Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/424

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Э.Мө /цахим/,

Гэрч Э.Е, Г.Т ,

Шүүгдэгч Б.М ,

Шүүгдэгч Д.Т ,

Шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Ц.Гансүх, Д.Буяндалай, Л.Баасанжав /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокрорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ний М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2238000000641 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц  ургийн овогт Б-ий М, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн М суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй, ……………………………. ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн М сумын …… дугаар багийн ……. дугаар байрны ………..тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ……………дугаартай.

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Д-ийн Т , 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн М сумын ………… дугаар баг ………………….. тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ……………………………. дугаартай.

 Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр) 

Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 213800182 дугаартай хэрэгт гэрч Л.Н-ын өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Үлэмж” төвд байрлах өөрийн ажлын байрандаа тус хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчоор тогтоогдсон Д.М-г хэргийн үйл баримтын талаар “...Н-т  мөнгө аваачиж өгөөд авахгүй болохоор нь буцаагаад аваад явсан. Тэр мөнгөө ойн хандивт өгөх гэж байсан юм...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

шүүгдэгч Д.Т-той бүлэглэн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллан хууль зүйн туслалцаа үзүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх хугацаандаа буюу 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Ц.Б-ийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.М-г хэргийн үйл баримтын талаар “...Эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

шүүгдэгч Д.Т-той бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Э.М-н биед учирсан гэмтлийг тодорхойлсон дүгнэлтэд нэмэлт шинжээч томилуулах талаар” хүсэлтийг мөрдөгчид буюу хууль сахиулагчид гаргаж, хүсэлтдээ Э.М-н эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуурамч гэдгийг мэдсээр байж нотлох баримтаар Д.Т-оор дамжуулан өгч, хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан,

Шүүгдэгч Д.Т  нь шүүгдэгч Б.М-тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Б-ийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.М-г хэргийн үйл баримтын талаар “...Эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэх цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж мэдүүлэг өгүүлэхээр буюу зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

Шүүгдэгч Б.М-тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт “Э.М-н биед учирсан гэмтлийг тодорхойлсон дүгнэлтэд нэмэлт шинжээч томилуулах талаар” хүсэлтийг Б.М  нь мөрдөгчид буюу хууль сахиулагчид гаргаж, хүсэлтдээ Э.М-н эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картыг нотлох баримтаар өгснийг хуурамч гэдгийг мэдсээр байж хэрэгт өгч, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч хавтаст хэргээс:

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г хавтаст хэргээс: 

Миний шинжлэн судлах баримтууд улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардаж байна. Иймд давхцуулахгүйгээр дараах баримтыг судална гээд гэрч н.Т-ийн мэдүүлэг, н.Н-ын мэдүүлэг, н.Д-ийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай хавтаст хэргээс: 

Ц.Г өмгөөлөгчтэй адил байр суурьтай байна. Гэрч н.Н, н.Т, н.Д нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав хавтаст хэргээс:

1 дүгээр хавтаст хэргээс 27 дугаар тал, 101 дүгээр тал, 104 дүгээр тал, 109 дүгээр тал, 110 дугаар тал, 114 дүгээр тал, 115-116 дугаар тал, 136 дугаар тал, 171 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргээс  9 дүгээр тал, 56 дугаар тал, 60 дугаар талд авагдсан баримт зэргийг шинжлэн судлав.

 Хоёр.  Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:

 Хохирогч Э.Мө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Н.М өмгөөлөгчийг буруутгаад байгаа юм байна. Надаас н.Үүрийнтуяа прокурор Н.М өмгөөлөгч өөрийг чинь ийм зүйл хий гэж хэлж байсан уу гэж асууж байсан. Тэр үед би насанд хүрээгүй байсан. Миний хууль ёсны төлөөлөгчөөр танихгүй хүн оруулж, мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхөд хуурамч бичиг баримтын талаар Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү ? чамд заасан уу ? гэж асуугаад байсан. Би тэр үед Н.М өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй гэдгээ хэлсэн.

Хуурамч бичиг баримтын талаар Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү гэхэд нь  “магадгүй” гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэг дээр Н.М өмгөөлөгчийг хий гэсэн байдлаар бичигдсэн байсан, би яг тэгж шууд хэлээгүй. Тухайн үед намайг айлгасан.

Би жаахан хүүхэд байсан учраас прокурорын амыг дагуулж ярьсан. 

Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү гэхээр нь би “тэгсэн байх, магадгүй” гэж хэлсэн. ... Н.М өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй. ...Сэрээн дээр унасан гэх мэдүүлгийг н.Т ах бид хоёр ярилцаад ар гэрийнхээ асуудлаас болж, ийм мэдүүлэг өгсөн. Н.М өмгөөлөгч ямар ч хамааралгүй...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл);

Гэрч Г.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…н.М-ыг танихгүй, өнөөдөр л харж байна. н.Т-ыг танина. 2021 онд барилга дээр ажиллаж байхад нь танилцсан. Картад бичилт хийлгэхийг н.Т гуйсан.

Үзүүлсэн эмч нь олдохгүй байгаа учраас картанд нь бичилт хийлгэж өгөөч гэсэн. Тухайн үед үзлэг хийсэн байсан эмч нь олдоогүй, туслах эмчээр н.Е эмч дагалдаж байсан. Тэгээд н.Е эмчээр картанд бичилт хийлгүүлсэн. Ямар нэгэн зүйлд ашиглах гэж байгааг тухайн үед мэдээгүй...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл);

Гэрч Э.Е шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…н.М , н.Т нарыг танихгүй, н.Т гэмтсэн хүүхдийн аав гээд нэг хүн дагууж ирж байсан. Тэр хүн нь машины арын суудалд сууж байсан. н.Т ах гараад ир гэхээр нь гарч очиход карт барьчихсан байж байсан.

Машинд нь суусан чинь энэ хүүхэд картаа хаячихсан юм шиг байна, биччих гэхээр нь нөгөө хүүхдийг үзээд картанд нь бичилт хийж өгсөн. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл);

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Намайг хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, хуурамч бичиг баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн гэж байна. Миний зүгээс анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй  ирсэн. Тангараг өргөсөн хуульч хүний хувьд ийм хууль бус зүйл хийхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд байнга илэрхийлж байсан. Өмгөөлөгчийн хувьд өдөр бүр маш олон хүмүүс надтай холбогддог. Үүнтэй нэгэн адил модны хэрэгт холбогдсон гэх хүн утсаар холбогдсон. Тухайн үед утасны цаанаас сайн ойлголцоогүй тул ажил дээр ирээд ирээд уулзаарай гэсэн. Маргааш нь тухайн хүн манай ажил дээр ирж уулзаад надад хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт холбогдсон гэдгээ хэлсэн. Гэхдээ би н.М-г хохирогч гэж огт ойлгоогүй. Хууль бусаар мод бэлтгэх гэдэг хэрэгт холбогдсон юм байна гэж бодсон. Тухайн хүн н.Н-ын тухай ярихдаа дурдсан тул би хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй юм байна гэж ойлгож, энэ тухайгаа хэлсэн. н.Н-ын тухайд би түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч тухайн хэрэг маргааны талаар нарийн мэдсэн зүйл байгаагүй. Хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа тохиолдолд үйлчлүүлэгтэйгээ удаа дараа уулзаж байж ойлгоцдог болохоос биш нэг удаа уулзаад түүнээс хойш огт холбоо бариагүй болохоор хэрэг нь хаагдсан юм болов уу гэж бодож байсан.

н.М нь хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдож, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хэрэг нь хаагдсан. Хууль бусаар мод бэлтгэсэн гэдгээ надад ярьсан.

Ярианы бичлэг ч байгаа. Хэрэв би н.М-тэй уулзаж, түүнийг ятгасан бол түүнтэй ярилцсан яриандаа бичлэг хийгээд сууж байхгүй байх. Одоо би бичлэг хийсэндээ өөртөө талархаж байна. Тухайн үед бид хоёрыг уулзаж, ярилцаж байхад манай өрөөнд суудаг н.Д өмгөөлөгч байсан. н.М-г гараад явсны дараа н.Д өмгөөлөгч ямар ядаргаатай хүн бэ? хэлж ойлгуулаад байхад заавал чамаас зөвлөгөө авах гээд байгаа нь ямар учиртай юм бэ? гэж байсан. Мөн н.М намайг н.Т гэдэг хүнийг дуудсан, өмгөөлөгчөөр ав гэж хэлсэн.

Тэр хоёр өмгөөлөгч хоорондоо намайг “Н-т  өөрөө мөнгө аваачиж өгсөн, тэр мөнгийг авахгүй болохоор нь буцаагаад аваад явсан мэтээр хэлүүлье" гээд сонин сонин юм яриад байсан. Тэгээд би наадах чинь миний эсрэг мэдүүлэг болчихоод байна, би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж хэлээд гараад явсан гэж нэг мэдүүлэгтээ өгсөн байдаг. Мөн өөр нэг мэдүүлэгтээ би өмгөөлөгч М-тай  уулзсан чинь тэр өмгөөлөгч намайг “Та Н-т  мөнгө өгч торгуулаагүй гэж худал мэдүүлэг өгчих” гэхээр нь би “Үгүй, би үнэн юмыг үнэнээр нь хэлнэ” гээд гараад явсан гэж мэдүүлсэн. н.Т өмгөөлөгч ирсэн ч юм шиг үгүй ч юм шиг байдлаар өгсөн байгаа. Хэрвээ н.Т өмгөөлөгч ирээд, М гараад явсан юм бол хэзээ нь тэр хоёр гэрээ байгуулсан юм бэ ? н.М нь өөрийн өмгөөлөгчөөр н.Т-ийг авсан байсан. Намайг н.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байхдаа түүний зүйл ангийг хөнгөрүүлэх зорилгоор хохирогчид нөлөөлсөн, картыг хуурамч гэдгийг мэдсээр байж гаргаж өгсөн гэдэг. н.Т надтай утсаар холбогдоход би та ирээд уулзаарай гэсэн. н.Т хэд хоногийн дараа надтай ирж уулзаад н.Б-ийг хэргийг хөнгөрүүлэх, тэнсэж гарах ямар боломж байна гэсэн. Өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж, хүндрүүлэх асуудал, мөн гэмтлийн зэргээс шалтгаалж зүйлчлэл өөр болно гэдгийг тайлбарлаж хэлсэн.

Мөн санаатай үйлдсэн үү, болгоомжгүй байдлаар үйлдсэн үү гэдэг нөхцөл байдал байдаг гэдгийг тайлбарласан. н.Т хохирогч  урьд нь гэмтэж байсан байна. Энэ асуудал ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү гэж асуусан. Би хэрэв тийм асуудал байгаа бол үзүүлж харуулж байсан эмнэлгийн бичиг байгаа юу гэхэд аав ээжээс нь тодруулъя гээд явсан. Дараа нь над дээр ирэхдээ хохирогчийн амбулаторын картыг авч ирж үзүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ ар гэрийн хүнийг үнэн зөв ярьж байна гэж итгэж тухайн үед ийм баримт байгаа бол нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гаргая гээд хүсэлт бичээд н.Т-д өгч явуулсан. Түүнээс биш н.Б-ийг зүйлчлэлийг нь хөнгөрүүлэх зорилгоор хуурамч баримт гаргах асуудлыг сэдэж, сэтгэсэн зүйл байхгүй. Амбулаторийн картан дээр бичилт хуурамч гэдгийг мэдээгүй. Картанд бичилт хийсэн гэх эмч нарыг өнөөдөр хурлын зааланд л анх харлаа. Эдгээр хүмүүстэй уулзаагүй. Мөн утсаар ч холбогдож байгаагүй. Хохирогч н.М-тай огт уулзаагүй. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө гүтгүүлж байгаад харамсаж байна. Өмгөөлөгч нарынхаа санал дүгнэлтийг дэмжиж байна. Би хүүхэд байхаасаа хуульч гэсэн мэргэжлийг сонирхож, хүсэж, 20 гаруй жил шударгаар хөдөлмөрлөж, өмгөөлөгч гэдэг алдрыг зүүсэн. Энэ хэрэгт холбогдоод 3 жил болоход бие мах бодь, сэтгэл зүй, мэргэжлийн өсөн дээшлэх карьер зэрэг маш олон зүйлээрээ хохирсон. Надад худалч, хуурамч хүмүүстэй нийлж хэн нэгнийг хохироох, хууль ёсыг уландаа гишгэх тийм гэр бүлийн хүмүүжил, хувь хүний төлөвшил байхгүй. Би ажил амьдралынхаа гарааг шүүхээс эхэлж, шүүхийн хамт олны дунд төлөвшсөн. Цаашид ч суралцсаар явна. Тийм учраас алхам тутамдаа хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсаар ирсэн. Иймд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл);

Шүүгдэгч Д.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Миний буруутай үйлдэл. Тухайн үед эхнэр бие нь тааруу хорт хавдартай байсан. Энэ үед хүүхэд маань ийм хэрэг хийсэн байсан. Би эхнэрийгээ үүнээс болж санааг нь зовоохгүй байя гэж бодсон. Тэгээд би н.М-тай ярилцаж, түүний картанд н.Е эмчээр  бичилт хийлгэсэн. Тэгээд бичигт хийлгэсэн картаа н.М т үзүүлэхэд  мөрдөгчдөө аваачиж өгөөрэй гэсэн. Өөрийн буруутай үйлдлээ хүлээж байна. н.М манай дүүгийн хүүхэд учраас манайд байнга ирдэг. Би н.М-г ирэхээр нь хоёулаа явж хуурамч бичиг хийлгэе гэж гуйсан. Энэ санааг би гаргасан. Үүнд н.М-т огт хамаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл);

Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би М гэх хүнийг гүтгэсэн зүйл огт байхгүй. Намайг хөдөө гэртээ байхад Н над руу залгаад "Та өмгөөлөгч М гэх хүнтэй очоод уулзчих, тэр хүн танд хэлэх үгийг чинь зааж өгнө" гэсэн. Тэгэхээр нь би тэгдэг л юм байх гэж бодоод аймгийн төв орж ирээд М өмгөөлөгчтэй уулзсан. Тэр үед М өмгөөлөгч над руу залгасан уу, би өөрөө түрүүлж залгасан уу гэдгээ санахгүй байна. Намайг М өмгөөлөгчтэй уулзахад "Чи Н-т  мөнгө өгөөд авахгүй гэхээр нь буцаагаад аваад явсан гэж хэлээрэй" гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгээд би худлаа хэлж чадахгүй гэдгийг хэлсэн. Мөн Т  гэдэг өмгөөлөгчийг дуудаад намайг энэ өмгөөлөгчийг ав гэсэн.

...Н гэдэг хүн над руу утсаар залгаад аймгийн төвд байдаг Үлэмж төв дээр очоод өмгөөлөгч М гэдэг хүнтэй уулз гэж хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд би өмгөөлөгч М-тай  уулзсан чинь тэр өмгөөлөгч намайг “Та Н-т  мөнгө өгч торгуулаагүй гэж худал мэдүүлэг өгчих” гэхээр нь би “Үгүй би үнэн юмыг үнэнээр нь хэлнэ” гээд гараад явсан...” гэх мэдүүлэг, (1-р хх- ийн 87-р тал, 4-р хх-ийн 170-171-р тал);

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр аймгийн төв ороод ирэхдээ “Н мэргэжилтний өмгөөлөгчтэй уулзлаа, та Н-т  мөнгө аваачиж өгсөн, авах гэхээр нь буцаасан гээд хэлээд өгөөч” гэхээр нь би худлаа ярьж чадахгүй гээд хэлчихлээ гэж байсан...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 97-98-р тал);

Хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “....Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 2022 оны 8 дугаар сард (өдрийг нь санахгүй байна) Ц.Б-ийн аав Д.Т  ах бас нэг хүний хамт Приус маркийн машинтай нь очоод эмнэлгийн гадаа байж байхад эмнэлгийн залуухан ах гарч ирж машинд суугаад картан дээр бичиж өгсөн. Тэгээд тэр картыг Д.Т  ах аваад л явсан байхаа. Би эмнэлгийн гаднаас салаад явсан...” гэх мэдүүлэг, (4-р хх-ийн 131-132-р тал);

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М сумын 8 дугаар багт байрлах “Үлэмж итгэл” ХХК-ийн эзэмшлийн байр миний хүү Б.Т бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг байрны 1 болон 2 давхарт “Монос Хөвсгөл” ХХК байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2 давхарт өмгөөлөгч Б, 1 давхарт өмгөөлөгч А нар тус бүр нэг өрөө түрээслэж байгаа. ...Хамгийн анх одоогоос 3 жилийн өмнө өмгөөлөгч Д, өмгөөлөгч А нар түрээслэж байгаад өмгөөлөгч А Солонгос улс руу явлаа гээд гарсан. Үүний дараа А-ын оронд өмгөөлөгч М орж өмгөөлөгч Д, М нар хамт түрээсэлж байгаад энэ оны 8 дугаар сард манайх нягтлан бодогчоо суулгах өрөө гаргах шаардлагатай болсон тул дээрх хүмүүсийг уг өрөөг суллаж өгөхийг хүсэж энэ хоёр хүн өрөөгөө суллаж өгсөн...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 89-90-р тал);

Гэрч Э.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ойролцоогоор 10 цагаас 13 цагийн хооронд халуун нар шарсан өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4 дүгээр давхарт Мэс заслын тасагт байж байхад манай тасгийн эрхлэгч байсан Т  ах над руу утсаар залгаад хаана байгааг минь асуухаар нь эмнэлэгт дээр, тасаг дээрээ байна гэж хэлэхэд "тамга чинь байгаа юу" гэж асуухаар нь "байгаа, яасан" гэж асуухад "зүгээрээ, тамгаа аваад гараад ир" гэхээр нь тухайн үед ажилтай байсан учраас жоохон хүлээлгэж байхад над руу дахиад 2-3 удаа залгасан байсан.

Тэгээд Т  ахтай эмнэлгийн гадаа уулзахад Мө гэх хоосон картыг гаргаж ирээд "эмчилгээ, үзлэгийг нь нөхөж бичүүлмээр байна" гээд надад бал өгөөд эмчилгээ үзлэгийг Т  ах өөрөө надад хэлж бичүүлсэн. Ингэхдээ 2 өөр өнгийн балаар бичүүлсэн. Карт бичихдээ би Т  ахын жолоодож ирсэн машины урд талын жолоочийн хажуу талын сандал дээр суугаад бичсэн. Тэгэхэд ар талын суудал дээр өмнө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Я эмчид үзүүлж байсан залуу байсан. Мөн энэ залуу манай эмнэлэгт хэвтэж байсан хүн болохыг хараад таньсан. Тэр залуугийн аав нь гэж надад танилцуулсан хүн машины арын суудал дээр хамт сууж байсан. Тэгээд би картан дээр нь эмчилгээ, үзлэгийг Т  ахын хэлснээр бичиж өгөөд буцаад тасаг руугаа орсон.

...Хөвсгөл аймгийн Даншиг наадам 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаад, би авто ослын дуудлаганд явж ирсэн. Ирсэн өдрөө би эмнэлгээс гадагшаа гараагүй, энэ өдөр Т  ах эмнэлэг дээр ирээгүй. Харин маргааш нь буюу 08 дугаар сарын 02-ны өдөр Т  ах намайг эмнэлгийн гадаа дуудаж уулзаад карт бичүүлсэн...” гэх мэдүүлэг,(4-р хх-ийн 135-136-р тал);

Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 20-оор Т гэж хүний гуйлгын дагуу дадлагажигч эмч Э.Е-гээр гэмтсэн хүүхдийн шархыг үзүүлэн тухайн хүүхдийн болон н.Т-ын  өгүүлснээр үзлэг хийлгэж, картанд бичүүлсэн. Миний санаж байгаагаар Хөвсгөл аймгийн наадмын үеэр энэ асуудал болсон санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Н.М гэдэг хүний нэрийг сонсож байснаас биш огт танихгүй, харж байгаагүй. Энэ хүн тэр үед буюу карт бичүүлэх үед байгаагүй...” гэх мэдүүлэг, (4-р хх-ийн 139-140-р тал);

Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэргийг мөрдөн шалгах хугацаанд хэргийн оролцогч Ц.Б-ийн өмгөөлөгч Б.М  нь Э.М-н гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч бүрэн хангаж шийдвэрлэж нэмэлт шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Уг картыг яг хэнээс хүлээж авснаа санахгүй байна.

Тэгэхдээ өмгөөлөгч Б.М нь амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шинжилгээний байгууллагад хүргэж өгөх талаар хүсэлт гаргаж байсан...” гэх мэдүүлэг, (2-р хх-ийн 202-203-р тал);

Гэрч Г.Т ын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Т-ын  надад хэлснээр би цааш нь Е эмчид дамжуулж хэлж бичүүлсэн юм. Би Т-ыг хоёр жилийн өмнөөс таних болсон. Хамт барилга дээр ажиллаж байсан юм. Тэрнээс би цаад хэргийн нарийн учрыг мэдээгүй. 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хохирогч н.М-г эмнэлгийн тусламж авсан гэж ойлгоод тэр үеийн эмнэлгийн амбулаторийн картыг нөхөж бичүүлэх шаардлагатай гэж ойлгоод Е гэх эмчийг гуйж бичүүлсэн юм. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийг тухайн сарын 09-10-ны хооронд гэмтэж эмнэлэгт ирсэн үеийн тэмдэглэлийг бичүүлсэн...” гэх мэдүүлэг, (2-р хх-ийн 122-123-р тал);

 Гэрч Э.Е-гийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би уг хүүхдийг өөрөө биечлэн үзсэн зүйл байхгүй. Тэгээд намайг эмнэлэг дээр байж байхад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчээр өмнө нь ажиллаж байсан н.Т ах 11 цагийн үед “Тамгаа аваад буугаад ир” гэж хэлэхээр нь би “Тамгаар яах гэж байгаа юм?” гэж асуухад “Дуугүй хурдан буугаад ир” гэхээр нь “Ажилтай байна, жаахан байж байгаад бууя” гэхэд “Би гадаа үүдэнд ирчихсэн, яараад байна” гэж хэлсэн.

Тэгээд би өөрийн хувийн их эмчийн тамгаа аваад гарахад цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй Т  ах хутгалуулсан гэх Мө, Мөн аав гэж өөрийгөө танилцуулж байсан нэг ах нийлээд гурвуулаа байсан. Би машинд суухад Т  ах эмчлүүлэгсдийн карт болон бал надад өгөөд “Миний хэлснийг бич” гэж хэлээд тухайн картад 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэж он, сар тавиулаад “Мө” гэж нэрийг нь бичээд “Мэс заслын эмчийн үзлэг Мөг нэг газарт машин дээр өвс ачих гэж байгаад сэрээн дээр унаж бэртсэн гэнэ, хуруугаа хийж шалгахад цээж рүү одоохондоо нэвтрээгүй байна давтан үзлэг хийлгэ, уушги унах эрсдэлтэй” гэх утгаар намайг бодит байдлаар үзсэн мэтээр хэлж бичүүлсэн. Мөн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн мэтээр нийт 2 удаагийн үзлэг эмчлүүлэгсдийн картад бичүүлсэн. Энэ карт хэрэгт хавсаргагдсан байгаа. Миний хувьд тухайн үед Т  ахын эмчлүүлэгсдийн картад бичүүлээд байсан үзлэгт би хэргийн нотлох баримт гэдгийг мэдээгүй, зүгээр л надаар эмчийн үзлэг зөвлөгөө бичүүлж байгаа юм байна гэж бодсон. Мөн надад хэлэхдээ эмчлүүлэгсдийн картаа гээсэн. Тэгээд бичүүлж байгаа талаар хамгийн сүүлд надад хэлсэн. Тэгээд дараа нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Хөвсгөл аймгийн хяналтын прокурор дуудсаны дагуу очиж Т  ахын надаар бичүүлсэн эмчлүүлэгсдийн картыг хэргийн нотлох баримт гэдгийг мэдсэн. Би тухайн үед Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт Анагаахын сургууль төгсөөд удаагүй байсан ба дадлага хийж байсан.

Тэрнээс нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллаж байсан зүйл байхгүй.

Өмнө нь эмнэлгийн тасгийн удирдлагаар ажиллаж байсан хүний үгээр би тухайн хүний эмчлүүлэгсдийн картыг бичсэн... Т  ах надад нүүрлээд хаягласан эмчлүүлэгсдийн карт, бал өгөөд шууд бич гэсэн. Т эгээд би бичсэн. Бичиж байхад дараагийн үзлэгийг бал солиод өөр өнгийн балаар бичүүлсэн. Бичиж дууссаны дараа миний гарын үсгэн дээр миний тэмдэг зөөлөн нэг чанга нэг удаа тэмдэг дарсан...” гэх мэдүүлэг, (2-р хх-ийн 138-139-р тал)

Хохирогч Д.М-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн 213800182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлэг, (1-р хх-ийн 17, 62-63-р тал);

Хохирогч Д.М-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн 213800182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 84-р тал);

Гэрч Б.Э-ийн хэрэг бүртгэлтийн 213800182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1- р хх-н 25-26-р тал);

Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1154 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 16-р тал);

Юнител ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05-01/446 дугаартай албан бичиг, (1-р хх-н 27-р тал);

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-30-р тал);

 Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 31-33-р тал);

Насанд хүрээгүй хохирогч Э.М-н 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 247-250 тал);

Гэрч Э.Егийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (2-р хх-ийн 2-5-р тал);

Монголын өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2034 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 116-р тал);

“Жи мобайл” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/9266 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1-р хх-ийн 132-135-р тал);

Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5890/597 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар лавлагаа хуулга (1-р хх-ийн 137-138-р тал);

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, (1-р хх-ийн 200-205-р тал);

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1217 дугаартай албан бичиг, (1-р хх-ийн 206-р тал);

Өмгөөлөгч Б.М-ын Хөвсгөл аймгийн прокурорын газарт хандаж гаргасан 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1/33, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/25 дугаартай хүсэлт (1-р хх-ийн 211-212, 225-226-р тал);

Өмгөөлөгч Б.М ын Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт хандаж гаргасан хүсэлт, (1- р хх-227-р тал);

Монголын Өмгөөлөгчдийн холбоо, мэргэжпийн хариуцлагын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ГЗ/10 дугаартай “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай” захирамж, (2-р хх-ийн 155-р тал)

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаартай албан бичиг, (2-р хх-ийн 205-р тал);

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, (2-р хх-ийн 206-р тал) ;

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт, (2-р хх-ийн 221-р тал);

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт,(2-р хх-ийн 222-223-р тал);

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, (2-р хх-ийн 227-р тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 233-237-р тал);

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.А-ын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа (4-р хх-ийн 143-150-р тал),

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            А. Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, (4 дүгээр хавтаст хэргийн 195-199 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас),

            Б.Шүүгдэгч Д.Т-ын авто-тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (3 дугаар хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас) зэрэг болно. 

Дөрөв. Талуудын гаргасан санал, дүгнэлт:

 Улсын яллагч Л.Отгончимэг шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “…Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Отгончимэг би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Б.М , Д.Т  нарын гэм бурууг нотолж төрийн нэрийн өмнөөс улсын  яллагчаар оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан болон хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнээд Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Т-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

...Өмнөх саналаа дэмжиж байна. Өмгөөлөгч нар шүүгдэгч Б.М-ыг цагаатгах байр суурьтай оролцож байна. Хохирогч н.М-ийн мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй гэж маргаж байна. Хохирогч н.М-ийн мэдүүлэг нь түүний эхнэр гэрч Б.Э-ийн “...Манай нөхөр Д.М 2021 оны 10 сард өдрийг нь санахгүй байна. М орж ирээд гэртээ ирэхдээ Н мэргэжилтний өмгөөлөгч гэх залуу надтай уулзахдаа “Та Н-т  мөнгө өгсөн, авахгүй гээд буцаасан гээд хэлээд өгөөч” гэж гуйлаа, би худлаа хэлж чадахгүй гээд хэлчихлээ гэж ярьж байсан...”  гэх мэдүүлгээр давхар нотлогдоно. Мөн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.М  нь хэрэг бүртгэлтийн 213800182 дугаартай хэрэгт н.Н-ын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа тус хэргийн хохирогч н.М-тэй уулзсан гэдэг нь тогтоогдоно. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Ятгана гэдэг бол санал тавьснаар гэмт хэрэг төгсөж байгаа. Яагаад шүүгдэгч Б.М-ыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэхээр хохирогч н.Мө-гийн мэдлүүлэгт үндэслэж байгаа. Н.М өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдлүүлгээ үгүйсгэж байгаа боловч тэр үйл баримт болсон байдаг. н.Б-ийг зүйлчлэлийн хөнгөрүүлэх шаардлагатай учраас хохирогчийг сэрээн дээр унасан болъё гэдэг үйл баримт болсон учраас энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэж, гэм буруугийн хурал болж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан  байгаа...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Ц.Г шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “…Улсын яллагч Б.М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. н.М-г худал мэдүүлэн өгүүлэхээр ятгасан гэдэг. Буруутгаж буй гол эх сурвалж нь н.М-ийн мэдүүлэг байгаа. Өөр бусад нотлох баримт хэрэгт байхгүй. ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3-т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. н.М-ийн мэдүүлгүүдэд “Б.М  өмгөөлөгч залгасан, дараа нь н.Н дугаарыг нь өгөхөөр нь би залгасан” гэсэн байдаг. Үүнээс харахад түүний мэдүүлгүүд нь зөрүүтэй буюу худал мэдүүлэг өгсөн байгаа. Дараа нь товчхон зүйл ярьсан юм шиг товчхон мэдүүлсэн. Гэтэл гэрч н.Дхэрэгт өгсөн мэдүүлэгтээ “нэлээн удаан ярьсан талаар” мэдүүлсэн байгаа. Энэ нь хэрэгт шүүгдэгч талаас гаргаж өгсөн СД дээрх бичлэгээс харагдана. Тэгэхээр н.М, Б.М ын хэлснээр  “өөрөө гэмт хэрэг үйлдчихээд түүнийгээ хаацайлах” гэж миний үйлчлүүлэгчийн талаар цагдаагийн байгууллагад гомдолд гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна.

Хохирогч н.М-г худал мэдүүлэг өгөхөөр ятгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудар няцаагдаж байгаа. Гэрч н.Н, н.Т н.Днарын мэдүүлэг болон Б.М ын мэдүүлэг, хэрэгт авагдсан СД-нд бичигдсэн зүйлийн агуулга зэргээс үзэхэд н.М худлаа ярьж байгаа нь тодорхой байна. Б.М-ын хохирогч н.М-тэй уузлахдаа түүнийг худлаа мэдүүлэг өгөхийг ятгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх учир түүнийг цагаатгах үндэслэлтэй. Мөн шүүгдэгч н.Т-той бүлэглэж хохирогч н.М-г худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад /247 дугаар талд авагдсан/ хохирогч н.Мөн мэдүүлэг ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй. Энэ нь н.М-н өгсөн мэдүүлгээр эргэлзээтэй байдал харагдаж байгаа. Энэ мэдүүлэг дараах баримтаар няцаагдана. Улсын яллагчийн шинжлэн судалсан н.Б-ийг зүйл ангийг өөрчлөхийн тулд санаа байсан, аав надад санаа тавьсан, Б.М  өмгөөлөгч хэлсэн. Б.М  өмгөөлөгчийн санаачилгаар явсан гэдэг мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан. Худал мэдүүлэг өгсөн, санаачилсан хүн Б.М  өмгөөлөгч байх, н.Б-ийг ааваар дамжуулсан гэсэн хоёр өөр агуулгатай зүйл хохирогч ярьсан байгаа. Уулзсан эсвэл уулзаагүй гэсэн хоёр агуулгатай. Сая хохирогч н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьж, мэдүүлэг өгсөн. н.Т-ын  яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.М-ын өгсөн мэдүүлэг, бичгийн нотлох баримртуудаас үзвэл хэрэг учрал болох үед хохирогч болон шүүгдэгч нар нь хоорондоо огт уулзаж байгаагүй гэдэг нь нотлогдсон байна. Уулзаж ярилцаагүй, утсаар ч ярилцаагүй тохиолдолд хохирогч н.М-г миний үйлчлүүлэгч Б.М  ятгах боломжгүй. Гэрч н.Е, н.Т нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Нотлох баримт хуурамчаар үйлдэх үед Б.М  оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар байхгүй. Тэрээр санал, санаачлага гаргаагүй, зохион байгуулаагүй нь тогтоогдож байна. н.Т-той бүлэглэж картыг хуурамч гэдгийг мэдсээр байж хэрэгт хавсаргуулсан гэдэг үйлдэл байгаа. Гол эх сурвалж 1 дүгээр хавтаст хэргийн  247 дугаар талд авагдсан хохирогч н.Мөн мэдүүлэг. Өөр нотлох баримт хэрэгт байхгүй. Гэтэл хохирогч н.Мөн мэдүүлэг өөрийнх нь сая шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн шүүгдэгч н.Т  , Б.М , гэрч н.Т , н.Е нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр давхар нотлогдоно. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон шууд болон шууд бус нотлох баримт байхгүй. Сэжиг таамаг бүхий зүйл яригдана. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хуурамч гэдгийг мэдсээр байж хэрэгт хавсаргуулж, хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэж байгаа. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т “хэрэгт нэмэлт шижээчийн дүнэлт гаргуулсныг”  гэмт хэрэгт тооцсон зүйл байхгүй. Иймд Б.Мыг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна.

...Хохирогч н.М-ийн мэдүүлэг нь түүний эхнэр болох гэрч Б.Э-ийн мэдүүлгээр давхар нотлогдоно гэж улсын яллагч тайлбарлаж байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ гэрч Б.Энь хохирогч н.М-ийн гэр бүлийн хүн. Түүний мэдүүлгийг хохирогчийн мэдүүлгийн давхар нотолсон баримт гэж үзэж байгаа бол өөр баримтаар давхар шалгаж тогтоосон байх ёстой.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч Б.М, хохирогч н.М нар уулзсан гэдэг нь нотлогдож байгаа. Үүнийг үгүйсгээгүй.

Бичлэг ч байгаа. Түүн дотор юу яригдсан тухай агуулгыг цаасан дээр буулгаж хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Түүнд бичигдсэн хоолойг н.М-ийн дуу хоолой, Б.М-ын дуу хоолой биш гэж маргаагүй. Тухайн үед юу ярилцсан, хэн байв гэдэг гэрчтэй. н.М нь мэдүүлэгтээ н.Т гэдэг хүнийг гүтгэсэн байдаг. Энэ хүнийг өмгөөлөгчөөр ав гэсэн.

Гэхдээ би өмгөөлүүлээгүй гэдэг.  Гэтэл н.М, Б.М  хоёрыг хамт байхад байсан гэх өмгөөлөгч н.Т өөс хэрэгт гэрчийн мэдүүлэг авсан.  Мэдүүлэгт тийм зүйл болоогүй, тэр хоёрыг уулзаж байхад орж ирээгүй гэж мэдүүлсэн байгаа. Дан ганц н.М-ийн мэдүүлгийг үндэслэж хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгах боломжгүй. Ятгах гэдэг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, санал тавьснаар төгсөнө гэж улсын яллагч мэтгэлцэж байна. Ятгасан бол тэгж ойлгож болно. Гэхдээ хэрхэн яаж ятгав гэдийг шалгаж тогтоох ёстой. н.Т ятгасан юм уу? Б.М  ятгасан юм уу? н.Т тухайн үед болсон үйл явдлыг ярьлаа. Үүнийг Б.М  огт мэдээгүй байсан, би Б.М т карт үзүүлж хүсэлт бичүүл авсан гэдэг. Б.М ын оролцоо хаана байгаа, ямар баримтаар нотлогдож байгаа гэдгийг тунгаах ёстой. Бичгийн нотлох баримт, яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан баримтаар Б.М  дээрх хэрэгт оролцсон гэх баримт байхгүй. Нотолсон баримт хэрэгт байхгүй. Хэрэв байсан бол улсын яллагч түүнийг гаргаж ирээд тайлбарлах байсан. Эхний саналаа дэмжиж байна...гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Д.Буяндалай шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “…н.Гансүх өмгөөлөгчтэй санал нэг байна. Мэдүүлэг өгөгч өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй бол нотлох баримт болж чадахгүй. Хоёр өөр хэрэгт хоёр өөр объектод халдсан гэж үзэж байгаа. Баримтуудаас үзэхэд тухайн хэрэгт н.М гэдэг хүний мэдүүлэг миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл болдог. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хоёрдмол зүйлийг үндэслэдэг. Хохирогч н.М-ийн мэдүүлэг хэрэгт байгаа бусад баримтаар нотлогдоогүй. н.М гэдэг хүн мэдүүлгийнхээ эх сурвалжаа заасан. н.Н гэдэг хүн Б.М  өмгөөлөгчтэй уулз гэсэн гэж. н.Ноос хэрэгт мэдүүлэг авахад тийм зүйл болоогүй гэж үгүйсгэдэг. Ятгасан гэж н.М дээр яригдаж байгаа. н.М-ийн мэдүүлэгт  “ийм мэдүүлэг өгөөч гэхээр нь үгүй гээд гарсан” гэдэг. Үүнийг ятгах гэх үү? үг сольсон болгон ятгасан болох юм уу? Монгол хэлний тайлбараас харахад бусдыг сэнхрүүлж, хэлэхийг ятгах гэж тайлбарласан байгаа. Миний үйлчлүүлэгч н.М-ийн ярьсан шиг зүйл хэлээгүй гэдгээ хэлдэг. н.М гэдэг хүн хохирогч мөн эсэх нь тусдаа яригдах байх. Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолд мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн, зөрүү байгаа эсэхийг шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана гэж заасан.

Үүгээр н.М-ийн мэдүүлгийг шалгахад тогтоогдоогүй, миний үйлчлүүлэгч гэм буруугүй байна. н.Мө-д холбогдох хэрэгт худал мэдүүлэг өгүүлж, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэдэг. Хуурамч нотлох баримт гаргуулсан гэдэг энэ үйл баримттай Б.М  яагаад холбогдоод байгаа юм бэ гэхээр ганцхан н.Мө-гийн мэдүүлэгт үндэслэсэн. Хууль зөрчиж авсан мэдүүлэг тул энэ мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхыг хүсэж байна. н.М нь эсрэг сонирхолтой н.Б-т гэдэг хүнтэй харилцан сэжигтэн, яллагдагч болсон байгаа уг хэрэгт. Мөн өсвөр насны хүнээс өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, бусад сэжигтэн, яллагдагчтай эсрэг сонирхолтой бол өмгөөлөгч авах ёстой. Энэ асуудал зөрчигдсөн. 223800512 дугаартай буюу Б.М-ын хэрэг дээр биш өөр хэрэг өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт хуулбарлаж оруулж ирсэн нь нотлох баримтаар тооцохгүй байх үндслэл болно. Сая н.Гансүх өмгөөлөгч н.Мөн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Мөн өмнөх мэдүүлгээ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээрээ үгүйсгэж байгаа нөхцөл байдлаа тайлбарласан.

Үүнээс хуурамч нотлох баримт, ятгасан хоёрын шалтгаант холбоо тасарч байна. ЭХХШТХ-н 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Миний үйлчлүүлэгч Б.М-ыг буруутгаж байгаа нь эргэлзээтэй, нотолж байгаа гэх баримт нь шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд гэм буруугүйд тооцож өгнө үү...гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Ц.Баасанжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “…Монголын өмгөөлөгчдийн холбооноос гишүүн хуульч, өмгөөлөгч Б.М-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар намайг өмгөөлөгчөөр томилсон. Би ЭХХШТХ-ийн 34.15 зүйлд зааснаар цагаатгах дүгнэлтээ хэлье. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд зааснаар хуурамч болохыг мэдсээр байж гэдэг үгэн дээр явагдсан. Улсын яллагчийг буруутгахгүй байна. Учир нь ЭХХШТХ-н 4.2 дугаар зүйлд прокурорын үүргийг заасан байдаг. Прокурор нь төрийн нэрийн өмнөөс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотлох үүрэг хуулиар хүлээдэг.

Гагцхүү энэ үүргээ ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэхээр ЭХХШТХ-н 34.7 дугаар зүйлд зааснаар хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана гэж заасан. Хавтаст хэрэг тэр чигээрээ эргэлзээтэй баримт авагдсан байна. Гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй, түүнийг давхар эх сурвалжаар нотлоогүй. Улсын яллагч дотоод итгэлээр яллаж байх шиг байна. Миний үйлчлүүлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээс ямар хууль зүйн үндэслэлээр буруутай гэж байгаагаа нотолж чадаагүй. Мөн Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйл заасан ямар үндэслэлээр ятгасан гэж үзсэнээс нотолж чадаагүй, хэргийн бодит байдал нь яллах биш цагаатгах талын нотлох баримтууд авагдсан байна. Прокурорын яллаад байгаа дотоод итгэл нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан  үндэслэл хангалттай тогтоогдсонгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох тухай ЭХХШТХ-НТ1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд прокурор, мөрдөгч хуульд заасан бүх арга хэмжээг авна. Яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Яллаж байгаа баримт эргэлзээтэй гэдэг нь тодорхой боллоо. ЭХХШТХ-н 1.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээн дээр тогтоох ёстой.

Өмгөөлөгчийн зүгээс хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд Б.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцоход үнэхээр эргэлзээтэй байна. Хуульд энэ тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан. Яллагдагч Б.М  нь амбулаторин картыг хуурамч гэж мэдсээр байж н.Т  оор дамжуулж гаргаж өгсөн гэдэг. Үүнээс үзэхэд Б.М  очиж аваад н.Т-д мөрдөгчдөө өгөөрэй гэж өгсөн гэж дүгнэж байгаа юм шиг харагдаж байна. Хуульд нийцээгүй ийм дүнэлт байхгүй. н.М гэдэг хүн гэмт хэрэг үйлдсэн атлаа ял шийтгэлгүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Харин  Б.М  гэдэг хүн гэмт хэрэг үйлдсэн юм шиг харагддаг. н.Мд “би чамайг өмгөөлөхгүй” гэсэн нь түүнийг ятгасан юм шиг харагдаж байна. Ятгана гэдэг нь хүнийг ухуулан таниулах, сургах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ухуулан таниулах гэдэг чинь тэр хүнд байнга очиж хэлэх шаардлагатай гэж ойлгоно. Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтын талаар олигтой зүйл ярьсангүй.

Тодруулбал н.М-г ятгасан нь н.М-ийн мэдүүлгээр тогтоогдсон, н.М-ийн мэдүүлэг нь түүний гэрч Б.Э-ийн мэдүүлгээр давхар нотлогдоно гэсэн. Энэ хоёр хүн эхнэр, нөхөр тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ. Үүнээс өөр ямар ч хууль зүйн дүгнэлт, нотлох баримт хэлсэнгүй. Хуурамч гэдгийг мэдсээр байж гэдгийг ямар баримтаар нотоЛж байгааг ойлгохгүй байна. Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь хэрэг, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах эрхтэй. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний төлөө шүүгдэгчийн ширээнд сууж байна. Өмгөөлөгч гэх ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө ингэж хүнийг яллаж болохгүй. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү…” гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Б.М  нь гэм буруугийн талаар маргаж оролцов.

Харин шүүгдэгч Д.Т  нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Тав. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

а. Шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэргийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн” үйлдлийг гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч, прокурор, шүүхэд өгсөн” үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг гэж, тус тус үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон зүйлчлэхээр хуульчилжээ.

Прокуророос шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, тус тус зааснаар хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Өмгөөлөгч гэж хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг ойлгох ба шүүгдэгч Б.М  нь 2019 онд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болох нь хэрэгт авагдсан Монголын өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2034 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул энэ хэргийн субьект мөн гэж үзнэ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.М ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсч байна. Хэргийг судлан үзвэл:

1.Шүүгдэгч Б.М  нь хэрэг бүртгэлтийн 213800182 дугаартай хэргийн оролцогч Л.Н-ын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр "Үлэмж” төвийн хоёр давхарт байрлах өөрийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг өрөөндөө тухайн хэргийн хохирогч Д.М-тэй уулзсан үйл баримт тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруутай болох нь хохирогч Д.М-ийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, мөн хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.Э-ийн мэдүүлгээр давхар нотлогдсон хэмээн тайлбарлав.

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...Намайг хөдөө гэртээ байхад Н над руу залгаад "Та өмгөөлөгч М гэх хүнтэй очоод уулзчих, тэр хүн танд хэлэх үгийг чинь зааж өгнө" гэсэн. Тэгэхээр нь би тэгдэг л юм байх гэж бодоод аймгийн төв орж ирээд М өмгөөлөгчтэй уулзсан. Тэр үед М өмгөөлөгч над руу залгасан уу, би өөрөө түрүүлж залгасан уу гэдгээ санахгүй байна. Намайг М өмгөөлөгчтэй уулзахад "Чи Н-т  мөнгө өгөөд авахгүй гэхээр нь буцаагаад аваад явсан гэж хэлээрэй" гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгээд би худлаа хэлж чадахгүй гэдгийг хэлсэн. Мөн Т  гэдэг өмгөөлөгчийг дуудаад намайг энэ өмгөөлөгчийг ав гэсэн.

...Н гэдэг хүн над руу утсаар залгаад аймгийн төвд байдаг Үлэмж төв дээр очоод өмгөөлөгч М гэдэг хүнтэй уулз гэж хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд би өмгөөлөгч М-тай  уулзсан чинь тэр өмгөөлөгч намайг “Та Н-т  мөнгө өгч торгуулаагүй гэж худал мэдүүлэг өгчих” гэхээр нь би “Үгүй би үнэн юмыг үнэнээр нь хэлнэ” гээд гараад явсан...” гэж, (1-р хх- ийн 87-р тал, 4-р хх-ийн 170-171-р тал),

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр аймгийн төв ороод ирэхдээ “Н мэргэжилтний өмгөөлөгчтэй уулзлаа, та Н-т  мөнгө аваачиж өгсөн, авах гэхээр нь буцаасан гээд хэлээд өгөөч” гэхээр нь би худлаа ярьж чадахгүй гээд хэлчихлээ гэж байсан...” гэж, (1-р хх-ийн 97-98-р тал) тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримтын нэг төрөл болох боловч дангаараа яллах үндэслэл болохгүй ба түүний мэдүүлэг хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байх ёстой.

Гэтэл хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгтэй тохирохгүй, зөрүүтэй байна. Тухайлбал:

Гэрч Г.Т  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би М гэх хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцох болсон. Үүнээс хэд хоногийн дараа М гэх хүн над руу залгаад “би таныг авахаа болилоо” гэхээр нь би тэр хүнээс “та надаас ямар үндэслэлээр татгалзаж байгаа юм, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн тохиолдолд үндэслэлгүйгээр татгалзаж болдоггүй юм” гэхэд юм хэлээгүй утсаа салгасан. Үүний дараа н.М гэх хүн манай өрөөнд согтуу орж ирээд “ах нь чамтай ажлын байран дээр чинь энэ талаар яримааргүй байна, ах нь нэг газар очоод чам руу залъя” гэхээр “за та над руу залгаарай” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа н.М гэх хүн над руу залгаад “би захын урд талын Хийтийн гол зочид буудалд байна, чи энд хүрээд ир төлбөрийн асуудлаа энд шийдчихэе” гэсэн. Тэгээд над руу нилээн олон удаа залгаад байхаар нь би утсаа аваагүй. Маргааш өглөө нь би н.М гэх хүн рүү өөрөө залгаад “та яагаад надад дарамт үзүүлээд байгаа юм бэ, энэ асуудлаар чинь цагдаад гомдол гаргана шүү гэхэд ахыгаа ёстой уучлаарай гээд утсаа салгасан. Үүнээс хойш дахиж холбогдоогүй. н.М гэх хүний өөрийнх нь хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцохоор болсон. Би н.М гэх хүнтэй уулзаж болсон хэргийнх нь талаар тодруулж зөвлөгөө өгсөн. Зөвлөгөө өгөхдөө тэгж мэдүүлэг өгөөрэй гэж ятгасан, зөвлөсөн зүйл байхгүй.

Харин мэдүүлэг өгөхдөө надад хэлээрэй гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 91-94-р тал)

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 онд намайг “Үлэмж” эмийн сангийн хоёр давхарт өрөө түрээсэлж байхад өмгөөлөгч М хамт сууж эхэлсэн. Бид хоёр тэр өрөөнд 2 жил гаруй хамт сууж байгаад энэ оны 08 дугаар сараас уг өрөөнд суухаа болиод, одоо Тамир төвийн хоёр давхарт сууж байгаа. Өмгөөлөгч Б.М  бид хоёр нэг өрөөнд өөд өөдөөсөө хараад сууж байсан. Тэгэхэд гаднаас нэг хүн орж ирээд модны хэргийн талаар яриад байсан. Бид хоёр нэг өрөөнд өөд өөдөөсөө хараад ойрхон суудаг болохоор яриа сонсогддог. Одоо миний санаж байгаагаар гоожин авсан мөртлөө 300,000 төгрөгөөр торгуулсан ч гэлүү тиймэрхүү утгатай зүйл ярьж байсан. Тэрийг би яаж сайн санаж байна гэхээр жон жон хийсэн яриатай хүн байсан. Тэгээд өрөөнөөсөө гараад бие засчихаад ороод ирсэн чинь М тэр хүнд хандан “би таны өмгөөлөгчөөр оролцож болохгүй юм байна” гэсэн утгатай зүйл ярьж байсан.

Тэр хүнийг гарч явахаар би н.М т наад хүн чинь ямар ядаргаатай хүн бэ гэж хэлсэн. Одоо бодоход тэр хүнийг юм болов уу гэж бодож байна. Та ер нь өөр өмгөөлөгч авсан нь дээр юм байна, би оролцох боломжгүй гэж байсан...” гэжээ.

(1-р хх-ийн 99-102-р тал)

Үүнээс дүгнэхэд хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Тодруулбал хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлж буй зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нэгийг нь бусдаас нь илүү гэж үнэлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэдгийг хохирогчийн мэдүүлгээс өөрөөр нотлох хөндлөнгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Нөгөө талаар гэрч Б.Э-ийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шууд нотлох баримт биш, харин дамжуулсан нотлох баримт байна.

Учир нь: нотлох баримтыг анхдагч (мэдрэхүйгээр харсан, мэдсэн) ба дамжмал (бусдаас сонссон) гэж ангилагддаг. Гэрч Б.Э-ийн мэдүүлэг нь хэргийн бодит үйл явдалтай шууд холбоогүй, харин хохирогч Д.М-өөс сонссон мэдээлэл гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг “…хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол…” хэмээн заасан.

Ятгасан явдал нь дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болдог ба гэм буруутай этгээд нь хохирогчид ямар нэгэн идэвхитэй үйлдлээр хууль бусаар нөлөөлсөн байхыг шаардах бөгөөд энэ үйлдлийг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлон тогтоосон байвал зохино.

Гэвч энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч нь өмгөөлөгчөөс үйлчилгээ аваагүй этгээдийн ашиг сонирхол өөрийн үйлчлүүлэгчийн ашиг сонирхолтой зөрчилдөхүйц гэдгийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол тухайн этгээдэд өмгөөлөгчөөс үйлчилгээ авах хэрэгтэй гэдгээс бусад зөвлөгөө өгч болохгүй” гэж,

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүрэгтэй” гэж  тус тус  заасан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, хэм хэмжээний актаар өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн хохирогчтой уулзахыг хориглосон зохицуулалт байхгүй.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцож байгаа өмгөөлөгч тухайн хэргийн хохирогчтой хохирол нөхөн төлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзахыг хориглоогүй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан хохирогч Э.Мө, гэрч Г.Т , Э.Е нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн хангасан ба шүүх хуралдаанд дуудан оролцуулж, мэдүүлэг авсан.

Хохирогч Э.Мө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Мэдүүлэг өгөхөд хуурамч бичиг баримтын талаар Н.Мөмгөөлөгч тэг гэсэн үү? чамд заасан уу? гэж асуугаад байсан. Би тэр үед Н.М өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй гэдгээ хэлсэн. Хуурамч бичиг баримтын талаар Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү гэхэд нь би “магадгүй” гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэг дээр Н.М өмгөөлөгчийн хий гэсэн байдлаар бичигдсэн байсан, би яг тэгж шууд хэлээгүй. Би жаахан хүүхэд байсан учраас прокурорын амыг дагуулж ярьсан.  Н.М өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй, нэрийг нь сонсож байсан.

Сэрээн дээр унасан гэх мэдүүлгийг н.Т ах бид хоёр ярилцаад ар гэрийнхээ асуудлаас болж, ийм мэдүүлэг өгсөн. Н.М өмгөөлөгч ямар ч хамааралгүй ...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэрч Г.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...н.М-ыг танихгүй, өнөөдөр л харж байна. н.Т-ыг танина. 2021 онд барилга дээр ажиллаж байхад нь танилцсан. Картад бичилт хийлгэхийг н.Т гуйсан...” гэв.

(шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэрч Э.Е шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. н.М-ыг танихгүй...” гэв.

(шүүх хуралдааны тэмдэглэл)

Тухайн үед болсон үйл баримтын талаарх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх эргэлзээтэй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчид хууль бусаар нөлөөлөх идэвхитэй үйлдлээр илэрдэг.

Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

 Гэтэл шүүгдэгч Б.М  нь шүүгдэгч Д.Т ой бүлэглэн эрүүгийн 2238000000511 дугаартай хэргийн хохирогч Э.М-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан идэвхитэй үйлдэл бодитоор хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Э.М-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх боловч хэзээ, хаана, хэрхэн, ямар идэвхтэй үйлдлээр ятгасан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хөдөлбөргүйгээр нотлон тогтоосон баримт хэрэгт байхгүй.

Улсын яллагчийн шинжлэн судласан нотлох баримт болох хохирогч Э.Мө-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь таамаглал дэвшүүлсэн мэдүүлгүүд байна.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцжээ.

Шүүгдэгч Б.М  нь эрүүгийн 2238000000511 дугаартай хэргийн оролцогч Ц.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа “Э.М-н амбулаториор эмчлүүлэгсдийн картыг гаргаж өгөв” хэмээн дурдаж, уг хэргийн хохирогч Э.М-н биед учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдож байна. 

Яллах дүгнэлтэд Б.М-ыг дээрх гэмт хэрэгт яллах  үндэслэл болсон нотлох  баримтаар хохирогч Э.Мө, гэрч Г.Т , гэрч Э.Е нарыг мэдүүлэг болон шүүгдэгч Д.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг  дурджээ.

Хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нягтлан үзвэл уг мэдүүлгүүд нь тэднийг шүүгдэгч Д.Т той уулзсан, тэрээр хохирогчид нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн Г.Т тай уулзаж, түүнээр дамжуулан Э.Етэй уулзаж, Э.М-н амбулаторийн картад хуурамч бичилт хийлгэсэн үйл баримтыг нотлохоос бус шүүгдэгч Б.М-ын гэм буруутай болохыг нотлоогүй байна.

Мөн шүүгдэгч Д.Т  шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний буруутай үйлдэл. Тухайн үед эхнэр бие нь тааруу хорт хавдартай байсан. Энэ үед хүүхэд маань ийм хэрэг хийсэн байсан. Би эхнэрийгээ үүнээс бол санааг нь зовоохгүй байя гэж бодсон. Тэгээд би Мө ирэхээр нь хоёулаа явж хуурамч бичиг хийлгэе гэж гуйсан, түүний картанд н.Е эмчээр  бичилт хийлгэсэн.

Өөрийн буруутай үйлдлээ хүлээж байна. н.М манай дүүгийн хүүхэд учраас манайд байнга ирдэг. Энэ санааг би гаргасан. Үүнд н.М т огт хамаагүй...” гэх мэдүүлгийг өгсөн. (шүүх хуралдааны тэмдэглэл);

Гэмт хэргийн хувьд зайлшгүй нотолбол зохих байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, үйлдэл, эс үйлдэхүйг тогтоох явдал бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.М ын нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл хангалттай нотлогдоогүй болно.

Нөгөөтэйгүүр Өмгөөлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх, эсхүл хэрэг, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах”, 13.1.6-д “Шаардлагатай эд зүйл, баримт сэлт, бусад нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт тавих, нотлох баримт гаргаж өгөх, шинэ нотлох баримт шаардах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, түүнийгээ хэргийн материалд тусгуулах”, 13.1.7-д “Шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, гарсан дүгнэлттэй танилцах, дүгнэлтийг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах” хэмээн заасан ба энэ нь өмгөөлөгчийн үндсэн үүрэг бөгөөд өмгөөллийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байна.

Иймээс Б.М ын “Э.М-н амбулаториор эмчлүүлэгсдийн картыг гаргаж өгөв” хэмээн дурдаж, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг гэм буруутай үйлдэл гэж үзэхгүй.

Түүнчлэн дээрх гэмт хэргийн шинж нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэхээс гадна  нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэл байхаар хуульд зохицуулсан.

“Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж” гэсэн үгийн агуулга нь нотлох баримтыг хуурамч, хууль бус гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа ашигласан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Б.М  нь хохирогч Э.М-н амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуурамч, хууль бус гэдгийг мэдсэн  гэж  үзэх хангалттай тогтоосон нотлох баримтгүй.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу бодит эх сурвалжгүй тул шүүх “таамаглалд” үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл яллах талын баримтыг батлахад итгэл үнэмшил бүрдэхээргүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, нотлох баримт шинжлэн судласан болон бусад мэтгэлцсэн үйл явц зэрэг байдлуудаас давхар илэрхийлэгдсэн болно. 

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эдгээрээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүйд тооцогдох хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” хэмээн заажээ.

Хуулийн дээрх заалтыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримт дээр үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална...” гэж тайлбарлажээ.

Иймд Нийслэлийн прокрорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт, тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-ыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.

б.Шүүгдэгч Д.Т-ын холбогдсон хэргийн талаар.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Т  нь “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Б-ийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.М-г хэргийн үйл баримтын талаар “...эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнөөөс өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, улмаар 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Э.М-н эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картад хуурамч бичилт хийлгэн, эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт өгсөн болох нь:

Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруутай үйлдэл. Тухайн үед эхнэр бие нь тааруу хорт хавдартай байсан. Энэ үед хүүхэд маань ийм хэрэг хийсэн байсан. Би эхнэрийгээ үүнээс бол санааг нь зовоохгүй байя гэж бодсон. Тэгээд би н.М-тай ярилцаж, түүний картад н.Е эмчээр бичилт хийлгэсэн. Тэгээд бичигт хийлгэсэн картаа н.М т үзүүлэхэд  мөрдөгчдөө аваачиж өг гэсэн. Өөрийн буруутай үйлдлээ хүлээж байна. н.М манай дүүгийн хүүхэд учраас манайд байнга ирдэг. Би Мөг ирэхээр нь хоёулаа явж хуурамч бичиг хийлгэе гэж гуйсан.

Энэ санааг би гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, 

Хохирогч Э.Мө-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 2022 оны 8 дугаар сард (өдрийг нь санахгүй байна) Ц.Б-ийн аав Д.Т  ах бас нэг хүний хамт Приүс маркийн машинтай нь очоод эмнэлгийн гадаа байж байхад эмнэлгийн залуухан ах гарч ирж машинд суугаад картан дээр бичиж өгсөн. Тэгээд тэр картыг Түмэнцогт ах аваад л явсан байхаа. Би эмнэлгийн гаднаас салаад явсан. ...Н.М өмгөөлөгчийг буруутгаад байгаа юм байна.

Надаас н.Үүрийнтуяа прокурор Н.М өмгөөлөгч өөрийг чинь ийм зүйл хий гэж хэлж байсан уу гэж асууж байсан. Тэр үед би насанд хүрээгүй байсан. Миний хууль ёсны төлөөлөгчөөр танихгүй хүн оруулж, мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхөд хуурамч бичиг баримтын талаар Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү? чамд заасан уу? гэж асуугаад байсан. Би тэр үед Н.М өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй гэдгээ хэлсэн. Хуурамч бичиг баримтын талаар Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү гэхэд нь би “магадгүй гэж бодож байна” гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэг дээр Н.Мөмгөөлөгчийн хий гэсэн байдлаар бичигдсэн байсан, би тэгж шууд хэлээгүй. Тухайн үед намайг айлгасан. Би жаахан хүүхэд байсан учраас прокурорын амыг дагуулж ярьсан.  Н.М өмгөөлөгч тэг гэсэн үү,  тэгсэн байна, ингэсэн байна гэхээр нь би “тэгсэн байх, магадгүй гэж хэлсэн” хэлсэн. ... Н.М өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй, нэрийг нь сонсож байсан. Шүүх хурал болохоос өмнө хараагүй. Сэрээн дээр унасан гэх мэдүүлгийг н.Т ах бид хоёр ярилцаад ар гэрийнхээ асуудлаас болж, ийм мэдүүлэг өгсөн. Н.М өмгөөлөгч ямар ч хамааралгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ойролцоогоор 10 цагаас 13 цагийн хооронд халуун нар шарсан өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4 дүгээр давхарт Мэс заслын тасагт байж байхад манай тасгийн эрхлэгч байсан Т  ах над руу утсаар залгаад хаана байгааг минь асуухаар нь эмнэлэгт дээр, тасаг дээрээ байна гэж хэлэхэд "тамга чинь байгаа юу" гэж асуухаар нь "байгаа, яасан" гэж асуухад "зүгээрээ, тамгаа аваад гараад ир" гэхээр нь тухайн үед ажилтай байсан учраас жоохон хүлээлгэж байхад над руу дахиад 2-3 удаа залгасан байсан. Тэгээд Т  ахтай эмнэлгийн гадаа уулзахад Мө гэх хоосон картыг гаргаж ирээд "эмчилгээ, үзлэгийг нь нөхөж бичүүлмээр байна" гээд надад бал өгөөд эмчилгээ үзлэгийг Т  ах өөрөө надад хэлж бичүүлсэн. Ингэхдээ 2 өөр өнгийн балаар бичүүлсэн. Карт бичихдээ би Т  ахын жолоодож ирсэн машины урд талын жолоочийн хажуу талын сандал дээр суугаад бичсэн. Тэгэхэд ар талын суудал дээр өмнө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Я эмчид үзүүлж байсан залуу байсан. Мөн энэ залуу манай эмнэлэгт хэвтэж байсан хүн болохыг хараад таньсан. Тэр залуугийн аав нь гэж надад танилцуулсан хүн машины арын суудал дээр хамт сууж байсан.

Тэгээд би картан дээр нь эмчилгээ, үзлэгийг Т  ахын хэлснээр бичиж өгөөд буцаад тасаг руугаа орсон. ...Хөвсгөл аймгийн Даншиг наадам 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусаад, би авто ослын дуудлаганд явж ирсэн. Ирсэн өдрөө би эмнэлгээс гадагшаа гараагүй, энэ өдөр Т  ах эмнэлэг дээр ирээгүй.

Харин маргааш нь буюу 08 дугаар сарын 02-ны өдөр Т  ах намайг эмнэлгийн гадаа дуудаж уулзаад карт бичүүлсэн. ...н.М , н.Т нарыг танихгүй, н.Т гэмтсэн хүүхдийн аав гээд нэг хүн дагууж ирж байсан.

Тэр хүн нь машины арын суудалд сууж байсан. н.Т ах гараад ир гэхээр нь гарч очиход карт барьчихсан байж байсан. Машинд нь суусан чинь энэ хүүхэд картаа хаячихсан юм шиг байна, биччих гэхээр нь нөгөө хүүхдийг үзээд картанд нь бичилт хийж өгсөн. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2022 оны 7 дугаар сарын 20-оор Түмэнцогт гэж хүний гуйлгын дагуу дадлагажигч эмч Э.Егээр гэмтсэн хүүхдийн шархыг үзүүлэн тухайн хүүхдийн болон Т-ын  өгүүлснөөр үзлэг хийлгэж, картанд бичүүлсэн.

Миний санаж байгаагаар Хөвсгөл аймгийн наадмын үеэр энэ асуудал болсон санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. М гэдэг хүний нэрийг сонсож байснаас биш огт танихгүй, харж байгаагүй. Энэ хүн тэр үед буюу карт бичүүлэх үед байгаагүй.н.М-ыг танихгүй, өнөөдөр л харж байна. н.Т-ыг танина. 2021 онд барилга дээр ажиллаж байхад нь танилцсан. Картад бичилт хийлгэхийг н.Т гуйсан. Үзүүлсэн эмч нь олдохгүй байгаа учраас картад нь бичүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед үзлэг хийсэн байсан эмч нь олдоогүй, туслах эмчээр Е эмч тэр эмчийг дагалдаж байсан.Тэгээд Е эмчээр картанд нь үзүүлснээр бичилт хийлгүүлсэн. Ямар нэгэн зүйлд ашиглах гэж байгаагүй тухайн үед мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч Д.Т  нь өөрийн гэм бурууг  хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

 Эүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн оролдлого хийж эхэлснээр уг гэмт хэрэг бүрэн төгсдөг бөгөөд шүүгдэгч Д.Т  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэртэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Т  нь “Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2238000000511 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Б-ийн яллагдагчаар татагдсан зүйл анги, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зорилгоор тус хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдсон Э.М-г хэргийн үйл баримтын талаар “...эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнөөс өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр учирсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан үйлдэл нь “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

“Ятгах” нь ихэвчлэн үг яриа, тайлбар зэрэг аргаар бусдыг үнэмшүүлэх, ямар нэгэн шийдвэр гаргах эсвэл үйлдэл хийхэд хүргэхэд нөлөөлөх хэлбэр бөгөөд  шүүгдэгч Д.Т ын хохирогчид хууль бусаар нөлөөлсөн, худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол 2700-10.000 нэгжтэй тэнцэх хэжмээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сарааас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Д.Т  нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Э.М-н эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлыг тодорхойлсон амбулаториор эмчлүүлэгсдийн картан дахь бичилтийг хуурамчаар хийлгэж, түүнийг хуурамч болохыг мэдсээр байж мөрдөгчид гаргаж өгсөн үйлдэл нь тус хэрэгт нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болжээ.

Үүнээс үзэхэд түүний гаргаж өгсөн хохирогч Э.М-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт мөн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй.

Тодруулбал Д.Т ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд нотлох баримт хууль бус гэдгийг мэдсэн хэрнээ хүсэж үйлдсэн, өөрт болон бусдад давуу байдал үүсгэх гэсэн зорилготой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.

Гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно.

Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

Энэхүү хэргийн хувьд  шүүгдэгч Д.Т  нь үйлдлээрээ Б.М-тай нэгдэж буюу нэг цаг хугацаа, орон зайд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор  хохирогч Э.М-г ятгаж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд Нийслэлийн прокрорын газраас шүүгдэгч Д.Т од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэхь хэсэгт, тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэхь хэсэг болгон  хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

        Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ: “…Шүүхээс шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагатгасан. Харин шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Иймд шүүгдэгч Ш ургийн овогт Д-ийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт хрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, бичиг баримтгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, СД-г хэрэгт  үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ: “…гаргах санал, дүгнэлт байхгүй...” гэв.

Хохирогч Э.Мө эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэд хэлсэн тайлбартаа: “...Улсын яллагчийн санал болгож байгаа торгууль ахын маань хувьд өндөр байна, багасгаж өгөөч...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ: “...Би байнга эхнэрээ асардаг учраас торгуулийн хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Эхнэр маань бие муутай байнга химийн тариа хийлгэдэг. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, гэмшиж байна...” гэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан авто-тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ба шүүгдэгч Д.Т ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Т од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох  ялыг нэмж нийт 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,  3,150,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

Шүүгдэгч Д.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Долоо. Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Д.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Ц  ургийн овогт Б-ий М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

2.Нийслэлийн прокурорын газраас Ш ургийн овогт Д-ийн Т од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3.Шүүгдэгч Ш ургийн овогт Д-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Шүүгдэгч Ш ургийн овогт Д-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь)  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг нэмж нийт 3,150 (гурван мянга нэг зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,150,000 (гурван сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т од оногдуулсан 3,150 (гурван мянга нэг зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,150,000 (гурван сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 1 (нэг) жилийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

   7.Шүүгдэгч Д.Т  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   9.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ