Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 20,585,608.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь Т компанийн охин компани бөгөөд бид Пицца хат олон Улсын сүлжээ салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагаа явуулах Франчайзийн эрхийг 2014 онд албан ёсоор авч өнөөдрийн байдлаар нийт 20 салбартайгаар үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн ажиллаж байна. Бид өөрсдийн салбаруудын эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор М ХХК-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр №21/12/10163/00008/РD тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулан ажилласан. Дээрх гэрээний хугацаанд манай компанид учирсан 2 даатгалын тохиолдолд даатгагч "М ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан болно. Үүнд: 1. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай Энхтайван салбарт гурил зуурагч машин ажиллахгүй болсонтой холбоотойгоор бид гэрээний 1.3.6, 2.3.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох Fabristeel компанийн мэргэжилтэн Roger-т шалгуулахад цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан гурил зуурагчийн инвэртэр /inverter/ эвдэрсэн болохыг тогтоож, дүгнэлт гарган хохирлын хэмжээг 10,287,804.48 төгрөг, ажлын хөлс 160 ам.доллар болохыг тогтоосон боловч даатгагч нь нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар олгоогүй. 2. 2022 оны 7 дугаар сарын 23-ны өглөө манай Зайсан салбарт цахилгаан тасалдаж, хэлбэлзэл үүссэнээс гурил зуурагч машинаас утаа гарч ажиллахгүй болсонтой холбоотойгоор бид гэрээний 1.3.6, 2.3.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох Fabristeel компанийн мэргэжилтнээр шалгуулахад цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан гурил зуурагчийн инвэртэр /inverter/ эвдэрсэн болохыг тогтоож, дүгнэлт гарган хохирлын хэмжээг 10,297,804 төгрөг болохыг тогтоосон боловч даатгагч нь мөн нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар олгоогүй. Тодруулбал Энхтайван, Зайсан салбарт гарсан даатгалын тохиолдлын хүрээнд мэргэжлийн байгууллага болох Fabristeel компани нь мэргэжлийн дүгнэлт гаргах хугацаа удааширснаас үүдэн даатгалын нөхөн төлбөрийн баримт өгөх хугацаа өнгөрсөн бөгөөд бид тухай бүр нь М ХХК-д мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрийн хугацааг хойшлуулахыг гэрээний 2.2-т заасны дагуу мэдэгдсэн. Гэсэн хэдий ч М ХХК нь талуудын байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль болон талуудын байгуулсан гэрээг зөрчиж байгаа юм. М ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.3, 5.5.1, 5.5.2, талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буюу даатгалын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж бидний үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас нийт 20,585,608.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Т ХХК нь М ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 20,585,608.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Т ХХК нь 2021 оны 11 сарын 30-ны өдөр 21/12/1016З/00008/РD тоот эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан хамтран ажилласан. Бид даатгуулагчтай байгуулсан гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж, харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр болон хугацаандаа төлөөгүй нөхөн төлбөрийн алдангийг тооцон тухай бүр шилжүүлж ирсэн. Уг нэхэмжлэлд дурдсан 2 хэргийн тухайд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 1. Энхтайван салбарт гурил зуурагч машин ажиллахгүй болсон тохиолдолд 10 287 804.48 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг тохиолдол нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарсан талаар нэхэмжлэгч өөрөө дурдсан байх бөгөөд манай байгууллагад нөхөн төлбөрийн материалыг 2022 оны 10 сарын 07-ны өдөр, Зайсан салбарт цахилгаан тасалдаж, хэлбэлзэл үүссэнээс гурил зуурагч машинаас утаа гарч ажиллахгүй болсон гэх тохиолдолд 10 297 804 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг тохиолдол нь 2022 оны 7 сарын 23-ны өглөө болсон (энэ талаар мөн л нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд материалыг 2022 оны 10 сарын 28-ны өдөр тус тус ирүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт Аюул осол, хохирол хуулийн болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа, даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нөхөн төлбөрийн материалыг хугацаандаа бүрдүүлж өгөх боломжгүй тохиолдолд хугацааг сунгаж болно мөн гэрээний 2.12 дахь хэсэгт Даатгагч нь даатгуулагч гэрээний 2.2-т зааснаас бусад тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжилсэн материалыг даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор ирүүлээгүй тохиолдолд мөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж заасан. Тус тохиолдлуудын хувьд мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд нь 2022 оны 6 сарын 11-ний өдөр, 2022 оны 07 сарын 29-ний өдөр тус тус гарсан байдаг. Дүгнэлт гарсан хугацаанаас материал бүрдүүлж ирүүлсэн 3 сарын хугацаанд материал бүрдүүлэх хугацааг сунгах аливаа хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг мэдэгдсэн баримт ирүүлээгүй тул бид гэрээ болон хуульд заасны дагуу татгалзаж шийдвэрлэсэн. Бид даатгуулагчийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн үйлдэлд нөхөн төлбөр олгох нь бусад хураамж төлсөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж буй харилцагч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж, нөөц санг буруу зарцуулсан үйлдэл болно гэж үзэн шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч "Т ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрт 20,585,608.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээ /хх 6-10/, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 9/590 албан бичиг /хх 11/, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай 434/02/22, 433/02/22 дугаартай албан бичгүүд /хх 12-13/, Fabristeel компанийн төлөөлөгч гэх Tim, Ye Wei-ээс Б, Ж нарт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн цахим захидлын орчуулга /хх55-56/, Fabristeel компанийн үйлчилгээний ахлах инженер Tim, Ye Wei-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүгнэлт /хх68-69/, Fabristeel компанийн үйлчилгээний ахлах инженер Tim, Ye Wei-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлт /хх70-71/, Fabristeel компанийн үйлчилгээний ахлах инженер Tim, Ye Wei-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн мэдээлэл /хх72-73/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч Н.Б асууж /хх 40-41/, Fabristeel компанийн төлөөлөгч гэх Tim, Ye Wei-ээс Б, Ж нарт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн цахим шууданд үзлэг хийсэн /хх 62-67/.

Нэхэмжлэгчийн гарган өгсөн хэргийн 14-16 хуудаст байгаа баримт, мөн түүний хүсэлтээр хариуцагчаас гаргуулсан хэргийн 42-54 хуудаст байгаа баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд эдгээр баримтын эх хувьд үзлэг хийсэн, баримтад дурдсан асуудлаар талууд маргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт 20,585,608.48 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд зааснаар нөхөн төлбөр нэхэмжилсэн материалыг даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 60 хоногийн дотор ирүүлээгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21/12/1016З/00008/РD дугаартай эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн Энхтайван салбарт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гурил зуурагч машин, Зайсан салбарт 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гурил зуурагч машин тус тус цахилгаан хэлбэлзлийн улмаас ажиллахгүй болсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч цахилгааны хэлбэлзлийн улмаас гурил зуурагч машин ажиллахгүй болсонтой холбоотой баримтыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө бүрдүүлэх боломжгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан Fabristeel компанийн үйлчилгээний ахлах инженер Tim, Ye Wei-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүгнэлт, Fabristeel компанийн үйлчилгээний ахлах инженер Tim, Ye Wei-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлт, Fabristeel компанийн үйлчилгээний ахлах инженер Tim, Ye Wei-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн мэдээллээр тогтоогдохгүй байна.

Шинжилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллага нь 2022 оны 6 дугаар сарын 11, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд гаргасан байх ба түүнийгээ нэхэмжлэгчид хугацаандаа илгээгээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллага гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг гэрээний оролцогч биш даатгалын байгууллага хариуцахгүй юм.

Мөн даатгалын гэрээний 2.2-т заасан нөхөн төлбөрийн материалыг хугацаандаа бүрдүүлж өгөх боломжгүй /хүндээр өвчилсөн, нас барсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон/ тохиолдлууд нь зөвхөн даатгуулагч Т ХХК-д хамааралтай тул даатгалын гэрээний хугацаа сунгах нөхцөл нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь мэргэжлийн байгууллага дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг, нэхэмжлэгчид өөрт нь хүндэтгэн үзэх гэрээнд заасан хугацаа сунгах нөхцөл бүрдсэн болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Зохигчид цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллийн улмаас даатгуулагчийн тоног төхөөрөмжид гэнэтийн, санамсаргүйгээр биет хохирол учирвал даатгагч тухайн хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан анхны өртөг дүнгээр буюу мөнгөн хэлбэрээр даатгуулагчид нөхөн төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

Улмаар нэхэмжлэгчийн Энхтайван салбарт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гурил зуурагч машин, Зайсан салбарт 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гурил зуурагч машин тус тус цахилгаан хэлбэлзлийн улмаас ажиллахгүй болсон нь гэрээнд заасан даатгалын тохиолдолтой тохирчээ.

Гэхдээ талууд даатгалын гэрээний 2.2-т Даатгуулагч хохирол гарсан тухай дэлгэрэнгүй тайланг нотлох баримт, материалуудын хамт даатгагчийн хаягаар 60 хоногийн дотор ирүүлэх үүрэгтэй, 2.12-т Даатгагч нь даатгуулагч гэрээний 2.2-т зааснаас бусад тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжилсэн материалыг даатгалын тохиолдол болсон өдрөөс 60 хоногийн дотор ирүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзаж болно тус тус зааснаар нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэх хугацааг тохиролцсон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзахаар тохиролцжээ.

Гэрээний талууд гэрээнийхээ агуулгыг нөгөө талтайгаа тохирсны үндсэн дээр чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд даатгалын гэрээний 2.2, 2.12 заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч даатгалын гэрээний 2.2-т заасан нөхөн төлбөрийн материалыг хугацаандаа бүрдүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөр болох 20,585,608.48 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй юм.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх үндэслэл бүрджээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 20,585,608.48 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ