Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/428

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Даваахүү,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.-ийн Б-т холбогдох эрүүгийн 2538004130577 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овгийн М-ийн Б , 1966 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........... дүгээр баг ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ялаар шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ............................ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байх блокны үйлдвэр ажиллуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл "Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага"-ын 9.1.2 /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/; 9.1.3 /машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/ заалтуудыг хэрэгжүүлээгүй; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ дэх заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Б.Э-ийн эрүүл мэндэд суурь яс, духны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цус хуралт, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байх блокны үйлдвэр ажиллуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл "Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага"-ын 9.1.2 /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/; 9.1.3 /машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/ заалтуудыг хэрэгжүүлээгүй; хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ дэх заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Б.Э-ийн эрүүл мэндэд суурь яс, духны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цус хуралт, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 5-7 дугаар тал), 2025 оны 09 дүгээр сраын 05-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 9-11 дүгээр тал), хохирогч Б.Э-ийн мэдүүлэг, (хх-ийн 18-23 дугаар тал), иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл, (хх-ийн 13-17 дугаар тал), гэрч П.Д-ийн мэдүүлэг, (хх-ийн 24-25 дугаар тал), гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, (хх-ийн 26-27 дугаар тал), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 373 дугаартай дүгнэлт, (хх-ийн 31-37 дугаар тал), Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын хурлын тэмдэглэл, (хх-ийн 41-55 дугаар тал),  2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №25/07 дугаартай дүгнэлт, (хх-ийн 38-40, 56-62 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Тус хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан х-ийн 23-р тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 6,773,768 төгрөгийг шүүгдэгч М.Б-оос нэхэмжилсэн ба ЭМДЕГ-Цахим системийн лавлагаа (хх-ийн 17-р хуудас)-аар тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 6,773,768 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд шүүгдэгч М.Б-оос 6,773,768 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар барилгын материал үйлдвэрлэх эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч М.Б-т оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.    

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн Б-ын барилгын материал үйлдвэрлэх эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар барилгын материал үйлдвэрлэх эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, барилгын материал үйлдвэрлэх эрх хасах ял болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-оос 6,773,768 (зургаан сая долоон зуун далан гурван мянга долоон зуун жаран найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7.Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ