| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2026/0040/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/65 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/65
2025 12 26 2026/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Д.Аззаяа,
шүүгдэгч: С.П. нар оролцсон эрүүгийн 2506000003725 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х. овогт С.ын П. /.../
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхон, ...-... тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.П. нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, “Э.” спорт цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг солонгос хоолны газарт иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч болох ... дүүргийн Цагдаагийн газрын ... хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ж.ын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.П.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.П. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2506000003725 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Ж.ын мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Э.Э.ы мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13507 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-31/,
С.П.ийн хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 36-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч С.П. нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, “Э.” спорт цогцолборын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг солонгос хоолны газарт иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч болох ... дүүргийн Цагдаагийн газрын ... хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ж.ын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж, эсэргүүцсэн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Б.Ж.ын өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, “Э.” спорт комплексийн 1 давхрын солонгос хоолны газарт согтуу хүмүүс агсам тавиад хэл амаар доромжлоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу жолооч, цагдаа Э.Э.ы хамт очиж шалгахад 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс байсан. Тухайн хүмүүсээс юу болсон талаар асуухад С.П. нь над руу чиглээд “яв хулгайчууд аа, барьж ав, лалрууд минь, чамд үүнээс өөр хийх ажил байхгүй байна уу” гэж хэл амаар доромжлоход нь С.П.ийг тус хоолны газраас дагуулж гарах гэсэн боловч тавьсан шаардлага эсэргүүцэхээр нь гав хэрэглээд, тухайн хүний зүүн гарт гавыг зүүхэд босож ирээд миний эмзэг эрхтэн рүү 1 удаа өвдөглөж, өвдөж тонгойход нүүр лүү 1 удаа өшиглөж танхайрсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Э.Э.ы өгсөн “...Б.Ж. гавлах гэхэд нөгөө хүн гараа атгаад “үзэх юм уу” гээд босоод ирсэн. Тэгээд Б.Ж.ыг баруун хөлөөрөө төмсөг хэсэгт нь 1 удаа өвдөглөсөн. Б.Ж. өвдөглүүлчихээд хойш ухраад тонгойход нь баруун хөлөөрөө баруун шанаа хэсэгт нь 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13507 дугаартай “Б.Ж.ын биед уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Иргэн С.П. нь эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ж.ын эмзэг эрхтэний хэсэгт өвдгөөрөө өвдөглөж байгааг харуулав. Улмаар Б.Ж.ыг тонгойсон байдалтай байхад нь баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөж буй байдлыг харуулав.” гэх тэмдэглэл /хх-ийн 26-28/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.П. нь шаардлага тавилаа гэх шалтгаанаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж зодсон үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
“Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн байхыг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч С.П. нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж буй эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэй болохыг мэдсэн, мэдэх ёстой байхад тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хууль сахиулагч Б.Ж.ын эрх хэмжээнд халдсан санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэсэн нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.П.оос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч С.П.ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогчоос баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч С.П.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.П. нь дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч С.П.ид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч С.П. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.П.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х. овогт С.ын П.ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П.ийг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П.ид оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.П.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН