Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02440

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02440

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Х овогт З.Б /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,, "АПЛ" ХХК/РД:, гүйцэтгэх захирал Б.Ц/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,*******,, байрлах, "ХХБ" ХХК/РД:, гүйцэтгэх захирал О.О/,

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов. Хариуцагч "АПЛ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь хариуцагч компанитай 2011 оны 09-р сарын 06-ны өдөр анх гэрээ байгуулсан бөгөөд түүнээс хойш 11 жил өнгөрсөн юм. Орон сууцны төсөл маш их удааширсан ба хариуцагчийн тавьж ирсэн санал болгонд хүлээцтэй хандан, харилцан тохиролцож, гэрээгээ өөрчлөн тэвчээртэй хүлээн, 2018 оны 10-р сарын 08-нд орон сууц хүлээлгэн өгөх акт үйлдэн, ОР-609 тоот байрыг хүлээн авсан. Энэ өдрөөс хойш орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй, өмчлөх эрх нь зөрчигдөж ирсэн. 

Гэрээний захиалагч тал болох З.Б нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, төлбөрөө 100 хувь төлж, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлсөн учир 2018 оны 12-р сарын 28-ны өдөр 496,823,276 төгрөг бүхий НӨАТ-ын баримтыг "АПЛ" ХХК нь гаргаж өгсөн. Гэвч гэрээний 4(b)заасан ёсоор ...гүйцэтгэгч захиалагчийн хууль ёсны өмчлөх эрхийг баталгаажуулахаар Эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл гаргана..., 4.4(а) Захиалагч эцсийн төлбөрийг төлсөн өдрөөс хойш гүйцэтгэгч нь 10 хоногт багтаан орон сууц болон гаражийн талбайг захиалагчийн нэр дээр бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргана гэсэн заалтыг хариуцагч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3...хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.... гэж заасны дагуу төлөөлүүлэгчийн маань хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байгаа тул тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: З.Б нь хариуцагч компанитай 2011 оны 09-р сарын 06-ны өдөр анх гэрээ байгуулсан бөгөөд түүнээс хойш 11 жил өнгөрсөн юм. Тус хугацаанаас өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн орон сууцыг хүлээж аваагүй байгаа тул 2022 оны 09 сард өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч "АПЛ" ХХК-иас нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч гэдэгтэй маргахгүй байгаа талаар хариу тайлбар ирсэн. 

Иймд Сүхбаатар дүүргийн**************, автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг "АПЛ" ХХК даалгаж өгнө үү.

"ХХБ" ХХК нь гэрээ байгуулсан талаар мэдсээр байж зээлийн гэрээ байгуулж барьцаанд авсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Барьцаанд байгааг мэдсэн бол нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан. Улсын бүртгэлд гэрээгээ бүртгүүлэх гэрээний дугаарыг оруулах ёстой. Сүүлд ирсэн лавлагааг нь харахаар зарим мэдээл нь дутуу харагдаж байсан. Энэ талаар шүүх дүгнэлтээ өгөх байх. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч "АПЛ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "АПЛ" ХХК нь нэхэмжлэгчтэй 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн*******,*******инд байрлах Олимпик Резиденс үйлчилгээтэй, орон сууцны барилгад орон сууц, гараажийн хамт захиалсан ба нийт төлбөр нь 534,072,500 төгрөгийг төлөхөөр тохирсон. Харин манай компанийн зүгээс захиалагчид төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн ба уг төлбөр 496,823,276 төгрөгийг бүрэн төлсөн.

Барилга 2018 онд ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан бөгөөд гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч акт үйлдсэн.

Манай компанийн хувьд нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгч мөн эсэхтэй маргахгүй бөгөөд гагцхүү дараах хүчин зүйлсийг харгалзаж үзээсэй хэмээн хүсэж байна.

Тодруулбал, барилгын санхүүжилтийг шийдвэрлэхтэй холбогдуулан "ХХБ" ХХК-аас зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд барилга нь бүхэлдээ барьцаанд байгаа болно.

Уг зээлийн төлбөрийг бид банктай харилцан тохиролцож зээлийн төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн байгаа бөгөөд уг төлбөрийг хугацаа тохирон бүрэн барагдуулж дуусахаар ажиллаж байна.

Ийнхүү дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгавар болсон нөхцөлд төлбөрөө бүрэн төлсөн захиалагчдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бид саадгүй гаргах боломжтой болно.

Иймд нэхэмжлэгчтэй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хугацаа тохирон эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгааг үүгээр уламжилж байна. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХХБ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу З.Б-ийн зүгээс урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж ҮХЭХ-г УБ-д бүртгүүлэх боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл эрхээ хэрэгжүүлээгүй, ХХБ-нд тухайн ҮХЭХ-г өөр этгээдэд худалдан борлуулсан талаар мэдээллийг "АПЛ" болон З.Б нарын хэн алинаас ирүүлээгүй байна. Үүнээс үзэхэд ХХБ-ны зүгээс хариуцагч нь нэхэмжлэгч З.Б-тай 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. 

Өмчлөгч солигдсон ч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардах эрхээ барьцаалагч хэрэгжүүлэхэд саад болохгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд уг бүртгэлийг үндэслэн "АПЛ" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн *******,,,*******,,, талбайтай орон сууц, граажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017.07.18-ны өдрийн ЗГ/СС170716007-4-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-р барьцаалсан болно. 

Иймд, "АПЛ" ХХК-иас "ХХБ" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ҮХЭХ-г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран "АПЛ" ХХК болон "ХХБ" ХХК-ийн хооронд байгуулсан хэлцэл, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байх агуулгыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Тухайн хөрөнгө барьцаалсан процесс нь анхнаасаа тухайн орон сууц нь бүрэн ашиглалтад ороогүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь баригдаж байх үеийн том зургаар гаргасан. Хэсэгчлэн гаргах боломжгүй болохоор орон сууц захиалсан бүх иргэдийн гэрээ нь авагдаад давхар барьцаалсан. 100 айл орох ёстой байлаа гэхэд 100 айл гэрээ байгуулаагүй захиалагчтай, захиалагчгүй гэсэн байсан. Өмчлөгч нь тухайн үед зээлийн гэрээгээ байгуулаад барьцааны гэрээ байгуулахад өмчлөгч нь хэн байсан нь хамаараалтай. Өөрийн өмчөө бусадтай худалдах худалдан авах гэрээ байгуулаад гэрээний үүргээ биелүүлээгүй байсан. Гэрээнээс татгалзах эрх нь барьцаалагч талд байсан. Тийм учраас банк зээлдүүлэгчид барьцаалсан. Банкны эрх ашгийг хөндөхгүй шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан З.Б-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн OR608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн Орон сууыг хүлээлгэн өгсөн тухай актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Орон сууцны гэрээний төлбөрийн нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "АПЛ" ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21/40 тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "АПЛ" ХХК-ийн НӨАТ-ын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан "АПЛ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн журмаар гаргуулсан 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн №ЗГ/CC161101001-2 дугаар Зээлийн гэрээ болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн №ЗБ/CC161101001-2-5 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн №ЗБ/CC161101001-2-10 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн №ЗБ/CC161101001-2-9 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн №ЗБ/CC161101001-2-7 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн №ЗБ/CC161101001-2-11 дугаар Зээлийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12-р сарын 14-ний өдрийн №ЗГ/CC161101001-2-1 дугаар Зээлийн нэмэлт гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000285395 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07-р сарын 18-ны өдрийн №ЗГ/CC170716007-4 Зээлийн гэрээ болон түүний Хавсралт №1-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07-р сарын 18-ны өдрийн №ЗБ/CC170716007-4-1 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №5/6144 албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХХБ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн № 11-983995 Лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Б хариуцагч "АПЛ" ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн*******, Олимпын гудамж, 609 тоот орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын өмчлөгч болохыг тогтоож, 609 тоот 173.7 м.кв орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "АПЛ" ХХК нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгавар болсон нөхцөлд төлбөрөө бүрэн төлсөн захиалагчдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бид саадгүй гаргах боломжтой болно гэх тайлбар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХХБ" ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчтай 608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Тус 608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий нөхцөл хэсэг болон 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь *******,*******, Олимпын гудамж буюу Газар эзэмших гэрчилгээ болон Газар эзэмшүүлэх тухай гэрээнд тус тус нарийвчлан заасан байршилд барьж байгаа барилгын 608 тоот, 173.7 м.кв талбайтай сууц болон барилгын зоорийн давхарт байрлах 1/нэг/ ширхэг авто машины зогсоолыг 2013 оны 3 дугаар улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь авто машины 1/нэг/ ширхэг авто зогсоолын үнэд 26,000,000/хорин зургаан сая/ төгрөгийг, 608 тоот, 173.7 м.кв талбайтай орон сууцны үнэд 508,072,500/таван зуун найман сая далан хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 534,072,500/26,000,000+508,072,500=534,072,500/ /таван зуун гучин дөрвөн сая далан хоёр мянга таван зуу/ төгрөгийг хариуцагчид хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээний нийт үнийн 40/дөч/ хувьтай тэнцэх 203,229,000/хоёр зуун гурван сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийг төлөхөөс нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг, 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 193,229,000/нэг зуун ерэн гурван сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийг, нийт 203,229,000/хоёр зуун гурван сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийг, 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хариуцагчид бүгд 496,823,276/дөрвөн зуун ерэн зургаан сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны гэрээний төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын баримтын хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн № 21/40 Тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн OR608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн OR608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ний нэмэлт өөрчлөлтийн гэрээний 1, 2-т зааснаар зохигчид барилгын В1 зоорийн давхарт байрлах 94 тоот авто машины зогсоолыг 87 тоот авто машины зогсоол болгон өөрчилсөн, 608 тоот байсныг орон сууц байсныг 609 тоот болгон өөрчилсөн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн OR608 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь сууц болон барилгын зоорийн давхарт байрлах 1/нэг/ ширхэг авто машины зогсоолыг нэхэмжлэгчид 2013 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууцыг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 87 тоот авто машины зогсоол болон 609 тоот орон сууцыг Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 87 тоот авто машины зогсоол болон 609 тоот орон сууцны нийт үнэ 534,072,500/таван зуун гучин дөрвөн сая далан хоёр мянга таван зуу/ төгрөгийг нийт 496,823,276/дөрвөн зуун ерэн зургаан сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг болгон өөрчилсөн болох нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны гэрээний төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын баримтын хуулбар, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр "М" ХХК-тай 4,886,130.80 ам.долларын Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн № ЗГ/СС170716007-4 Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч болон "М" ХХК-тай *******,*******, 13-р хороолол, Юнеско гудамж, 22 тоот барилгын зоорийн давхарт 1-2 давхар авто зогсоол, 4-16 давхар орон сууц барьцаалсан № ЗБ/СС170716007-4-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан болох нь № ЗБ/СС170716007-4-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 609 тоот орон сууц болон 87 тоот авто машины зогсоолыг барьцаалсан байх боловч нэхэмжлэгч нь 609 тоот орон сууц болон 87 тоот авто машины зогсоолын нийт үнэ 496,823,276/дөрвөн зуун ерэн зургаан сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн № ЗБ/СС170716007-4-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулахаас өмнө буюу 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчтай Гэрээг байгуулж, 609 тоот орон сууц болон 87 тоот авто машины зогсоолыг үнийг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 609 тоот орон сууц болон 87 тоот авто машины зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба барьцааны гэрээ саад болох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 609 тоот орон сууц болон 87 тоот авто машины зогсоолын нийт үнэ 496,823,276/дөрвөн зуун ерэн зургаан сая найман зуун хорин гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн*******, олимпын гудамж үйлчилгээтэй орон сууцны 609 тоот орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын өмчлөгч болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 609 тоот орон сууц болон 87 тоот авто машины зогсоолын баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэгтэй тул хариуцагчид 609 тоот 173.7 м.кв орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б-г Сүхбаатар дүүргийн*******, олимпын гудамж үйлчилгээтэй орон сууцны 609 тоот орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч "АПЛ" ХХК-д 609 тоот 173.7 м.кв орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,782,647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "АПЛ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,782,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б-г Сүхбаатар дүүргийн*******, олимпын гудамж үйлчилгээтэй орон сууцны 609 тоот орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч "АПЛ" ХХК-д 609 тоот 173.7 м.кв орон сууцны байр болон B1 давхрын 87 тоот авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгасугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,782,647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "АПЛ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,782,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ