2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/41

 

 

 

 

 

 

   2025       12        26                                     2026/ШЦТ/41

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,

улсын яллагч М.Ханджав,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2506 05370 2239 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Л нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *********** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороололд байрлах ************  гадаа хохирогч Э.Сумьяасугартай "Тоёота Кровн 210" загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн "Тоёота Харриер 65" загварын тээврийн хэрэгсэлээр солино зөрүү 5,000,000 төгрөг өгчих хэмээн өөрийн эзэмшлийн "Хаан" банкны ************** дугаартай дансаар 5,000,000 шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би З-тэй машин солилцох тухай ярьсан. Эхнэр нь болох С-тай ярилцаагүй. З машинаа томруулах гэсэн юм гэхээр нь өөрийнхөө машин дээр нэмээд 15.000.00 төгрөг өгчих гэж хэлсэн чинь З 5,000,000 төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд мөнгийг нь авсан. З-тэй энэ яриаг ярьсны маргааш нь би хотод ирсэн. Хотод ирээд машинаа мөргүүлсэн гэдгийг мэдсэн. Тэр машиныг манай найзын дүү А гэх залуу унадаг. Тэгээд би машиныхаа мөргөлдсөн зургийг З руу явуулаад утас руу залгаад хэлэхэд уурлаад утсаа тасалсан. Би мөнгийг буцаад өгөх ёстой байсан боловч машиндаа сэлбэг авчихсан. Анх банк бусын зээл 15,000,000 төгрөг байсан боловч түүнээс хойш 1 жил гаруй хугацаанд төлсөн учраас З-ээс мөнгө авах үед 4,000,000 орчим төгрөгийн л үлдэгдэл байсан байх. Машиныг мөргүүлсэн байсан болохоор л С-д өгч чадаагүй. Би хохирол төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би анхнаасаа залилах санаа зорилго байгаагүй. С бол надтай машинаа солилцохоор тохиролцсон З-ийн эхнэр ба өмнө нь бид хоёр уулзаж байгаагүй. З-тэй уулзахдаа *********** аймгийн ************ суманд уулзаж машин солилцох тухайгаа ярилцсаны дараа би 15 хоногийн ростероор ажилдаа явсан. Би тэр Toyota Harrier маркийн машинаа жилийн өмнө 33,000,000 төгрөгөөр авч байсан ба 25,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдэгдлийг нь банк бусын зээлээр авсан. Би банк бусын зээлтэй байгаа гэж З болон С нарт хэлээгүй. Одоо Toyota Harrier 65 маркийн Баянхошуунд байгаа. Тэр машиныг би унадаггүй, манай найзын дүү унадаг. Би мөргүүлсэн машинаа янзлуулаад С-д өгнө л гэж бодож байсан. Би одоо сарын 5,000,000 төгрөгийн цалин авдаг ба ээж аавдаа цалингаа өгдөг. Манай ажлын байр 21 дүгээр хороололд байдаг учраас ажлын байран дээрээ байрлаж ажилладаг. 15 хоног байрлаж ажиллаад ажлаасаа буухаараа Замын-Үүд рүү ээж рүүгээ явдаг.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.С-ын "... манай нөхрийн найз болох Б.Л нь надтай 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний авто машин болох Toyota crown 210 загварын авто машиныг Б.Л нь өөрийн нэр дээр байгаа миний эзэмшлийн Тоyota 65 harrier авто машинаа солилцож болно эсхүл манай аавын lexus Rx 450 байна аль дуртайгаараа сольж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөртэйгөө ярилцаж байгаад Toyota 65 harrier сонгосон. Тэгсэн 5,0 сая төгрөг нэмээд өгчих гэхээр нь бид хоёр зөвшөөрч 3,0 сая төгрөгийг манай нөхөр Ж.З өөрийн алтан бөгжөө сайн ломбарданд тавьсан, үлдсэн 2,0 сая төгрөгийг би ажлын хамтрагчаасаа зээлж өгсөн. Нийт 5,0 сая төгрөг өгсөн боловч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 08 цагаас хойш таг алга болсон..." гэх мэдүүлэг /хх-9-10/,

- Хохирогч Э.С-ын ************* тоот данснаас 5,000,000 төгрөгийг Б.Л-ийн ***************** тоот данс руу шилжүүлсэн баримт /хх-ийн 56-58-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Шинэбаярын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Э.С-ын Хаан банкны ************* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-63-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Шинэбаярын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б.Лгийн Хаан банкны ************* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62-63-р хуудас/,

- “****************” ХХК-ны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/007 дугаартай “Манай ************ ххк нь /РД/ нь шахмал түлш тээвэрлэх багц-1 ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэдэг бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газар, ************* компанитай хамтран ажилладаг Б.Л нь манай компанид 2025.03 дугаар сараас хойш жолоочоор ажиллаж байгаа үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 113 дугаар хуудас/,

- Хохирогч Э.С-д хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 114-117 дугаар хуудас/ зэрэг болно.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

  Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

  Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Л нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *********** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороололд байрлах ************  гадаа хохирогч Э.С-тай "Тоёота Кровн 210" загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн "Тоёота Харриер 65" загварын тээврийн хэрэгсэлээр солино зөрүү 5,000,000 төгрөг өгчих хэмээн өөрийн эзэмшлийн "Хаан" банкны *********** дугаартай дансаар 5,000,000 шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-д 5,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Оргил миний бие шүүгдэгч Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн шатнаас оролцож байна. Миний үйлчлүүлэгч Б.Л-ийн хувьд аав ээж эгчийн хамт амьдардаг. Ажил хөдөлмөр хийж, нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Л нь өөрийгөө илэрхийлэхдээ муу, аав ээжээсээ тусдаа гараагүй, дураараа зан ажиглагдаж байгаа харагдсан. Шүүхийн дуудсан цагт ирээгүй шалтгаан нь тухайн үед 48 цагаар ажилласан байсан, хэнэггүй зангаасаа болж унтаад утсаа сонсоогүй нам унтсан гэж ярьсан. Уг хэрэг дээр дураараа хөнгөн хандсан нь бас харагдаж байна. Замын- Үүдэд анх н.З гэх хүнтэй машин солилцохоор аман хэлэлцээр хийсэн ба н.Золбоо нь машинаа томруулмаар байна зөрүү мөнгө өгье гэж анх санал тавьсан. Хэлэлцээрээр зөрүү мөнгийг 15.000.000 төгрөгөөр тохиролцох гэсэн боловч н.З-ийн үгэнд орж 5.000.000 төгрөгөөр тогтоосон. Гэвч уг хэрэгт н.З-ийн эхнэр гэх Э.С-ыг хохирогчоор тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байна. Мөн уг харилцаа нь иргэний хуульд заасан арилжааны гэрээ байна. Иргэний хуульд арилжааны гэрээг талууд тодорхой хөрөнгийг харилцан шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Арилжааны гэрээг заавал бичгээр хийнэ гэсэн зохицуулалт хуульд байхгүй ба харилцан солилцож байгаа зүйлийн үнийн дүн тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан. Арилжиж байгаа зүйлд эд хөрөнгийн доголдол бий болсон тул шүүгдэгчийн хувьд эд хөрөнгийн доголдлыг арилгаад өгье гэж хохирогчид мэдэгдсэн. Гэтэл н.З гэх хүний эхнэр энэ асуудалд дургүйцэн цагдаад гомдол гаргасан. Шүүгдэгч нь анхнаасаа залилах санаа зорилго энэ хэрэгт байгаагүй. Шүүгдэгчийн гэр бүлийн нөхцөл байдлын хувьд амьдралын боломжтой гэх үндэслэл хувийн байдал тогтоосон баримтуудаар тогтоогдож байна. н.С нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргахдаа хэрэг учралын талаар худал мэдээлэл өгсөн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэлт ажиллагаа явуулаагүй иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр энэ хэрэг шүүхэд ирсэн нь харамсалтай байна. Мөн н.С гэх хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй. Иргэний нэхэмжлэгчээр 4 дүгээр сард тогтоосон бол гомдол мэдээлэл хуулийн байгууллагад 5 дугаар сард ирсэн зөрчилтэй байх ба 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн хугацаа нь зөрүүтэй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн Л-ээс мэдүүлэг авахдаа гэрчээр мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь Б.Л-ээс сэжигтнээр мэдүүлэг авах нөхцөл байсаар байтал гэрчээр хууль сануулж мэдүүлэг авч эрхийг нь зөрчсөн байна. Иймд Б.Л-д холбогдох үйл баримтыг иргэний хуулийн зохицуулалтаар хүлээн авч эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдал байхгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

  Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Л нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *********** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороололд байрлах ************  гадаа хохирогч Э.С-ын "Тоёота Кровн 210" загварын тээврийн хэрэгслийг нь ************** ББСБ-ын өмчлөлд байгаа "Тоёота Харриер 65" загварын тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийнх гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тээврийн хэрэгслүүдийг  солино зөрүү 5,000,000 төгрөг өгчих хэмээн өөрийн эзэмшлийн "Хаан" банкны ************ дугаартай дансаар 5,000,000 шилжүүлэн авч залилсан болох нь:

- Хохирогч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... манай нөхрийн найз болох Б.Л нь надтай 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний авто машин болох Toyota crown 210 загварын авто машиныг Б.Л нь өөрийн нэр дээр байгаа миний эзэмшлийн Тоyota 65 harrier авто машинаа солилцож болно эсхүл манай аавын lexus Rx 450 байна аль дуртайгаараа сольж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөртэйгөө ярилцаж байгаад Toyota 65 harrier сонгосон. Тэгсэн 5,0 сая төгрөг нэмээд өгчих гэхээр нь бид хоёр зөвшөөрч 3,0 сая төгрөгийн манай нөхөр Ж.З өөрийн алтан бөгжөө сайн ломбарданд тавьсан, үлдсэн 2,0 сая төгрөгийн би ажлын хамтрагчаасаа зээлж өгсөн. Нийт 5,0 сая төгрөг өгсөн боловч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 08 цагаас хойш таг алга болсон..." гэх мэдүүлэг, хохирогч Э.С-ын *************** тоот данснаас 5,000,000 төгрөгийг Б.Лгийн ************ тоот данс руу шилжүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Шинэбаярын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Э.С-ын Хаан банкны ********* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Шинэбаярын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б.Лгийн Хаан банкны ************* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдээллийн Хур системээс гаргасан лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Б.Л нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *********** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороололд байрлах ************  гадаа хохирогч Э.Сумьяасугарын "Тоёота Кровн 210" загварын тээврийн хэрэгслийг нь ************* ББСБ-ын өмчлөлд байгаа "Тоёота Харриер 65" загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийнх гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тээврийн хэрэгслүүдийг  солино зөрүү 5,000,000 төгрөг өгчих хэмээн өөрийн эзэмшлийн "Хаан" банкны ************* дугаартай дансаар 5,000,000 шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Э.С-д хохирол учруулан үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-ын зүгээс шүүгдэгч Б.Лгийн үйлдлийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Арилжааны гэрээ буюу Иргэний эрх зүйн харилцаа ба хохирогчийг буруу тогтоосон, хэргийн харъяалал ч буруу гэж мэтгэлцэж оролцсон.

Гэвч шүүгдэгч Б.Л нь өөрийн найз н.Золбоотой машин солилцох тухай ************ аймгийн ************ суманд амаар хэлэлцээр хийсэн боловч үүнээс үүдэн хохирогч Э.С-аас 5.000.000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *********** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороололд байрлах ************  гадаа өөрийн дансанд шилжүүлэн авсанаа мэдүүлж байна. Дээрх нөхцөл байдал хохирогчийн мэдүүлэг , дансны хуулгуудаар нотлогддог тул хэргийн харъяалал буруу, хохирогчийг буруу тогтоосон гэж дүгнэх үндэслэлгүй.

Шүүгдэгч нь ************** ББСБ-ын өмчлөлд байгаа "Тоёота Харриер 65" загварын тээврийн хэрэгслийг өөрийн өмч гэж хохирогч Э.С, түүний нөхөр гэх З нарт итгүүлсэн, мөн машинд эвдрэл үүссэн гэдгийг мэдсэн ч  хохирогчид мөнгийг буцаан өгөөгүй, эвдрэлийг засаж өгөх гэж байсан гэх боловч  буцаан өгөөгүй, өгөх боломжтой байсан эсэх нь нотлогдохгүй.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь арилжааны гэрээний үүргээ биелүүлээгүй бус анхнаасаа өөрт байхгүй, өөрөө захиран зарцуулах эрхгүй эд зүйлийг өөрийнх гэж итгүүлж бодит байдлыг нуусан, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчийн мөнгийг  буцаан өгөх санаа зорилгогүйгээр шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэн түүнийг “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нууж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, түүний хувийн байдал зэргийг харгалкан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба өнөөдрийг хүртэл 18 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр дүйцүүлэн хасаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оргил эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Улсын яллагчийн гаргасан торгох ялын саналтай санал нийлж байна. Л-ийн хувийн байдлыг харгалзан үзэж анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр тогтоож, цагдан хоногдсон хоногийг тооцож эдлэх ялаас хасаж тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Л эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Л нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-д 5,000,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Б.Л нь шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Л нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 18 хоног цагдан хоригдсоны 1 хоногыг торгох ялын 15 нэгжээр тооцож торгуулийн ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч Б.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Л-ийг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лг  1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн цагдан хоригдсон 18 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон хасч, нийт эдлэх торгуулийн ялыг 730,000 төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ