Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/467

 

 

 

 

 

 

 

 

    2025        10          22                                                     2025/ШЦТ/467

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагч Б.Лувсанцэрэн,  

Хохирогч Ж.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Тт холбогдох эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, ... боловсролтой,  ... мэргэжилтэй, .... ХХК-д,  архитектор ажилтай, ам бүл .... оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ц.Т/РД:....

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай замын 151 километрийн шонгийн орчимд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд 70-47 УНУ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 /а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.Оамь нас хохирсоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Хохирогч Ж.Агийн өгсөн:... “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оын өгсөн:... “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай замын 151 километрийн шонгийн орчимд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд 70-47 УНУ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 /а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.Оамь нас хохирсоон үйл баримт тогтоогдсон:

 

Энэ нь эрүүгийн ...  дугаартай хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 8 дугаар тал/,

   Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-19 дүгээр тал/,

“Тоёота приүс 30” маркийн 70-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-22 дугаар тал/,

   Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 23 дугаар тал/,

   Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-26 дугаар тал/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 27-29 дүгээр тал,

  Хохирогч Ц.Цгийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутын үед Багануур дүүргээс эхнэр ..., хүү Т, бэр дүү О, танил дүү ... нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд орох зорилгоор манай хүүгийн унаж ашигладаг 70-47 УНУ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн машинтай манай хүү Т жолоо бариад хөдөлсөн. Тэгээд 10 цагийн үед Төв аймгийн Баян сумын төв өнгөрөөд 151 км шонгийн орчимд явж байтал хойд талын дугуй эвгүй дуугарсан ба дуугарсны дараа машин гэнэт жолоодлого алдаж замын хажууруу орж бөмбөрч эргэлдэж байгаад тааз хэсгээрээ газарт зогссон. Онхолдосны дараа би машинд байсан хүмүүсийн биеийн байдлыг нь харахад гайгүй байсан ба ...машинд байхгүй болохоор би түрүүнд машинаас гараад хартал ...машины хажууд хэвтэж байсан. Тэгэхээр нь би очтол ямар ч хөдөлгөөнгүй толгой задарсан байсан. Тэгэхээр нь би шоконд ороод байж байтал 2 машин ирж зогсоод “эмнэлэг, цагдаа дуудчихсан шүү” гэж байсан ба би буцаж машин дээр очоод Т, ..., ... нарыг машинаас гаргасан. Удалгүй эмч болон цагдаа нар ирсэн... Жолооч тал буюу баруун урд талд манай хүү Т жолоо бариад явж байсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. Одоо миний биеийн байдал толгой эргэж, хүзүү хөших, нулимс гарах, зүүн зовхи унжсан, зүүн талын хутгалуулсан сорвины дээд хэсэгт мэдээгүй, хөмсөг хөдлөхгүй байдалтай байна. ..., ..., ...нар хойд талын суудал сууж явсан ба зүүн хойд талд ..., голд нь манай эхнэр ..., баруун хойд тал буюу жолоочийн хойд талд ...сууж явсан. Т бид 2 зүүсэн байсан. Ард сууж явж байсан хүмүүс бүсээ зүүгээгүй байсан. Бүгд эрүүл байсан. Манай хүү архи дарс огт хэрэглэдэггүй. Миний хүү Т жолоо барьж байсан ба манай хүү В ангилалтай. 2019 оноос хойш жолоо барьж байна..., 80 км цагийн хурдтай явж байсан. 2024 оны 01 дүгээр сард оношилгоонд орсон. Урд талын 2 дугуй шинэ өвлийн дугуй байсан ба 2024 оны 10 дугаар эхээр шинээр нь хийлгүүлсэн. Хойд талын 2 дугуйн хуучин өвлийн хуучин дугуй байсан анх 2024 оны 01 дүгээр сард би аваад суурилуулж байсан. Хойд талын 2 өвлийн дугуйг ашиглаж зунжингаа явсан байсан. ММ Финанс гэдэг нэртэй Банк бус санхүүгийн байгууллагын өмчлөл байдаг юм. Би өөрийнхөө нэрээр 2024 оны 01 дүгээр сард авсан ба хүү Тт 2024 оны 10 дугаар сард өгсөн байсан. Манай хүү Т унаж ашигладаг машин байгаа юм. Үзэгдэх орчин хэвийн байсан ба цаг агаар бороо, цас, шуургагүй, тэнгэр цэлмэг байсан. Зам хуурай, эвдрэл гэмтэл гайгүй байсан. Миний зүүн талын шанаа хавдсан байна. Өөр зүйл байхгүй. Эхнэр ...гийн цээж нь өвдөөд байна гэж байсан. Харин ... бас дотор нь эвгүй байна гэж байсан. Хүү Т толгойндоо оёдол тавиулаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байгаа…” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-34 дүгээр тал/,

Хохирогч Ж.Агийн өгсөн: “…Би нөхөр болон Цогоо, хүү Т, бэр дүү О, найз Эрдэнэ... нарын хамт Эрээн хот руу явахаар болоод 2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 7 цагийн үед Багануур дүүргээс хөдөлсөн. Хөдлөхдөө манай нөхрийн нэр дээр байдаг, манай хүү Тын унаж ашигладаг 70-47 УНУ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай хүү Т жолоо бариж, хажууд нь Цогоо сууж, хойд талын суудлын зүүн хэсэгт Эрдэнэ..., голд нь би баруун хэсэгт нь ...суугаад явсан. Тэгээд 10 цагийн үед Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт явж байтал гэнэт “пад пад” гэх чимээ гарсан бөгөөд би хаанаас чимээ гарсныг мэдээгүй, тэгсэн чинь гэнэт жолоодлого алдаад замын хажуу руу орж онхолдсон. Тэгээд би ухаан алдсан бөгөөд нэг сэргэсэн манай нөхөр Цогоо машинд байсан хүмүүсийг чирээд гаргаж байсан. Би Цогоогоор машинаас гаргуулаад машин тойроод хартал ...газарт тархи толгой нь задарчихсан хэвтэж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаагийнхан ирээд эмнэлгийн машинаар Гэмтлийн эмнэлэг рүү Эрдэнэ..., Тын нарын хамт явсан. Өмчлөгч нь ММ финанс гэдэг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг эзэмшигч нь манай нөхөр Цогоо бөгөөд 2024 оны 6 дугаар сараас хойш Цогоо хүү Тт өгсөн байсан. Манай хүү Т эзэмшиж ашигладаг юм. Би хурдыг нь анзаараагүй. Гэхдээ манай хүү Т хурдан давхидаггүй, хурдаа дааруулж явж байсан гэж бодож байна. Эрдэнэ..., ...бид 3 хойно бус зүүгээгүй байсан. Харин урд сууж явсан Цогоо, Т нар бүсээ зүүсэн байсан. Бүгд эрүүл байсан. Цаг агаар тогтуун, зам хуурай байсан ба эвдрэл гэмтлийг нь мэдэхгүй байна. Үзэгдэх орчин хэвийн байсан. Нурууны хэд хэдэн үед хугарсан, өвчүүний мөгөөрс хэсэг дотогшоогоо хугарсан байна. Толгойндоо бас оёдол тавиулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна…” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43 дугаар тал/,

Түүний 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн “…Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй… Надад хохиролтой холбоотой баримт байхгүй байна…” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45 дугаар тал/,

Хохирогч ......гийн өгсөн: “…Би танил эгч болох ..., түүний нөхөр Цогоо, мөн хүүхэд нь Т, бэр нь болох ...нарын хамт Зам-Үүдээр дамжаад Эрээн хот орох зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Тын улсын дугаарыг нь мэдэхгүй байна цэнхэр өнгөтэй Приүс 30 маркийн машинтай, Т жолоо бариад хөдөлсөн. Багануураас гараад явж байгаад Налайх өнгөрөөд би унтаад өгсөн. Тэгсэн гэнэт машинд байсан хүмүүс орилоод би сэрсэн бөгөөд аль дугуйг нь мэдэхгүй байна нэг дугуй нь дар дар хийж дуугараад байсан. Тэгээд тэнцвэр жолоодлого алдаж замын хажуу руу онхолдож машин эргэлдсэн санагдаж байна, би шууд ухаан алдсан бөгөөд нэг сэргэсэн машины гадна газарт хэвтэж байсан бөгөөд бид нарын сууж явсан цэнхэр өнгийн Приүс 30 уруугаа харчихсан байсан. Бид нар бүд машины гадна байсан бөгөөд Тын толгойны арьс нь ярагдаад битүү цус болчихсон, ...машины хажууханд тархи толгой нь задарчихсан юм шиг хөдөлгөөнгүй хэвтэж байсан, Цогоо, ... эгч 2 арай гайгүй байсан. Хэсэг хугацааны дараа түргэний машин ирээд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Т жолоо барьж байсан, хажуугийн суудалд нь Цогоо ах байсан. Би хойд талын суудлын зүүн захад, голд нь ... баруун захад ...зорчиж байсан юм. Т архи дарс хэрэглэдэггүй юм. Цаг агаар таатай байсан ба зам хуурай эвдрэл гэмтэл гайгүй байсан. Миний зүүн гарны хурууны яс хугарсан, толгой хавантай байна…Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-89 дүгээр тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ганбатын өгсөн: “…Би Говьсүмбэр аймагт амьдардаг бөгөөд надад ослын талаар мэдэх зүйл байхгүй байна. Осол болдог өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08 цагийн үед манай охин ...над руу залгаад “Цогоо, ..., Т, Эрдэнэ... бид нар Эрээн явж байна, танайхаар орж амжихгүй шүү зам хоол өгөөрэй” гэхээр нь би эхнэртэйгээ хоол бэлдэж байсан. Тэгсэн чинь 11 цагийн үед ... над руу залгаад осол болсон талаар хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Т нь миний хүргэн ...ын төрсөн эгч ...гийн хүүхэд байгаа юм. Тэрийг би мэдэхгүй байна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй тул шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оын өгсөн:... “Би эхнэр ...болон 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо нарийн 2-10 тоотод амьдардаг байсан юм. Хэрэг учрал болох үед би Дорногоь аймагт ажилтай байсан ба хэрэг болдог өдрийн өмнөх өдөр манай эхнэр ...надруу залгаад “Би Цогоо, Тмир, ..., ... нарын хамт Эрээн хот орж хүүхдүүддээ өвлийн хувцас өвнө, өнөөдөр явах гэж байгаад болиод хойшилчихлоо” гэж ярьсан. Тэгсэн маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 10-11 цагийн үед санагдаж байна би эхнэр ...лүү залгатал “Бид Замын-Үүд рүү явж байна, өнөөдөр өглөө Багануураас гарсан” гэж яриж байгаад гэнэт утас нь ямар ч дуугүй болсон. Тэгээд би салгаад дахиж залгатал утас нь дуудаад хүн авахгүй байсан. Тэгээд байж байтал манай эгч ... надруу залгаад “Бид нар осолд орчихлоо, миний дүү сэтгэлээ бариарай танай эхнэр өнгөрчихлөө” гээд уйлаад орилж байсан. Тэгээд би эхнэрээ нас барсанг мэдсэн. Тын талаас барагцаагаар 3.000.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Тын яллагдагчаар өгсөн: ... “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 178 дугаар тал/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай “Амь хохирогч ...цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавлын яс зүүн зулай, дух, баруун, зүүн зулай, чамархай, дагз ясны цөмөрсөн салсан олон тооны хугарал, тархины хатуу хальс урагдал, тархины эдийн бүтцийн эвдрэл, тархмал няцрал, баруун, зүүн ухархайн дээд хана, турк эмээлийн цөмөрсөн салсан хугарал, турк эмээлээс баруун чулуулаг сэртэнгийн голоор дайрч баруун чамархайн цөмөрсөн хугаралтай нийлсэн шугаман хугарал, зүүн чамархайн цөмөрсөн хугарлаас зүүн чулуулаг сэртэнгийн голоор дайрч турк эмээл хүрсэн шугаман хугарал, гавлын дагз ясны зүүн хажуугийн цөмөрсөн хугарлаас дагзны төвгөрийн зүүн хажуугаар зүүн чулуулаг сэртэн хүрсэн шугаман хугарал, зүүн чулуулаг сэртэнгийн хугарлаас дагзны том нүхний араар дагзны баруун цөмөрсөн хугаралтай нийлсэн салсан хугарал, зүүн атгаал яс доод 1/3-р зөрсөн далд хугарал, хамар яс, зүүн хацар яс цөмөрсөн хугарал, сээрний 12-р нугалам их бие хэсгээр салсан хугарал, хугарлын харалдаа нугасны бүрэн тасрал, зүүн 1, 2, 3-р хавирга далны шугамаар, 1-7-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 2, 3-р хавирга суганы арын шугамаар, 2, 5-р хавирга суганы дунд шугамаар, баруун эгэм яс төгсгөл хэсгээр салсан, баруун 1-р хавирга нугамын хажуугийн шугамаар, 2, 3-р хавирга далны шугамаар, 4-7-р хавирга суганы дунд шугамаар, 8, 9-р хавирга далны шугамаар шууд хугарал, цээжний баруун, зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт, зүүн уушги мөгөөрсөн хоолойтой нийлэх хэсгийн урагдал, цус хуралт, зүүн амьсгалын гуурсны бүрэн тасрал, үнхэлцэг хальсны урагдал, элэгний 5, 7, 8-p сегментэд цус хуралт, хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, дух, зүүн зулайн хуйх, баруун шанаа, хацар, зүүн тохой, баруун чихний урд, чихний дэлбэнгийн омогт шарх, баруун шанаа, хацар, баруун мөрний ард, ар нуруу, зүүн бугалганд зулгаралт, эрүү, баруун, зүүн чих, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн чихний ар, сарвууны ар, шилбэ, цээжинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь нас барах үед үүссэн байна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Г....нь дээрх оношинд дурьдсан гэмтлүүдийн улмаас нугас тасарч болон гэмтлийн шокод орж нас баржээ. Амь хохирогч ...цус, цөсөнд спиртийн агууламж илрээгүй болно. А (ІІ) бүлгийн цусны харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 68 дугаар тал/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 640 дугаартай “...Ц.Цгийн биед зүүн талд духны хажуу, шанаа, нүдний эргэн тойрон, хацар хоншоор зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь нийлээд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн талд духны хажуу, шанаа, нүдний эргэн тойрон, хацар хоншоорт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 76-77 дугаар тал/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 638 дугаартай “Ж.Агийн биед өвчүү ясны хугарал, Th9, Th12 нугаламын их биений хугарал, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх өвчүү ясны хугарал, Th9, Th12 нугаламын их биений хугарал гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх зулайд үүссэн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй Гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 81-82 дугаар тал/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 642 дугаартай “......гийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн гарын хуруунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн гарын хурууны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх-ийн 85-86 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6371 дугаартай “Шинжилгээнд Ц.Т гэж хаяглан ирүүлсэн “001402960 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 94-95 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6372 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Ц.Т гэсэн бичиглэлтэй 001402960 дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэж байна. Ц.Тын гэх цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 90-91 дүгээр тал/,

Сэлэнгэ Эстимэйт хөрөнгийн үнэлгээний компаний 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 508 дугаартай Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 107 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ0225/406 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Япон улсын ҮОКОНАМА фирмд 2008 оны 39 дэх 7 хоногт үйлдвэрлэгдсэн, GEOLANDAR маркийн 205/70R15 хэмжээстэй хаймар дугуй нь гэмтэлтэй байна. Уг дугуйнд үүссэн гэмтэл, 243400663 дугаартай хавтас хэргийн нотлох баримтад үндэслэн автомашины хөдөлгөөний хурд, ачаалал, хийн даралт, ашиглалтын хугацаа хэтэрсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч хээ нимгэрч элэгдсэн хэсгээр дугуй хагарч буудахад хээ хууларч салсан байна. Уг гэмтэл ослын өмнө үүссэн буюу автомашин онхолдохоос өмнө хагарч буудахад хээ салж, автомашины хөндлөн тогтворжилт алдагдуулж шарваж онхолдсон байх үндэслэлтэй байна. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 116-127 дугаар тал/,

2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2025/02 дугаартай “Хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлж авсан гэрэл зургаас үзэхэд тоёота приус-30 маркийн 70-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цогоогийн Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, тухайлбал суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашины дугуйн хээн гүн нь 1.6 мм байхаар заасан байдаг, хавтаст хэргийн материалд Монгол Улс Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Цэндсүрэнгийн гаргасан ЕГ0225/406 тоот дугаарын дүгнэлтэд тодорхой тусгасан байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн" гэх дүрмийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлж авсан фото зургаас үзэхэд тоёота приус-30 маркийн 70-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цогоогийн Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлж авсан фото зурагаас үзэхэд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлж авсан гэрэл зургаас үзэхэд зорчигч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Зургаа. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд); гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан материалтай танилцаад тоёота приус-30 маркийн 70-47 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цогоогийн Т нь 2024 оны 6 дугаар сараас хойш уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, жолоодож байсан тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүүрмийн үүргийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 160-161 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэний өгсөн:...”Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 замын 151 дэх километрын шонгийн асфальтан замд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 70-47 УНУ улсын дугаартай Т-приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь замын хажуу руу онхолдож зорчигч Г....нас барьж, зорчигч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хохирогч Ж.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.752.086 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнийг буруутай этгээд буюу яллагдагч Ц.Таас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх хүсэлтэй байна” ...гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Гэм буруугийн талаар:

            Улсын яллагчаас:...Шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай замын 151 километрийн шонгийн орчимд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд 70-47 УНУ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 /а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, хохирогч Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.Оамь нас хохирсоон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, иргэний нэхэмжлэгчээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор нэхэмжилсэн 1.752.086 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс:... шүүгдэгч Ц.Тыг өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Т нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас Г.Оамь нас хохирч, Ж.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх санал” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнх 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таваас жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүний өмгөөлөгчийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь  зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.От шүүгдэгчээс оршуулгын зардалд 3.000.000 төгрөг төлсөнг хэн аль нь маргаагүй.

Хохирогч Ж.А болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нар нь хохирлын баримтыг тус тус хэрэгт ирүүлээгүй.

Мөн иргэний нэхэмжлэгчээс хохирогч Ж.Агийн эмчилгээний төлбөрт 1.752.086 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Таас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн сангийн 100900020080 тоот данс/ олгохоор шийдвэрлэв.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэжээ.       

 “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбоотой гарсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.От оршуулгын зардалд 3.000.000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт бичиг ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь энэ хэрэгтэй холбоотой гарсан хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Тыг “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тыг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

  7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.От оршуулгын зардалд 3.000.000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт бичиг ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь энэ хэрэгтэй холбоотой гарсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Таас 1.752.086 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн сангийн 100900020080 тоот данс/ олгосугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Тт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН