| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/03164/И |
| Дугаар | 181/ШШ2023/02215 |
| Огноо | 2023-07-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2023/02215
| 2023 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2023/02215 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, шүүгч А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,******* оршин суух, З овогт У.П /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,, байрлах, "НШШГГ"/Дарга Г.Ц/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 34,080,815 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, иргэдийн төлөөлөгч Б.Н, гэрч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч У.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.П би нөхөр Ц.Ш-ын хамт Н.Г-аас орон сууц худалдаж авахаар 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Г-тай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Н.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,*******,,, Энхтайвны өргөн чөлөө гудамж,, метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууцыг 62, 000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон.
Ингээд орон сууцны урьдчилгаанд 31 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 31 000 000 төгрөгийг тус гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу төлж дуусгасан.
Гэтэл байрандаа нүүж ороод удаагүй байхад 2018 оны 10 сарын 04-нд "НШШГГ"-ын 189 дүгээр тойргийн гүйцэтгэгч М.З нь гэрт ирсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч М.З надад хэлэхдээ энэ байр Н.Г-ын өр төлбөрт "Б" ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гээд байрыг маань битүүмжилж, байраа суллаж өгөх шаардлага тавьсан. Тэгэхээр нь би Н.Г-д анх гэрээ байгуулах үед бидэнд хэлэхдээ ямар ч барьцаагүй асуудалгүй байр гэж хэлсэн, гэтэл "Б" ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа юм байна, одоо шүүхийн шийдвэрийн дагуу "Б" ХХК-ийн өрөнд хураагдах гэж байгаа юм байна гэхэд Н.Г нь ер төлбөрөө удахгүй төлчихнө, мөнгө төгрөг олох гээд хөөцөлдөж байгаа, санаа зоволтгүй гэж хэлсэн.
Улмаар 2019 оны 02 сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч М.З дахин гэрт маань ирж, орон сууцыг маань хураах тогтоол үйлдсэн бөгөөд Н.Г өр төлбөрөө төлөөгүй байгаа, танай байр "Б" ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, одоо шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана, Н.Г 34,080,815 төгрөгийн өр төлбөртэй, өр төлбөрөө төлчих юм бол байрыг чинь чөлөөлнө, та хоёр Н.Г-ын өмнөөс түүний өр төлбөрийг төлж болно гэж хэлсэн.
2020 оны 04 сард шийдвэр гүйцэтгэгч М.З нь над руу ярьж танай байрыг чинь анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, одоо хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, бусдын өмчлөлд байрыг чинь шилжүүлнэ, Н.Г-ын өмнөөс өрийг нь төлчих гээд яаруулаад байсан.
Иймээс нөхөр бид хоёр мөнгө, төгрөгөө төлж худалдаж авсан байраа бусдад алдахгүйн тулд У.П би Г-ын өмнөөс 34,080,815 төгрөгийн хоёр хувааж 2019 оны 05 сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд 24,841,865 төгрөг, 9 238 950 төгрөгийг төлсөн.
Тэгээд Н.Г нь үл хөдлөх эд хөрөнгө зарахдаа зээлийн барьцаанд тавьсан гэдгээ хэлэлгүй 61,000,000 төгрөгөөр байраа зарж залилсан гэж 2019 оны 05 сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2055 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.
Хэрэг бүртгэлийн явцад Шийдвэр гүйцэтгэгч М.З нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа надад орон сууцыг маань зээлийн барьцаанд байгаа, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан учраас Н.Г-ыг өр төлбөрөө төлөхгүй бол танай байрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангана, одоо дуудлага худалдаагаар бусдын өмчлөлд шилжүүлэх гэж байна гэж худлаа ярьж Н.Г-ын өмнөөс өр төлбөрийг нь төлүүлсэн болохыг олж мэдсэн.
Гэтэл би шийдвэр гүйцэтгэгч М.З-ийн хэлсэнд итгэж, орон байраа бусдад алдахаас айж Н.Г-ын өр төлбөрийг түүний өмнөөс төлсөн боловч Н.Г нь сураггүй алга болсноор өгөхгүй, шийдвэр гүйцэтгэгч М.З нь бидэнд худлаа хэлж, орон сууц маань "Б" ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдаагүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль зөрчиж Н.Г-ьн өр төлбөрийг биднээр барагдуулснаас болоод одоо би 34,080,815 төгрөгөө буцааж авч чадахгүйд хүрч маш ихээр хохирч байна.
Иймд хариуцагч "НШШГГ"-аас гэм хорын хохиролд 34,080,815 төгрөгийг гаргуулж өгч, нэхэмжлэгч У.П намайг хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Бид М.З-ийн дагуу бүх ажиллагаа явагдсан. гэв.
Нэхэмжлэгч У.П-ы өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр шаардаж байсан нь харагдаж байсан. Эд хөрөнгө битүүмжлэх эрх байгаа. Хуулийн дагуу явагдаж байсан бол. Шийдвэр гүйцэтгэгч буруу зөрүү тайлбар гаргаж төлбөрийг өмнөөс нь гаргаж өгсөн. Түүнээс энэ хүмүүс Н.Г-ын өмнөөс төлсөн зүйл байхгүй. Гэтэл энэ ажиллагаанд оролцоод явсан нь ойлгомжгүй байна. Энэ хэрэг анх эхлээд шийдвэр гүйцэтгэлийг татаад дараа нь Н.Г олдоогүй. Тэгээд Н.Г-ыг эрэн сурвалжлуулахаар хандсан боловч. Иймд 34,080,815 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч У.П-ы өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Шийдвэр гүйцэтгэгч өөрсдөө алдаа гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэлээс болж. Хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг харж байж шийдвэр гаргах ёстой. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн. Бусдын үүргийг биелүүлсэн нь хэн нэгний нөлөөлөлд автаж төлсөн байна. Дэнчинд тавьсан болон борлогдсон нь 5,000,000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд нөлөөлнө. Хариуцагч тал мөнгө төл эсхүл байраа өг шаардсан. 62 сая төгрөгийг Н.Г-аас нэхэмжлэх хэцүү юм. Шүүх бүрэлдэхүүнээс асуухад 5 дугаар сарын 24-ний өдөр мөнгө төл гэсэн. Жирийн иргэд цаг, минутыг мэдэхгүй. 14 хоногийн дотор төл гэсэн. Өнөөдөр гэрчид хууль сануулж мэдүүлэг өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг анхаарах ёстой. Шийдвэр гүйцэтгэлийг анхнаасаа татсан. Шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйлдэл байгаа учраас хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. гэв.
Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04026 дугаар шийдвэрээр Н.Г-аас 33.721.865 төгрөгийг гаргуулж "Б" ХХК-д, мөн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01537 дугаар шийдвэрээр Н.Г-аас 9.158.950 төгрөгийг гаргуулж Б.С-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Г-д шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн, /13341/, Энхтайвны өргөн чөлөө гудамж 89 дүгээр байрны******* байрлах 44.63 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжилж хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу орон сууцны үнийн санал авахад 66.945.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн.
Талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй тул 50 хувиар тооцон 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 38.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрүүд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүрэн төлөгдсөн тул албадан дуудлага худалдааг цуцалж, орон сууцыг битүүмжилсэн хураасан тогтоолыг хүчингүй болгон холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаанд У.П, түүний нөхөр Ц.Ш нар оролцож тогтоолуудыг хүлээн авсан бөгөөд хуульд заасны дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох боломжтой байсан.
Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдан дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Н.Г-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Хариуцагч 34,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Төрийн банкны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 18260354/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, "НШШГГ"-ын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 12260354/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 000763921 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 2055 дугаартай прокурорын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нэхэмжлэгчийн баримтаар гаргасан У.П-ы 5540279706 дугаар хаан банкин дахь дансны хуулга, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,
хариуцагчийн баримтаар гаргасан 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 101/ГХ2018/00171 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 181/ШЗ2018/01876 дугаар шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний 101/ШШ2017/04026 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/19448 дугаар шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18260354 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 4/28879 дугаар албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8/1820 дугаар албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 18260354/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотараитчаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2319 дугаар албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8/94 дугаар албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 000542140 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 167/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 18260354/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 02 сарын 26-ны өдрийн Н.Г-ын хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 4/6239 дугаар мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/3 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өнөөдөр сонины нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 4/7761 дугаар мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 4/10186 дугаар мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зарлан дуудах мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, "НШШГГ"-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/24 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/23 дугаар Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/929 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 101/ГХ2018/01019 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01537 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18261343 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6/863 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч У.П хариуцагч НШШГГ-т холбогдуулан гэм хор 34,080,815/гучин дөрвөн сая наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдан дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч 34,000,000/гучин дөрвөн сая/ төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байн гэсэн дүгнэлт гаргасан.
Дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байх ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04026 дугаар шийдвэрээр Н.Г-аас 33,396,930 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 324,935 төгрөгийг гаргуулан "Б" ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 101/ШЗ2018/01876 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 101/ГХ2018/00171 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдож, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18260354 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04026 дугаар шийдвэрийн болон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 101/ШЗ2018/01876 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ГХ2018/00171 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны болон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18260354 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01537 дугаар шийдвэрээр Н.Г-аас 9,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан Б.С-д олгохоор шийдвэрлэж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 101/ГХ2018/01019 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдож, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18261343 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01537 дугаар шийдвэрийн болон 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 101/ГХ2018/01019 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18261343 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Н.Г-аас 9,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Б.С-д олгох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон болох нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6/863 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Н.Г нь*******,*******,*******, Энхтайвны өргөн чөлөө гудамж,*******, 5 тоот хаягт байршилтай, 44.63 метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууц/цаашид 5 тоот орон сууц гэх/-ны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан болох нь 000542140 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 5 тоот орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр битүүмжлэн, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хураасан болох нь 18260354/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 18260354/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Н.Г, төлбөр авагч "Б" ХХК нар нь дуудлага худалдаагаар худалдах 5 тоот орон сууцыг санал болгох доод үнийг харилцан тохиролцсон болох нь Н.Г-ын үнэлгээний тухай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 5 тоот орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/3 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Өнөөдөр сонины хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 4/7761 Мэдэгдлийн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Өнөөдөр сонины хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 4/10186 Мэдэгдлийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
5 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах 2 дахь албадан дуудлага худалдааны ялагч иргэн Ж.Б болсон болох нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Н.Г-тай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2-т зааснаар Н.Г нь 5 тоот орон сууцыг 62,000,000/жаран хоёр сая/ төгрөгөөр нэхэмжлэгч болон Ц.Ш нарт худалдах, нэхэмжлэгч болон Ц.Ш нар нь 5 тоот орон сууцны нийт үнэ 62,000,000/жаран хоёр сая/ төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 31,000,000/гучин нэгэн сая/ төгрөгийг төлж, үлдэгдэл 31,000,000/гучин нэгэн сая/ төгрөгийг сар бүрийн 10-15-ны өдрийн дотор 1,300,000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр 24/хорин дөрөв/ сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээгээр тогтоогдож байна.
Н.Г нь нэхэмжлэгч болон Ц.Ш нарын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч болон Ц.Ш нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь Н.Г-д 5 тоот орон сууцны үлдэгдэл үнийг төлж байсан болох нь Хаан банк ХХК дахь 5540279706 дугаар Депозит дансны 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллүүдээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 71.10-т Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх ... шийдвэрийг ... танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна., 71.13-т Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй. гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид төлбөр төлөгч Н.Г-ын төлбөр авагч "Б" ХХК-д төлөх үлдэгдэл төлбөр 14/арван дөрөв/ хоногийн дотор төлөгдсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 71.10, 71.13 дахь хэсэгт зааснаар 5 тоот орон сууцны өмчлөх эрх дуудлага худалдааны ялагчид шилжихгүй тухай тайлбарласан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Н.Г-ын төлбөр авагч "Б" ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрт 34,080,815/гучин дөрвөн сая наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг төлсөн болох нь Төрийн банк ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтуудын хуулбар, "НШШГГ"-ын данснаас мөнгө шилжүүлэх баримтын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5 тоот орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, 5 тоот орон сууцыг битүүмжилсэн болон хураасан тогтоолуудыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/24 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/23 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/929 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.
Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Н.Г-ын төлбөр авагч "Б" ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 71.10 дахь заалтад зааснаар 5 тоот орон сууцны өмчлөх эрх албадан дуудлага худалдааны ялагч Ж.Бакатад шилжих үндэслэлтэй байсан байна.
5 тоот орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000763921 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 71.10, 71.13 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжих үндэслэлийг тайлбарлан өгсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалтад зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээр нэхэмжлэгчид гэх хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нь "НШШГГ"-аас дуудлага худалдааны ялагчид төлбөрийг буцааж олгосон тухай баримт, барьцаалбартай байсан эсэх баримтуудыг гаргуулах тухай хүсэлт гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд хэрэгт авагдсан байх тул тухайн баримтууд хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагагүй байна.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "НШШГГ"-аас нийт 34,080,815/гучин дөрвөн сая наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У.П-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,354.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "НШШГГ"-аас нийт 34,080,815/гучин дөрвөн сая наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У.П-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,354.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ