Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/423

 

 

 

 

 

                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү  даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, 

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага

Улсын яллагч Л.Отгончимэг,

     Иргэдийн төлөөлөгч Б.Х ,

     Гэрч Н.Б , Б.Б ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б , М.М ,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Б-д холбогдох эрүүгийн 238000000155 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш  овогт Д-ын Б , Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын .......................... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ...................... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:(яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Ц-тай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч хавтаст хэргээс:

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232а дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: 

1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар тал,  225 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 233-250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 73-90 дүгээр тал, оршуулгын зардалтай холбоотой баримтууд, өнөөдөрийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн Хаан банкны зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Цагааннуур сумын засаг даргын Тамгын газрын албан бичиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 20 удаа зорчсон замын зардалтай холбоотой баримтууд, амь насны хохирлын үнэлгээ 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1122 дугаартай шүүх хуралдааны тогтоол зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хавтаст хэргээс: 

1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал, 17-27 дугаар тал, 35 дугаар тал,  41-44 дүгээр тал, 71-74 дүгээр тал, 102-105 дугаар тал, 123-124 дүгээр тал, 131 дүгээр тал, 135-138 дугаар тал, 145 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 12-15 дугаар тал, 29 дүгээр тал, 109-112 дугаар тал,114 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал, 221-233 дугаар тал, 5 дугаар хавтаст хэргийн 9-12 дугаар тал, 13 дугаар тал эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн талаар.

         1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Ц-тай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж, гавал тархины хавсарсан битүү гэмтэл учруулж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч  нараас  шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “аргагүй хамгаалалт” гэж маргасан байр суурьтай оролцсон.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н.Ц-тай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж гавал тархины хавсарсан битүү гэмтэл учруулж, хүнийг алсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно.

Тухайлбал,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: “...Өмгөөлөгч нартайгаа адил байр суурьтай байна. Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н : “...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү маань бусдын гарт амь насаа алдсан. Энэ хэрэг шийдэгдэхгүй 3 жил гаруй явж өнөөдөр шийдэх гэж байна. Би хол газраас маш олон удаа ирж шүүх хуралдаанд оролцох, мэдүүлэг өгөхөөр ирж байгаа учраас миний хувьд нэлээн хүндрэлтэй байна. Талийгч хүү маань банкны зээлтэй байсан. Тэрийг би тэтгэврийн мөнгөөр төлсөн. Ганц нялх хүүхэдтэй хүнд зээлээ өөрөө төл гэж хэлэлтэй биш, ялгаагүй миний хүүхэд учраас би төлж өгсөн. Оршуулгын зардал 12,082,604 төгрөг, замын зардал 2,400,000 төгрөг, банкны зээл 6,894,881 төгрөгүүдийг төлсөн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй харин хүүгийнхээ амийг нэхэмжилж байна. Нэг хүн буу үүрч яваад хандгай алсан байхад улс 20,000,000 төгрөгөөр үнэлж тэрийг нь 2 нугалж төлүүлдэг. Миний хүү хээрийн амьтнаас дор амьтай байна гэж байхгүй. Үнэхээр харамсаж байна. Би амь насны хохирол 50,000,000 төгрөг, нийт 71,327,485 төгрөгийг нэхэмжилж байна.

...Хохирол 10,701,774 төгрөгийг хүлээн авсан. Санал, гомдол байхгүй. Гомдлоо гээд үхсэн хүн буцаад босоод ирэх биш. Энэ хүнийг нэг их яллаад яах вэ дээ. Гэм буруугаа яваандаа ойлгоно биз. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг юм уу? хөнгөрүүлэх саналтай байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Б : “...Б.Б гийн дэлгүүр дээрээс юм авахаас өмнө өдөр нь очиж машин ухаж байгаад би явж сэлбэг, жанам авч ирээд Д.Б-ын гэр рүү нь орохгүй хашааных нь ард машинаа янзалж аваад явсан. ...Шаваргүй үед 5-6 минут л явдаг. Тэр жил шавар, ус ихтэй байсан. Замаараа түлш аваад Б.Б-гийн дэлгүүрт очиход 30 орчим минут болсон. ...Колонкоос түлш аваад ахынхаа хашааны урд машинаа зогсоогоод би өөрөө юм өргөж чадахгүй учаас ахын хүүхдээр 2 сав тэжээл машины тэвш дээр тавиулсан. Тэр үед л тэгж ярилаа гэж хэлсэн. Б.Б  “Д.Б ах залгаад хүн алчихлаа гэж хэлээд утсаа салгалаа” гэсэн. Тэгэхээр нь би Д.Б ынхоос Б.Б гийнд очсон байсан тул худлаа хэлсэн гэж бодсон…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б : “...Тэр өдөр манай хүүхдүүд өвөө, эмээ дээрээ хөдөө байж байгаад Д.Б, Н.Ц хоёртой хөдөөнөөс ирж яваад замдаа машин нь эвдэрч замын унаагаар хүүхдүүдийг маань явуулсан байсан. Би тэгэхэд дэлгүүрт ажилладаг байсан. Орой болж байхад хүүхдүүд маань ирсэн. Орой нар давах үеэр, цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна, тэр үед Д.Б ах над руу залгаад “би хүн алчихлаа” гэсэн. Яг тэр үед Н.Б  ах, манай нагац ах н.Х хоёр орж ирэхэд би утсаар ярьж байгаад “энэ хүн ингэж хэлж байна” гэсэн чинь Н.Б  ах “би дөнгөж сая очоод ирлээ. Архи ууж байна лээ” гэж хэлсэн. Би тэгээд дэлгүүрээ хаагаад эгчийн маань хоёр хүүхэд бас над дээр байсан учраас би 4 хүүхдээ аваад гэртээ очоод нар даваад хоолоо хийх гэж байхад Д.Б ах залгаад талийгч Н.Ц-ыг очсон уу гэж асуухаар  нь ирээгүй гэж хэлсэн. Гэтэл жаахан байж байгаад дахиж Д.Б ах над руу залгаад “Наран ахын чинь хоёр хүүхэд намайг зодоод явсан байна. Ах нь зодуулсан байна” гэж хэлсэн. ...Эхлээд дэлгүүр дээр байхад хүүхдүүд ирсний дараа хүүхдүүдээ авсан уу гээд ярьсан. Дараа нь дэлгүүр хаах үеэр хүүхдүүдтэйгээ байж байхад М ах хөдөөнөөс захисан юм авахаар очиход Д.Б ах залгаад “би хүн алчихлаа” гэж ярьсан. Би урдаас нь яасан гэнээ, юу гэнээ гэж байхад энэ хоёр орж ирэхээр нь “тэгсэн гэнэ” гэж хэлсэн. Тэрнээс хойш гэртээ очоод хоолоо хийж байхад талийгчийг очсон уу гэж ярьсан. Түүний дараа “намайг зодоод явсан байна” гэж ярьсан.

...Надтай анх “хүн алчихлаа” гэж ярихад би хүүхдүүдээ аваад дэлгүүрээ хаах гэж байсан. 4 дүгээр сар байсан, бүрий болоогүй байсан. Тэрнээс хойш 30, 40 минут болсон байх дэлгүүрээ хаагаад гэртээ харьж хоолоо хийж байхад залгаад очсон уу гэж асуусан. Тэрнээс хойш 30, 40 минут болсон байх, дахиад залгаж намайг зодоод явсан гэж хэлсэн. ...Шөнө манай руу талийгчийн нагац ах нь залгаад “талийгчийг олж авлаа. Энд нас барсан байна. Ар гэр рүү нь мэдэгдэх гэсэн юм” гэж хэлсэн.

Манай аав талийгчийн авга ах нь учраас тэгж хэлэхээр нь би аав руугаа залгаад ийм ажил явдал болсон байна гэсэн чинь “орой машин ирээд Н.Б  ирсэн. Тэгэхэд ирээгүй байсан юм уу” гэж хэлсэн учраас би Н.Б  ахыг харьсныг мэдсэн.  ...Би одоо Д.Б ахын дугаарыг сайн санахгүй байна. Гэхдээ Д.Б ах өөрийнхөө дугаараас над руу ярьсан.  Би 8087............... гэсэн дугаартай…” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 16-р тал),

2022 оны 4 дүгээр сарын 11-ний хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 17-27-р тал),

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, (1-р хх-ийн 133-134-р тал),

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-34-р тал),

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, (1-р хх-ийн 28-31-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н гийн өгсөн: “...Одоогоос 4-5 хоногийн өмнө гэрт нь очсон. Намайг гэрт нь очиход гэртээ л байж байсан. Үүнээс хойш уулзаагүй. Ахынх нь надад ярьснаар өчигдөр банз ачаад Б-той  хамт сумын төв рүү орж ирсэн гэсэн. ...Тэгэхэд Б , Г, Д  нартай архи ууж байсан ба ах нь машинаа янзлаад унаад явсан гэсэн. ...Манай эхнэрийн дүү Б над руу залгаад “Ц  баруун хороонд явж байгаад нас барсан байна” гэж хэлсэн. Яг юу болсон талаар нь надад мэдэх зүйл алга. Тэр болгон хэрэглээд байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө уучихсан байгаа харагддаг. Элдэв муухай ааш араншин байхгүй, наргианч хүүхэд байсан.

...Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хамт байсан хүмүүс нь бас холбоотой болов уу гэж бодож байна. Оршуулгын зардлын тооцоо нь манай эхнэрт байгаа байх. Шаардлагатай бол прокурорын шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 43-44, 46-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Г-ын өгсөн: “...2022.04.10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би Жаргант голын үүрнээс Ренчинлхүмбэ сум орохоор явж байтал замд танил Б  нутгийн залуу Г хоёрын хажууд зогсоод уулзсан чинь машины жанам эвдэрсэн гэж хэлж байсан. Би өөрийгөө ......ХӨВ улсын дугаартай пургон маркийн машинаар Б , Г 2-ын машиныг чирч Рэнчинлхүмбэ сумын төв оруулж Б  ахын хашааны гадаа авчирсан. Тэгтэл Д  бид нар дээр өөрийн машинтай ирсэн. Тэр үед дүү Ө  миний машинаас буугаад гэр лүүгээ алхаад явсан. Би Б , Г нарын машины жанамыг тайлан янзлахаар болсон. Тухайн үед миний машин дотор 1 ширхэг 2 литрийн сэрүүн пиво байсан. Би уг пивыг дөрвүүлээ хуваагаад уучих уу гэсэн чинь Б , Г, Д  гурав тэгье гэсэн. Бид дөрөв уг пивийг хувааж уугаад байж байтал Г дахиад нэг пиво уучих уу гэж асуусан. Бид нар зөвшөөрч Д  бид хоёр дэлгүүрээс 2 ширхэг 2 литр сэрүүн пиво авчирч Б , Г, Д  бид дөрөв хувааж уусан. Би пиво ууж байхдаа Б , Г хоёрын машины жанамыг тайлсан. Тэр үед Гаажзэ дахиад пиво ууя гээд Д , Г хоёр дахиад пивонд явсан. Тэгтэл Б  руу Г залгаад Д  бид хоёр шаварт суулаа гэж хэлсэн. Тэр хоёрын араас Б  ах бид хоёр очиж машиныг шавраас гаргаад Б , Г э, Давахүү бид дөрөв хүнсний дэлгүүр орж 2 ширхэг 2 литрийн /нэрийг нь мэдэхгүй байна/ пиво авч Б  ахын хашаанд очиж 2 ширхэг 2 литрийн пиво ууж байтал найз Д  усандаа яваад өгсөн. Д г явсны дараа Гажээгийн төрсөн ах М бид гурав дээр ирсэн. М машин янзалж Б , Г бид гурав пиво уусан. Тэгж байтал Д  бид нар дээр хальт ирээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгтэл Г э, М ах та хоёр пивонд яваад ир гээд картаа өгсөн. М бид хоёр дэлгүүр орох замаараа Д-г яваад дэлгүүр орж 2 ширхэг 2 литрийн /нэрийг нь мэдэхгүй байна/ пиво аваад Б, Г 2-р дээр ирсэн. Д  тэндээсээ шууд гэртээ харьсан би Б , Г 2-той пиво ууж байтал Б, Г хоёрын машиныг М асаагаад унаад явсан. М тухайн үед ганц аяга пиво уугаагүй. Б-ын байшинд Б, Г бид гурав пиво уугаад үлдсэн. Би Г-тэй хурдан морь ярьж байгаад Б, Г хоёрыг үлдээгээд гэр лүүгээ харьсан. Тухайн үед гэгээтэй, 18 цаг өнгөрч байхад явсан. Би гэртээ хариад унтаж байтал шөнө цагдаа ирээд намайг цагдаагийн хэсэг дээр авчирсан. Цагдаа надад хэлэхдээ цуг архи уүсан байсан хүн чинь нас барсан байна гэж хэлсэн. ...Бид нарын дунд ямар ч хэрүүл маргаан болоогүй..., Халамцуу бүүр тийм айхтар согтсон зүйлгүй байсан. 1 ширхэг 2 литрийн пиво бүтэн, 1 ширхэг 2 литрийн пиво дөнгөж онгойлгон дээрээс нь ганц хоёр аяга уусан 2 ширхэг пиво үлдээсэн. Тэрийг Б , талийгаач Ц  нар уусан талаар мэдэхгүй байна.

...Одоо цагийг нь санахгүй байна. Ямар ч байсан гадаа гэгээтэй байсан. Миний барагцаагаар 18-19 цагийн орчим болов уу гэж бодож байна. Би талийгаач Ц  болон Б  ах нартай пиво уунгаа, талийгаачтай хурдан морины талаар ярьж, талийгаачаар нэг үрээ уяуулахаар тохирсон. Тэгж байгаад гарч яваад шууд гэртээ харьсан. Намайг гарахад талийгаач, Б  ах хоёр үлдсэн. Өөр хүн байгаагүй.

Би гарч яваад шууд гэртээ харьсан. Намайг гэртээ харихад манай гэрт эхнэр Т, 3 хүүхдийнхээ хамт байсан. Өөр хүн байгаагүй. Гэртээ хариад хоол, цайгаа идэж уугаад, зурагт үзэж байгаад унтаж амарсан. Унтаж амарч байтал шөнийн 04 цагийн орчим хэсгийн цагдаа Ш, манай нутгийн хүн болох А  нар очоод босоод, явъя гэсэн. Пиво уухын хувьд уусан. Гэхдээ архи уугаагүй учраас нэг их согтоогүй. Жаахан халах маягтай л байсан. Б ахын хувьд бүр гайгүй зүгээр шахуу байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 49-53, 55-56-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Д-гийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15 цаг болж байхад Рэнчинлхүмбэ сумын төвд байх гэрээсээ өөрийн .........ХӨВ улсын дугаартай пургон маркийн машинтай ганцаараа Жаргант голоос ус авах гэж гарсан. Тэгээд хойшоо эргээд явж байтал найз /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна./, манай сумын 2 хүнтэй хамт машин янзлаад зогсож байсан. Би тэр хоёр хүний нэрийг мэдэхгүй. Би Г-тай уулзсан. Гэтэл Г  өөрийн машинаасаа 2 литрийн хэмжээтэй /нэрийг нь санахгүй байна/ пиво гаргаж ирсэн. Тэр пивийг би Г тай хамт явж байсан. 2 хүний хамт бид дөрөв хувааж уусан. Тэр үед Г  цуг явж байсан 2 хүний настай ах нь надтай танилцсан.

Тэр хүн өөрийгөө Б  гэж хэлсэн. Нөгөө залуу надтай танилцаагүй. Бид дөрөв нэг пиво ууж дууссаны дараа Г  намайг хамт пивонд явъя гэж хэлсэн. Г д нөгөө танихгүй залуу нэг том 2 литрийн пивоны мөнгө байсан. Тэгээд би машинаа бариад Г  бид хоёр худалдаа үйлчилгээний төв гэсэн газраас 2 ширхэг 2 литрийн сэнгүр пиво авсан. Уг 2 пивийг Г , би, нөгөө 2 хүний хамт 4-лээ хувааж уусан. Тэгээд би усандаа явах гэж байтал нөгөө танихгүй залуу хамт чиний машинтай пивонд яваад ирье гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу бид хоёр дэлгүүр явах замдаа шаварт суусан. Бид хоёрын араас Г , Б ах хоёр машинтай ирж бид хоёрын машиныг шавраас чирч гаргасан. Бид дөрөв худалдаа үйлчилгээний төвөөс 3 ширхэг 2 литрийн сэнгүр пиво авсан. Би тэр гурвыг пивотой нь хамт байсан газар нь хүргэж өгөөд усандаа ганцаараа явсан. Усаа авчихаад буцаад нөгөө 3 дээр иртэл нөгөө танихгүй залуугийн төрсөн ах гэх М гэж таягтай залуу ирсэн байсан. Тэр М пиво уугаагүй. Би нөгөө гурвын пивоноос нэг аяга пиво уучихаад гэр лүүгээ харьсан. Гэртээ байж байтал араас М, Г  хоёр ирээд намайг авсан. М худалдаа үйлчилгээний төвийн гадаа зогсоод 2 ширхэг 2 литрийн пиво аваад ир гэж хэлсэн. Би М-ийн  картыг уншуулж 2 ширхэг 2 литрийн сэрүүн пиво авсан. Тэгээд Г , М бид гурав Б нөгөө залуу хоёр дээр очсон. Би тэд нарын байсан байшинд хальт орчихоод буцаад гараад гэртээ харьсан.

Тэгтэл өдөр буюу 2022.04.11-ний өглөө над руу цагдаагаас залгаад өчигдөр хамт архи ууж байсан нэг залуу чинь нас барсан байна цагдаагийн байран дээр ир гэж хэлсэн. Талийгаачтай намайг байхад хэрэлдэж маргалдсан хүн байгаагүй.

Намайг явсны дараа хэрэлдэж, маргалдсан эсэх талаар би мэдэхгүй байна,

...Тасрах хэмжээний согтоогүй машины эд ангиа янзлаад сууж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-63-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б гийн өгсөн: “...2022.04.10-ны өдрийн 18 цаг 21 минутад Рэнчинлхүмбэ сумын 6-р багт баруун хороонд оршин суух Д.Б гэдэг айлд очсон. Тэгэхэд Г , Б , Д , талийгаач дүү Ц  нар байсан. Тэд нар талийгч дүүгийн машины жанам эвдэрсэн гээд Б-ын байшинд оруулаад янзалж байсан ба тухайн үед 2 литрийн “Сэнгүр” гэдэг нэртэй пиво ууж байсан. Тэгээд талийгаач дүү надад хандан ах яваад 2 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 2-ыг аваад ирээч гэхээр нь дэлгүүр орж 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй 2 ширхэг пиво аваад талийгчийг согтсон байхаар нь нэгийг нь машиндаа нуугаад, нэгийг нь оруулж өгсөн. Тэгээд дүүгийн машины жанамыг нь угсарч дуусаад дүүг явах шинжгүй болохоор 18 цаг 50 минутад Рэнчинлхүмбэ сумын 1-р баг Эвт гэдэг газар руу гэр лүүгээ ганцаараа явсан. ...Намайг очиход 2,5 литрийн 3,4 ширхэг том пиво уусан байсан. ...байдлаас нь харахад гайгүй л байсан. Хөл дээрээ тогтож чадахаа байсан хэл яриа нь ээдэрсэн зүйл байгаагүй. Өөрсдийн үйлдлийг хянах чадвартай байсан. ...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 50 минутын орчим байх, одоо цаг хугацааг сайн санахгүй байна. Би өөрийн хамаатны хүн болох Бо гийн гэрт очсон. Намайг Б-гийн гэрт очоод сууж байхад Б надад хэлэхдээ “сая Б  ах залгаад би хүн алчихлаа” гэж хэлээд утсаа салгачихлаа гэж хэлсэн. Тухайн үед би Б-хоос гараад Бо-гийнд очсон учир архи уучихаад худлаа ярьж байна гээд нэг их тоогоогүй.

Б-ын хувьд эрүүл байсан ч худлаа ярьдаг, согтуу байсан ч худлаа ярьдаг.

Ямар сайндаа архи ууж байхдаа хүн рүү ах нь үхлээ гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд ах дүү нар нь сандралдаад хоног хайсан чинь хажуу талынхаа айлд байж байсан. Энэ мэтчилэн худлаа яриад байдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-68, 70-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.П-ийн өгсөн: "... Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 00 минутын орчим Рэнчинлхүмбэ сумын 1-р баг руу дуудлагад яваад, тус өдрийн 22 цаг 40 минутын орчим буцаж сумын төв орж ирсэн. Сумын төв орж ирээд гэрээсээ 5 гудамжны ард буугаад явган гэр лүүгээ алхсан. Гэр лүүгээ алхаж явтал баруун хойно хуурч 6-р гудамжны баруун замын ховил дээр хүн дугарах шиг болохоор нь утасны дэлгэцийн гэрэл асаагаад хартал хүн дуугарах шиг болохоор нь утасны дэлгэцийн гэрэл тусгаж хартал хүн хэвтэж байгаа харагдсан. Тухайн үед би согтуу хүн хэвтэж байгаа юм байна гэж бодоод шууд гэр лүүгээ гүйгзэд харьсан. Намайг гэртээ ороход 23 цаг 30 минут болж байсан ба би шууд хэсгийн цагдаа д/а Б Ш-ийн 9950..... гэсэн дугаар луу залгаж “Баруун хороо хуурч 6 дугаар гудамжны баруун үзүүрт согтуу хүн хэвтэж байх шиг байна” гэж мэдэгдсэн. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн 9938........... дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй хэсгийн цагдаа миний утас руу залгаад “дуудлага өгсөн хүн мөн үү, тухайн газрын хаяг нь тогтоогдохгүй байна, та заагаад өгөөч" гэхээр нь би гудамжныхаа үзүүрт гарч ирээд гэрэлтүүлж байтап хэсгийн цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёр ирсэн. Тэгээд удалгүй сумын их эмч Дэ ирээд тухайн хүний биеийн гадна талаас гүрээний судас тэмтэрч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 73-74-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Ц-ийн өгсөн: “...2022.04.10-ны 23 цаг 30 минутын орчим манай сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч П  нь эмнэлгийн 9938....... дугаарын утас руу залгаад гудамжинд тасарсан юм уу гэлтэй хүн байна, цагдаад дуудлага өгсөн чинь хүнтэй хамт очъё гээд байна гэхээр нь за би Дэ эмч рүү запгаад хэлчихье гээд Дэ эмч рүү залгахад би дөнгөж сая Хороо руу дуудлагад очоод гэртээ орж ирээд байж байна, би өөрөө цагдаа руу холбогдчихоё гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй Дэ эмч орж ирээд дуудлагын жолоочтой хамт яваад нэлээн хэсэг байж байгаад ирэхдээ нас барсан байна гэсэн. Өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 77-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б гийн өгсөн: “...2022.04.10-ны өдөр 12 цагийн орчим манай аав, ээжийн тэнд байдаг талийгч Ц  мөн Б  нар сумын төв орох гэж байна хоёр хүүхдийг чинь өгч явууллаа гэж манай аав Б, ээж Ч  нар 9819............ гэсэн утсаар залгаж хэлсэн. Оройхон Б  ах залгаад ах нь хүн алчихлаа гэж хэлсэн, айн юу гэсэн бэ гэсэн чинь утсаа салгасан. Ц  /талийгаач/ очоо юу гэж залгаж асуусан.

Тэгэхээр нь би ирээгүй гэж хариулсан. Шөнө 01 цагийн орчим талийгаачийн нагац ах нь манай нөхөр Мя  луу залгаад Ц өнгөрсөн байна. Хадам аав Б-д хэлэх боломж байна уу гэж залгасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Мя -ийн өгсөн: “...Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багаас манай ойролцоо хаварждаг Бя  сумын төв орох гэхээр нь би машинд нь сууж сумын төв орсон машинд Ө, Бя-гийн эхнэр Д , Ц  нар цуг сумын төв орж ирсэн. Сумын төвөөс хүнсний материал болон бензин авсан. Үдээс хойш Бя  хөрөө рамаас банз ачна гээд баруун хороонд хөрөө рамын арын гудамжны үзүүрт машин шаварт суусан Г  гэж дууддаг сумын төвд байдаг залуу цагаан өнгийн пургон маркийн машинаар чирээд гаргаж чадаагүй яваад өгсөн. Тэгээд Ч  гэх цагаан өнгийн УАЗ маркийн машинтай нутгийн хүн чирч шавраас гаргаад хажуу талын шаварт дахиад шаварт суусан. Бид нар сумын төвд байдаг Б  гэж дууддаг залууг дуудаад хөдөө гэртээ хүргүүлсэн. Тэр шаварт машин суусан газар нь битүү ус шалбаагтай байсан учир би машинаас буугаагүй. Би гэртээ харихад нэлээн орой болсон байсан. Цагийг би сайн санахгүй байна. Машины цонхоор харахад 3,4 айлын цаана нэг цагаан жижиг ачааны машин харагдаж байсан. Өөр машин харагдаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Ч-ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим би төрсөн эцгийнхээ цагаан өнгийн УАЗ маркийн .........ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зүүн хорооноос Бадрал гэдэг айлынхаас хонь ачаад эцэг Жамцынд аваачиж өгчихөөд гэртээ харьж явах замд зүүн хорооны хуурчийн 4 дүгээр гудамжны баруун үзүүрт цагаан өнгийн пургон маркийн машин шаварт суусан байсан. Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багт оршин суух гэдэг залуу машин шавраас гаргаад өгөөч гэхээр нь би машинаараа хойноос нь чирч шавраас нь гаргасан. Тэр машины урд мост нь эвдэрсэн байхаар нь би гэртээ аваачиж янзлах гээд чирээд явж байгаад тухайн гудамжинд шаварт суулгасан гаргах гэж оролдож байгаад гаргаж чадахгүй байхаар нь би пургон машиныг орхиод гэртээ харьсан. Гэртээ очиход нар жаргаж байсан.

Шөнийн 00 цаг өнгөрч байхад манай эхнэр П баруун хорооны 6 дугаар гудамжны үзүүрт шавар дунд хүн байна, хөдлөхгүй байна гэж хэлэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн, Цагдаа ирээд яг хаана юм гэхээр нь би эхнэртэйгээ цуг очиж зааж өгсөн..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 88-89-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Бя-гийн өгсөн: “...Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багаас хүүгийнхээ цагаан өнгийн ...........ХӨҮ улсын дугаартай пургон маркийн машинаар сумын төв орохоор явж байхад 11 цагийн орчим Жаргант голын гүүр гараад явах замд цагаан өнгийн жижиг ачааны машин таарсан. Тэр машинд талийгаач, Б нар явсан. Би Б-той уулзаад машин зүгээр үү гэж асуухад тос гоожоод машин халаад байна гэж хэлсэн. Намайг хоёр хүүхэд аваад яваач гэж хэлсэн. Тэгээд би хоёр хүүхэд аваад сумын төв ороод баруун хороонд буулгасан. Үдээс хойш хөдөө гэр лүүгээ явах гээд баруун хорооны 3 дугаар гудамжинд байрлах Ө гэдэг хүний хөрөө рамаас банз ачих гэж явж байгаад 4 дүгээр гудамжны хавчигтай үзүүрт шаварт суусан. Тэгсэн Г  пургон маркийн машинтай ирж зогсохоор нь машин татаад өг гэж хэлсэн. Г  машинаараа нэг татаж үзээд гарахгүй юм байна гээд яваад өгсөн. Г-гийн машин дотор нэг танихгүй хүн байсан, бууж ирээгүй. Г бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, архи үнэртэж байсан. Удалгүй Ч цагаан өнгийн УАЗ маркийн машинтай явж байхаар нь би дуудаж зогсоогоод машин гаргаад өгөөч гэж хэлсэн. Ч  татаж гаргаж өгсөн. Манай машины урд кардан гол тасарсан байсан Ч  янзлаад өгье гээд чирээд явж байтал дахиад шаварт суусан. Ч гаргаж чадахгүй юм байна, том машин хэрэгтэй юм байна гээд гэр лүүгээ явсан. Машин суусан газраас 200-300 метрийн цаана Г-гийн цагаан өнгийн пургон машин, Д-гийн цагаан өнгийн пургон машин, М-ийн  жижиг ачааны цагаан машин байх шиг харагдсан. Оройхон нар орсон хойно 2 пургон машин нь байхгүй ганц цагаан жижиг машин явах гээд асаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 92-93-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Ө-ын өгсөн: “...Бя  хөрөө рамаас хэдэн банз тавиад явъя гэсэн. Тэгээд баруун хорооны 4 дүгээр гудамжны хавчигтай үзүүрт шаварт суусан. Миний хуруу өвдөөд машинаас огт гараагүй, битүү шавар ус байсан машин ирээд шавраас гаргах гээд чирээд байх шиг байсан. ...Машин цонхоор харахад Ч  УАЗ маркийн машинаар татаж байсан. Ч  шавраас гаргаж өгсөн ахиад шаварт суусан, Ч  гэр лүүгээ явсан. Бя  хүүхэд рүүгээ яриад машин шаварт суусан орхиод явлаа ирж аваарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 96-97-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Д-гийн өгсөн: “...Тэгээд баруун хороонд хөрөө рамын арын гудамжны үзүүрт шаварт суусан Г  гэж дууддаг сумын төвд байдаг залуу цагаан өнгийн пургон маркийн машинтай ирж шавар ухалцаж байгаад явсан. Ч  гэх УАЗ маркийн машинтай хүн ирж шавраас гаргаад ахиж шаварт суусан. Тэгээд Ө  эгч сумын төвд байдаг Б  гэж залууг дуудаад бид нарыг хүргүүлсэн. ...Хүү нь шөнө хөрөө рамын залуутай ирж машиныг нь гаргаж авсан гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 100-101-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б-ийн өгсөн: “...Би Г , П нартай ах, дүү, төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Манай гэр бүлийн хүнийг Б цэцэг гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд болон Ренчинлхүмбэ суманд төрөл садангийн хүн байхгүй. Тэр байтугай Хөвсгөл аймагт манай гэр бүлийн хүнтэй төрөл садангийн холбоотой хүн байхгүй. Би бодохдоо хэргээ өөрөөсөө зайлуулах, хэргийн байдлыг удаашруулах арга хэрэглэж намайг гүтгэж байна гэж ойлгож байна. Намайг гүтгэж байгаад би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 103-105-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т-гийн өгсөн: “...Хаана байж байгаад ирэв үү” гэхэд Д  гэх найзтай уусан гэж ярьсан. Тэгээд найзтайгаа уусан юм байна гэж бодоод тоогоогүй орхисон. Хэн нэгэн хүнтэй маргалдсан, хэрэлдсэн зүйл яриагүй, ажиглагдаагүй. Биед болон хувцсанд нь гэмтсэн, урагдсан ханзарсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-108-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ш-гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч ахмад Б.Б над руу залгаад “чи хаана байна” гэхээр нь хэргийн газарт хамгаалалт аваад байж байна гэхэд хэргийн газар нь хаана юм гэж асуусан зааж өгөхөд аан за за гээд удалгүй ганцаараа пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ирээд надаас юу болсон талаар тодруулахаар нь дарга нарт мэдэгдсэн, хэрэгт холбоотой байж болзошгүй, хамт архи уусан хүмүүсийг хэсгийн байранд төлөөлөгч ахмад Пү  харж байгаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй хэсгийн байр луу явлаа гээд явсан. Миний хувьд хэргийн газрын хамгаалалтыг үргэлжлүүлж явсан. Ахмад Б-г  ирснээс хойш 30-40 минутын дараа аймгаас бүрэлдэхүүн ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 111-112-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б цэцэгийн өгсөн: “...Пү, Г  гэх хоёр хүнтэй манай гэр бүлийн хүн бид хоёр ямар ч холбоо байхгүй. Миний хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Төрөл садны хүмүүс маань Завхан аймагт байдаг. Улаан-Уул, Ренчинлхүмбэ суманд миний таньдаг болон төрөл садангийн хүн байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 115-116-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.Пү-ын өгсөн: “...Б-г  өмнө нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэдгээр нь танина. Ах, дүү төрөл садангийн ямар ч холбоо байхгүй.

Д-ын Б-ыг Ренчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн иргэн гэдгээр нь танина. Ах, дүү, төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Ц.Г  нь миний талийгч эхнэрийн төрсөн эгчийнх нь хүүхэд болох хүн байгаа юм. ...Тухайн хүн нас барсан хэрэгтээ холбоотой надад Б-тай  уулзах ямар ч шаардлага байхгүй.

Хүний амь нас хохирсон байхад тийм юм яриад зогсож байна гэж юу байхав дээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 118-р тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч М.Б-ийн өгсөн: “...Н.Ц-ын цогцост тогтоогдсон дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтүүд байсан. Гавал тархины хавсарсан гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед, уруулын гэмтэл нь юм мөргөх, эсхүл цохих үед, баруун хөмсөгтний гэмтэл нь цохих, эсхүл юм мөргөх үед, хоолойнд үүссэн гэмтэл заамдах, багалзуурдах зэрэг үйлдэл хийх үед баруун сарвуу, зүүн сарвуу, баруун ташаа баруун тохой, зүүн тохойны зулгаралт гэмтлүүд мөлхөх үед үүсгэгдсэн байх боломжтой. Хуйханд үүссэн язарсан шарх, хуйхан доорх цус хуралт, гавал ясанд үүсгэгдсэн хугарал, тархинд үүсгэгдсэн няцрал, цус харвалт, цус хуралт зэрэгт гэмтлүүд давхцаж, нэг проекц цэг үүсгэгдсэн байсан. Тэгэхээр толгойн тус газар хөдөлгөөнтэй мохоо зүйл ирж цохисон гэдэг нь харагдаж байна. Амь хохирогч Н.Ц-ын цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан гэмтлийн бие махбодид үзүүлэх хор хөнөөл нь тархины эдэд алдаж байгаа цус хуралт цус харвалтын хэмжээнээс хамаарах учир амь насанд хүрэх хэмжээний цус хуралт цус харвалт үүстэл хугацаанд ухамсарт үйлдэл, алхах, мөлхөх хөдөлгөөнийг хийж чадна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 127-128-р тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай: “...1. Н.Ц гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 2. Амь хохирогч Н.Ц ын цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл болон зүүн чамархай болон дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, доод, дээд, уруулд язарсан шарх, баруун хөмсөг, хоолой, зүүн, баруун тохой баруун ташаа, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост тогтоогдсон дээрх гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ. Биеийн бусад хэсгийн гэмтлүүд тус бүрдээ мохоо зүйлийн цохих, мөргөх зэрэг үйлчлэлүүдээр үүсгэгдсэн байна.

Дээд, доод уруулын шарх гэмтэл тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 3. Амь хохирогч Н.Ц-ын цогцост үхэлд хүргэхэд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч Н.Ц нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 16-20 цагийн өмнө нас баржээ.

         5. Н.Ц нь нас барах дунд зэргийн согтолттой байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 135-138-р тал),

         Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 270 дугаартай: “...1. Д.Б-ын биед баруун хөмсөг, зүүн шуунд сорви бүхий гэмтэл тоггоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2022.04.10-ны өдөр үүссэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Д.Б ын биед үүссэн баруун хөмсөгний сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, зүүн шууны сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 145-р тал),

        Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний апбаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2849 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Н.Ц гэх хатаасан цус, яллагдагч Д.Б гэх хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Д.Б гэх хуруу шилтэй цус, Н.Ц гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. Шинжилгээнд ирүүлсэн хагархай шаазан аяга, №2 цогцос байсан газар гэх бичиглэлтэй чулуу мэт зүйл, №3 цогцос байсан газар гэх бичиглэлтэй чулуу мэт зүйл, №1 тамбарын үүднээс гэх бичиглэлтэй салфетканы хэсэг, №4 гэх бичиглэлтэй хивсний тасархай, №5 гэх бичиглэлтэй салфетка, хар өнгийн хантааз, хөх өнгийн куртик, цагаан өнгийн футболк, хөх өнгийн өмдөн дээрээс цус илэрсэн. №1 цогцос байсан газар гэх бичиглэлтэй шороо мэт зүйл, №4 цогцос байсан газар гэх бичиглэлтэй салфетканы хэсэг, №3 дрожин дээрээс цус мэт гэх бичиглэлтэй салфетканы хэсэг №6 гэх бичиглэлтэй сапфетканы хэсэг, бор өнгийн ноосон малгайн дээрээс цус илрээгүй. Бусад биологийн ул мөр илрээгүй. 3. №2 цогцос байсан газар гэх бичиглэлтэй чулуу мэт зүйл, №3 цогцос байсан газар гэх бичиглэлтэй чулуу мэт зүйл дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 4.Хагархай шаазан аяга, №1 тамбарын үүднээс гэх бичиглэлтэй салфетканы бичиглэлтэй хивсний тасархай, №5 гэх бичиглэлтэй салфетка, хар өнгийн хантааз, хөх өнгийн куртик, цагаан өнгийн футболк, хөх өнгийн өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 5. Хар өнгийн хантааз, хөх өнгийн куртик, цагаан өнгийн футболк, хөх өнгийн өмдөн дээрх цусны ДНХ-ын тогтоц нь Д.Б ын ДНХ-ын тогтоцтой тохирч байна. 6.Хагархай шаазан аяга, №1 тамбарны үүднээс гэх бичиглэлтэй салфетканы хэсэг, №2 тамбар дотроос гэх бичиглэлтэй салфетканы хэсэг, №4 гэх бичиглэлтэй хивсний тасархай, №5 гэх бичиглэлтэй салфетка, хөх өнгийн өмдөн дээрх цусны ДНХ-ын тогтоц нь Н.Ц ын ДНХ-ын тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 159-167-р тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 57 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамц, цагаан өнгийн богино ханцуйтай цамц, хөх өнгийн өмдөнд гэмтлүүд тогтоогдсон. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцанд үүссэн “1” дугаартай гэмтэл нь хурц иртэй, зүйлийн улмаас үүссэн зүсэгдэлтийн гэмтэл байна “2" дугаартай гэмтэл нь халуун зүйлийг үйлчлэлээр буюу түлэгдэлтээс үүссэн гэмтэл байна “3” дугаартай гэмтэл нь татаж чангаасны улмаас үүссэн ханзарсан гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн богино ханцуйтай цамц, хөх өнгийн өмдөнд үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн улмаас үүссэн зүсэгдэлтийн гэмтэл байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болох шинэ хуучин болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-181-р тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний апбаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай: “...1. Н.Ц ын толгойн дагзны хэсэгт үүссэн гэх шарх нь шинжилгээнд ирүүлсэн хагархай аягаар цохих үед үүсэх боломжтой. 2. Хэлбэр хэмжээ зэрэг шинжээрээ нотлогдож байна..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 186-188 тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2351 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх "СЭНГҮР" гэсэн бичигтэй, 2,4л хэмжээтэй, 2 ширхэг бор өнгийн хуванцар сав, "СЭРҮҮН" гэсэн бичигтэй, 2,4л хэмжээтэй, 2 ширхэг ногоон өнгийн хуванцар сав, "FREIKNOCK" гэсэн шошготой, улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамцан дээр цус илрээгүй. Дээрх объектууд дээр биологийн бусад мөр илрээгүй...” гэх дүгнэлт (З-р хх-ийн 54-55-р тал),

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн: “...Сэжигтэн Д.Б нь хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй гурвалжин захтай, урт ханцуйтай, баруун зүүн талдаа тус бүр нэг халаастай, цахилгаан товчтой хар хөх өнгийн куртик байна. Уг куртикний зүүн тапын энгэрт “Кагго” бичиглэл бүхий логотой байна. Уг куртикэнд баруун халаасанд саарал өнгийн хос оймс, зүүн халаасанд нойлын цаас байх уг бага зэрэг шороо тоос мэт зүйлээр бохирлогдсон байна. Түүний дотор ханцуйгүй урдаа баруун зүүн энгэр болон доод хэсэгтээ тус бүр нэг халаастай хар өнгийн хантааз байна. Уг куртикний баруун халаасанд Ш гэсэн бичиглэлтэй тамхи хоёр хайрцаг, нойлын цаас, зүүн талын халаасанд эссэ гэсэн бичиглэлтэй тамхи нэг хайрцаг хар өнгийн нүдний шил нэг ширхэг, уг куртикний зүүн дээд халаасанд 10.000 дэвсгэрт 6 ширхэг, мянгатын дэвсгэрт нэг ширхэг, таван зуутын дэвсгэрт 1 ширхэг байна. Түүний дотор хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй дугуй захтай, богино ханцуйтай цагаан өнгийн фудболк нэг ширхэг, уг футболкны баруун энгэр болон хэвлийн хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Урагдсан ханзарсан зүйл үгүй байна. Түүний дотор хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй дугуй захтай, богино ханцуйтай цагаан өнгийн фудболк нэг ширхэг. Уг футболкны баруун энгэр болон хэвлийн хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Урагдсан ханзарсан зүйл үгүй байна. Доогуураа хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй резинэн татуурга баруун зүүн талдаа тус бүр нэг халаастай халаасанд эд зүйл үгүй хар хөх өнгийн өмд нэг ширхэг уг өмд нь нэлэнхийдээ шороо тоос мэт зүйлээр бохирлогдсон байна. Түүний дотуур хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхой резинэн татуурга саарал өнгийн дотуур өмд байна.

Уг өмдөнд урагдсан, ханзарсан зүйл үгүй байна. Хөлдөө хар өнгийн хос гутал, цайвар өнгийн хос оймстой байна. Сэжигтэн Д.Б ын дотоожноос бусад хувцсыг тайлуулж биед ил харагдах гэмтэл шарх байгаа эсэхийг шалгахад Д.Б ын баруун нүдний зовхинд 10x4 мм хэмжээтэй тав тогтсон улаан хүрэн өнгийн зулгаралттай, түүний ойр орчим хөхөрсөн. Өөр ил харагдах гэмтэл шарх үгүй байна...” гэх  Сэжигтнийг баривчилсан тэмдэглэл (1-р хх-ийн 208-210-р тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

1.2. Хууль зүйн дүгнэлт:

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н.Ц-тай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж гавал тархины хавсарсан битүү гэмтлийг учруулж, улмаар амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 89, 270, 2849, 60 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 44 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Б-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдан, улмаар түүний толгойн зүүн чамархай хэсэгт аягаар  цохисны улмаас Н.Ц нь гавал тархины хавсарсан битүү гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Б ын амь хохирогчийн толгойн зүүн чамархай  хэсэгт аягаар цохисон үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжид хамаарч  байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод “хүнийг алах” гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог ба энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас завсрын шалтгаанаар буюу бусад хүндрэл үүсэж, тухайлбал хоёрдогч халдварын үхлээр хохирогч нас барсан тохиолдолд “Хүнийг алах” гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин  хохирогчийн бие махбодид хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинж болно.

Хохирогч Н.Ц-ын тархиндаа авсан хүнд гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь шинжээч эмчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдсон.

Үүнээс дүгнэвэл хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн толгойн зүүн чамархай хэсэгт аягаар  цохиход  үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь “...мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад ч хариулахгүй...” гэсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б  “...Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, шүүгдэгчийн гэм буруутай нь эргэлзээтэй.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг ЭХХШТХ-н 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдэх нь зохимжтой...” гэж, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М  “...Д.Б-д амь хохирогчийг алчихъя гэсэн санаа сэдэл байгаагүй, өөрийгөө хамгаалах санаа сэдлээр халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалт гэж тодорхой заасан байгаа учраас ЭХХШТХ-н 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна...” гэж, тус тус мэтгэлцэж байх боловч хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүх хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн судлаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг үнэлдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэдэг ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон  бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь шүүгдэгчийг хариу арга хэмжээ үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримт хэрэгт байхгүй. 

Өөрөөр хэлбэл дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх боломжгүй ба шүүгдэгч Д.Б-ын мэдүүлгийг баримтаар давхар нотлох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд бусад нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн мэдүүлэг, цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар хэргийн үйл баримт нотлогдсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Х  нь шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Д.Б-ыг  гэм буруугүй гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн үйлдэл нь хүний амьд явах эрхэд санаатай халдсан бөгөөд Эрүүгийн  хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч Д.Б-ыг  гэм буруугүй  гэх  дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч Д.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас Н.Ц-ын амь хохирч хүнд хор уршиг учирсан бөгөөд  мөрдөн  шалгах  ажиллагааны шатанд  амь  хохирогч  Н.Ц ын төрсөн эцэг С.Н-г хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон нь хуульд нийцнэ.

Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирогчийн оршуулгын зардал 12,082,604 төгрөг,  замын зардал 2,400,000 төгрөг, хохирогчийн банкны зээл 6,894,881 төгрөг, амь насны хохирол 50,000,000 төгрөг, нийт 71,377,485 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, баримтыг ирүүлжээ.

              Шүүгдэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 3,806,892 төгрөг, хохирогчийн банкны зээл 6,894,881 төгрөг, нийт 10,701,773 (арван сая долоон зуун нэг мянга долоон зуун далан гурав)  төгрөгийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-д завсарлага авч төлсөн байна.

Иймээс шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь үлдэгдэл зардал болох оршуулгын зардал 8,275,712 төгрөг, замын зардал 2,400,000 төгрөг, амь насны хохирол 50,000,000 төгрөг, нийт 60,675,712 (жаран сая зургаан зуун далан таван мянга долоон зуун арван хоёр) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар.

            Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “…Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай санал гаргаж байна. Үүнийг хэрэглэх боломжгүй. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар ярьж байна. Гэм буруугийн асуудал хэлэлцэх үед шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байгааг хэлье...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М  шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд нэгэнт миний хүүхдийн амь нас эрсэдсэн учраас хүүхэд маань дахиад босгоод ирэх биш дээ. Хөнгөрүүлэх нөхцөл байдал бол хөнгөрүүлэх гэсэн байр суурийг өмгөөлөгчдөө хэлсэн. Хохирол төлбөрт шүүхээс тогтоосон мөнгийг төлсөн. Энэ дээр нэмээд сая 4,000,000 гаруй төгрөгийг төлье гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Иймд өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ нэгдмэл байр суурьтай байна. Иймд эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэдэг үйлчлүүлэгчийнхээ байр суурьтай адил байна. ...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Д.Б-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан мэтээр ярьж байна. Ингэж шүүхийн байгууллагыг хуурч мэхэлж, залилж байгаа юм шиг байдлаар хандаж болохгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ямар ч үндэслэлгүй...”  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б  шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Б-ын анх өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдаж оруулж ирсэн. Энэ мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж харагдаж байна. Оногдуулах ял 8 жилээс 15 жил байгаа.

Энэ ялын доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М  шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлагыг заавал оногдуулна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад улсын яллагч 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.

Улсын яллагчийн гаргасан 12 жилийн хорих ял оногдуулах санал  үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь 8-15 жилийн хугацаагаар хорих ялтай. Гэтэл улсын яллагчийн санал болгосон 12 жилийн хорих ял нь дээд ялын 3-ны 2-оос илүү байна. Дээд ялын 3-ны 2-оос илүү ял оногдуулах ямар хүндрүүлэх үндэслэл байгаа юм бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэл бүрдсэн байгааг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн 5 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 25-29-р хуудас)  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ба тэрээр хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан ерөнхий заалт бөгөөд уг заалтад заасан болзол шаардлагыг хангасан этгээдэд тус зүйлийн 1.1-1.5 дахь хэсгийн оногдуулсан ялыг багасгах, зохицуулалтыг хэрэглэхээр хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруу дээр маргасан ба шүүгдэгч нь “өмгөөлөгч нартайгаа адил байр суурьтай” гэсэн тайлбар гаргаж оролцсон. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Цагдан хоригдсон хугацааны хувьд: шүүгдэгч Д.Б-ын 2022 оны 4 дүгээр  сарын 13-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1 хоног баривчилсан, 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл 544 хоног, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 551 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

         Дөрөв. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 2 ширхэг,  улаан цоохор өнгийн дүрслэл бүхий сэнжтэй хагархай аяга 1 ширхэг, сэнгүр нэртэй 2.5 литрийн пивоны сав 2 ширхэг,  сэрүүн нэртэй 2.5 литрийн пивоны сав 2 ширхэг, Улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, бөөрөнхий түлээ 2 ширхэг, 2 хагалсан түлээ 5 ширхэг, богино хар банз 3 ширхэг, хар хөх өнгийн куртик, хар өнгийн хантааз, түүний халаасанд байх бор өнгийн ноосон малгай, цагаан өнгийн дугуй захтай фудволк, хар хөх өнгийн өмдийг зэргийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 Эрүүгийн 2238000000155 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш  овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д-ын Б-ыг 8 (найм) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Б-д оногдуулсан 8 (найм) жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 551 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н  нь оршуулгын зардал 8,275,712 төгрөг, замын зардал 2,400,000 төгрөг, амь насны хохирол 50,000,000 төгрөг, нийт 60,675,712 (жаран сая зургаан зуун далан таван мянга долоон зуун арван хоёр) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

        6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 2 ширхэг, улаан цоохор өнгийн дүрслэл бүхий сэнжтэй хагархай аяга 1 ширхэг, сэнгүр нэртэй 2.5 литрийн пивоны сав 2 ширхэг,  сэрүүн нэртэй 2.5 литрийн пивоны сав 2 ширхэг, Улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, бөөрөнхий түлээ 2 ширхэг, 2 хагалсан түлээ 5 ширхэг, богино хар банз 3 ширхэг, хар хөх өнгийн куртик, хар өнгийн хантааз, түүний халаасанд байх бор өнгийн ноосон малгай, цагаан өнгийн дугуй захтай фудволк, хар хөх өнгийн өмдийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

           

 

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ

 

                                 ШҮҮГЧИД                                Т.ХҮРЭЛБААТАР

                                    

                                                                                  Б.УУГАНБАЯР