Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 103

 

“Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:    Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0011 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Заантогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхтуул, Т.Номин-Эрдэнэ нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0011 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтохын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох гомдолдоо: ... 1992 оны хуулийн болон 2008 оны хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт өөр байгаа. 1992 оны Татварын ерөнхий хуулийн  13 дугаар зүйлийн 13.2-д “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж ямар ч ялгамжгүй бүгд хөөн хэлэлцэх хугацаатай байхаар заасан. Харин 2008 оны Татварын ерөнхий хуулиар “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа байна, татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заагласан. Гэтэл 1992 оны хуулиар татвар төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахаар нийтлэг зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх нэгэнт тогтоогдсон татварт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж 1992 оны Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-ыг буруу хэрэглэсэн.

4. Татвар төлөгчийн татвар төлөх үүрэг дуусгавар болох тухай зохицуулалтыг мөн буруу хэрэглэсэн. Татвар төлөх үүрэг үүснэ гэдэг нь татвар ногдуулсан байж л татвар төлөх үүрэг үүснэ. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн агуулга ч гэсэн бүгд татвар төлөхөөр үүрэг үүссэн, түүний дараа тухайн татварыг төлөх үүрэг дуусах тухай зохицуулалт байдаг. (10.1 Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно: 10.1.1 тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон; 10.1.2 тухайн төрлийн татварыг төлж дууссан; 10.1.3 татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн; 10.1.4 татвар төлөгч хувь хүн нас барсан буюу нас барсанд тооцогдсон; 10.1.5 татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан.) Давж заалдах шатны шүүх тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсоноор татвар төлөгчийн үүрэг дуусгавар болох гэдгийг хууль хүчингүй болсноос хойш татвар оногдуулахгүйг ойлгоно гэж тайлбаррласан. Гэтэл хууль хүчингүй болцон бол мэдээж ямар ч татвар төлөх тухай асуудал үүсэхгүй. Харин хуулийн энэхүү зохицуулалт нь тухайн төрлийн татварыг оногдуулсан хууль нь хүчин төгөлдөр байхад татвар төлөхөөр үүрэг үүссэн, түүний дараа хууль хүчингүй болохыг ойлгосон зохицуулалт.

5. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0011 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь өөрийн 2007-2008 онд хамаарах орлогоос Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай (2006) хуулийн дагуу “алтны үнийн өсөлтийн” албан татварт 3,548,970,100 төгрөг, хувь хүний орлогын албан татварт (суутган төлөх) 47,129,000 төгрөг тус тус төлөхөөр татварын ногдуулалт, төлөлтөө тайлагнасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 953 дугаар шийдвэрээр “... “Ж” ХХК-иас 3,566,149,600 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгуулах”-аар шийдвэрлэсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            8. Нэхэмжлэгчээс “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... /1992 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байхад үүссэн татварын өр төлбөр нь/ уг хуулийн 13.2..., 11.1-д ...  зааснаар  “Ж” ХХК-ийн 2007-2008 онд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын төлөөгүй өр 3,566,149,600 төгрөг ... нь 1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах ёстой, хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дууссан, мөн  Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль хүчингүй болсон байх тул татвар төлөгчийн үүрэг дуусгавар болох ёстой ... /байхад / татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “... хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэхгүй, ... тухайн маргаан өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор шийдвэрлэгдэнэ, ... иргэний шүүхийн 2009 оны 953 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа /тул/ ... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.

            9. Татварын ерөнхий хууль (2008)-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “...тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон .../тохиолдолд татвар төлөх үүрэг дуусгавар болох/”-оор заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай (2006) хууль батлагдсан 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс уг хууль хүчингүй болсонд тооцогдсон 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “алтны үнийн өсөлтийн” албан татвар төлөх үүрэгтэй гэж үзнэ, хууль хүчингүй болсонд тооцогдсон өдрөөс хойш татвар төлөгчийн уг үүрэг дуусгавар болохоор байх тул хууль хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2007-2008 онуудад үүссэн “Ж” ХХК-ийн төлөөгүй “алтны үнийн өсөлтийн” албан татвар төлөх үүргийг уг хуулийн үйлчлэлд хамааруулж “татвар төлөх үүрэг дуусгавар болсон” гэх үндэслэлгүй, “... татвар төлөгчийн татвар төлөх үүрэг дуусгавар болох тухай зохицуулалтыг буруу хэрэглэсэн” гэх  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

            10. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-иас 3,566,149,600 (гурван тэрбум, таван зуун жаран зургаан сая, нэг зуун дөчин есөн мянга, зургаан зуу) төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул захиргааны хэргийн шүүхээс хүчин төгөлдөр өөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн бусдад төлөх ёстой өр төлбөрийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр биелүүлэх үүргийг дуусгавар болгох боломжгүй юм.          

11. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын ерөнхий хууль (1992)-ийн 13 дугаар зүйлийн 2-т “... татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэсэн нь шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбогдсон харилцаанд хамааралгүй, энэ үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх /уг/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-ыг буруу хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлгүй гэж үзлээ.

12. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0011 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтохын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА