Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/02718

 

 

 

 

 

 

 

 

 

                               2023         07            19

                               184/ШШ2023/02718

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********************тоотод оршин суух, **** овогт Ц Ц /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************** тоот хаягт оршин суух, ********** овогт С Э /РД:***********0/-д холбогдох

 

Компанийн хөрөнгө оруулалт болон ашиг болох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, түүний өмгөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Ц.Ц нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр С.Этай харилцан тохиролцож 50, 50 хувиар хөрөнгө оруулж “СДГ” ХХК-ийг үүсгэн байгуулж, анхны хөрөнгө болгож 1,000,000 төгрөг, дараа нь хөрөнгө оруулалтаар 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь бичгээр гаргасан хариу тайлбартаа 4 хэв ав гэж байгаа нь Ц.Цгийн оруулсан хөрөнгө дээр маргаагүй гэж ойлгож байна. Ц.Ц 4 хэв нь одоо хэрэггүй болсон зүйл учраас авахгүй гэж тайлбарласан. Иргэний хуульд зааснаар ашигтай ажиллана гэж компани байгуулсан нь зөв хэдий ч Компанийн тухай хуульд зааснаар Ц.Ц нь өдөр тутмын үйл ажиллагааг компанийн бүх эрх хэмжээг С.Эд шилжүүлсэн. Өдөр тутмын үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох нь С.Эы үүрэг болж байгаа. Компани байгуулснаас хойш энэ 2 хүн нэг ч удаа хурал хийгээгүй. Бүх удирдлага нь С.Эы мэдэлд байсан. Ц.Ц нь мөнгөний эх үүсвэртэй болохын тулд, ашиг олохын тулд компани байгуулж хөрөнгө оруулсан боловч энэ санаа, зорилгодоо хүрч чадаагүй. Түүнээс хойш 6 жил болоход компаниас ашиг орлого гэж өгсөн зүйл байхгүй. С.Э өөрийн бусад компанийн үйл ажиллагаанд дээрх хөрөнгийг зарцуулан ашиглаж байгаа.

Ийм учраас “СДГ” ХХК-иас биш иргэн С.Эаас мөнгөө авна. Компани нь хөрөнгө оруулагчийн хөрөнгө, цаашдын ашгийн хөрөнгөөс хөрөнгөө бүрдүүлж байгаа. Үүсгэн байгуулагчаар хөрөнгө оруулсан 7,000,000 төгрөгийг иргэн С.Эаас авахаар шаардаж байна. Компанийн ашиг 3,000,000 төгрөг шаардсан, нотлох баримт байхгүй тул уг шаардлагаас татгалзаж, хөрөнгө оруулсан 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Эаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч С.Э хариу тайлбартаа:

“...Ц.Ц нь 2017 онд миний зохион бүтээсэн хаягдал хөөсөнцрөөр гэр сууц хийх патентад үндэслэн 200,000,000 төгрөгийн хөрөнгөө оруулалт хийж хамтран ажиллахаар тохирсон боловч 7,000,000 төгрөгөөс өөр хөрөнгө оруулалт хийлгүй байсаар ажлыг бүрэн зогсоосон. Энэ хугацаанд 4 ширхэг хөөсөн гэрийн хэвийг хийж Д ХХК-д 1 ширхэг хөөсөн гэрийг дутуу хийж өөр хөрөнгө оруулалтыг Ц.Ц тохирсон хугацаандаа хийгээгүй улмаас компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож компани дампуурсан болно. Хөөсөн гэрийн 4 ширхэг хэвийг хийхэд Ц.Цгоос 7,000,000 төгрөг С.Эаас 6,600,000 төгрөг нийт 13,600,000 төгрөгийг материал, цалин цахилгаанд зарцуулсан. 4 ширхэг хэв одоо манай хашаанд байгаа хохирсон гээд байгаа бол одоогийн ханшаар тооцоод намайг хохиролгүй болгоод 4 ширхэг хэвийг авч болно” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл,  Оршин суугаа хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд, гараар бичсэн өргөдөл.

 

3.2. Хариуцагч талаас – Хариуцагчийн тайлбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Цгоос хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан компанийн хөрөнгө оруулалт болон ашиг нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч талаас “...С.Этай хамтран “Сонин дулаахан гэр” ХХК-ийг байгуулсан бөгөөд хөрөнгө оруулсан мөнгө 7,000,000 төгрөгийг буцаан авна, ашиг болох 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт байхгүй учраас татгалзаж байна. 6 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого хуваарилаагүй, иймээс компанийн хөрөнгө оруулагчаас татгалзаж компанид оруулсан хөрөнгө 7 сая төгрөгийг иргэн С.Эаас гаргуулна” гэх тайлбарыг, хариуцагч талаас “...Ц.Ц 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохирсон боловч 7 сая төгрөг өгснөөс өөр хөрөнгө оруулалт хийгээгүйгээс компани дампуурсан” гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч С.Э нар нь 50, 50 хувийн хувьцааг эзэмшихээр 2017 оны 4 сарын 11-ний өдөр “Сонин дулаахан гэр” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар нэхэмжлэгч Ц.Цгоос 7,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн  үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргадаггүй.  

Тодруулбал, талуудын шүүхэд гаргасан “...Хамтран ажиллахаар компани байгуулсан, Ц.Цгоос 7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэх тайлбар, 2023 оны 05 сарын 20-ны өдрийн “...СДГ РД:6171559, ашгийн төлөөх ХХК, эрхлэх үйл ажиллагаа нь халдаг ширээ, цахилгаан халаагуур үйлдвэрлэл, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, гэр барих,  компанийн үүсгэн байгуулагч 2, хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл иргэн Ц.Ц хувьцааны хувь 50, иргэн С.Э хувьцааны хувь 50, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал С.Э, 2017 оны 04 сарын 07-нд бүртгэсэн, татан буугдаагүй” гэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Цгоос 7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, хариуцагч С.Эаас хаягдал хөөсөнцрөөр гэр сууц хийх панент эрхээр хөрөнгө оруулалт хийж, ашиг олох зорилгоор “СДГ” ХХКомпанийг үүсгэн байгуулсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчаар иргэн С.Эыг тодорхойлон түүнээс хамтарч ажиллахаар харилцан тохиролцож 7,000,000 төгрөгийн хөрөнгө оруулснаа буцаан гаргуулах гэсэн шаардлагыг гаргасан.

 

 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд талууд ашиг олох зорилгоор хамтарч ажиллахаар тохирсон хэдий ч үйл ажиллагаагаа явуулахдаа хуулийн этгээд байгуулсан тул энэхүү заалт, зохицуулалт хамааралгүй болно. Хуулийн энэхүү зүйл заалтад заасан хамтран ажиллах гэрээний үүрэг, харилцаа талуудын хооронд үүсээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

 5. Харин нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтарч ажиллахаар өөр өөрсдийн хувь хөрөнгийг нийлүүлж “СДГ” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” гэж заасны дагуу тэдний оруулсан хөрөнгө компанийн хөрөнгө болох учиртай. Улмаар тухайн оруулсан хөрөнгийг буцаан гаргуулах, ашиг орлогын оногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хөрөнгө эзэмшигч болох хуулийн этгээдээс хууль болон дүрэмд заасны дагуу шаардахаар хууль тогтоогч тодорхойлсон байна.

 

             Хариуцагч иргэн С.Э энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь дээрх үйл баримт, хуулийн зохицуулалтаар тогтоогдож байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Цгийн шаардлага хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно”, 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч талаас энэ талаарх хүсэлтийг гаргаагүй.

 

7. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь хуульд нийцэх хэдий ч тухайн шаардлагаас татгалзаж байгаа хуулийн үндэслэл нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн хүрээнд байх тул уг шаардлага иргэн С.Эд холбогдолгүй байна.

 

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан компанид оруулсан хөрөнгө болон ашиг нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цгоос хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан компанид оруулсан хөрөнгө болон ашиг 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.АМИН-ЭРДЭНЭ