Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/53

 

Ц.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.П-д холбогдох 2129000000090 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор О.Батнасангийн эсэргүүцлийг үндэслэн  2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Ц. П,

Шүүгдэгч Ц.П нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын уурхайгаас урагш 35 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг ХХК-иас итгэмжлэн хариуцаж авсан 354 литр түлшийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр завшиж, 789.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Ц.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.П-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Ц.П нь 789420 төгрөгийн үнэ бүхий 354 литр түлшийг хохирогч  ХХК-д буцаан өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.

Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамрагдаж хэрэгсэхгүй болгогдох хэргүүдийг зааглаж өгсөн байна.

Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэх гэмт хэргийг үйлдсэн ба “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д багтаж, шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өршөөлд хамрагдахаар байна.

Гэвч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлсэн нь шүүх Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Гэтэл Эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан хорих ялаас нь хасах зохицуулалттай. Гэтэл шууд хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тиймээс өршөөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор О.Батнасангийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бичсэн 24 дугаартай эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ц.П нь Өмнөговь аймгийн дэвсгэр нүүрс тээврийн авто замын уурхайгаас урагш 35 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг ХХК-иас итгэмжлэн хариуцаж авсан 354 литр түлшийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр завшиж, 789420 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч Ц.П-н үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн тул Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэсэн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хяналтын прокурор О.Батнасангийн эсэргүүцэлд “Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэмт хэргийг үйлдсэн ба “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д багтаж, шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өршөөлд хамрагдахаар байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлсэн нь Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” үндэслэл нь  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасантай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс  хорих ял оногдуулаагүй учир түүнийг хорих ял эдэлж байгаа ялтан гэж үзэх үндэслэлгүй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл нь “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” заалт бөгөөд мөн хуулийн, мөн зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм  буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаас үзэхэд яллагдагч Ц.П нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-53/ гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-н 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...жолооч Ц.П-н авсан гэх түлшийг манай компани буцааж авсан болохоор ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-22/ гэсэн мэдүүлгүүдээр Ц.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэхдээ утга найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөхөөр тогтов.

Иймд хяналтын прокурор О.Батнасангийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-тзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хяналтын прокурор О.Батнасангийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлсүгэй” гэснийг “эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

 

                                   

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ