| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/00183/И |
| Дугаар | 181/ШШ2023/02217 |
| Огноо | 2023-07-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2023/02217
| 2023 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2023/02217 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Ш овогт Н.Х //-ы асран хамгаалагч Ж.Э/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******, байрлах, "МД" ХХК/РД:, гүйцэтгэх захирал С.А/-д холбогдох,
Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 34,869,956 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш овогт Н.Х//-ы асран хамгаалагч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суудаг байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнө гэнэт нас барсан. Б.Н нь өрх толгойлсон эх, 6 настай охины хамт амьдардаг байсан бөгөөд охин Н.Х нь тус аймагт 2 дугаар ангид сурдаг, бүтэн өнчин хүүхэд юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэмж сард 288,000 төгрөг тогтоолгосон. Н.Х нь одоо эмээ Ж.Э-ийн асаргаанд байдаг.
Талийгаач Б.Н-ийн өвийг Н.Х-ы асран хамгаалагч Ж.Э-т өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээг хавсаргасан. Талийгаач Б.Н нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны хашаа байшин худалдан авах зээлээр 36.000.000 төгрөгийг жилийн 15.6%-ийн хүүтэй, 84 сарын хугацаатай, сард 706.900 төгрөг төлөх хуваарьтайгаар авсан бөгөөд "МД" ХХК-ийн амь нас эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байдаг. Бид "МД" ХХК-иас 2021 оны 12 сард даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгсөн боловч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар нас барсан учир нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа бид Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөрийн тухай гомдол гаргасан. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус хорооноос даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үндэслэн, нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг "МД" ХХК-д мэдэгдсэн боловч тус даатгал нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тул нөхөн төлбөр буюу зээлийн үлдэгдэл 34.869.956 төгрөгийг олгож өгөхийг шийдвэрлэж өгнө үү хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэв.
Хариуцагч "МД" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Б.Н, Б.Х нар нь 2021 оны 07 сарын 01-ний өдөр манай компанитай дугаар Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулсан байна.
Даатгуулагч Б.Н нь 2021 оны 12 сарын 07-ны шөнө нас барсан тохиолдолтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээс гаргасан 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэд уушгины дээд дэлбэнг хамарсан цусархаг хатгалгааны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас гэж, мөн хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хүнд зэргийн өөхлөлт бүхий архаг хууч гэж тус тус нас барсан шалтгааныг тогтоосон байна.
Даатгуулагчийн дээрх өвчний улмаас нас барсан тохиолдол нь дугаартай даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасан гэнэтийн осол гэж тодорхойлсон нөхцөлд хамаарахгүй, мөн даатгалын гэрээний үндсэн эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэл биш байна.
Санхүүгийн зохицуулах хороо дээрх маргааныг урьдчилан шийдвэрлэхдээ ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын Хавсралт 3 дахь мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй нь даатгуулагчид даатган эрсдэл сонгох боломж олгоогүй гэж үзжээ.
1. Манай компани Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нөхцөлийг шинэчлэн 2021 оны 03 сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн. Тэрхүү гэрээний нөхцөлд Даатгалын үндсэн эрсдэл нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, Даатгалын нэмэлт эрсдэл нь зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нөхцөлтэйгөөр мэдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхцөлийг бүртгэж, frc.mn цахим сайтдаа байршуулсан байдаг.
2. Дээрх даатгалын бүтээгдэхүүнийг бүртгүүлэхдээ үндсэн эрсдэлийг дараах нөхцөлөөр мэдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэж, баталгаажуулсан. Энэ нь, Даатган үндсэн эрсдэл нь Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, даатгалын нэмэлт эрсдэл нь зүрх гэнэт зогсох, цус харвах гэж заасан үндсэн эрсдэлүүдээс сонголт хийх боломжтой байсан ба нэмэлт эрсдэлийг сонгох байсан ч даатгуулагчид учирсан хохирол нь аль ч эрсдэлд хамаарахгүй тохиолдол байсан. Нөгөө талаас даатгуулагчийн даатгалын үнэлгээ болон түүнээс тооцоолсон даатгалын хураамжийн хувь, хураамжийн дүн зэргээс харахад даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж заасан эрсдэлд хамаарах хураамж төлсөн байдаг. Энэ утгаараа даатгуулагчид гэрээний эрсдэл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ зэрэг гол нөхцөлүүдийн талаар тайлбарласан, түүнийг хүлээн зөвшөөрсөн учраас даатгуулагч гэрээнд гарын үсэг зурсан, талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан.
3. Журмын 3 дугаар хавсралтын 3 зээлдэгчид амь нас, эрүүл мэндийн даатгал үндсэн эрсдэл сонгох хэсэгт А.Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хугацаагаар алдах, Б.Аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хугацаагаар алдах гэсэн эрсдэлүүдээс сонгох сонголт байх бөгөөд А-д заасан эрсдэл нь ердийн даатгагчийн хамгаалах эрсдэл, Б-д заасан эрсдэл нь урт хугацааны даатгагчийн хамгаалах эрсдэл болох нь журмын хавсралтаар тодорхой харагддаг. Иймд санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөс өөр нөхцөлөөр даатгалын гэрээг байгуулах боломжгүй байдаг тул Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөр Ердийн даатгагчийн хамгаалах боломжтой эрсдэлийн хүрээнд даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулсан нь тус журамд нийцсэн тул даатгуулагчид эрсдэл сонгох боломж олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4. Санхүүгийн зохицуулах хорооноос Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.4.2 даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүл гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх гэж дүгнэсэн. Тус журмын хавсралт 3 дахь мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй нь гэрээг зөрчиж байгуулсан, гэрээний зөрчил гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй учир нөхөн төлбөр төлөх үүрэг даатгагчид үүсээгүй, даатгагч гэрээний ямар нэгэн үүргийн зөрчил гаргаагүй учир даатгагчийн үүргийн зөрчлөөс үүдэн даатгуулагчид хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр даатгуулагчид учирсан эрсдэл нь нэгэнт гэрээнд заасан даатгалын эрсдэлийн төрөл буюу гэнэтийн осолд хамаарахгүй тохиолдол учир даатгуулагчаар мэдүүлгийн маягтыг бөглүүлсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй нөхцөл юм. Учир нь мэдүүлгийн маягтыг бөглөж эрсдэлээ сонгох байсан ч тэдгээр нь даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хүрээнд сонголт хийх боломжтой буюу даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хүрээгээр мэдүүлгийн маягтад заасан нөхцөл нь хязгаарлагдана. Мөн, мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй нь даатгуулагчид учирсан тохиолдлыг гэрээнд заасан эрсдэлд шууд хамаатуулах, гэрээнд заагдаагүй нөхцөлөөр шууд нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй.
Иймд дугаар даатгалын гэрээний 3.1.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Н.Х-ы Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н-ийн Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 0351 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 0352 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000685229 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9/1000 Даатгалын нөхөн төлбөрийн тухай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 308 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146470937 дугаар Орон сууцны зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүх шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "МД" ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/12-120 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан "МД" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Х-ы асран хамгаалагч Ж.Э хариуцагч "МД" ХХК-д холбогдуулан амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 34,869,956/гучин дөрвөн сая найман зуун жаран есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч "МД" ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Б.Н агсан, хамтран зээлдэгч Б.Х нар нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хаан банк ХХК-тай № ЗГ/202146470937 Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № ЗГ/202146470937 Орон сууцны зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
№ ЗГ/202146470937 Орон сууцны зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.6-д зааснаар Б.Н агсан, хамтран зээлдэгч Б.Х нар нь Хаан банк ХХК-иас нийт 36,000,000/гучин зургаан сая/ төгрөгийг, жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй, 84 сарын хугацаатай, амины сууц, хашаа байшин худалдан авахаар зориулалтаар шилжүүлэн авсан болох нь № ЗГ/202146470937 Орон сууцны зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Б.Н агсан нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчтай 215648052020300002 дугаар Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
215648052020300002 дугаар Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний даатгалын гэрээний нөхцөл, үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсэгт зааснаар тус гэрээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн гэнэтийн ослын улмаас нас барах, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс хувиар алдах эсрдлийг даатгасан болох нь дугаар Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
215648052020300002 дугаар Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1-ийн 1.7, 1.7.8-д зааснаар Гэнэтийн осол гэдэгт ахуйн болон бусад эрсдэлд түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох гэжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., 431.2-т Даатгалын зүйл нь ... иргэдийн амь нас, эрүүл мэнд ... ашиг сонирхол байна. гэж заасан.
Б.Н агсан нь хариуцагчтай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь заасан Даатгалын гэрээ/цаашид Даатгалын гэрээ гэх/ байгуулсан болох нь Даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Б.Н агсан нь даатгалын хураамжийг төлсөн эсэх талаар маргаагүй болно.
Б.Н нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баруун уушгины дээд дэлбэнг хамарсан цусархаг хатгалгааны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 0000266579 Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын гэрээний 1-ийн 1.7-д зааснаар гэнэтийн осолд даатгуулагч нь өвчний улмаас нас барахыг хамруулаагүй байх тул Б.Н агсан нь Даатгалын гэрээнд заагаагүй эрсдэлийн улмаас нас барсан болох нь Даатгалын гэрээний хуулбар, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № 0000266579 Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Б.Н агсан нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ш овогт Н.Х-ы эх болох нь 2201000427 дугаар Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Н.Х-д 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн тойргийн нотариатч Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0351 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Х-ы асран хамгаалагчаар Ж.Э-ийг тогтоосон болох нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А/02 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн № 9/1000 Даатгалын нөхөн төлбөрийн тухай шийдвэрийг тусгажээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн № 9/1000 Даатгалын нөхөн төлбөрийн тухай шийдвэрт зааснаар хариуцагч нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д Даатгагч, ... нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн даатгагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй гэж үзэх үндэслэлтэй. гэжээ.
Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Даатгалын үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна. гэж заасан.
Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан дүрмийг мөрдөх үүрэгтэй байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар Ипотекийн үйл ажиллагааны журмыг баталжээ.
Хариуцагч нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д Даатгагч, ... нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн даатгуулагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй болох нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн № 9/1000 Даатгалын нөхөн төлбөрийн тухай шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5-ын 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх. гэж заасан.
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5-ын 5.4.2-т зааснаар хариуцагч нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь үүдэн гарсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэл учирсан үндэслэлээр амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 34,869,956/гучин дөрвөн сая найман зуун жаран есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5-ын 5.4.2-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч хариуцагч нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байх боловч Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн ... олгохоос татгалзаж болно:, 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан; гэж заасан.
Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад зааснаар буюу Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.
Шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Хы асран хамгаалагч Ж.Эийн хариуцагч "МД" ХХК-иас нийт 34,869,956/гучин дөрвөн сая найман зуун жаран есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Хы асран хамгаалагч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
115 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус
ТОГТООХ НЬ:
1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Хы асран хамгаалагч Ж.Э-ийн хариуцагч "МД" ХХК-иас нийт 34,869,956/гучин дөрвөн сая найман зуун жаран есөн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ