2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2669

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан эрүүгийн 2411027531625 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *********  төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *********  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

******** овогт Ч.Д, /РД: *************/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байр орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун дээд 3-р шүдний босоо хугарал гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 3-р шүдний босоо хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос Ч.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Д.М, Ч.А нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Д-н сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Д нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байр орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун дээд 3-р шүдний босоо хугарал гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 3-р шүдний босоо хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Д-н хохирогч Д.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч Ч.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүй долоон худгийн тэнд чиргүүл босгох гэж хэдэн танилуудтайгаа цуг очиж ажилласан юм. Би тухайн үед чиргүүлээ босгох гэж ажиллаж байхад сүүлд манай найз болох М хүрч ирсэн юм. Бид хэд тухайн  газар чиргүүлээ босгох гэж байхад М тэнд байсан бусад хүмүүстэй архи хувааж ууцгааж байсан юм. Бид хэд тухайн ажлаа хийж дуусгаж чиргүүлээ босгоод Улаанбаатар хот руу буцахдаа А, М бид гурав цуг нэг автомашинтай хөдөлсөн юм. М бид хоёр явж байх замдаа замын хүнсний дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи авч хувааж ууцгаасан юм. А автомашин бариад М-г гэрт нь буюу Дэнжийн 1000 руу явж байх замд М намайг элдэв янзаар хэлж намайг үгээр өдөөд байхаар нь бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж муудалцах болсон юм. Бид хоёр маргалдаад ** дүгээр сургуулийн ойролцоох автомашины зам дээр автомашинаас бууцгааж зодолдсон юм. М миний нүүр хэсэгт 1 удаа цохих шиг болохоор нь би буцаагаад нүүр хэсэгт нь цохиж цохилцож зодолдох болсон юм. Бид хоёрыг зодолдож байхад цуг явж байсан А бид хоёрыг салгаж болиулсан. Тэрний дараагаар удалгүй цагдаа нар хүрч ирээд бид хоёрыг салгаад хамт цагдаагийн хэлтэс рүү авч явсан...Хохирогч М нь миний найз байгаа юм. Бид хоёр нэг 10 жилийн үеийн хүүхдүүд бөгөөд манай нөгөө ангийн найз маань байсан юм...Би Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчээс гаргасан дүгнэлтийг уншиж танилцсан. Дээрх дүгнэлтэд дурдагдсан гэмтэл шархыг би учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 80-81/,

 

хохирогч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо ** сургуулийн замын уулзвар дээр тодорхой үл ойлголцлоос болж машинаасаа бууж маргалдсан. Д миний биед халдаж, зодсоноос болж миний биед олон тооны гэмтэл учирсан. Тэр явдлаас хойш байнга тогтмол даралт ихсэж, урт хугацааны эмчилгээнд орж, ажил хийх чадвараа алдсан. 6-7 сар ажилгүй байснаас болж гэр бүлийн санхүүгийн байдал, эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдалтай холбоотой олон хохирол байгаа. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндтэй холбоотой хохирол 5,000,000 гаруй төгрөг болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. Өөр нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай багын найз Д нь тухайн өдөр том тэрэг барьж явж байдаг чиргүүлийг нь унагачихсан гэсэн ба би тэрнийх нь дагуу хэдэн танилуудтайгаа туслах гэж очиж чиргүүлийг нь босгосон юм. Бид хэд тухайн үед чиргүүлийг нь босгох үедээ 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан.... Манай гэр лүү явж байх замдаа Д бид 2 нэг зүйлээс болж хэрэлдэж маргалдсан юм. Бид хоёр замдаа хэрэлдэж маргалдаж байгаад автомашинаас бууж ** дүгээр сургуулийн урд талын замын ойролцоо бууж байгаад хоорондоо барилцаж авч маргалдаж зодолдох болсон юм. Д эхлээд миний нүүр хэсэгт гараараа цохисон ба би дараа нь эргүүлээд 1 удаа гараараа цохисон. Д бид хоёр ноцолдож байгаад намайг газарт унагаж байгаад миний дээр гарч байгаад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж бас хөлөөрөө хэдэн удаа өшиглөсөн юм. Би яг хэдэн удаа яаж цохисон гэдгийг нь сайн мэдэхгүй байна... Намайг цагдаад дуудлага өгсний дараагаар намайг цагдаа дуудлаа гэж ахиж цохиж зодсон ба тэр үед эргүүл хийгээд явж байсан 2 цагдаагийн алба хаагч нар таараад бид хоёрыг салгаж болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би хувиараа том машин барьдаг ажил хийдэг юм... өөрийн найз болох Д-н хамтаар том тэрэгтэй явж байгаад Хүй 7 худгийн ойролцоо автомашиныхаа чиргүүлийг унагачихсан юм. Тэр өдрийн маргааш нь Д бид хоёр автомашиныхаа чиргүүлийг босгох гэж очсон ба бид хоёрт цуг туслахаар М, Ж, У гэх мэт хүмүүс ирж тусалж чиргүүлийг босголцсон юм. Бид нар чиргүүлээ босгоод чиргүүл дээр байсан задгай будааг буулгасан ба будааг буулгаж байх үед машин дотор М, Д 1 шил цагаан архи хамт хувааж уугаад юм яриад сууцгааж байсан юм... Бид гурав М-г гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байтал М, Д-г элдэв янзаар доромжилж "20.000 төгрөг өгчхөж чадахгүй амьсгаа, муу гуйлгачин, манай ахын буянд амьдарч байгаа, янхны хүүхэд" гэх мэт зүйлс хэлж үглээд явж байтал Д тэр үед уурлаад автомашины ард талд сууж явж байгаад урд сууж явж байсан М руу вэйпээ шидэж хэрэлдэж эхэлсэн. Тэр хоёр хэрэлдэж байгаад ** дүгээр сургуулийн уулзварын тэнд автомашинаас хоёулаа цуг буугаад гудамжинд автомашины зам дээр зодолдож эхэлсэн юм. Тэр үед би автомашинаа байрлуулаад тэр хоёрыг болиулах гэж оролдтол хоёулаа надаас том биетэй учир би салгаж дийлээгүй юм. Тэр хоёр зодолдож байгаад арай тайвшраад сууж байтал М Д-н нүүр хэсэгт нь өшиглөж дахин зодолдож эхэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,  

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Д-н 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ********* дугаартай “...Д.М-н биед баруун дээд 3-р шүдний босоо хугарал, зүүн хоншоор ясны урд ханын зөрүүтэй цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун хацарт цус хуралт, дух, хамар, хоёр хацар, зүүн чамархай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Нэмэлт шинжилгээгээр баруун дээд 3-р шүдний босоо хугарал гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 3-р шүдний босоо хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн хоншоор ясны урд ханын зөрүүтэй цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо... Баруун дээд 3-р шүдний босоо хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-54/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Долгорсүрэн, Х.Балжинням нарын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ" *** дугаартай "...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Д.М-н сэтгэцэд болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан түр хугацаанд өвдөлт зовуурь мэдрэх, санхүүгийн хүндрэл үүсэх, гоо сайхандаа санаа зовох зэрэг стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-63/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Д нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байр орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун дээд 3-р шүдний босоо хугарал гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 3-р шүдний босоо хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Д-д 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ч.Д нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ч.Д-н үйлдлийн улмаас хохирогч Д.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд  баримтаар эмчилгээний зардалд 11.026.906 төгрөг, эмчилгээ хийлгэсэн хугацааны бензиний зардалд 348.900 төгрөг, нийт 11.375.806 төгрөг нэхэмжилснээс бензиний зардалд нэхэмжилсэн 348.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал гэж хохирогчид 6.000.000 төгрөг төлснийг хасаж, шүүгдэгчээс 5.026.906 төгрөгийг гаргуулан хохирогчийн олгох нь зүйтэй.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М-т учирсан сэтгэцийн хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулж дүгнэлт гарсан байна.

Уг дүгнэлтийн дагуу хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.752.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ч.Д-с нийт 9.778.906 төгрөг гаргуулж хохирогч Д.Мянганбаярт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Ч.Д-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ч.Д нь завсарлага авсан хугацаанд хохирол, төлбөр болох 9.788.906 төгрөгийг хохирогч Д.М-т төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******** овогт Ч.Д-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР