| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/04685/И |
| Дугаар | 181/ШШ2023/02816 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2023/02816
| 2023 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2023/02816 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух Х овогт Д.Г /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,, байрлах, "АБ" ХХК/РД:, гүйцэтгэх захирал Ч.Ж/-д холбогдох,
ТХҮ-317/018 тоот тайланг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "АБ" ХХК-ны 2017 оны 04 сарын 24-ний өдрийн миний орон сууц эзэмших эрхтэй газрын үнэлгээг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн ТХҮ-317/018 тоот тайлан нь бидний өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчиж бидний хөрөнгөд биш өөр хаягт байрлах өөр хэмжээтэй өөр улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээтэй хаягийн зөрүүтэй хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрээ хэлцэл харилцан тохиролцоогүй бичиг баримтгүйгээр бидний хөрөнгөд үнэлгээ хийсэн мэтээр тайлан гаргасан байгаа нь бидний Монгол улсын үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн учир уг тайланг хүчингүй болгуулах Нэхэмжлэлийн шаардлагын гаргасан. Говь-Алтай аймгийн*******ын*******,*******,******* оршин суух Х овгийн Д.Г би ам бүл 6, эхнэр хүүхдүүд зээгийн хамт амьдардаг. 2016 онд бусдад зодуулсны улмаас хорвоог харах мэлмийгүй болж, хөдөлмөрийн чадвараа 99% алдаж, бусдын асаргааны хүн болж, одоог хүртэл бусдын асаргаанд байнгын эмчилгээ сувилгаатай амьдарч байна. Д.Г би бусдад зодуулж, хөдөлмөрийн чадвараа алдахаасаа өмнө ажилтай амьдралтай, бизнес хийдэг байсан. Гэтэл бусдын хууль бус үйлдлийн улмаас ажил ч үгүй, хийж байсан бизнес маань ч нам зогсож, байнгын эмчилгээ сувилгааны хүн болсон тул бүх асуудал эсрэгээрээ эргэж, бизнес хийж байхдаа авсан банкны зээлээ төлөх чадваргүй болсон тул, банкны хараат болж, банкны барьцаанд тавьсан орон сууц, эзэмшлийн газраа дуудлага худалдаанд оруулж, үнэлгээ тогтоолгох тухай асуудал гарч, Говь- Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба "АБ" ХХК-аар үнэлгээ хийлгүүлэхээр захиалга өгсний дагуу "АБ" ХХК нь ямар ч гэрээ хэлцэлгүй бичиг баримт дутуу өөр хүний бичиг баримтад үндэслэж 2017 оны 04 сарын 24-ний өдөр үнэлгээ хийж, үнэлгээний тайлангийн ТХҮ-317/018 дугаартай тайлан гаргасан. Энэ тайланг гаргаж байх хугацаанд манай гэр бүл, ах дүү төрөл төрөгсдөд өөрийн гэсэн ухаан мэдрэл байгаагүй зөвхөн миний амьд байх, хорвоог орхих эсэхийн төлөө, хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй эмнэлгүүдийн үүд сахисан хүмүүс байсан. Үнэлгээ тогтоохдоо биднийг байлцуулаагүй, бидэнд хэлээгүй, гэтэл миний бие арай дээрдэж орон нутагтаа иртэл танай байшин, газар эзэмших эрхийг чинь үнэлгээний компаниар үнэлүүлсэн гэж шийдвэр гүйцэтгэгч ярьсан. Тэгэхээр нь би үнэлгээ тогтооход хөрөнгийн эзэн миний оролцоо, эрх, үүрэг байдаггүй юм уу? гэхэд байхгүй, банк мэдэж үнэлгээ тогтоолгосон гэсэн хариултыг шийдвэр гүйцэтгэгч өгсөн. Би бодохдоо надад хуулиар олгосон эрх, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэж үзэх үндэслэл байгаа гэж үзэж шийдвэр гүйцэтгэгч нартай уулзсан боловч хүлээж аваагүй. Тэгээд арга буюу "АБ" ХХК-ны үйл ажиллагаандаа мөрддөг хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг судалж үзтэл, тухайн хуулийнхаа 4-р зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмаа, хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл буюу 5-р зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ буюу 6-р зүйлд хөрөнгийн үнэлгээнд тавигдах шаардлага буюу 7-р зүйл хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал заавар буюу 8-р зүйл хөрөнгийн үнэлгээний тайлан буюу 9-р зүйл Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг буюу 11-р зүйл Үнэлгээчний эрх буюу 12-р зүйл Үнэлгээчний үүрэг буюу 13-р зүйлүүдийн зохих заалтуудыг зөрчиж, хууль бус тайлан гаргасан байгаад гомдолтой байна. Үүнд: Үнэлгээ хийхдээ гэрээ хийгээгүй, үнэлгээ хийх зарчмаа баримтлаагүй, хөрөнгийн эзэн болох надтай хөрөнгийн үнэлгээ хийх талаар харилцан ярилцаж, миний санал бодлыг сонсож, миний хөрөнгийн өмчлөх эзэмших эрхийн талаар ярилцаагүй, тайлангийн талаар тайлбар аваагүй, хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв мэдээлэл аваагүй, үнэлгээ хийхэд биднийг оролцуулаагүй зэргээр миний эрх ашгийг хохироосон, би 2022 оны 9 сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний тайлантай танилцмаар байна гэж шаардаж, үнэлгээний тайланг үзтэл, үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний тухай болон шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан олон заалтыг зөрчиж үнэлгээ хийсэн байсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн товъёгоос харахад миний дээр дурдсан хуулийн бүх заалтуудыг ноцтой зөрчсөн байсан учир арга буюу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хамгийн наад захын асуудал гэвэл: Миний хөрөнгөнд биш өөр хүний хөрөнгөнд үнэлгээ хийсэн мэтээр харагдаж байгаа. Жишээлбэл: үнэлгээний ажлын зорилго буюу үнэлэгдэж буй хөрөнгийн тодорхойлолт гэсэн хэсэгт 52 м.кв талбайтай орон сууц дэлгүүрийн барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлоход энэхүү үнэлгээний зорилго оршино гэсэн атлаа барилгын хийц бүтцийн тодорхойлолт хөрөнгийн нийт талбай гэсэн хэсэгт 96 м.кв гэж бичсэн байх ба газрын нэгж талбарын дугаарыг 607260434 гэж бичсэн байна, гэрчилгээний дугаарыг 103607 гэж бичсэн. Зах зээлийн хандлагын арга гэсэн хэсэгт барилгын байршил гэсэн хэсэгт Говь-Алтай аймгийн*******ын Жаргалант баг Сутай хороо 2-р гудамжны 07 тоот гэж бичсэнээс харахад миний хөрөнгө болох Говь-Алтай аймгийн*******ын Баянхайрхан багын 18-р дугаар байрны ард байрлах 96 м.кв орон сууц дэлгүүрийн зориулалттай барилга, 96 м.кв газар эзэмших эрхэд үнэлгээ хийгээгүй, харин Говь-Алтай аймгийн*******ын Жаргалант баг Сутай хороо 2-р гудамжны 07 тоотод байрлах 52 м.кв барилга, газарт ямар ч гэрээ хэлцэлгүйгээр бидний хуульд заасан эрх ашгийг зөрчиж бусдын хөрөнгөнд хийсэн үнэлгээг, бидний хөрөнгөнд хийсэн үнэлгээ мэтээр хийсэн "АБ" ХХК-ний 2017 оны 04 сарын 24-ний өдрийн тайлангийн дугаар ТХҮ-317/018 тоот тайланг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч Д.Г би "АБ" ХХК-иар гаргуулсан Говь-Алтай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг манай 6 ам бүлийн үл хөдлөх хөрөнгөө өөрсдийн дураар өмчлөх, захиран зарцуулах, түүнтэй холбоотой гэр бүлийн гишүүд адил тэгш эрхтэй байхаар заасан Монгол улсын үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн гэр бүлийн 6 гишүүдийн байшингийн доорх эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших, ашиглах гэсэн эрхийг ноцтой зөрчсөн ба өөрсдийн үйл ажиллагаандаа өдөр тутам мөрддөг шийдвэр гүйцэтгэх тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудынхаа холбогдох заалтуудыг зөрчсөн. Үнэлгээ хийж байгаа хийлгүүлж байгаа хөрөнгүүдийнхээ холбогдох бичиг баримтуудыг үнэлгээ хийлгүүлэх захиалгын гэрээний дагуу үнэн зөв гарцаагүй байдлаас нь бүрдүүлж бүдүүлүүлж аль аль тал нь ажилдаа хариуцлагатай хандаагүй ор нэр төдий хийсэн хийлгүүлснээс бидний эрх ашиг ноцтой зөрчигдсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. гэв.
Нэхэмжлэгч Д.Г-ын өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний зөрүүтэй байдлаа арилгуулах юм бол шинэчилсэн үнэлгээгээр дуудлага худалдааг явуулж төлбөр авагчид мөнгийг шилжүүлэх боломжтой гэж амаараа хэлсэн гэсэн. Энэ хаягт байгаа барилгыг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний хуулийг мөрдөж ажиллаагүй. Нотлох баримт судлахад судлагдана. Миний тооцооллоор нэр бүхий 8 алдаа байгаа. Ийм зөрчилтэй тайлан гаргачихаад зөрчлөө арилгахгүй байгаа. Төлбөр төлөгч байнгын асаргаатай, нөгөө нь асарч байгаа. Иймээс төлбөрийг нэн даруй төлөх боломжгүй. Боломж нь хохироосон этгээдээс хохирлын төлбөр авах боломжтой гэсэн. Үнэлгээний алдаатай холбоотойгоор нотлох баримт судлахад тайлбарлана. Үнэлгээ хууль, стандартад нийцээгүй. Тусгайлан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээс өөр арга байгаагүй. гэв.
Хариуцагч "АБ" ХХК-ийн төлөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байшин 1, 2 давхрын тухайд бүхэлд нь гэсэн ойлголт байгаагүй. Тогтоол өөрөө ойлгомжгүй байсан. Гүйцэтгэгчид энэ талаар хэлэхэд захиалагчийн тайлбараар сууриар нь хэмжих нь зүйтэй гэсэн. Тогтоол өөрөө ойлгомжгүй тогтоол байсан. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 353 тоот албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 437 тоот Говь-Алтай аймгийн*******ын*******ийн Засаг даргын 437 тоот албан бичиг, Д.Г-ын иргэний үнэмлэхийн хуулбар, 0140114 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, "АБ" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангийн хуулбар, "АБ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Говь-Алтай аймгийн*******ын*******ийн Засаг даргын 2023 оны 9 дүгэр сарын 05-ны өдрийн 239 тоот тодорхойлолт, Ү-0518001098 Үл хөдлөх хөрөнгийн зургийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд ба иргэний тодорхойлолтын хуулбар, 2017 оны 9 дүгэр сарын 19-ний өдрийн 60 тоот Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Говь-Алтай аймгийн*******ын*******ийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 220 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн "АБ" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангийн хуулбар, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Г хариуцагч "АБ" ХХК-д холбогдуулан "АБ" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-317/018 тайланг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч "АБ" ХХК нь тогтоол өөрөө ойлгомжгүй байсан, тухайн барилгын 1-р давхрыг үнэлсэн гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар **************, Баянхайрхан баг, 18-р байрны ард байршилтай орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээ/үнэ цэн/-г тогтоосон болох нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № ТХҮ-317/018 Үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
******* Есөнбулаг сум, Баянхайрхан баг, 18-р байрны ард тоот хаяг нь Хантайшир 116 тоот болж өөрчлөгдсөн болох нь*******ын*******ийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 239 Тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ************** Хантайшир 116 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8208002273 дугаар бүхий 105 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшдэг болох нь дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд уг хуулийг буцаан хэрэглэх тухай заагаагүй байх ба хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № ТХҮ-317/018 Үнэлгээний тайланг 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг үндэслэж гаргасан байх тул тус маргаанд 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна:, 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх., мөн зүйлийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана:, 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл ... түүний үндэслэл; гэж заасан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дахь заалтад зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдалд үндэслэсэн байх тухай заажээ.
Хариуцагч нь зах зээлийн үнэлгээ/үнэ цэнэ/-г тогтоосон орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газар нь үнэлгээ хийх хугацаанд **************, Баянхайрхан баг, 18-р байрны ард байршилтай байсан байх боловч хариуцагч нь № ТХҮ-317/018 Үнэлгээний тайлангийн Зах зээлийн хандлага хэсэгт тус орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг *******,*******ын Жаргалант баг, Сутай хороо 2-р гудамжны 07 тоот гэж тусгажээ.
Хариуцагч нь № ТХҮ-317/018 Үнэлгээний тайланд орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг буруу тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтад зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдалд үндэслэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № ТХҮ-317/018 Үнэлгээний тайланд зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэсэн талаар дурдсан байх боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь заалтад зааснаар жишиг үнийн аргыг хэрэглэхэд ашигласан баримт, мэдээллийг үнэлгээний тайланд тусгаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар № ТХҮ-317/018 Үнэлгээний тайланд дээрх баримт, мэдээллийг тусгаагүй байх тул № ТХҮ-317/018 Үнэлгээний тайланг үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № ТХҮ-317/018 Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, мөн зүйлийн 9.3, 9.3.8 дахь заалтад нийцээгүй, жишиг үнийн аргыг хэрэглэхэд ашигласан баримт, мэдээллийг тусгаагүй хуульд нийцээгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, мөн зүйлийн 9.3, 9.3.8 дахь заалтад зааснаар хариуцагчийн № ТХҮ-317/018 Үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлтэй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Үйлчлүүлэгч дараахь эрх, үүрэгтэй:, 11.1.3-т хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, үндэслэлгүй ... гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо энэ хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлд гаргах;, 25 дугаар зүйлийн 25.2-т ... үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл, үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл тус тус ажиллана. гэж заасан.
Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан үйлчлүүлэгч буюу захиалагчид хамаарахгүй байна.
Тус маргаанд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх хуульд заасан журмыг хэрэглэх боломжгүй байх тул нэхэмжлэгч уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.3, 9.3.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "АБ" ХХК-ийн 2017 оны 4 сарын 24-ний өдрийн ТХҮ-317/018 тайланг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "АБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.3, 9.3.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "АБ" ХХК-ийн 2017 оны 4 сарын 24-ний өдрийн ТХҮ-317/018 тайланг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "АБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ