Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2017/0469

 

Г.Баяраагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагч С.Гантулга, гуравдагч этгээд Ж.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Минжирмаа нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Баяраагийн  нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2 дахь хэсэгт заасныг баримтлан Nortbenz ND3310DSAJ маркийн 0778 ГАА улсын дугаартай /арал№LBZF56FB67A016923/, ногоон өнгийн өөрөө буулгагч авто машин, тэвш /арал№LA8GFL10080000392/-тэй автотээврийн хэрэгслийг Х.Мөнхбатад шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ж.Золзаяа давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Г.Баяраа нь миний талийгаач нөхөр Х.Мөнхбаттай хамтарч HOWO маркийн автомашин, чиргүүлийн хамт худалдан авсан гэж маргаж байгаа. Миний нөхөр Х.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сард бусдын гарт амиа алдаж, миний бие насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт үлдсэн. Гэтэл миний нөхөр нас бараад 7 хоноогүй байхад Г.Баяраа нь дээрх автомашины өмчлөгч болохоо тогтоолгохоор Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие өмчлөгч мөн эсэхтэй маргах манатай, уй гашуундаа дарагдсан байсан тул зөвхөн өвийн асуудлыг шийдвэрлэх хугацаа болоогүй гэдгээ хэлж, цаг нь болохоор болно гэсэн боловч шүүх Г.Баяраагийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр өдийг хүртэл маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Дээрх автомашины өмчлөгч болохоо тогтоолгох ногдох хувиа гаргуулах тухай иргэн Г.Баяраагийн нэхэмжлэлтэй, Ж.Золзаяа надад холбогдох иргэний хэрэг одоо Улсын Дээд шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд уг хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчиж шийдвэр гаргажээ. Өмчлөгчийг тогтоосноор улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль ёсны эсэх нь тодорхой болно.

Ж.Золзаяа миний бие 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод ирж эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж өвөлжсөн бөгөөд надад Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдэл ирэхэд нь дээрх үндэслэл, шалтгаанаа бичиж тайлбар явуулсан. Харин заавал хүсэлт болгож явуулах байсан эсэхийг би мэдэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн холбогдох заалтаас үзвэл хэрвээ миний тайлбарын дагуу нотлох баримтыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн бол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлэх байсан гэж ойлгож байна.

Ер нь бол маргаж байгаа эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болох, өмчлөгчөөр бүртгүүлсэн этгээд нас бараад удаагүй байгаа байдал, нэхэмжлэгч этгээд хамтран худалдаж авсан эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа гэж  үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь ойлгомжгүй байна.

Иргэн Г.Баяраа нь “бүртгэлийг илт хууль бус болох тул бүртгэлийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасан байх ба Г.Баяраагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл хүчингүй болгох байтал илт хууль бус гэдгээ өөрөө урьдчилан тогтоогоод дараа нь хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шийдвэрлэх ёстой байсан.

Нэхэмжлэгч Г.Баяраа нь манай талийгаач нөхөртэй хамтран автомашиныг худалдан авсан гэдэг боловч мөнгөө хувааж гаргасныг би мэдэхгүй, энэ нөхцөл байдлыг улсын бүртгэл хийлгэсний дараа тогтоолгохгүй байж байгаад насны барсны дараа хамтран өмчлөгч байсан мэтээр асуудлыг хөндөж байгаа атлаа манай нөхрийн нэрийг бүртгэлээс хасуулах гэж оролдож байгаа нь ойлгомжгүй байна. Ер өмчлөгчийн талаар эргэлзээгүй болсон тохиолдолд ч улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй, бүртгэлд хамтран өмчлөгч гэдэг тэмдэг тэмдэглэгээ байдаг бол нэмүүлж бичүүлэх боломжтой, ямар ч тохиолдолд миний талийгаачийн нэрийг хасах, арилгах үндэслэлгүй. Хөрөнгөө гаргаад худалдаж авсныг ямар ч тохиолдолд үгүйсгэж чадахгүй. Миний бие албан ёсоор өв залгамжлагч болж, хөрөнгийн өв залгамжлалын гэрчилгээ бичигдсэнээр нэхэмжлэгч Г.Баяраа нь хамтран өмчлөгч гэдгээ тогтоолгох бүрэн боломжтой, хууль шүүхээ хүндлэн шийдвэрийг биелүүлэх учиртай.

Өмчлөгчөөр бүртгэгдсэн хүн нь нас бараад хэдхэн сар болж байхад “Үхсэн хүн үг хэлдэггүй”-г далимдуулан нас барсан хүний өмчийн бүртгэлийг хүчингүй болгох нь хуулийн энэрэнгүй, шударга ёсонд хэрхэвч таарахгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Баяраа “...миний хөрөнгө хоршиж авсан Nortbenz маркийн 07-78 ГАА улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус гэж үзэж, уг бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Улмаар нэхэмжлэгчээс “...би 2012 онд Х.Мөнхбаттай хамтарч автомашин, чиргүүлийг иргэн Х.Цэрэнпилээс худалдан авч, гарсан зардлаа хасаад ашгаа хуваан авч байсан. Гэтэл Х.Мөнхбат надад хэлэлгүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэгчтэй хуйвалдаж, дээрх тээврийн  хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, Хас банкинд барьцаалан, 60 сая төгрөгийн зээл авсныг түүнийг нас барсны дараа нь мэдлээ. Анх автомашиныг чиргүүлийн хамт авахдаа бүртгэлийг хэрхэн хийлгэх тухай М.Гантөмөртэй талийгаач Х.Мөнхбат бид 2 ярилцаж тохирсон асуудал байсан. Автомашин болон чиргүүлийг бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомж зөрчиж хийгдсэн нь тодорхой байна” гэж, хариуцагчаас “...манай байгууллага 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийг М.Гантөмөрийн нэр дээрээс Х.Мөнхбатын нэр дээр шилжүүлсэн. Энэ тээврийн хэрэгслийг шилжүүлэн бүртгэсэн асуудалд Г.Баяраа ямар ч хамааралгүй” гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан АЯ0249240 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Nortbenz ND3310DSAJ маркийн 07-78 ГАА улсын дугаартай автомашины эзэмшигч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Мягмаржавын Гантөмөр байх бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт”-аар М.Гантөмөрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Хандцэрэнгийн Мөнхбатад дээрх өөрөө буулгагч автомашиныг чиргүүлийн хамт шилжүүлэн бүртгэж, Х.Мөнхбатын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгосон байна.

“Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт”-ын тээврийн хэрэгслийг шилжүүлсэн иргэний бүртгэлийн хэсэгт Ургийн овог Амгалан тойн, Мягмаржавын Гантөмөр, регистрийн дугаар ДЮ75021074, гэрийн хаяг Говь-Алтай аймаг, Есөнбулаг 1-р баг, Баянхайрхан оюу 2-р байр 1 тоот гэсэн бичилт хийгдэж, шилжүүлсэн хүний гарын үсэг дээр Гантөмөр гэсэн байх боловч М.Гантөмөр шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “…би уг тээврийн хэрэгслийг Х.Мөнхбатад шилжүүлээгүй…” гэжээ.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална гээд 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө” гэж заасан байтал хариуцагч Говь-Алтай аймгийн Автотээврийн төв 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн бүртгэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн болох нь тодорхойгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий тээврийн хэрэгсэл анхнаасаа хэний эзэмшил, өмчлөлд байсан, Х.Мөнхбатад хэрхэн шилжсэн зэргийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй байхад анхан шатны шүүх “дээрх автомашиныг чиргүүлийн хамт М.Гантөмөр өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад Х.Мөнхбатад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасантай нийцээгүй байна.

Мөн Зам, тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 3.1-д авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ ямар бичиг, баримтыг үндэслэн бүртгэхийг нэг бүрчлэн заасан байх тул бүртгэл хийхдээ тухайн үед талуудаас гаргасан баримтыг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь ...автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байх ба нэхэмжлэгч талаас автотээврийн хэрэгслийг шилжүүлсэн бүртгэлтэй холбогдуулан маргаж байх тул автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхэд тавигдах шаардлагуудыг шалгасны эцэст тухайлбал, автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт, шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт зэрэг бүртгэл хийгдэхэд зайлшгүй үндэслэсэн байх баримт бичгүүдийг холбогдох байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН