон зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн үнэтэй ноолууран эдлэлийг буцааж өгөөгүй болох нь Н даргын падаанаар авсан барааны жагсаалтын хуулбар, Дотоод борлуулалтын хэлтсийн дарга Э.Н даргын авсан нийт барааны нэгтгэл дүн, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын падааны хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын падааны хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ..., 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.
Зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн боловч хожим дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 1,220,310/нэг сая хоёр зуун хорин мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хариуцагч нь цалинд 235,000/хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг илүү авсан, үүнээс 170,171/нэг зуун далан мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг төлсөн тул үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн ажилтанд ноолууран бүтээгдэхүүнийг зээлээр худалддаг талаар зохигчид маргахгүй байна.
Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэгчээс зээлээр худалдан авах ноолууран бүтээгдэхүүний үнийн дүнгийн хэмжээ 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөг байсныг 235,000/хоёр зуун гучин таван мянга/ төгрөгөөр нэмэгдүүлсэн болох нь Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь тус 235,000/хоёр зуун гучин таван мянга/ төгрөгөөс 170,170.87/нэг зуун далан мянга нэг зуун далан төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 1,564,829/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин ес/ төгрөгийн үнэтэй ноолууран бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан боловч 1,564,829/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг буцаан төлөөгүй болох нь Н даргын падаанаар авсан барааны жагсаалтын хуулбар, Дотоод борлуулалтын хэлтсийн дарга Э.Н даргын авсан нийт барааны нэгтгэл дүн, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн ... төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ноолууран бүтээгдэхүүний үнэд 1,564,829/нэг сая таван зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н-ээс нийт 2,785,139/хоёр сая долоон зуун наян таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г" ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Г" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 59,511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г" ХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н-ээс нийт 2,785,139/хоёр сая долоон зуун наян таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г" ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Г" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 59,511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ