Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/03216

 

 

 

 

 

 

 

 

 

                               2023         09            06

                               184/ШШ2023/03216

              

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *********************** тоотод оршин суух ********** овогт С Б /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, ************** ******* овогт ГМ /РД:****************/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Хариуцагч нь Монголын үндэсний радио телевиз цалингаа өгдөггүй, 700,000 төгрөгийн цалинтай учраас ажлаасаа гарч байгаа гэж анх хэлж байсан. Мөн эхнэр нь Улсын дээд шүүхийн хажуугийн баранд 00 цэвэрлэдэг байсан. Тухайн үед манай нарийн бичиг байгаагүй учраас оффисоо цэвэрлүүлэхээр тохирч ажлуулсан. Я.А нь манай нөхрийн цалин хүрэхгүй, байрнаас хөөж гаргасан. Манай нөхрийг жолоочоор аваач гэж удаа дараа гуйсан тул хариуцагчийг жолоочоор ажилд авсан ба эхний 3 өдөр ажилдаа ирээд түүнээс хойш хүүхэд өвдсөн гэх мэтээр шалтаг тоочиж ажил хийхээ больсон. Цалин 800,0 төгрөг гэж тохирсон боловч ажлаа хийгээгүй тул цалинд шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан.

Өмнөх шүүх хуралдаан дээр гэрч Я.Аыг асууж байхад мөнгө авахдаа нөхрөөсөө асуусан уу гэж асуусан. Тухайн үед нөхрөөсөө асуугаад нөхөр нь зөвшөөрсөн учраас Я.А, Г.М, түрээслүүлэгч бид хамт сууж байгаад пабыг очиж харсан. Пабыг өөр хүн түрээслэх гэж байна гэж яаруулсаар паб дээр очсон. Улмаар амьдрал болж бүтэхгүй байна баар ажиллуулна, ашигтай ажиллана гэхээр нь би тусалсан, тухайн мөнгийг зээлүүлсэн юм. Ашигтай ажиллавал ашгийнхаа 20 хувийг надад өгөхөөр тохиролцсон. Хариуцагч Г.М нь Цамбагарав төвийн хойно байрлах паб  цайны газар ажиллуулах нэрээр 9,600,000 төгрөгийг авсан гэж үзнэ, түүний хүсэлтээр тухайн мөнгийг пабны эзэн рүү шилжүүлсэн. Гэтэл хариуцагч тохирсон ёсоор үүргээ биелүүлэхгүй, оронд нь хуучирсан гэрийнхээ ширээг ав гэх зэргээр мөнгийг эргүүлж өгөхгүй саад учруулж байна. Хэрэгцээтэй үедээ мөнгө авчхаад төлбөрийг барагдуулахгүй байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, урьдчилгаа байдлаар авчхаад бүтэн ажиллаагүй мөнгө авсан. Үүнээс 250,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин үлдэх 11,000,000 төгрөгийг хариуцагч Мгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч Г.Мгаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Атай Б нь харилцан тохиролцож Паб түрээслэх болсноо дээрх 2 хүн надад дараа нь хэлсэн. Нэхэмжлэлд хариуцагч Цамбагарав төвийн хойно байрлах паб ажиллуулах нэрээр 12,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр өсгөж өгөхөөр ам хэлцэл хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь С.Бгаас 12,000,000 төгрөгийг авсан удаа огт байхгүй. С.Б нь 2022 оны 06 дугаар сард Амазон ресторанд менежерээр ажиллаж байсан эхнэр Я.Атай өөрөө яриа өдөж танилцаад оффисын өрөө цэвэрлүүлэхээр болж улмаар би чамд паб түрээсэлж өгье, хүний ресторанд ажиллаж байхаар чи өөрөө ажиллуул, мөнгийг нь би төлнө, цэвэр ашиг олбол 20 хувийг нь өгөөрэй ашиг олохгүй бол чамаас мөнгө авахгүй гэж ятгасаар ажлаас нь гаргасан. Тэгээд Я.А, С.Б нар паб хайсаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байр, 76 тоот хаягт байрладаг пабыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс түрээслэхээр болж 3 сарын түрээсийн мөнгө 5,700,000 төгрөг, дээр нь нэг сарын барьцаа 1,900,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг Н.Гын Хаан банкны 5019376591 тоот дансанд өөрийнхөө 5020937656 тоот данснаас шилжүүлсэн байдаг. Ингээд Я.А нь пабыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд Хаан банкны пос машин зайлшгүй хэрэгтэй болсон тул Н.Гын пос машиныг ашиглахаар болсон. Пос машиныг ашиглахын тулд түрээсийн гэрээ байгуулсан байх шаардлагатай тул 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Хаан банкны данстай болохоор Н.Г бид хоёрын нэр дээр гэрээг хийж байж миний Хаан банкны 5167195447 тоот данстай холбосон. Түүнээс уг пабын түрээслэх, ашиглуулах асуудалд миний зүгээс оролцоо байгаагүй.

Нэхэмжлэлд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг гэх мэт төгрөгийн урьдчилгаа маягаар аваад бүтэн ажиллаагүй мөнгө авсан гэсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Учир нь Я.Аыг 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг хүртэл өөрийнхөө туслах ажилтнаар сарын 600,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсны цалинд миний Хаан банкны дансаар өгсөн цалин болон ажилдаа эд зүйл авахад зарцуулан шилжүүлсэн мөнгө юм. Намайг өөрийнхөө жолоочоор ажиллуулж эхний сард 800,000 төгрөгөөр дараа сараас сар бүр 200,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,400,000-1,600,000 төгрөгөөр цалинжуулна гэж ярьсаар 2022 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулсан. Цалингаа тасалж өгдөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 194,950 төгрөг төлсөн баримт, Г.М, С.Б нарын гар бичмэл бүхий баримт, Хаан банк ХХК-ийн дансны хуулгууд, цаг бүртгэлийн баримт.  

.

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ.

 

          3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт - Хаан банк ХХК-ийн дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Бгаас хариуцагч Г.Мд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасны дагуу 9,600,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.Мд паб ажлуулахад нь түрээсийн төлбөрт 7,600,000 төгрөг, бараа материал татахад 2,000,000 төгрөгийг зээлүүлсэн, мөн жолоочоор ажиллуулахаар тохиролцсоны дагуу цалингийн урьдчилгаанд төлсөн 400,000 төгрөг, эхнэр Аын зээлсэн 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг нэхэмжилнэ, 250,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна” гэж тайлбарладаг, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзсан тайлбартаа “...Паб ажиллуулахаар С.Б нь Атай тохиролцсон. Надтай тохиролцсон зүйл байхгүй. Паб ажиллуулах, түрээслэхэд миний оролцсон зүйл байхгүй.  Миний дансаар  тэр мөнгө орж ирээгүй.  1,000,000 төгрөг нь 6 сараас 7 сар хүртэл Аыг ажиллуулсны төлбөр, 400,000 төгрөг нь миний жолоочоор ажилласан цалингийн урьдчилгаа тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй” гэж мэдүүлж харилцан мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд

- Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хийгдсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Иргэн Мд 7,600,000 төгрөгийг өгсөн. Эхний 3 сард  бараа материал авахад 2,000,000 төгрөг авав. 3 сард ашиг гарвал 20% ашиг өгөх нь сэтгэлийн асуудал. Хүлээн авсан М, хүлээлгэн өгсөн Б” гэх баримт,

- Н.Г, Г.М нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  “Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 13 дугаар байр 76 тоот, 100.3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ресторан, лоунжын үйл ажиллагаа эрхлэхээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сарын 1,900,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 3 сарын төлбөр болох 5,700,000 төгрөг, нэг сарын түрээсийн барьцаа 1,900,000 төгрөг нийт 7,600,000 төгрөгийг түрээслэгч талын Хаан банкны 5019376591 дугаарын дансанд шилжүүлнэ” гэх түрээсийн гэрээ,

- Гэрч Н.Г, Я.А нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг,

- Талуудын тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж аман хэлбэрээр хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийн зарчимд нийцнэ.

 

5. Мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 367 дугаар зүйлийн 367.3-т “Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж заасны дагуу ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ажлын хөлс шаардах эрхээ алдана, урьд авсан ажлын хөлс, урьдчилгааг буцаан төлөх үүрэг үүсэх тул ажиллуулагч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

 

6. Тодруулбал:

6.1. Хариуцагч талын “...паб түрээслэх ажиллуулах асуудал надад хамаагүй пос машин нь Хаан банкных түүнийг ашиглах, улмаар түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай гээд миний Хаан банкны дансыг л ашигласан, Я.А, С.Б нар нь хоорондоо ярьж тохиролцсон асуудал, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий татгалзсан тайлбарыг гэрч Я.А “...паб түрээсэлж ажиллуулах асуудлыг С.Бтай ярьж тохиролцсон, Г.М мэдээгүй байсан, сүүлд нь хэлсэн, Мд хамаагүй асуудал” гэх агуулга бүхий дэмжсэн мэдүүлэг өгдөг хэдий ч гэрч Н.Гын “...Г.М эхэлж ирээд судлаад явсан, маргааш нь С.Б, Г.М, бас нэг эмэгтэй 3 лаа ирээд пабыг түрээслэхээр ярилцсан, гурвууланг нь түрээсэлж байна гэж ойлгосон, Б нь миний данс руу 3 сарын түрээс, барьцааны мөнгөтэй хамт шилжүүлсэн, түрээсийн гэрээг Г.Мтай байгуулсан” гэх агуулга бүхий мэдүүлэг, нэхэмжлэгчийн “...паб ажиллуулмаар байна, та тусалж дэмжээд өгөөч гэж гуйхаар нь мөнгө зээлүүлсэн, пабны бараа материалын мөнгийг өгсөн, Г.Мд зээлүүлсэн” гэх тайлбар, 9,600,000 төгрөгийг Г.М хүлээн авсан гэх агуулга бүхий бичмэл баримт, 1797 дугаартай нэг талаас Н.Г, нөгөө талаас Г.М гэх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах тухай түрээсийн гэрээ зэргээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Харин дээрх баримтуудаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч талын “паб ажиллуулахад нь тусалж мөнгө зээлсэн” гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв. Иймд хариуцагч Г.Мд нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний төлбөр болон үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн, зээлүүлсэн гэх 9,600,000 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй.   

 

6.2. Харин нэхэмжлэгчийн “...Г.Мг жолоочоор туршилтын хугацаанд 8 сараас эхэлж ажиллуулсан, өмнө нь түүний эхнэр Я.А ажиллаж байсан, хөлсийг нь Мгийн данс руу хийсэн” гэх агуулга бүхий тайлбар, хариуцагчийн “...Би 8 сараас жолоочоор ажилласан, цалингийн урьдчилгаа гэж 400,000 төгрөг шилжүүлсэн, үлдэх цалинг өгөөгүй, 10 сар хүртэл ажилласан тул цалин буцааж өгөх үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбараас үзэхэд тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч талаас жолоочоор ажиллахаар, нэхэмжлэгч талаас ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөлсөөр ажиллах гэрээний үүргээ буюу жолоочийн ажлыг гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ажлын хөлсөө буцаан шаардсан шаардлага гаргасан хэдий ч тухайн ажлыг хариуцагч гүйцэтгээгүй гэдэг үйл баримтыг нотолж чадаагүй тул цалингийн урьдчилгаанд шилжүүлсэн 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

6.3. Түүнчлэн хэрэгт авагдсан Хаан банк ХХК-иас ирүүлсэн С.Бгийн дансны хуулгаар 7 сард 2 удаа нийт 1,000,000 төгрөгийг “урьдчилгаа” гэх агуулгаар хариуцагчийн данс руу шилжүүлсэн үйл баримтын хувьд талуудын тайлбар, гэрч Я.Аын мэдүүлгээс үзэхэд тухайн үед Г.М нь нэхэмжлэгч талтай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд “Я.Аын цалинг шилжүүлсэн байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг хариуцагч Г.М хариуцах үндэслэл тогтоогдоогүй тул мөн адил хэрэгсэхгүй болгов.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Г.М нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй болохыг дурдаж байна.

 

8. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 9,600,000 төгрөгийг хариуцагч Г.Мгаас гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Мгаас 9,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 168,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 194,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ