Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1193

 

                                                                    

          “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/001022 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “К банк”       ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 250 464 535 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “К банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Э-тай 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 3012-2017/100 дугаартай 200.000.000  төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалттай жилийн 25,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зориулалтаар тухайн өдрөө үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү2206052820 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден, Их Монгол гудамж, 320 дугаар байрны 601 тоотын 138,4 мкв 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 13120 төгрөг, үндсэн хүүгээс 47 292 739 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 11-ний дуусгавар болсон. Зээлийн гэрээний үүрэгт 240.665.287 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т зааснаар нэмэгдүүлж, үндсэн зээлд 199.986.898 төгрөг, зээлийн хүү 43.249.179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.228.458 төгрөг, нийт 250.464.535 төгрөг нэхэмжилж байна. Уг үүргийг биелүүлээгүй тохиолдол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Э болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Булганы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг хариуцагч дангаар аваагүй хамтран зээлдэгч байгаа. Хамтран зээлдэгчийн хамт барилгын ажил гүйцэтгэсэн байгаа. Барилгын ажил гүйцэтгэхээ банкинд хэлж байсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан журмын дагуу зээлийг олгох ёстой. Гэтэл зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар биш хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэгчийн зээлийн нөхцөл байдлыг судлалгүйгээр олгосон нь эргэлзээтэй. Хамтран хариуцагчаар хамтад нь төлүүлмээр байна. Ц.Э  уг зээлийг ганцаараа аваагүй учир ганцаараа төлөхгүй гэсэн тайлбар гаргаж байна. Гуравдагч этгээдийн зүгээс үндсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ учир барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э  /РД:ЧИ87051537/-аас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3012-2017/100 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 216.161.434,27 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К  банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34.303.100,73 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхтулга нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.603.216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-аас 1.238.757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К  банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус зээлийн хөрөнгийг хамтдаа хүлээн авч, хамтдаа барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн Ц.Э-д холбогдуулан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу үр дагавар үүсч тус зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүү, анз төлөх хууль зүйн үндэслэлгүй гэдгийг шүүх харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус тул үүргийн гүйцэтгэлийг хангах үндсэн шаардлагыг биелүүлэх эрх зүйн үр дагаварыг үүсгэхгүй юм. Иргэний хуулийн 56.5 дах хэсэгт заасны дагуу зээлсэн 200.000.000 төгрөг болох зээлийн үндсэн төлбөр үндсэн зээлд төлсөн 13.120 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 47.292.739 төгрөгийг тус тус хасч 152.694.141 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, илүү төлөхөөр шийдвэрлэсэн 63.467.293 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Банк нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа өрийн үлдэгдэлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.1 болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дах хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл банкны зээлийн үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг. Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т "зээлийн хүү 27,6 хувь", 3.1.4-д "нэмэгдүүлсэн хүү гэж төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хүүг" гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцон авах эрхтэй юм. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК хариуцагч Ц.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 250 464 535 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Ц.Э болон хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Наранбаяр нартай 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 3012-2017/100 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ц.Э-д 200 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй  зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон байна./ хх-ийн 45 /

            Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ц.Э, Ц.Булган нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден их монгол улс гудамж 320 дугаар байр, 601 тоотод байршилтай, 138,4 м.кв талбай бүхий, Ү-2206052820 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан 2017-08-11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 3012-2017/100 тоот гэрээг, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 3012-2018/44 дугаартай гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулж улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 11-13, 46/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хариуцагч нь зээл, зээлийн хүүнд 47 305 840 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын       14-ний өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ганцаараа зээл аваагүй, хамтран зээлдэгч байхад хамтран зээлдэгчийг хариуцагчаар татан оролцуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөн банкинд 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаснаар гэрээ цуцлагдаж  үүнээс хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэггүй гэж тайлбарласан  нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүүд 55 200 000 төгрөг, нийт 255 200 000 төгрөгийн үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 47 318 941 төгрөгөөс 13.101.73 төгрөгийг үндсэн зээлээс хасч  үндсэн зээлийн үлдэгдэл 199 986 898,27 төгрөг болсон талаар хариуцагч тал маргаагүй ба гэрээний хугацаа 7  сар 28 хоног хэтэрсэн байхад  анхан шатны шүүх ямар үндэслэлээр  үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд 9 025 668 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 7 148 868 төгрөг тус тус тооцож, нийт 216 161 434,27 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч “К банк” ХХК хариуцагч Ц.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 199 986 898 төгрөг, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү 43 249 179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 228 458 төгрөг, нийт 250 464 535 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин шүүх барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден Их монгол улс гудамж, 320-р байрны 601 тоот хаягт байршилтай, 138,4 м.кв талбайтай,   Ү-2206052820 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрт нэрлэн заагаагүй орхисон байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, үндсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/001022 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Э-аас 250 464 535  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгосугай” гэж, 2 дах заалтыг  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э-аас шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлд  барьцаалагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ривер гарден Их монгол улс гудамж, 320-р байрны 601 тоот хаягт байршилтай, 138,4 м.кв талбайтай, Ү-2206052820 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 3 дах заалтын “1 238 757” гэснийг “1 410 272.68 ” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 457 287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс төлсөн 329 466 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ