| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/380 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/380
2025 08 27 2025/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х,
Шинжээч С.Болорчимэг,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Анхзаяа, М,
Гэрч Ц.Г, С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ..... төрсөн, .... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.А. РД: ....
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХК-ийн шуурхай ажиллагааны диспетчерээр ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шуурхай үйлчилгээний хэсэгт ажиллаж байхдаа Төв аймгийн Батсүмбэр сумын “Үдлэг” 4 дүгээр багийн нутаг Нарст гэх газар байрлах өндөр хүчдэлийн /трансформаторын/ засварын ажилд хяналт тавьж ажиллаж байхдаа хууль нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 27.5.3 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт болох “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1, 2 дугаар бүлгийн заалтууд, MNS 5120-2002 стандартыг тус тус зөрчиж буруу мэдээлэл өгч рубильник буюу гар салгуур залгана гэж мэдэгдсэн, ОПН буюу хэт хүчдэлийн хязгаарлагч гэмтэж түүнийг солих ажил байсныг мэдээгүй буруу зааварчилгаа өгч монтёр Б нь өндөр хүчдэлд цохиулсны улмаас амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ: “2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өглөө ээлжинд гарах өдөр байсан бөгөөд ээлжээ хүлээж аваад бригадаа бүртгээд гарын үсэг зуруулаад телеграмм грүппээр явуулсан байгаа. Амь хохирогч зааварчилгааг бүрэн аваад гарын үсэг зураад буцааж тус групп рүү явуулсан байгаа. 10 цагийн үед амь хохирогч залгаад уржигдар Батсүмбэрийн станцад аянга буугаад станцийн эзэмшигч Ц.Г залгаад залгуулъя гэж байна гэж надад хэлсэн. Би ойлголоо гэж хэлсэн бөгөөд шугаманд нөлөөлж тасралт гарсан тохиолдолд акт бичээд төлбөрийг нь төлүүлж байж тогийг нь залгаж өгдөг заавал төлж байж залгаарай гэж хэлсэн. Над руу эргэж залгаад хэд хавьцаа болдог юм бол гэж асуухад нь Г.Бгэх инженертэй яриад асуугаарай гэж хэлээд тасалсан. Над руу эргэж залгаад Г.Бтой ярьчихлаа залгачих гэнээ гэж хэлсэн учраас би Г.Бруу залгаж тодруулаад залгахаар болсон. Тухайн станцад хоёр хоногийн өмнө аянга буугаад цахилгаан тасарсан, хүчдэлээс чөлөөлөгдсөн гэж мэдэж байсан. ОПН солих үйлдэл хийж байгаад өндөр хүчдэлд цохиулсан байсан бөгөөд амь хохирогчид дээшээ гарах ямар ч шаардлага байгаагүй бөгөөд тус шийдний хажууд хүчдэлийг тасалж залгадаг төхөөрөмж байсан бөгөөд тус төхөөрөмжийг нэг татахад тус станц бүрэн цахилгаантай болох байсан. Амь хохирогч ямар нэгэн юм солих гэж байгаагаа хэлээгүй. Амь хохирогч хийгдэх үндсэн ажилбараа болон ажлын байрандаа очоод хэлээгүй. Над руу амь хохирогч залгаагүй бөгөөд 14 цагийн үед Г.Бнад руу залгаад Ц.Г над руу залгаад танай цахилгаанчин цахилгааны шийдэнд наалдчихлаа гэж байна гэж хэлсэн. Нэгдүгээр дээшээ гарах шаардлагагүй байсан ба хоёрдугаарт тус станцын хуурай салбар байсан. Дахиад хүчдэлгүй болгох боломжууд зөндөө байсан. Тэгээд оройны гарах диспечтертээ ээлжээ өгөөд гарсан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С нь мэдүүлэхдээ: “2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10-11 цагийн үед би нөхрийнхөө хажууд байсан. Манай нөхрийн гар утас нь чанга яригч дээр нь яригддаг. Тухайн үед Ц.Г манай нөхөр рүү залгаад тогоо залгуулах дуудлага өгсөн. Ц.Г манай нөхөр рүү дахиад залгаад Б.А инженер н.Баар залгуул гэсэн гэж хэлсэн. Би “гадагшаа дэлгүүр орчихоод ирье. Чи намайг ирэхээр зөрөөд гараад яваарай” гэж хэлсэн. Тэгээд л намайг ирэхэд явчихсан байсан бөгөөд төд удалгүй “осолд орчихлоо” гэсэн дуудлага ирсэн. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Хохирлын талаар дэлгэрэнгүйгээр манай өмгөөлөгч ярина. Гомдолтой байна.” гэв.
Иргэний хариуцагч Э.Х нь мэдүүлэхдээ: “Манай компаний зүгээс үйлдэрлэлийн осол биш гэж үзэж байгаа бөгөөд шуурхай тусламж үзүүлэх гэрээ байхгүй учраас манай компаний хяналтанд хамаарахгүй.” гэв.
Шинжээч С.Бмэдүүлэхдээ: “....Шууд бусаар очдог ажлын байр мөн гэж үзсэн бөгөөд тус ослыг үйлдвэрийн осол гэж үзэж байгаа. Энэ хүн өглөө зааварчилгаа өгөөд гаргасан учраас 27.10-4-т заасан чиг үүрэг мөн үзсэн. Эрчим хүчний сайдын 101 дугаартай тушаалын хавсралтад байх дүрмүүдийг ягштал барих ёстой. Шинжээч нар зөвхөн шинжээч нарт тавьсан асуултанд тусгай мэдлэгийн дагуу хариулт өгөх ёстой байдаг. Би Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, 101 дүгээр тушаалын хавсралт, аюулгүй ажиллагааны дүрэм зэргийг баримталж дүгнэлт гаргасан. Би гэм буруугийн асуудлыг шийддэг хүн биш. Ямар дүрэм, журмыг зөрчсөн бэ гэдэг дээр л дүгнэлт гаргасан. Би гэм буруугийн асуудлыг шийддэг хүн биш гэв. Наряд шийдвэрийг ...гэх инженер өгөх ёстой байсан. Тэр хүн шууд өөрөө дур мэдээд очихгүй нь тодорхой. Дээрээс нь энэ хүн өөрөө Улаанбаатар цахилгаан түгээх станцын гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон хүн байсан. Үйлдвэрлэлийн осол мөн. Аюулгүй ажиллагааны дүрмээр зохицуулагдсан үйл ажиллагаа учраас энийг төлөвлөөд, аюулгүй хэрэгжүүлээд, зохион байгуулалтаар хангах үүрэг хүлээсэн хүн нь шуурхай үйлчилгээний албаны диспечтер юм. Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх ёстой бөгөөд ямар нэгэн байдлаар опн солино гэдгийг шууд болон шууд бус байдлаар мэдээллэгдэж байхад зөвшөөрөл өгч гаргасан тул тус заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан” гэв.
Гэрч Ц.Г мэдүүлэхдээ: “...Манайх тог татна гээд зөвшөөрөлтэй компаниар бариулж байсан. Тухайн үед жирэмсэн, төрчихсөн байсан болохоор сайн санахгүй байна. 2023 онд л улсын комисс хүлээж авсан байх. Манай станц эвдрээд Мөнгөнбаяр, Б гэх хоёр хүн ирсэн. Ирээд Офен шатчихсан байна гэж хэлээд Оросын офеноор соль гэж 7004-7004 хэлсэн байх. Амь хохирогч солих гэж ганцаараа ирсэн бөгөөд инженерээсээ асуучихъя гэж хэлээд харуулсан. Мөн солиулахын тулд дуудлага өгөх ёстой шүү гэж хэлсэн бөгөөд өмнө орой нь явсан. Миний дуудлагыг 10 цагийн үед авсан бөгөөд манай цахилгаан буугаад офен шатчихсан солиулах гэсэн юм гэж хэлсэн. Би ярих болгондоо эхнээс нь тайлбарлаж хэлсэн бөгөөд офен солиулсан мөнгө нь сарын сүүлийн мөнгө дээр бичигдэнэ гэж хэлсэн. Н.Б гэх хүн манай үүдэнд офенийг олсонгүй гэж хэлээд хамт шийд рүү явсан. Би Мөнгөнбаяр гэх хүний дугаарыг мэдэхгүй. Манай аав Цогсүрэн гэх хүн хамт явсан. Надад скрийншот хийгээд хадгалсан зүйл байгаа. Аянга буусан. Аянга буусан өдөр нь мончоор руу залгаж хэлсэн. Танайхтай яг адилхан нэг айл засвар үйлчилгээгээ хийлгэчихсэн. Акт тавиулаад төлчихсөн” гэв.
Гэрч С.Бмэдүүлэхдээ: “... Манай станцад гэмтэл гарсан тул тоггүй болсон. Манайх байгалийн гамшгаас болж ийм асуудал гарсан байхад яагаад акт гарж байгаа юм бол гэж асуусан. Хийгдэх ажлаасаа л болох байсан. Заавал гэрээ хий гэсэн зүйл байхгүй. Хийсэн ч, хийгээгүй ч засвар үйлчилгээгээ хийгээд явна. Гэмтэл гарсан тохиололд манай байгууллагад хүсэлтээ гаргаад засвараа хийлгэдэг. Манайд хүсэлтээ гаргасан. Би энэ байдлыг тодруулаад Б.А руу орсон. Офенийг нь сольчихсон бөгөөд 04-ийг нь залгачихад л болох юм. Н....т залгуулчих гэж хэлсэн. Би гаргасан. Энэ ажлыг хийх ёстой хүн нь хэсгийн ахлах, би, мастер, ашиглалтын инженер. Офен солиход 500.000-600.000 төгрөг байдаг. Сарын сүүлд актаа гарахаар төлөөрэй л хэлсэн. Би Төв аймаг Зуунмод сум ашиглалт засварын хэсгийн ашиглалтын инженер. Офен солих талаар Б.Ад хэлээгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 18 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-21 дүгээр тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-26 дугаар тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-31 дүгээр тал/,
Хохирогч Ц.С “...Би өглөөгүүр хамт гэртээ байсан юм. Тэгээд талийгаачийн гар утас руу ... гэх хүн залгаад манайх тогоо залгуулах хэрэгтэй байна. Шаардлагатай эвдэрсэн эд зүйлсийг аваад ир гэж утсаар ярьсан. Тэгтэл талийгаач диспетчертэй яриарай акт тогтоолгож төлбөр тооцоо хийсний дараа тог засварын ажил хийнэ гээд ...инженерийн гар утасны дугаарыг өгсөн. Удалгүй ... залгаад чамаар залгуул гэж хэлсэн. Тэгээд би ажилдаа гараад явсан юм. Дараахан талийгаач залгаад хүүхэд дагаад байна. Би ажилд гарлаа явлаа шүү гэж хэлсэн. Ахиж уулзсангүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36 дугаар тал/,
Иргэний хариуцагч Э.Хын “...Би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хуулийн ахлах мэргэжилтэн ажилтай. Цаашид шүүх хуралдаан дээр оролцогчоор явна. Миний зүгээс иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллага нь тендер сонгон шалгаруулалт жил болгон явагдаж, өвлийн хувцас, зуны хувцас, хамгаалалтын хувцас хэрэгслээ сонгон шалгаруулан авч, хангамжийн хэсгээс алба хаагчдаа тарааж өгдөг юм....” гэх мэдүүлэг /1хх-ийн 41 дүгээр тал/,
Гэрч Ц.Гийн “...Манай ээж 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад араас залгаж манай Трансматор дээр аянга буучихлаа, ОПН гэдэг цэнэг хураагч, хамгаалагч хэрэгтэй гэж дуудлагаар ирсэн цахилгаанчин хэлсэн, тэгээд манай тогыг таслаад зургийг нь аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоор нөгөө ОПН гэх зүйлийг нь хайгаад олж аваад манай нөхөр хүнээс асуухад хятад бол болохгүй гэнэ ээ, заавал Орос ОПН тавина гээд байна гэхээр нь би өмнө нь хятадыг тавиад болоод байсан шүү дээ гэхэд манай нөхөр болохгүй гэнээ заавал Орос хэрэгтэй гэж байна гэхээр нь би буцаад хайж байгаад Орос ОПН 650.000 төгрөгөөр авсан, хятад нь 70.000 гэдэг юм байна лээ. Тэгээд хөдөө ээж аав дээр ирээд Болдоо гэдэг цахилгаанчин руу залгаад юмаа аваад ирсэн гэсэн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн оройхон манайд ирээд сая танайхтай адилхан аянга буусан Отгонбаатар гэдэг хүний тогийг залгаад ирлээ. Тэднийх тогны болон торгууль, үйлчилгээний мөнгөө бүрэн төлсөн учир залгаад ирлээ гэж байсан. Тэгээд миний авч ирсэн ОПН цааш нь ...гэсэн дугаартай инженертэй чатаар холбогдоод харуулахад наадах чинь арай урт харагдаад байна, биш юм шиг байна гэж хэлсэн. Тэр үед нь цаад инженерийн дугаарыг нь асуугаад авч байсан юм. Тэгээд тэр өдрийн орой манай нөхөр Түвшинхүү рүү нөгөө ирсэн цахилгаанчин ярьж байна орчин үеийн ОПН ийм болсон гэнэ ээ, наадах чинь мөн байна гэж байна шүү гэж надад хэлсэн. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ... гэсэн дугаар луу зөндөө залгаад утсаа огт авахгүй байж байгаад нэг аваад хамаг асуудлаа тайлбарлаж хэлэхэд “та хаанаас холбогдож байна" гэж асуухаар нь Төв аймгийн Батсүмбэр сумаас холбогдож байна гэж хэлэхэд “би таныг Төв аймгийн цахилгааны инженертэй холбож өгье та энэ хүнтэй яриад учир байдлаа тайлбарлаарай” гээд ... ...гэдэг хүний дугаарыг өгсөн. Тэгээд би ...гэх хүн рүү залгаад учир байдлаа хэлтэл акт тавигдсан төлж байж тог залгана гэхээр нь юу яриад байгаа юм бэ, байгалийн үзэгдлээс болж гэмтэл гарчихаад байхад яахаараа манайх акт төлбөр төлөх ёстой юм бэ гэхэд “танай тогийг таслахын тулд олон айлын тогийг тасалсан байна, тийм учраас акт тавигдсан байна, тийм учраас төлчхөөд залгуулаарай” гээд “МАЙ ТОГ” гэдэг сайт руу ороод хууль дүрмээ хараарай гээд тасалсан. Тэгээд би дахиад ...гэх хүн рүү зөндөө залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би талийгаач руу залгаад би тогоо залгуулахын тулд яаж залгуулах вэ, хэн гэдэг хүн рүү ярих ёстой вэ гэхэд дахиад ...гэх хүний дугаарыг надад өгөөд “миний дүү энэ хүнд учир байдлаа хэлээд гуйчих, тэгвэл актаасаа хэдэн төгрөг ч гэсэн хасуулах талаар гуйгаад үз” гэж хэлсэн. Тэгээд би дахин ...гэх хүний дугаар луу залгахад авахаар нь би төлбөр мөнгөө яаж өгөх вэ? Би нялх хүүхэдтэй, тоггүй хэцүү байна, Орос ОПН гэдэг зүйлийг аваад мөнгөгүй болчихлоо гэхэд “ямар ч байсан акт тавигдах байх болж өгвөл багаар торгохыг бодъё гэж хэлэх шиг болсон” тэгээд би за баярлалаа хэлэхэд надад энэ дугаар луу залгаад "залгуулж болно гээд хэлчих ээ" гэж хэлээд ...гэсэн дугаартай урьд өдөр нь миний тэмдэглэж авсан инженерийн дугаар байсан. Тэгээд тус дугаар луу залгаад учир байдлаа хэлээд ...гэдэг инженер тань руу залгаад залгуулчих гэсэн юмаа гэхэд “за тэгвэл би өөрөө ...луу залгаж асууна” гээд салгасан. Түүнээс хойш над руу дахиж ярихгүй удаад байхаар нь би өөрөө буцаад залгатал “за за ярьсан ярьсан, Болдоо руу яриад л залгуулчхаарай” гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү залгаад би ажилтай яваад байна та Болдоо гэдэг цахилгаанчин руу залгаад дуудлага өгчих гэхэд Болдоо нь “аан заза надад хэлсэн би жаахан ажилтай яваад байна удахгүй очоод залгаад өгнө” гэж хэлсэн гэсэн. Тэгээд нилээн удаж байгаад ирсэн ба би гэртээ очиход ОПН гадаа тавьсан байсныг олохгүй намайг хүлээгээд сууж байсан. Би ОПН-ыг нь олж өгөөд манай аавын амьжиргаа цагаантай аав, дүү хоёртой хамт трансоматор луу явцгаасан юм. Тэгээд 13 цаг 56 минутад манай аав хашгирахаар нь би хартал аав “наалдчихлаа” гээд орилохоор нь би нөгөө хоёр инженерийн дугаар луу залгаад “наалдчихлаа” гэж хэлэхэд утсаа салгацгаасан. Тэгээд би Мөнгөнбаяр гэдэг цахилгаанчин руу залгаад “наалдчихлаа бид нар модоор түлхээд унагачхаж болох болов уу” гэхэд “болохгүй шүү ойртох хэрэггүй би одоо очиж явна” гэж хэлсэн. Талийгаач, Мөнгөнбаяр хоёр бол ерөнхийдөө ямар засвар хийгдэхийг мэдэж байсан, дуудлага өгөхдөө манайх Батсүмбэр сумын “Үдлэг” гэх газарт байрладаг айл байгаа юм. Манай трансформатор дээр аянга буучихад би опенион гэдэг зүйлийг нь авчихсан байгаа гэж ...болон нөгөө 8809 дугаарт залгаж хэлсэн юм. Тэгээд осол хэрэг болсны дараа нөгөө ...гэсэн дугаартай инженер нь надруу залгаад “танайх Батсүмбэрт байрладаг айл мөн үү, та кодоо хэлээд өгөөч гэхээр нь би 8705159 гэсэн код хэлтэл танайх ... гэдэг айл мөн үү, танайх дуудлага өгсөн үү гэсэн” тэгэхээр нь би тийм байна аа та манайд осол болсон талаар мэдээгүй юм уу гэхэд мэдсэн гэж хэлсэн. Тухайн үед надаас бас “танайх тэр хуурай тогийг өөрсдөө залгасан уу” гэж асуухаар нь би хуурай тог гэж би мэдэхгүй хаана байдаг юм бол доо, манайх тухайн тогийг өөрсдөө залгаагүй” гэж хэлсэн тэгсэн “тэгвэл танайхаас өөр айл тог авдаг уу, цахилгаан мотор залгадаг уу" гэж асуусан би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн танайх өөрсдөө залгачихсан юм биш үү гэсэн, би манайх өөрсдөө залгаагүй ээ, залгач ч мэдэхгүй гэхэд утсаа салгасан. Тийм зүйл огт байхгүй би шат шатны хүмүүстэй нь ярьж дуудлага өгч залгуулахаар болсон юм. Урд өдөр нь талийгаач өөрөө надад “акт тавигдна шүү, бас үйлчилгээний хураамж төлсний дараа баримтан дээр үндэслэж би тог залгана шүү” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь төлбөр тооцоо яаж төлөх юм бол, тогоо яаж залгуулах юм бол, данс өгөх юм болов уу гэж бодоод ... гэсэн дугаарлуу залгаж эхэлсэн юм. Тэгээд ...гэдэг инженер сарын сүүлээр яг хэдэн төгрөгийн акт тавигдаж байгааг би чам руу эргэж холбогдоно гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 дугаар тал/,
Гэрч Г.Бын: “Би 2023 оны 8 дугаар сарын 25-ны өглөөний 10 цаг 14 минутанд миний гар утас руу ... гэсэн дугаар залгаад “Үдлэг”-ээс ярьж байна гээд нэг эмэгтэй хүн залгасан юм. Манай тогны шугам дээр гэмтэл гарсан байгаа, цахилгаанаа залгуурмаар байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь танайх актаа тогтоолгоод, актны мөнгө төлсний дараа залгуулаарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би шуурхай үйлчилгээний хэсгээс ороод ээлжийн инженер ...аас “Үдлэг”-ээс залгаад байна. Аль станц вэ гэж асуутал, ... инженер Отонбаатар Фермер АТП- 8198, 04кв рубильник /таслах залгах апрат/ залгана гэхээр нь “за за рубильник залгахын байна” гэж бодоод гараад явсан. Тэгээд байж 13 цаг 57 минутанд ... дугаар дахиж миний гар утас руу залгаад “тогны хүн тогонд наалдчилаа одоо яах вэ” гэж хэлэхээр юу яриад байна. Шуурхай удирдлага руу орж монтёр Б тогонд цохиулсан наалдсан гэж байна. Хурдан тог салгах арга хэмжээ ав гэж хэлсэн юм. Үдлэгийн шугамыг хурдан салга болохоо больсон байна гэж хэлсэн. Тэгээд талийгаач хаана тогонд цохиулсан талаар тодруултал ... 86-16 станц дээр тогонд цохиулсан байсан юм. Уг дугаар эхлээд залгаад “Үдлэг”-ээс ярьж байна гэж хэлсэн байна манайх одоо байгалийн гамшигаас болоод тоггүй болж байхад манайх яахаараа акт тавиулж мөнгө төлөх ёстой юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайх акт гарсаны дараа төлбөр төлсний дараа цахилгаан холбоно, ТОГ.МН ороод хууль дүрмээ судалаа гэж хэлсэн. Би шуурхай удирдлагаас “Үдлэг”-ээс хүн яриад байна гэж асуутал ... инженер “Үдлэг”-ийн Отгонбаатарын станцад 04кв рубильник залганаа гэж хэлсэн. ...-той дугаар над руу дахиж залгаад “нялх нойтон хүүхэдтэй тогоо залгуулмаар байна” гэж яриад байхаар нь шуурхай удирдлагын төвийн инженер ...ын гар утасны ...дугаарын утсыг өгсөн. Тэгтэл өдөр 13 цаг 54 минутанд уг дугаар дахиж залгаад “монтёр тогонд наалдчихлаа яах бэ” гэж асуухаар нь би “юу яриад байна” гээд шуурхай удирдлага төв рүү орж тогыг салгуулсан. Отгонбаатар гэх айлыг хэзээ тогтой болсонг сайн мэдэхгүй байна. Хэзээ ямар цагт хугацаанд тогтой болсон талаар мэдэх боломжтой. Хэнээс зөвшөөрөл авч монтёр залгасан мэдэхгүй байна. Надад Отгонбаатарын тогыг залгах гэж байна гэж хэлсэн монтёр байхгүй болно. Талийгаач Б нь 04-10кв хүртэл шугам болон дэд станц гарсан аваар гэмтэл устгах засвар үйлчилгээ хийх чиг үүрэгтэй юм. Талийгаач Б 2023 оны 8 дугаар сарын 25-ны 08 цаг ээлжийн инженер Б.А өдөр тутамын зааварчилгааг цахим хэлбэрээр авсан. Иргэн ... 86-16 АТП 04 дэд станц гэдэг “хүний хувийн станц” байсан юм. Иргэн ...ийн хувийн станцад 2023 оны 8 дугаар сарын 23-ны орой гэмтэл гарч ОПН буюу /цэнэг шавхагч нь/ шатсаны улмаас гэмтэл гарсан учир тогыг салгасан байсан юм. Талийгаач Б өөрөө илрүүлэн тогыг тасалж аюулгүй болсон байсан. Бүртгэгдсэн мэдээлэлд байгаа. Иргэн ...ийн эзэмшлийн станцад 2023 оны 8 дугаар сарын 23-ны 15 мцаг 47 минутанд гэмтэл гарсаныг монтёр Б илрүүлээд 10кв салгуураар таслаад чөлөөлсөн байсан. Тухайн хоногийн мэдээнд оруулсан байсан. Талийгаач Б нь зөвшөөрөл аваагүй болно. Хувиараа хийсэн байх. Зөвшөөрөлийн эрхтэй байсан юм. Ажлын хувцас, каск малгай болон ажлын бээлийтэй байсан. Өндөрт ажиллах үед хэрэглэх хамгаалатын бүс байгаагүй. Сайн мэдэхгүй байна. Ажлын бээлийг талийгаач Б нь өссөн байсан. Стандартын бээлий биш. Стандартын бээлий талийгаачид байгаа. Манай Зуунмод төв хариуцнаа. Боломжтой. Цэнэг бол хуримтлагдаад байж байна. Ээлжийн дисбичер инженерийн Дэлгэрсайханы зөвшөөрөлөөр 2023 оны 8 дугаар сарын 23-ны 15 цаг 47 минутанд салгасан байсан юм. Ерөөсөө залгаагүй байсан юм. Залгах зөвшөөрөл өгөөгүй байсан юм.” /1хх-ийн 50-51 дүгээр тал/,
Гэрч Л.Гийн өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн орчим манай доод асуудал хариуцсан мэргэжилтэн Долгормаа миний гар утас руу залгаад Батсүмбэр суманд дээр хүчилд нэрвэгдээд осол гарч монтёр Б нас барсан байна. Та Батсүмбэр сум руу яаралтай яваарай гэж хэлсэн. Тэгээд шууд Батсүмбэр суманд осол газар ирсэн. Талийгаач Б нь 04-10кв хүртэл шугам болон дэд станц гарсан аваар гэмтэл устгах засвар үйлчилгээ хийх чиг үүрэгтэй. Талийгаач Б 2023 оны 8 дугаар сарын 25-ны 08 цаг ээлжийн инженер Б.А өдөр тутамын зааварчилгаа цахим хэлбэрээр өгсөн. Иргэн ... гэдэг хүний хувийн станц байсан. Иргэн ...ийн хувийн станцад 2023 оны 8 дугаар сарын 23-ны орой гэмтэл гарч ОПН буюу /цэнэг шавхагч нь / шатсаны улмаас гэмтэл гарсан учир тогийн салгасан байсан юм. Талийгаач Б өөрөө илрүүлэн тогыг тасалж аюулгүй болсон байсан. Бүртгэгдсэн мэдээлэлд байгаа. Иргэн ...ийн эзмшлийн станцад 2023 оны 8 дугаар сарын 23-ны 15 мцаг 47 минутанд гэмтэл гарсаныг монтёр Б илрүүлээд 10кв салгуураар таслаад чөлөөлсөн байсан. Тухайн хоногийн мэдээнд оруулсан байсан. Талийгаач Б нь зөвшөөрөл аваагүй болно. Хувиараа хийсэн байх. Зөвшөөрөлийн эрхтэй байсан. Ажлын хувцас каск малгай болон ажлын бээлийтэй байсан. Өндөрт ажиллах үед хэрэглэх хамгаалатын бүс байгаагүй юм. Сайн мэдэхгүй байна. Ажлын бээлийг талийгаач Б нь өссөн байсан юм. Стандартын бээлий биш. Стандартын бээлий талийгаачид байгаа. Манай Зуунмод төв хариуцна. Цэнэг бол хуримтлагдаад байж байна. Ээлжийн диспетчер инженерийн Дэлгэрсайханы зөвшөөрөлөөр 2023 оны 054 08 дугаар сарын 23-ны 15 цаг 47 минутанд салгасан байсан. Ерөөсөө залгаагүй байсан юм. Залгах зөвшөөрөл өгөөгүй байсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр тал/,
Гэрч Н.Мын өгсөн: “Би Төв аймаг Батсүмбэр суманд монтёр байцаагчийн ажил эрхэлдэг юм. 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим сумын төвд машинаа янзлуулаад байж байтал Цогсүрэн гэх хүн минийг гар утас руу залгаад Ц.Б монтёр тогонд цохиулаад наалдчихлаа бид нар ямар арга хэмжээ авах бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та юу яриад байна, гэж хэлээд 35 дугаар станцын гэр жижүүр О.Ганболд гэх хүн рүү залгаад “Үдлэг” фидер салгаа Б хүчдэлд нэрвэгдсэн гэнэ гэж хэлээд түргэн дуудаарай гээд би байгаа газраа заасан өгөөд очтол станцны хашааны гадна талд Цогсүрэн өвгөн зогсож байсан. Талийгаач Б Трансформатор дээр нүүр нь хөхөрсөн ухаангүй хэвтэж байсан. Би Трансформатор тавцан дээр буулгаад хиймэл амьсгал хийсэн боловч Б сэрэхгүй осолдсон байсан. Би талийгаачид хиймэл амьсгал хийгээд байсан боловч ухаан ороогүй. Тэгээд эмнэлэг ирээд эмч үзээд Быг нас барсан байна гэж хэлсэн юм. Талийгаач Б Төв аймгаас шууд диспетчер цахим хэлбэрээр авдаг байсан. Инженерээр сайн мэдэх байх. Би талийгаачтай Бтай нэг байгууллагад боловч тусдаа нэгжид ажилдаг юм. Ажлын хувцас каск малгай болон ажлын бээлийтэй байсан. Өндөрт ажиллах үед л хэрэглэх хамгаалатын бүс байгаагүй. ... гэдэг хүний хувийн станц байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 дугаар тал/,
Гэрч Ж.Оюунцэцэгийн өгсөн:..тус компани нь ослын актынхаа дүгнэлт хэсэгтээ “хувь хүний дээд станц дээр ажил хийж байгаад амь насаа алдсан тул үйлдвэрийн осолд тооцохгүй гэж” тусгасан байгаа. Амь насаа алдсан монтёр Ц.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумыг хариуцсан монтёр байсан. Уг дэд станцын гэмтэл нь анх гарахад Зуунмод түгээх төвд дуудлага өгч, өгсөн дуудлагыг барагдуулах ажлыг хийж байсан. Энэ нь өөрөө амь хохирогч Ц.Б нь ажлын байрны тодорхойлолтонд заасан, ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон тул үйлдвэрийн осол гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 42 дугаар тал/,
Шинжээч Бөгсөн:... “ХАБЭА-ын тухай хуульд заасан “Үйлдэврлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлдэг. Осолдсон Ц.Б нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компаний гүйцэтгэх захирал ...2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/78 тоот тушаалаар “ашиглалт, засварын Зуунмод төвийн, ашиглалт засварын хэсгийн сумдын засварын монтёр “Батсүмбэр” сумын монтёроор томилогдон ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.21 “үйлдвэрийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчин”-ыг гэж заасан байдаг. Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10/0,4кВ-ын трансформаторын дэд станцын засвар, үйлчилгээ, тасралтгүй ажиллагааг УБЦТС-ын харъяа байгууллага хариуцдаг ба Ц.Б нь тухайн байгууллагын монтёр гэсэн байгаа нь осолдогчийн ажлын байр мөн байна. Тиймээс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дахь хэсгийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гарсан цахилгаан хүчдэлд нэрвэгдсэн осол тул үйлдвэрийн осол мөн байна”...гэх мэдүүлэг /1хх-ийн 102-103 дугаар тал/,
Шинжээч Б.Э өгсөн:... “осолдогч Ц.Бт диспетчерын зүгээс өгсөн шийдвэрт “рубильник буюу гар салгуур залгана гэж мэдэгдсэн нь гол алдаа болсон” ба рубильник нь хуваарилах байгууламж буюу 0,4 кВ нам талын тоног төрөөхөмж гэтэл тухайн трансформаторын дэд станц дээр аянга буж ОПН буюу хэт хүчдэлийн хягаарлагч гэмтэж, түүнийг солих ажил байсныг мэдээгүй байсан нь 10кВ-ын хүчдэлд нэрвэгдсэн байна”... гэх мэдүүлэг /1хх-ийн 105-107 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Амь хохирогч Ц.Бын цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун гарын долоовор, эрхий хуруу, шууны шарх, цээжний зулгаралт бүхий цахилгааны тэмдэгт, зүүн шуу, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл цахилгааны тэмдэг бүхий баруун гарын долоовор, эрхий хуруу, шууны шарх, цээжний зулгаралт гэмтэл нь өндөр хүчдэлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч Ц.Бын цахилгааны тэмдэг бүхий баруун гарын долоовор, эрхий хуруу, шууны шарх бүхий гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Амь хохирогч Ц.Бын цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Амь хохирогч Ц.Б нь В (III) бүлгийн цусны харъяалалтай байна. Амь хохирогч Ц.Б нь өндөр хүчдэлд цохиулсны улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ.” /1хх-ийн 69-72 дугаар тал/,
2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №8031215/015 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.21 “үйлдвэрийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчин”-ыг гэж заасан байдаг. Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10/0,4кВ-ын трансформаторын дэд станцын засвар, үйлчилгээ, тасралтгүй ажиллагааг УБЦТС-ын харъяа байгууллага хариуцдаг ба Ц.Б нь тухайн байгууллагын монтёр гэсэн байгаа нь осолдогчийн ажлын байр мөн байна. 2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны дээр хүний ажиллуулж байгаа...”байгууллага”... гэж заасан байдаг. Осолдогч Ц.Б нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компаний гүйцэтгэх захирал ...2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/78 тоот тушаалаар “ашиглалт, засварын Зуунмод төвийн, ашиглалт засварын хэсгийн сумдын засварын монтёр “Батсүмбэр” сумын монтёроор томилогдон ажиллаж байсан. Иймд Ц.Бын ажил олгогч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компаний гүйцэтгэх захирал Р.Дагдан мөн юм. 3. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 3.1.6-т “мэргэжлийн сургалт” гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг:, гэсний дагуу 2023 онд “Яржаан” ХХК-ний “Өндөр хүчдэл” мэргэжлийн сургалтын төвд ЦДАШ, дэд станцын монтёр мэргэжлээр суралцаж, шалгалт өгч сертификат авсан байна. 4. MNS5120-2002 стандартын дагуу болон “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн дагуу тухайн ажилтан техник ашиглалтаар 2 жилд нэг удаа, аюулгүй ажиллагаагаар жилд нэг удаа сургалтанд хамрагдаж шалгалт өгсөн байх ёстой. Ц.Б нь 10 кВ хүчдэлийн цахилгаан байгууламжинд хяналт тавьж ажил гүйцэтгэх эрхийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр №062/2015 тоот үнэмлэхийг авч 2019 оны Х/09, 2020 оны Х/21, 2021 оны Х/25, 2022 оны Х/21-д тус тус аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгч байсан байна. 5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1.-т “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 14-нд Ц.Бт зуны гутал, зуны хувцас олгосон байна гэвч тусгай зориулалтын хамгаалах хэрэгслээр хангасан баримт байхгүй байгаа нь “Цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах үеийн цахилгаан хамгаалах хэрэгслэлийг огт ашиглаагүй байна. Тугай зориулалтын туршигдсан резинен бээлий бот гэж нэрлэгдэх гутлын гадуур өмсөх хамгаалалтын гутал, резинен дэвсгэр шалавч гэх мэт ашиглаагүй байна. 6. Осолдогч Ц.Бын ажлын байрны тодорхойлтонд хэсгийн ахлагч, инженер /ашиглалт, засвар/ мастерын шууд удирдлагын доор ажиллах ёстой гэж заасан байна. Тухайн өдөр “шуурхай ажиллагааны диспетчер Б.А Ц.Быг шууд удирдлагаар ажиллаж байсан байна. Яг тухайн ажлыг гүйцэтгэх наряд шийдвэрийг өгөөгүй байна. Аман шийдвэрээр гүйцэтгэсэн байна. Гэхдээ аман шийдвэрийг утсаар өгсөн тохиолдолд заавал тэмдэглэл хийсэн байх ёстой. Энэ алга, Шуурхай ажиллагааны диспетчер Б.А нь осол гарсан өдөр “Бүх ТП, ЦДАШ, КШ, бүх тоноглолд шуурхай үйлчилгээ үзүүлэх дуудлага барагдуулах” гэсэн нарядыг маш олон хүний нэр бичиж өгсөн боловч Ганболд, Ц.Б хоёроос өөр хүн гарын үсэг зураагүй байна. Ганболд нь хамт ажиллаагүй байна. Энэ бичвэр бол шаардлага хангахгүй, хэзээ хаана, ямар трансформатор дээр ямар ажил гүйцэтгэх, хэн хэрхэн техникийн арга хэмжээ авах зэрэг байхгүй байна. 7 Нарчд шийдвэргүй, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт болох “цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн нэг, хоёрдугаар бүлгийн заалтууд, MNS5120-2002 стандартыг ноцтой зөрчсөн. 8. ХАБЭА-ын тухай хуулийн 27.5.2.-т заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах”, 27.5.3.-т “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүйбайдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтрах ажиллах” гэсний дагуу диспетчер Б.А нь инженер Бат-Очирт буруу мэдээлэл өгч рубильник буюу гар салгуур залгана гэж мэдэгдсэн нь гол алдаа болсон ба рубильник хуваарилах байгууламж буюу 0,4 кВ нам талын тоног төхөөрөмж, гэтэл тухайн трансформаторын дэд станц дээр аянга бууж ОПН буюу хэт хүчдэлийн хязгаарлагч гэмтэж түүнийг солих ажил байсаныг мэдээгүй байгаа нь Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт болох “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн нэг, хоёрдугаар бүлгийн заалтууд, MNS5120-2002 стандартыг ноцтой зөрчсөн байна...гэх дүгнэлт /1хх-ийн 95-98 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 25-ны өглөө ээлжинд гарч байсан. Талийгаач Б нь диспетчерын 88081826 дугаарын утас руу залгаад иргэн ... тогоо залгуулья гээд байна гэж хэлж байсан. Тэгээд би акт тавигдаж байж залгах ёстой гээд ...инженер лүү залга гэж хэлсэн. Удалгүй 10 цаг 39 минутын орчим ... залгаад ...инженер лүү залгасан. Тогоо залга гэж хэлсэн гэхээр нь ...инженер лүү залгаад ...ийн станцын тогыг залга гэж хэлсэн юм уу гэтэл, акт төлбөрөө төлөхөөр болсон. Тогыг залгаж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь талийгаач Б луу залгаад тогыг залга гэж хэлсэн Тэгтэл талийгаач Б унаа ирэхээр хэлье гэж хэлсэн Өдөр 14 цагийн орчим ...инженер залгаад монтёр тогонд наалдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 35 станц руу яриад “Үдлэг”-ийн тогыг салгах гэтэл салгасан тогыг салгасан байсан. Тэгээд ээлжээ өгсөн юм. Та надад талийгаач Б опен солих талаар хэлээгүй. ОПН солих талаар тухайн хэлсэн хүн байгаагүй юм. ОПН солихгүйгээр залгахад хэрэглэгч тогоор хангагдана ОПН-ыг солих талаар надад мэдэгдээгүй ОПН солихгүйгээр хэрэглэж тогоор хангагдахаар байсан учир “залга” гэж хэлсэн юм. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Зүгээр ажиллаа хийж байсан юм. Амь хохирогч Ц.Б нь ажлын байраа зөв олж очсон цагаас диспетчерын команд эхэлнэ. Энэ команд нь ажлын байрны мэдээллийг танилцуулсаны дараа команд эхэлнэ. Команд өгөхөөс өмнө нь ажлын байрны нөхцөл байдалтай уялдуулж тухайлсан зааварчилгаа заавал өгөгдөнө. Гэтэл талийгаач ажлын байран дээр очсоноо огт хэлээгүй. Ажил эхлүүлсэнээ ч хэлээгүй команд аваагүй юм. Тийм зүйл огт байхгүй. Уг станцын тогийг залгах үед хүний амь нас хохирох боломж байхгүй. Мэдэгдсэн бол энэ үйлдэл хийгдэхгүй. ОПН солих ажлыг бригад хийж гүйцэтгэнэ.” /1хх-ийн 125 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХК-ийн шуурхай ажиллагааны диспетчерээр ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шуурхай үйлчилгээний хэсэгт ажиллаж байхдаа Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарст гэх газар байрлах өндөр хүчдэлийн /трансформаторын/ засварын ажилд хяналт тавьж ажиллаж байхдаа хууль нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 27.5.3 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт болох “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” ийн 1, 2 дугаар бүлгийн заалтууд, MNS 5120-2002 стандартыг тус тус зөрчиж буруу мэдээлэл өгч рубильник буюу гар салгуур залгана гэж мэдэгдсэн, ОПН буюу хэт хүчдэлийн хязгаарлагч гэмтэж түүнийг солих ажил байсныг мэдээгүй буруу зааварчилгаа өгч монтёр Ц.Б нь өндөр хүчдэлд цохиулсны улмаас амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.А нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХК-ийн шуурхай ажиллагааны диспетчерээр ажиллаж байхдаа 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шуурхай үйлчилгээний хэсэгт ажиллаж байхдаа Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Нарст гэх газар байрлах өндөр хүчдэлийн /трансформаторын/ засварын ажилд хяналт тавьж ажиллаж байхдаа хууль нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 27.5.3 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт болох “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” ийн 1, 2 дугаар бүлгийн заалтууд, MNS 5120-2002 стандартыг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас монтёр Ц.Б нь өндөр хүчдэлд цохиулж амь нас нь хохирсон шууд шалтгаант холбоотой байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Аын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Б.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 27.5.3 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт болох “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” ийн 1, 2 дугаар бүлгийн заалтууд, MNS 5120-2002 стандартыг тус тус зөрчиж буруу мэдээлэл өгч рубильник буюу гар салгуур залгана гэж мэдэгдсэн, ОПН буюу хэт хүчдэлийн хязгаарлагч гэмтэж түүнийг солих ажил байсныг мэдээгүй буруу зааварчилгаа өгч монтёр Ц.Бын амь нас нь хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.Аын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноороо төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Миний үйлчлүүлэгчийг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэнд бичсэнээр буюу буруу зааварлагаа өгч бусдын амь насыг хохироосон гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн шинжийг хангахгүй, түүнийг хэрэгт буруутгах нотлох баримт огт байхгүй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тус тус маргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М: шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай тооцсон байх тул “Нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр маргаж, мэтгэлцэж оролцсон. Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байх тул 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа: “Амь хохирогч нь зааварчилгаагаа авсан нь харагдаж байгаа тул амь хохирогчийн бас буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэж харагдаж байна. Хөдөлмөр аюулгүй байдлын тухайд аль аль тал нь буруутай байх тул 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Б.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Аыг гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” тус тус гэж заасан.
Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Бын амь нас хохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 13.814.235 төгрөг, Төрийн банкны цалингийн зээлийн төлбөрт 16.319.013 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогч амь насаа алдсан байх тул 36 сарын тэтгэмж 64.800.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 95.150.000 төгрөгийн нэхэмжлэл тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Ааас 6.907.117 төгрөг, иргэний хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компаниас 6.907.117 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сд олгох нь зүйтэй гэж үзсэн.
Үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогч амь насаа алдсан байх тул 36 сарын тэтгэмж 64.800.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 95.150.000 төгрөгийн нэхэмжлэл тус тус гаргасан байх боловч энэ талаархи баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Харин шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн банкны цалингийн зээлийн төлбөрт 16.319.013 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг, Зуунмод сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Аын зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 6.907.117 төгрөг, иргэний хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компаниас 6.907.117 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сд олгож, цалингийн зээлийн төлбөрт 16.319.013 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 36 сарын тэтгэмж 64.800.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 95.150.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН