Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/02839

 

 

 

 

 

 

 

 

 

                              2023         07            31

                               184/ШШ2023/02839

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун тал, Ажилчны гудамж, 14 тоот хаягт байрлах “ТТ” ХХК /РД:5136717/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт 18104 тоот хаягт байрлах, “ЭИДХ” ХХК /РД:6113028/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт 18104 гудамж 13а байр 25 тоот хаягт оршин суух, Ачавгад овогт Соёлмаагийн Д /РД: ЧР76080906/ нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 219,675,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбулган, С.Мишээлт, Д.Цэнгүүн, хариуцагч “ЭИДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТТ” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...ТТ ХХК болон ЭИДХ ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗХХАГ22/04/065 тоот дугаартай зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулан зээлээр арматур төмөр худалдсан юм. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1625 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан “ЭИДХ ХХК-ийн Ерөнхий  захирал С.Дийн нэр дээрх дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьсан болно.

Улсын бүртгэлийн Ү-**********дугаартай Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж ********** тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай гурван өрөө орон сууц,

Улсын бүртгэлийн Ү-**********дугаартай Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж ********** тоот хаягт байршилтай 41 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц,

Улсын бүртгэлийн Ү-*********дугаартай Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж ********** тоот хаягт байршилтай 26.1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц

Улсын бүртгэлийн Ү-************** дугаартай Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж *********** тоот хаягт байршилтай 26.1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцнуудыг барьцаанд тавьсан байна.

Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу “ЭИДХ” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 186,450,000 арматур төмөрийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан гэвч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А22/51 дугаартай “ЭИДХ” ХХК-аас манай талд гаргасан албан хүсэлтийн дагуу төлбөр төлөх хугацааг 14 хоногоор хойшлуулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 146,450,000 төгрөгийг одоог хүртэл хугацаанд төлөөгүй байна. Манай зүгээс холбогдох төлбөр тооцоог төлүүлэхээр удаа дараа утсаар болон ажлын байран дээр нь очиж зохих шаардлагыг хүргүүлсэн.

Иймд зээлээр нийлүүлсэн арматур төмрийн үлдэгдэл төлбөр болох 146,450,000 төгрөг, гэрээний 2.1.2 болон 6.4-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг саатуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар тооцож нөгөө талдаа алданги төлнө” гэж заасныг үндэслэн алданги 73,225,000 төгрөг нийт 219,675,000 төгрөгийг хариуцагч “ЭИДХ” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Мөн барьцаанд тавьсан хөрөнгүүд нь “ЭИДХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дийн нэр дээр байдаг тул хамтран хариуцагчаар оролцуулсан. Иймээс барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Итгэмжлэлийн хувьд 2 жилийн хугацаанд тухайн хүний нэр дээр байгаа ямар ч үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө төлөөлж очиж авах, очиж авсан зүйлээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, захиалгын гэрээ хийгээд явах эрх нь нээгдсэн гэж үзэхээр байна. С.Д гэх хүний өмнөөс түүний өмчлөлд байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхтэй гэж үзэж байна” гэжээ.

 

2. Хариуцагч “ЭИДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч ЭИДХ ХХК-ийн зээлийн үлдэгдэл 146,450,000 төгрөг байгаа талаар маргаан байхгүй. Зээлээс 40,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй байгаа. Үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч тал нь алданги тооцохдоо байж болох хамгийн өндөр хувиар алданги тооцсон байгаа тул шүүхээс анхаарч, хасаж өгнө үү. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь н.Билгүүн нь тухайн үед нотариатаар орж итгэмжлэлээр гэрээ хийсэн боловч н.Билгүүнд тус орон сууцуудыг барьцаанд тавих эрх олгогдоогүй байсан. н.Билгүүн нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал болсон. Энэ гэрээ нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн ба энэ өдрийн байдлаар н.Билгүүн нь компанид ямар нэгэн албан тушаал гүйцэтгэж байсан. Зөвхөн С.Дийн өгсөн итгэмжлэлийн дагуу гэрээ хийсэн байдаг. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд байгууллагын тамга тэмдэг дарагдсан байх ёстой гэж үзэж байна. Мөн эд хөрөнгө барьцаалж байгаа бол байгууллагын нягтлан бодогч нь гарын үсэг зурж, баталгаажуулах ёстой байсан боловч энэ шаардлагуудыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд 146,450,000 төгрөг дээр алдангийг зохих хэмжээгээр хасаж гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн үндсэн зээлээ төлж чадахгүй байгаа нь компанийн үйл ажиллагаа хэвийн бус байгааг илэрхийлж байгаа. Энэ хэцүү цаг үед өндөр дүнтэй алданги төлөх боломжгүй байна. Алдангийг багасгах эрх хэмжээ нь шүүхэд байгаа учраас алдангийг зохих хэмжээгээр багасгаж өгнө үү, мөн гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.

 

3. Хариуцагч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “ЭИДХ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Батдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...ЭИДХ ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй компани байгаа. С.Д нь тухайн үед компанийн хувьцаа эзэмшигч болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ажиллаж байсан. С.Д өөрөө бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсны улмаас н.Билгүүнд зарим эрхүүдийг өгсөн. Тухайн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэрээ байгаа. Нотариатын үйлдэл хийхдээ итгэмжлэлд төлөөлөх эрх нь багтсан байх, бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх ёстой байдаг. Гэвч н.Билгүүнд итгэмжлэл олгох үед барьцаанд тавигдсан зарим үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Энд төлөөлөгчийн хүсэл зориг байгаагүй нь давхар нотлогдож байна. Гэсэн хэдий ч төмрийг манай компани нь барьж байгаа барилгадаа оруулж барьсан учраас үнийг төлөх нь зүйтэй. Гэвч зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь зохих шаардлагуудыг хангаагүй. Хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэх шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэсэн шаардлагыг хангаагүй итгэмжлэлийн үндсэн дээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ хийгдсэн байгаа тул алдангийг төлөх нь учир дутагдалтай байна. Иймд алдангийг төлөхгүй, үндсэн зээлийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Барьцааны гэрээний эд хөрөнгүүдийн хувьд төлбөр нь дутуу байсан учраас С.Дийн нэр дээр түр байсан. Одоогийн байдлаар ихэнх нь төлбөрийг төлөөд дууссан. Орон сууцныхаа гэрчилгээг гаргуулахаар шаардаж байгаа хүмүүс байгаа. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр барьцааг хангуулах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд, ЭИДХ ХХК-ийн дүрэм, хүсэлтүүд, ТТ ХХК-ийн албан тоотын хариу.  

4.2. Хариуцагч ЭИДХ ХХК-иас – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  итгэмжлэл.

4.3. Хариуцагч С.Дээс- Итгэмжлэл, тайлбар.

4.4. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан баримт- “ЭИДХ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТТ” ХХК-иас хариуцагч “ЭИДХ” ХХК, С.Д нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 219,675,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. “ТТ” ХХК болон “ЭИДХ” ХХК-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗХХАГ/22/04/065 тоот төмөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч тал 40,000,000 төгрөг төлсөн, 146,450,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй. Харин алдангийг багасгах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэх үйл баримтын талаар маргадаг.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “ТТ” ХХК болон “ЭИДХ” ХХК нар нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэг талаас 186,000,000 төгрөгийн төмөр нийлүүлэхээр, нөгөө талаас худалдан авсан төмрийн төлбөрийг төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, ********* тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, **********тоот хаягт байршилтай 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Нийслэлийн *****дүүргийн 10 дугаар хороо,  3 хороолол, /16090/ Хасбаатарын гудамж *********** тоот 26.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Нийслэлийн *****дүүргийн 10-р хороо, 3 дугаар хороолол, /16090/ Хасбаатарын гудамж, ********** тоот хаягт байршилтай 26.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.2. “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай нийцнэ. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч болон “ЭИДХ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Д.Билгүүн хэлцэл байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Д.Билгүүн нь хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан, улмаар нийлүүлсэн төмрийг хүлээн авсан тул “Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ” хэлцэл хүчин төгөлдөр болно.  

 

5. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т “2022 оны 10 сарын 05-ны өдрөөс хойш үүрэг гүйцэтгээгүй хоног тутамд  үнийн дүнгийн 0,5%-иар тооцож худалдагч талдаа алданги төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нэхэмжилж байгаа нь талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4 “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэх ба хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч талын алданги гаргуулах шаардлага үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч талаас гаргасан ...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар алданги тооцож 73,225,000 төгрөгийг нэхэмжилсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, “ЭИДХ” ХХК-аас “ТТ” ХХК-нд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А22/51 дугаар албан бичгээр, 2022 оны  12 дугаар сарын 23-ны өдөр А22/92 дугаар албан бичгээр тус тус хугацаа сунгах хүсэлт явуулсныг “ТТ” ХХК нь хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/16/007 дугаартай албан бичигтэй “...үлдэгдэл төлбөр тооцоог 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд уг хугацаанд төлбөр тооцоог төлж барагдуулаагүй тохиолдолд үлдэгдэл төлбөр болон алдангийн хамт төлүүлэхээр холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх болно” гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч талаас үүрэг гүйцэтгэх хугацааг зааж гэрээг сунгасан үйл баримт тогтоогдоно.

 

Энэ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 219 дүгээр зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай нийцэх ба гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож гэрээг сунгасан гэж үзнэ.

 

7. Дээрх дүгнэлтийг үндэслэн хариуцагч тал гэрээний үүргийг 2023 оны 01 сарын 10-ны өдөр гүйцэтгэх учиртай, уг өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 25 хоногийг хугацаанд алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүрэг болох 146,450,000 төгрөгийн 0.5% нь 732,250 төгрөг, хэтрүүлсэн хугацаа 25 хоногийн алданги 18,306,250 төгрөг болох бөгөөд хариуцагч талд гэрээний үндсэн үүрэг 146,450,000 төгрөг, алданги 18,306,250 төгрөг, нийт 164,756,250 төгрөгийг хариуцуулж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй.

 

 8. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 4-н орон сууцаар хангуулах шаардлагын хувьд 1625 дугаартай барьцааны гэрээний 3-н орон сууцыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус тул үлдэх 1 орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тогтов.

 

8.1. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1625 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165, 166, 167 зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх хэдий ч зарим хэсэг нь буюу 3-н орон сууцыг барьцаалсан үйл баримтын хувьд барьцаалах эрхгүй этгээд барьцаалсан буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна.

 

8.2. Нэхэмжлэгч талаас ...С.Дээс олгосон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Миний өөрийн өмчлөлд байгаа Үл хөдлөх  хөрөнгө болон Тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ болон холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, гэрээ бүртгүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх, “ЭИДХ” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг нотариатаар баталгаажуулах, бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэх, урьдчилсан тэмдэглэлээ хийлгэх, цуцлах, лавлагаа хүсэх, хүлээн авах, шинээр гарах гэрчилгээг хүлээн авах, хүсэлт гаргах, гомдол гаргах, захиалах хүлээн авах холбогдох баримт бичиг гарын үсэг зурах эрхийг Д.Билгүүнд олгох” гэх итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээг Д.Билгүүнтэй байгуулсан, итгэмжлэлээр эрх олгосон 2 жилийн хугацаанд С.Дийн байгаа болон бий болох бүх хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж ойлгож хэлцлийг байгуулсан, хуульд нийцсэн тул Улсын бүртгэгч ч бүртгэсэн байдаг гэж тайлбарладаг.

 

8.3. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, талуудын тайлбараас үзэхэд

 

*****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, 502 байр 90 тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2205070754 дугаарт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр,

 

*****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, 504 байр 2 тоот хаягт байршилтай 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц улсын бүртгэлийн Ү-******** дугаарт 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр,

 

*****дүүргийн 10 дугаар хороо, 3 хороолол, /16090/ Хасбаатарын гудамж 504 байр 92 тоот 26.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууц улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр,

 

*****дүүргийн 10-р хороо, 3 дугаар хороолол, /16090/ Хасбаатарын гудамж, 503 байр 99 тоот хаягт байршилтай 26.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууц улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С.Дийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасны дагуу байна.

 

8.4. С.Дээс Д.Билгүүнд олгосон 0457 дугаартай итгэмжлэл буюу өөрийн өмчлөлийн хөрөнгийн захиран зарцуулах агуулга бүхий хэлцлийг 2022 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан байх бөгөөд тухайн өдрөөс хойш 2022 оны 07 сарын 21, 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Дээс барьцаалсан гэх 3-н орон сууцыг захиран зарцуулах, барьцаалах эрхийг Д.Билгүүнд олгох хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 0457 дугаартай итгэмжлэлээр тухайн цаг хугацаанд С.Дийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, гэрээ байгуулах, “ЭИДХ” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах, мөн шинээр гарах гэрчилгээг хүлээн авах, хүсэлт гаргах, гомдол гаргах, захиалах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг олгосон бөгөөд шинээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан орон сууцыг бусдад шилжүүлэх, барьцаалах агуулгыг илэрхийлсэн гэж үзэхгүй.

 

 

Энэ талаарх хариуцагч талын “...Итгэмжлэл олгох үед барьцаанд тавигдсан зарим үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Тухайн итгэмжлэлд төлөөлөгчид хязгааргүй эрхийг олгосон байдаг. Миний нэр дээр байгаа бүхий л эд хөрөнгийг барьцаанд тавьж үрж болно гэх агуулгатайгаар итгэмжлэлийг хийхгүй. Итгэмжлэлд хэдэн төгрөгийн эд хөрөнгө барьцаанд тавих гэж байгаа талаар ч тусгах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул энэ дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ.

 

8.5. Иргэний хуулийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 1625 дугаартай барьцааны гэрээний

 

Улсын бүртгэлийн Ү-************* дугаарт 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, 504 байр 2 тоот хаягт байршилтай 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

 

Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн *****дүүргийн 10 дугаар хороо,  3 хороолол, /16090/ Хасбаатарын гудамж 504 байр 92 тоот 26.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,

 

Улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн *****дүүргийн 10-р хороо, 3 дугаар хороолол, /16090/ Хасбаатарын гудамж, *********тоот хаягт байршилтай 26.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг өмчлөгчийн хүсэл зориг, зөвшөөрөл тодорхой бус байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс барьцаанд тавьсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож,

 

Тухайн гэрээний бусад хэсгийг буюу улсын бүртгэлийн Ү-2205070754 дугаарт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, ***********тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг, холбогдох зүйл заалтуудыг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Хүчин төгөлдөр барьцааны гэрээнд заасны дагуу барьцаалагч барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй тул хариуцагч С.Дийн өмчлөлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, ************ тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэж байна.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “ЭИДХ” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 164,756,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТТ” ХХК-д олгож, үүргийг гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох С.Дийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж, ********** тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 54,918,750 төгрөг, 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ЭИДХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 981,731 төгрөг, хариуцагч С.Дээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “ЭИДХ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 146,450,000 төгрөг, алданги 18,306,250 төгрөг, нийт 164,756,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТТ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 54,918,750 төгрөгийг болон барьцааны гэрээний улсын бүртгэлийн Ү-********** дугаарт, Ү-***** дугаарт, Ү-***********дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЭИДХ” ХХК нь 164,756,250 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч С.Дийн өмчлөлийн *****дүүргийн 10-р хороо, 3 хороолол /16090/ Хасбаатарын гудамж,********** тоот хаягт байршилтай 56.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭИДХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 981,731 төгрөг, С.Дээс 70,200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,537,125 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ