| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/04896/И |
| Дугаар | 181/ШШ2023/02240 |
| Огноо | 2023-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2023/02240
| 2023 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2023/02240 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* оршин суух, С овогт Б.Б /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,,, байрлах, "МК" ХХК/РД:/-д холбогдох,
96,405,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь "МК" ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ПЗ-Д-01/36-157 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд тус компанийн Голомт банк дахь 3205105508 дугаарын харилцах дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 46,405,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн болно.
Тус компанийн барилгын явц удаан, хугацаандаа ашиглалтад оруулах нь тодорхойгүй байсан тул Орон сууц захиалан бариулах гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан бөгөөд МК ХХК-аас гэрээ цуцалсан протокол хөтөлж, уг өдрөөс хойш 90 хоногийн дараа байрны төлбөр болох 96,405,000 төгрөгийг миний хаан банкны 5035858145 дугаарын харилцах дансанд шилжүүлэхээр харилцсан тохиролцсон болно.
Гэтэл би орон сууц захиалгын гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн байхад өнөөдрийг хүртэл хугацаанд МК ХХК-аас гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгохгүй байгаа тул тус компаниас миний төлсөн 96,405,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,248 төгрөгийн гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн хуулийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй гэж заасан. Орон сууц захиалгын гэрээний 6.2.3 дахь хэсгийг үндэслэж гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсны төлбөр 96,405,000 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэж өгөөч ээ гээд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.
Хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бидний байгуулсан ПЗ-С-01/3-07 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний 6.2.5 дахь хэсэгт хэрэв гэрээ цуцалснаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг түүнээс хойш 180 хоногийн дотор олгоно гэж тохиролцсоны дагуу 2022 оны 08 сарын 29-ний өдөр гэрээ цуцалсан протокол үйлдэж Д.Б-ын төлсөн 96,405,000 төгрөгийг 90 хоногийн дотор буцаан олгоё гэсэн боловч манай компанийн санхүүгийн байдал хүнд байгаа тул нь гэрээ цуцалсан протоколын хугацаанд мөнгийг нь буцаан олгох боломжгүй байгаа юм.
Иймээс манай компанийн зүгээс Д.Б-д 96,405,000 төгрөгийг 3 хувааж буюу 2023 оны 03 сарын 31-ний өдөр 32,135,000 төгрөг, 2023 оны 04 сарын 28-ны өдөр 32,135,000 төгрөг, 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дотор олгох буюу буцаан олгох дээр эвлэрэх саналтай байна. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хаан банк ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримт, Хаан банк ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протокол, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ПЗ-Д-01/36-157 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан МК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МК ХХК нь 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг 3 хувааж буцаан олгох дээр эвлэрэх саналтай байна гэх тайлбар гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр П3-Д-01/36-157 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болох нь П3-Д-01/36-157 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Тус П3-Д-01/36-157 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий 2, 2.1, 2.2, 3-ын 3.2-т зааснаар хариуцагч нь *******, 5-р хорооны нутаг дэвсгэрт Поларис Апартмент-3 хотхоноос Д блок, 1-р орц, 6-р давхар, 609 тоот, 64.27 метр квадрат, 3 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 609 тоот, 64.27 метр квадрат, 3 өрөө орон сууцны үнэд нийт 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь П3-Д-01/36-157 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь 609 тоот, 64.27 метр квадрат, 3 өрөө орон сууцны үнэд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 46,405,000/дөчин зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн болон 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
Гэрээний 6-ийн 6.1-т ... гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэжээ.
Нэхэмжлэгч нь байр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй гэх үндэслэлээр 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид Гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаж, зохигчид 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдсэн болох нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 609 тоот, 64.27 метр квадрат, 3 өрөө орон сууц хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлтэй болох нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн тус тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ... энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;, 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчид Гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон тохиолдолд үр дүн гарахгүй болох нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гэрээ цуцалсан протокол болон хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын явц удаан, хугацаандаа ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй эс үйлдлээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар Гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид нийт 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрээний хуулбар, Хаан банк ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн болон 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцалсан протоколоор тогтоогдож байна.
Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.
Иймд хариуцагч нь Гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МК ХХК-иас нийт 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 639,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МК ХХК-иас нийт 96,405,000/ерэн зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 639,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ