| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/04113/И |
| Дугаар | 181/ШШ2023/02191 |
| Огноо | 2023-07-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2023/02191
| 2023 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2023/02191 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, "НБ" ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******, байрлах, "ӨХК" ХХК/РД:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "НБ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "НБ" ХХК барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч "ӨХК" ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №01/20 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулсны үндсэн дээр тус гэрээний 1.1-д заасан ажил буюу Улаанбаатар хот ,, байршил дээр баригдаж байсан Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны карказ угсралтын ажлын 4-12 давхар, Техникийн давхар паркет, шат болон цутгамал элементүүдийг гэрээн заасан нөхцөл журмын дагуу хийж гүйцэтгэн бүрэн хүлээлгэж өгсөн. Талууд гэрээний нийт ажлын хөлсийг 516.180.000 төгрөг байхаар тооцож ажил гүйцэтгүүлэгч тал 100 хувь бартераар төлөхөөр гэрээний 2 дугаар зүйлд харилцан тохиролцсон болно.
Ажил гүйцэтгэгч талаас гэрээт ажлыг барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэж хүлээлгэн өгч одоо тус байршилд баригдсан Кино үйлдвэр 88 айл орон сууц үйлчилгээний зориулалттай барилга нь ашиглалтад орсон.
Ажил гүйцэтгүүлэгч "ӨХК" ХХК ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс 516.180.000 төгрөгийн үлдэгдэл бол 82.316.500 төгрөгт тооцож ,, Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 метр квадрат 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 27 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан хэдий ч дээрх 2 гэрээний үүргийг одоог хүртэл биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.
Орон сууцыг шилжүүлэн өгөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн учраас чанаргүй хийсэн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн, нэмэлт зардал гарсан. Иймд гэрээний үүргийг биелүүлэх шаардлагагүй гэх мэтээр үндэслэлгүй тайлбар хийж одоог хүртэл гэрээгээр тохирсон ажлын хөлсөө төлөхгүй манай компанийг хохироосоор байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №01/20 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх үндсэн гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №27 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт ,, Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 метр квадрат 2 өрөө орон сууцыг гаргуулах тухай шаардлага гаргаж байна. гэв.
Хариуцагч "ӨХК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч "ӨХК" ХХК нь ,, байршил дээр баригдаж буй Кино үйлдвэр-88 айлын үйлчилгээтэй орон сууц төсөл дээр нэхэмжлэгч "НБ" ХХК-аар 4-12 давхрын карказ угсралтын ажил болон техникийн давхрын /парпет, шат болон цутгамал элементүүд/ ажилтай хамт хийлгэхээр 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 1 м.кв ажлыг материалын үнэтэй нь хамт 105 000 төгрөгөөр хийлгэхээр тооцож, нийт 4916 м.кв талбайтай ажлыг 516 180 000 төгрөгөөр хийлгэхээр талууд тохиролцсон. Гэрээний дагуу ажлын төлбөрт хариуцагч "ӨХК" ХХК нь баригдаж буй орон сууцнаасаа 3 ширхэг орон сууцнуудыг өгөхөөр тохиролцож, орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь 4-12 давхрын карказыг угсарч, техникийн давхар, парпет шат цутгах, дутуу цутгасан болон цүлхийсэн ажлын засвар үйлчилгээг хийх, шатны нүх гаргах, томруулах, 9-12 давхар хүртэлх хэвээ хуулах, мөн давхруудын цэвэрлэгээ хийх ёстой байсан боловч зарим давхруудын цутгалтын ажил дутуу, хэв хашмал угсралтын явцад гарсан цутгалтын алдааг давхар бүр дээр молдокдож тэгшлэх, хэв хашмал хуулах болон хуулах үед гарсан хог хаягдлыг цэвэрлэх, шатны нүх гаргах, томруулах зэрэг ажлуудыг хийхгүй орхиж явсан буюу гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөхгүй явсан буюу гэрээний 8.1-т заасны дагуу нэхэмжлэгч компани нь барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгөхдөө ил далд акт үйлдэж хүлээлгэж өгөх ёстой байсан боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй дутуу үлдээгээд явсан. Улмаар нэхэмжлэгч компанийн тухайн үеийн захирал болох Д.Ж, Б.Т нартай холбогдож дутуу ажлаа гүйцээн акт үйлдэж хүлээлгэж өгөх талаар шаардахад янз бүрийн шалтаг тоочоод гэрээний үүргээ биелүүлээгүй.
Улмаар хариуцагч компани нь 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд "НБ" ХХК-д гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, энэ хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгэсэн ажилд нь тооцож 2 орон сууцыг шилжүүлж, гүйцэтгээгүй ажлын дүнг хасагдуулан гэрээг цуцалсан. Барилгын ажлыг хуваарьт заасан хугацаанд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч, айлуудаа оруулахын тулд бидэнд цаг хугацаа бага байсан тул "НБ" ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан үлдэгдэл ажил болон буруу хийж гүйцэтгэсэн ажлыг Ч.Б гэх хүнээр хийж гүйцэтгүүлэн тухайн иргэнд ажлын хөлсөнд нийт 45,150,000 төгрөгийг төлсөн.
Түүнчлэн, "НБ" ХХК-ийн гэрээний хугацаанд ажиллуулж байсан хэв хашмалын түрээсийн төлбөр, "НБ" ХХК-ийн тухайн үеийн захирал Б.Т, одоогийн захирал гээд байгаа Л.О нарт краны төлбөр, карказ угсралтын ажлын төлбөр зэргийг ,, байршил дээр баригдаж буй Кино үйлдвэр-88 айлын үйлчилгээтэй орон сууц төсөл дээр хамтран ажиллаж байсан Ж.Б-ийн хамт бартерын орон сууцнаас гадна бэлнээр төлж байсан. Бэлнээр төлсөн дээрх төлбөр нь нийт 20,000,000 төгрөг орчим болсон. Дээрх төлбөр болон Ч.Б-өөр хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 45,150,000 төгрөг, нийт 65,000,000 гаруй төгрөгийн төлбөрийг гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний төлбөрөөс суутган тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 56.77 м.кв 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг цуцалж, тус захиалгын гэрээг төслийн хамтрагч болох Ж.Б нь бусдад шилжүүлсэн. Энэ талаарх асуудлыг нэхэмжлэгч компанийн тухайн үеийн захирал болох Д.Ж, Б.Т-тай харилцан тохиролцож шийдвэрлэж, гэрээний дагуу хоорондын төлбөр тооцооны асуудал дууссан. Гэтэл Л.О гэх хүн гэнэт гарч ирээд би "НБ" ХХК-ийн захирал болсон, танайх гэрээний дагуу төлбөрөө төл, орон сууцаа өг гэх зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Компанийн хувьцаа болон гүйцэтгэх удирдлагыг шилжүүлж авсан эсэх, хоорондын төлбөр тооцооны асуудал зэргээ Д.Ж, Б.Т, Л.О нар нь дотооддоо шийдвэрлэх ёстой байтал хариуцагчаар "ӨХК" ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зөрүү мөнгийн гаргаж өгч болно. 2019 оны 09 сараас 2022 оны 01 сар хүртэл барьж дуусгахад манайх ямар нэгэн төлбөрийн маргаан гаргаагүй. "НБ" ХХК-ийн 82,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлаа дутуу хийсэн. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "НБ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НБ" ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн №01/20 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 07 сарын 29-ний өдрийн №27 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 20/39 Тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/6025 дугаар албан бичиг, хариуцагчийн баримтаар гаргасан "ӨХК" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн №01/20 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, "НБ" ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №21 албан тоот, "НБ" ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №21/04 Мэдэгдэл, "НБ" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № 021 Мэдэгдлийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "НБ" ХХК хариуцагч "ӨХК" ХХК-д холбогдуулан ,,,, орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч "ӨХК" ХХК нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр № 01/20 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болох нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн № 01/20 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээгээр тогтоогдож байна.
№ 01/20 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний 1-ийн 1.1.1, 2-ын 2.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу ,,, байршилд баригдаж буй Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууц Карказ угсралтын ажлын 4-12 давхар, Техникийн давхар/парпет, шат болон цутгамал элементүүд/ барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь барилга угсралтын ажлын нийт хөлсийг 100% бартераар төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 01/20 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Гэрээний 1-ийн 1.1.1-т заасан ,,, байршилд баригдаж буй Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны Карказ угсралтын ажлын 4-12 давхар, Техникийн давхар/парпет, шат болон цутгамал элементүүд/ барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Барилга угсралтын нийт ажлын хөлс 516,000,000 төгрөг болсон тухай 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 20/39 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь хийсэн ажилд дүгнэлт өгөөд 100/нэг зуу/ хувь хүлээж аваагүй, нэхэмжлэгч ажлаа дутуу хийсэн гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн буюу Гэрээнд заасан барилга угсралтын ажлыг хүлээн авч, барилгы угсралтын ажлын нийт хөлсийг 516,000,000/таван зуун арван зургаан сая/ төгрөгөөр тогтоосон болох нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 20/39 Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох ... хугацаа тогтоож болно. гэж заасан.
Гэрээний 3-ын 3.1-т ... барилга угсралтын ажлыг 2020 оны 5-р сарын ... ны өдрөөс 2020 оны ...-р сарын ...-ны өдрийн хооронд буюу (...) хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. гэжээ.
Гэрээний 3-ын 3.1-т зааснаар барилга угсралтын ажлыг 2020 оны 5 дугаар сард эхлэхээр заасан байх боловч ямар хугацаанд гүйцэтгэж хэзээ дуусгах талаар тусгаагүй байна.
Нэхэмжлэгч нь Гэрээ байгуулснаас хойш барилгын ажлыг гүйцэтгэж 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэхэд гүйцэтгэж дууссан байсан гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлын хөлсийг тооцсон 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т Талууд өөрөөр тохиролцоогүй бол ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. гэж заасан.
Гэрээий 1-ийн 1.1.1, 2-ын 2.1.1-т зааснаар зохигчид барилга угсралтын 1 м.кв-ыг 105,000/нэг зуун таван мянга/ төгрөгөөр тооцож, нийт 4,916/дөрвөн мянга есөн зуун арван зургаа/ м.кв-ын барилга угсралтын ажлын хөслийг 516,800,000/таван зуун арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгөөр тооцсон болох нь Гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын хөлсөд Гэрээний ажлын хөлсөд ,,,, Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 м.кв, 2 өрөө орон сууцыг гаргуулахаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн № 27 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан нийт 516,800,000/таван зуун арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэл хөлс болох 82,316,500/наян хоёр сая гурван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийн хөлсөнд ,,,, Кино үйлдвэр 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 м.кв, 2 өрөө орон сууцыг гаргуулахаар шаардаж байна.
Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 20/39 Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ,,,, Кино үйлдвэр, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 метр квадрат, 2 өрөө орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ӨХК" ХХК-иас ,,,, Кино үйлдвэр, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 метр квадрат, 2 өрөө орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч "НБ" ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч "НБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570,000 төгрөгөөс илүү төлсөн 468 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч "ӨХК" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 569,532 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "НБ" ХХК-дд олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ӨХК" ХХК-иас ,,,, Кино үйлдвэр, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2-р давхрын Е загварын 56.77 метр квадрат, 2 өрөө орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч "НБ" ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч "НБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570,000 төгрөгөөс илүү төлсөн 468 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч "ӨХК" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 569,532 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "НБ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ