| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2023/01175/И |
| Дугаар | 181/ШШ2023/02869 |
| Огноо | 2023-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2023/02869
| 2023 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2023/02869 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух, Б овогт О.У /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,******* хаягт оршин суух, О овогт Б.П /РД:/-д холбогдох,
9,805,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов. Нэхэмжлэгч О.У, хариуцагч Б.П-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.П нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүтэн 2 жилийн хугацаанд нийт 26 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны дугаарын дансаар 9,805,000 төгрөгийг өдөр тутмын хэрэглээний зардал буюу хүүхдийн сүү, памперс, байрны түрээсийн төлбөр төдийгүй унааны мөнгө хүртэл надаас зээлж авч байсан. Ингэж мөнгө зээлж авахдаа удахгүй буцааж өгнө гэж хэлж авч байсан бөгөөд миний бие өөрийн Хаан банкны дугаарын данснаас мөнгө шилжүүлж зээлдүүлж байсан. Гэвч Б.П нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөхгүй намайг хохироож байгаа тул хариуцагчаас 9,8058,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч О.У-ын өмгөөлөгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэж хэлж авч байсан бөгөөд миний бие өөрийн Хаан банкны дугаарын данснаас мөнгө шилжүүлж, зээлдүүлж байсан гэжээ. Гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдүүлэгч нь хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчийн тоот дансанд мөнгө шилжүүлсэн. Харин хариуцагч нь мөнгийг авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй байна. Мөнгийг авахдаа удахгүй буцааж өгнө гэж авдаг байсан. Хариуцагчийн хариу тайлбар нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна гэж үзэж байна. Учир нь энэ компанийн хувьцааг зарж борлуулсан асуудал нь тусдаа өөр газар хянан хэлэлцэгдэж байгаа хэргийн талаар тайлбар гаргасан байна. Энэ нь зээлийн гэрээний харилцаа огт хамааралгүй. Мөн О.У нь ямар ч оролцоогүй, хэргийн оролцогч нар нь өөр оролцогч нар байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. гэв.
Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед О.У нь "ММ"-г ХХК-ийн 60 хувийг эзэмшигч байсан үедээ Б.П миний 40 хувиас 10 хувийг надад огт мэдэгдэхгүйгээр н.Э, н.Э нарт зарж борлуулсан өөрийн дансандаа 50,000,000 төгрөгийг авсан ба Б.П надад н.Э, н.Э нартай хамтран ажиллах тухай ярьж надаас хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Н.Э, н.Э нар тус шүүхэд "ММ" ХХК-ийн 10 хувийг Б.П надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хурлын явцад компанийн эрх шилжүүлэх гэрээний хуудаснууд өөр хоорондоо зөрүүтэй хуурамч гэрээ байсан болно. О.У нь Б.П миний компанийн 10 хувийг бусдад хууль бусаар зарсан хэр нь надаас ахин мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03286 дугаар шийдвэр, Хаан банк ХХК дахь дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-47-28/-ыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.У хариуцагч Б.П-т холбогдуулан 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.П нь миний компанийн 10 хувийг бусдад хууль бусаар зарсан хэр нь надаас ахин мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн дугаар данснаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 26/хорин зургаа/ удаагийн шилжүүлгээр Хаан банк ХХК дахь хариуцагчийн эзэмшлийн дугаарын дансруу зээлд нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 26/хорин зургаа/ удаагийн шилжүүлгээр нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг шилжүүлэн авсан болохоо үгүйсгээгүй ба, мөн уг мөнгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн гэх зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нь компанийн 10 хувийг бусдад хууль бусаар зарсан гэх тайлбар тус маргаанд хамааралгүй тайлбар болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 26/хорин зургаа/ удаагийн шилжүүлгээр нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хүү тогтоогоогүй байх тул зохигчийн байгуулсан тус Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ нь хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх ... үүргээ биелүүлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байсан болох нь хариуцагчийг эрэн сурвалжлах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03286 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулахаар шаардаж байсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03286 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-оос нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.У-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос улсын тэмдэгтийн хураамжид 170,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-с нийт 9,805,000/есөн сая найман зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.У-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос улсын тэмдэгтийн хураамжид 170,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ