Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогч Ж.Баттөгс,

шүүгдэгч Г.Алтантуул, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гомбодоогийн Алтантуулд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010652 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Гомбодоогийн Алтантуул, 1966 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгч Г.Туулын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114 дүгээр байрны 37 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын зарим болох 5 жил 4 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 5 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, улсаас авсан гавъяа шагналгүй, ХВ66041904 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Г.Алтантуул нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд Ж.Баттөгстэй уулзахдаа өөрийгөө Солонгос компанид менежер хийдэг, Солонгос улс руу эмчилгээний визээр 3 сарын хугацаатай гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 /таван сая/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5133056218 дугаарын дансаар авч итгэл эвдэн залилан мэхлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Алтантуул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 оноос эхлэн Солонгосчуудтай хүмүүнлэгийн тусламжаар эмч нартай хамтарч ажилласан. 2016 онд Баттөгсийн ах Батцогттой танилцсан.  Батцогт манайд ирж хонож өнжөөд найз нөхөдтэйгөө уулзаад явдаг байсан. Батцогт надад “манай дүү Солонгос улс руу гадагшаа явах гэж байгаа виз гаргах боломж байна уу” гэж асуусан. Тэгээд эмч нартай ярьж нэг хүн Солонгос улс руу явуулах гэсэн юм аа гэсэн чинь надад мейл хаяг өгсөн. Тэр мейл хаягийг Баттөгсөд өгөхөд тэр мейл хаягаар материалаа өгсөн. Тэгээд надад эмч нар өвчний шалтгаанаар виз гарна гэж хэлсэн. Тийм болохоор 4 билүү 5 сая төгрөг байршуулж өвчний шалтгаанаар виз гарна гэсэн. Тэгээд Чой эмчид хэлээд чи 5 сая төгрөгийг байршуулаад авчих над руу вон болгож  шилжүүлээрэй гэсэн. Тэгээд Чой эмч энд үзлэгээр ирэхэд 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 500.000 төгрөгийг өгөөгүй. Би Баттөгсөд туслая гэж бодоод ийм байдалд орсон” гэв,

Хохирогч Ж.Баттөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Солонгос улс руу виз хөөцөлдөх гээд Алтантуул гэж хүнд мөнгө өгсөн. Манай төрсөн ахыг таньдаг байсан. Эмчилгээний журмаар виз гаргаж өгнө гэж хэлсэн. Энэ хүн Солонгос компаний менежер хийдэг гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 5 сая төгрөг өгсөн. Энэ хүн эхлээд миний хувийн дансаар шилжүүлж авдаг гэсэн. Тэгээд би хувийн данс руу нь шилжүүлсэн. Дараа нь яасан бэ гэж асуухад 5 сая төгрөг биш 5 сая вон юм  байна гэсэн. Монгол мөнгөөр бодоход 10.500.000 төгрөг болсон. Би үлдсэн мөнгийг нь 10 хоногийн дараа ахиад шилжүүлсэн. Би мейл хаягаар материал явуулсан боловч хариу ирсэн зүйл байхгүй. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна, гомдолтой.” гэв.

Хохирогч Ж.Баттөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Г.Алтантуул “эгч нь Солонгос компанид менежер хийдэг Баттөрийн дүү нь гээд хэлчихвэл хурдан явуулна” гэхээр нь “өө тиймүү” гээд ярилцсан. Би ярилцаж асуухад Солонгос компанид менежер хийдэг асуудалгүй гэхээр нь итгэсэн. Тэгэж байгаад тэр өдөр тарцгаахад миний гадаад паспортыг авч үлдээд цээж зураг, банкны тодорхойлолт зэрэг зүйлүүдийг бүрдүүлж өгөөрэй гэхээр нь маргааш нь бүрдүүлж өгсөн. Маргааш нь уулзаад ярилцахад өөрийнхөө хаан банкны дансны дугаарыг надад бичиж өгөөд 5 сая төгрөг шилжүүлчих би чамайг эмнэлгийн журмаар 3 сарын хугацаатай явуулж өгнө, одоо Солонгос эмч нар ирнэ тэд нар ирээд явахдаа чамайг аваад явна гэж хэлсэн. Би дансны дугаарыг нь авсаны дараа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөг Г.Алтантуулын данс руу шилжүүлсэн.Хэд хоног ярихгүй байхаар нь би утсаар ярьж байгаад очиж уулзахад 5 сая төгрөг биш 5 сая вон юм байна гэхээр нь тэгвэл би яах ёстой вэ гэхэд 2.10-аар бодоод шилжүүлчих гэсний дараа тэр өдрөө 5 сая 500 мянган төгрөг дахин Г.Алтантуул эгчийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш одоохон явуулна гэсээр байгаад одийг хүрлээ. Өөрийгөө Солонгос компаний Монгол дахь менежир хийдэг гэж байсан...” гэсэн мэдүүлэг.  /хх-13/

Гэрч С.Бүжмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Г.Алтантуулыг хэрэгт холбогдсон талаар өөрөөс нь сонсоогүй. Батцогт гэх хүн надлуу залгаад 10.500.000 төгрөг авсан гэж ярьж байсан. Алтантуул өөрөө надад хэлэхдээ нэг хүн солонгосруу гарах гэж байтал нөгөөх нь бүтэхгүй болоод ийм байдалд хүрсэн гэж ярьж байсан. Алтантуул эрхэлсэн тодорхой ажилгүй...’’ гэсэн мэдүүлэг. /хх-14/,

 

Гэрч Ж.Батцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…баттөгс солонгос явхаар хөөцөлдөж байгаа талаар ярьхад Г.Алтантуул би солонгос улсын эмч нартай хамтран ажиллаж байгаа. Баттөрийн дүү гэхээр явуулчих байх этчилгээний журмаар явуулчихна очоод ажил бэлэн гэх мэтэчлэн ярсан…” гэсэн мэдүүлэг. /хх-54/,

 

Яллагдагч Г.Алтантуул мэдүүлэхдээ “…Батцогт надтай нэг өдөр уулзаад манай дүү Баттөгсөд виз гаргаад өгөөч гэсэн тэрнээс өмнө надаас хэдэн удаа виз гаргаад өгөөч гэж гуйж байсан. …Баттөгс би мөнгийг байршуулчихъя та дансаа өгөөч гэхээр нь өөрийнхөө 5133056**** дугаарыг өгөхөд 2016 оны 11 сарын 14-ний өдөр миний дансруу 5 сая төгрөг хийсэн. Баттөгсийн эхний хийсэн мөнгөө дансанд байж байхад би визийг нь хүнуус асуухад 4 сая вон буюу 8 сая орчим төгрөг болдог гэж хүн хэлэхээр нь Баттөгсөд дансандаа 10.500.000 төгрөг байршуулах хэрэгтэй юм байна гэж хэлсэн. 5.500.000 төгрөгийг Баттөгс миний данс руу шилжүүлсэн. Би тухайн үед бизнес хийгээд хэдэн булган шуба зарж байхад мөнгө хэрэг болоод байсан учир Баттөгсийн өгсөн мөнгийг авч бизнесдээ хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх20-23/,

 

Мөнгө шилжүүлсэн баримт /хх-8/, Хохирогч Ж.Баттөгсийн мэдүүлэг /хх12-13/, гэрч С.Бүжмаагийн мэдүүлэг /хх14-15/, ажмгтэн Г.Алтантуулын мэдүүлэг /хх-20/, яллагдагч Г.Алтантуулын мэдүүлэг /хх22-23/, ял шалгах хуудас /хх-24/, шүүхийн шийтгэх тогтоолууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.Алтантуул нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд Ж.Баттөгстэй уулзахдаа өөрийгөө Солонгос компанид менежер хийдэг, Солонгос улс руу эмчилгээний визээр 3 сарын хугацаатай гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 /таван сая/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5133056218 дугаарын дансаар авч итгэл эвдэн залилан мэхлэсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Алтантуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Алтантуулд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Алтантуул нь хохирогч Ж.Баттөгсөд 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Г.Алтантуулаас гаргуулж хохирогч Ж.Баттөгсөд олгохоор шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Г.Алтантуулд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  Г.Алтантуул урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан /2 удаа/,  хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгөөгүй зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Алтантуулд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Гомбодоогийн Алтантуулыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Г.Алтантуулаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Алтантуулд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтантуулын урьд цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтантуулын ар гэрийн хувьд ногдох хөрөнгөнөөс нийт 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч  Ж.Баттөгсөд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Алтантуулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР