| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2026/0046/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/73 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | О.Дэлгэрцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/73
2025 12 30 2026/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: О.Дэлгэрцэцэг,
шүүгдэгч: Д.Б. нар оролцсон эрүүгийн 2511000002135 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө. овогт Д.гийн Б. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... аймагт ачааны машин барьдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б. нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод хохирогч Г.Б.тэй маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогч гэрийн довжооноос унаж, баруун хөлийн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Д.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2511000002135 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Б.гийн мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч О.Б.гийн мэдүүлэг /хх-ийн 16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14269 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-21/,
Д.Б.ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 41/,
Д.Б.ын хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 44-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Д.Б. нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хохирогч Г.Б.тэй маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогч гэрийн довжооноос унаж, баруун хөлийн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Г.Б.гийн өгсөн “...Тэгтэл Д.Б. “чи найзыгаа өмөөрлөө, гараад ир” гэж хэлээд намайг байшингийн довжоо хэсэг дээр авч гарсан. Тэр үгийн зөрүүгүй хөл рүү өшиглөсөн. Тэгтэл би байшингийн довжооноос унаад, буцаж босох гэтэл чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч О.Б.гийн өгсөн “...Тэр намайг “Н.ын гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Би тухайн өдөр Н.ын гэрт очтол Д.Б., Н., Г.Б., О., Н., С. нар байсан. Бид нар нийт 3 шил архи уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14269 дугаартай “Г.Б.гийн биед баруун хөлийн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 19-21/,
Д.Б.ын сэжигтнээр өгсөн “...Би Г.Б.г гэр дотор “та больчих” гэж хэлээд хөлөөрөө дэгээдээд хойш түлхсэн. Г.Б. гэрийн үүдэнд унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б. нь найзыгаа өмөөрлөө гэх шалтгаанаар Г.Б.г довжооноос түлхэн унагааж, баруун хөлийн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй далд хугарал үүсгэж, хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүнд гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Д.Б. нь хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Г.Б.гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгчээс 3.000.000 төгрөг төлсөн /хх-ийн 72/ ба хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардал 49.000 төгрөгийг мөн төлсөн /хх-ийн 71/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Б.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Б. нь бүрэн бус дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Б.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Д.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө. овогт Д.гийн Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН