Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,    

Улсын яллагч С.Баттамир,

Хохирогч Л.Ганхуяг

Шүүгдэгч Б.Чулуунбат өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт Тугчин овогт Баатарын Чулуунбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011087 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Тугчин овогтой Баатарын Чулуунбат, 1985  оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн, дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг эх хүүхдийн хамт Хэнтий айтгийн Батноров сумын 2 дугаар багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар СА85060110

Шүүгдэгч Б.Чулуунбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өргөтгөл” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Л.Ганхуягийг тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Чулуунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед би бааранд ороод 24 цагийн үед баарнаас гарсан. Такси авах гээд замын хажууд зогсож байхад хохирогч араас ирээд “ахдаа утсаараа яриулаач” гэхээр нь би утсаа өгсөн. Тэгээд би тамхи татаж байхад миний утсыг чихэндээ бариад яваад байхаар нь би очоод “утсаа авъя” гэхэд тэр “би чиний утсыг аваагүй” гээд байхаар нь би үснээс нь барьж байгаад цохисон. Тэгээд ноцолдож байхад хохирогч доошоо хараад хэвтэхээр нь би түүнийг дээшээ харуулж эргүүлэхийн тулд түүний нуруу руу цохисон. Тэгтэл “утас чинь энд байгаа” гэхээр нь би алдахгүй тул үснээс нь барьсаар байсан. Тэгэхэд 2-3 алхамын цаанаас миний утсыг маань гаргаж өгсөн. Тэгэхээр нь би хойшоо чиглээд явж байхад цагдаа ирээд намайг барьсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйсан. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Л.Ганхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байхад нь би Дарь-Эхийн “Өргөтгөл” дэлгүүрийн тэнд явж байхад Чулуунбат миний араас ирээд шууд боогоод гудамж руу оруулаад “би цагдаа байна” гээд намайг учир зүггүй зодсон. Би энэ хүний утсыг авсан, утсаар нь ярьсан зүйл огт байхгүй. Би өөрөө утастай байсан. Миний дээр гараад зодож байхад 2 банди ирээд болиулах гэтэл Чулуунбат “би цагдаа байна. Энэ хүнийг авч явах гэж байгаа юм” гээд тэр хоёр хүүхдийг явуулсан. Хэсэг хугацааны дараа өөр хүүхдүүд ирэхэд нь цагдаа дуудуулж салгуулсан. Намайг зүгээр мөрөөрөө явж байхад ингэж зодсон. Би Чулуунбатыг танихгүй. Хохиролд 200.000 төгрөгийг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Л.Ганхуяг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 03 дугаар сарын 20-ний орой Дарь эхийн дунд буудалд байх хадам ах Цогтбаатарын гэр байж байгаад 23 цагын үед ганцаараа гарч 6 буудал орох гээд сансарын штс-ын автобусны буудал орж микронд орж суух санаатай алхаж байсан юм. Тэгээд алхаж байтал Өргөтгөл’ хүнсний дэлгүүрийг дөнгөж өнгөрөөд яюж байтал миний араас гэнэт нэг хүн боож унагаагаад хажуугийн гудумжруу орж намайг үг дуугуй зодсон юм. Тэгээд тэр залуу намайг зодож байтал гудамжаар явж байсан 2 хүүхэн ирээд намайг салгах гэхэд намайг зодож байсан залуу намайг үстэж байгаад зодоод байсан гэтэл нөгөө 2 хүүхэн нь та болиоч наад хүнээ аллаа гэж хэлж байсан. Тэр үед би өөрөө орилоод миний дүү цагдаа дуудаад өг намайг аллаа гэж хэлхэд нөгөө 2 хүүхэн цагдаа дуудчихсан гэжж хэлсэн юм. Гэтэл нөгөө намайг зодож байсан залуу босоод зугтаацан… тэр үед би тэр залууд хандаж чи надаас авах юм байвал ав гэж хэлсэн гэтэл юуч аваагүй зүгээр л чимээгүй намайг зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-10/ 

        Яллагдагч Б.Чулуунбатын үйлдлийн улмаас хохирогч Л.Ганхуягийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн 4210 дугаартай дүгнэлт. /хх-17/,

           Гэрч Ж.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…би цаашаа эргээд зам дагуу нүүрс мод зарж байсан хүн дээр зогсоож байтал нөгөө зунтаагаад гүйж байсан залуу миний ард талд гүйж ирж байсан. Тэр үед машинаас бууж нөгөө зугтаасан залууг барьж авсан. Гэтэл араас нь нөгөө 2 охин мөн хажууд нь нэг настай ах хүрч ирээд тэр настай ах энэ зугтаагаад байгаа залуу зүгээр байж байхад зодсон гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаар луу залгаж цагдаа дуудаад тэр зугтааж гүйгээд байсан залууг барьж цагдаад өгсөн юм. Зодуулсан настай ах нь хэлэхдээ би 2 пиво уучихаад алхаж байтал араас энэ залуу ирээд өөрийгөө цагдаа байна гэж хэлээд миний үснээс үстэж байгаад зодоод байсан. Тэгээд намайг дээрэмдэх гэж байгаа юм байх гэж бодсон чинь үгүй миний халаасанд байсан 60.000 төгрөгийг авсангүй. Миний мөнгө хэвээрээ байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-14/

Гэрч Б.Өнөрцолмонгийн мэдүүлэг /хх-13/, шинжээчийн №4210 дугаартай дүгнэлт /хх-17/, сэжигтэн Б.Чулуунбатын мэдүүлэг /хх25-27/, яллагдагч Б.Чулуунбатын мэдүүлэг /хх-29/, ял шалгах хуудас /хх-31/, Хэнтий аймгийн Батноров сумын засаг даргын тодорхойлолт /хх-32/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх36-48/, эд зүйлийн үнэлгээ /хх-54/, хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-55/, гэрч Б.Цогтбаатарын мэдүүлэг /хх56-57/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Чулуунбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өргөтгөл” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Л.Ганхуягийг тодорхой шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Чулуунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Чулуунбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Чулуунбат нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал боловч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогч Л.Ганхуяг нь өвчтэй ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй тул хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тугчин овогт Баатарын Чулуунбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбатыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Чулуунбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Чулуунбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунбатад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Хохирогч Л.Ганхуяг нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Чулуунбатад  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР