Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1224

 

        

“ЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00759 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “СЭБ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 28 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “ЦЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЭБ” ХХК нь гэрээнд заасан үйл ажиллагааг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээт ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байж захиалагчийг хууран мэхэлж гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр аваад зогсохгүй энэ хугацаанд бидний үндсэн үйл ажиллагааг саатуулснаас болж уурхайн ашиглалтын үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй болоод байна. Иймд гүйцэтгэгч “СЭБ” ХХК нь гэрээний дагуу нэр бүхий баримт бичгийг хугацаандаа батлуулан хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээт ажлыг гүйцэтгэхийг оролдсон, итгэл эвдсэн үйлдэл гаргасан тул түүнтэй байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Их хэт сумын нутагт орших “”ЦЭ” ХХК-ийн хайлуур жоншны ордын бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах ажлын гэрээнээс захиалагч татгалзсан бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 28.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “СЭБ” ХХК нь “ЦЭ” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны ажлын гэрээг байгуулсан ба гэрээнд заасны дагуу ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, гэрээнд заасан ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа болно. “СЭБ” ХХК-ийн захирал Ш.Нэмэхжаргалын зүгээс захиалагч “ЦЭ” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №01/18 дугаар тодруулга хүсэх албан бичгийг хүргүүлж байсан бөгөөд уг албан бичигт захиалагч талын буруутай байдлаас гэрээнд заасан ажил үүргийг тохирсон хугацаанд гүйцэтгэх боломжгүй байгаа талаар болон ажил гүйцэтгэхэд чирэгдэл учруулж байгааг дурдсан байдаг. Хариуцагч “СЭБ” ХХК нь нэхэмжлэгч “ЦЭ” ХХК-ийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүхэд гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрт төлсөн 28.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1,  225.4.4-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хуулиар хязгаарласан байх ба нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч нь гэрээний үүргийг зөрчсөн, хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой сөрөг шаардлагыг гаргах хууль зүйн бүрэн боломжтой бөгөөд талууд харилцан хийгдсэн болон хийгдээгүй ажлыг тооцоо нийлж, акт үйлдэх өглөг, авлагын тооцоог дуусгах нь зүйтэй юм. Иймд хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч байгууллагатай хийж гүйцэтгэсэн ажлын тооцоог гаргаж, өөрсдийн гүйцэтгэсэн ажилд тохирохуйц төлбөрийг авах хүсэлтэй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СЭБ ХХК-иас 16.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.333.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “СЭБ” ХХК-иас 66.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа “Цагаан- Элгэн” ХХК-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СЭБ” ХХК-иас 240.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч " ЦЭ " ХХК нь БНХАУ-ын "Гүан Еин Тун" ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн 1004967181220002 гэх данснаас шилжүүлсэн 43.000 юань буюу 16.600.000 төгрөг, Ван Чунаас Ли Мин Хуй гэх хүн рүү шилжүүлсэн 30.000 юань буюу 11.333.100 төгрөгийг хариуцагч " СЭБ " ХХК-аас нэхэмжлэх эрхийг олгоогүй бөгөөд энэ талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн хэргийн оролцогч нь шүүхэд үнэн зөв тайлбарыг гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс илт үндэслэлгүй, нотлох баримтгүй гүтгэлгийн шинжтэй худал тайлбарыг удаа дараа гаргасан болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдоно. БНХАУ-ын "Гүан Еин Тун" ХХК нь нэхэмжлэгч " ЦЭ " ХХК-тай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох боловч мөн гэрээг байгуулснаар тус компанийг нэхэмжлэгч нь төлөөлөх, түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Нэмэхжаргалыг гэрчээр оролцуулсан бөгөөд гэрчийн мэдүүлэгт: "...16.600.000 төгрөг манай компанийн дансаар орсон нь үнэн, харин уг мөнгийг нэхэмжлэгч болох “ЦЭ” ХХК өгөөгүй" гэж хэлсэн. Гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх бөгөөд шүүхийн зүгээс мөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэхээр байна. Дээр дурдсан үндэслэлийн хүрээнд уг хэрэгт гуравдагч этгээд болох БНХАУ-ын "Гүан Еин Тун" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч компани руу шилжүүлсэн 43.000 юань буюу 16.600.000 төгрөгийг шаардах эрхийг нэхэмжлэгчид олгоогүй байдаг. Манай компаний зүгээс гэрээнд заасан тодорхой тооны ажил үүргийг гүйцэтгэсэн ба уг ажлын гүйцэтгэлийг батлах бичгийн нотлох баримт байгаа бөгөөд захиалагч " ЦЭ " ХХК-тай хийсэн болон хийгээгүй, үлдсэн ажлыг дүгнэж, тооцоо нийлж талуудын хоорондыг өглөг, авлагын тооцоог бүрэн дуусгах боломжтой. Мөн гэрээнд гэрээнээс татгалзах талаар зохицуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дах хэсэгт заасны дагуу манай компанийн зүгээс татгалзлыг хүлээн аваагүй, зөвшөөрөлгүй байх тул гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ЦЭ” ХХК нь хариуцагч “СЭБ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 28 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч “СЭБ” ХХК-ийн захирал Ш.Нэмэхжаргалыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж, улмаар гэрчээр Ш.Нэмэхжаргалыг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д  “үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй” гэж заасан.

 

Ш.Нэмэхжаргал нь хариуцагч “СЭБ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх хуульд заасан журмыг зөрчиж, улмаар уг хуульд заасан журмыг зөрчсөн  нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн  38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн гэж “ЦЭ” хайлуур жоншны ордын 1 хүдрийн биетийн хэсгийг далд аргаар ашиглах төслийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, Дорноговь аймгийн Их хэт сумын нутагт хэрэгжих Хүдрийн биет-1 жоншны уурхайн байгаль орчны төлөв байдлын судалгааны тайлан зэрэг  нотлох баримтын талаар шүүхийн шийдвэрт дүгнэсэн байх боловч хэрэгт хавсаргаж ирүүлсэн ажлын тайлан, судалгааны тайлан гэх 2 баримтыг хэн, хэзээ гаргаж өгсөн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтад тусгагдаагүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн  116.3. дах хэсэгт “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасантай нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00759 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “СЭБ” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                 Н.БАТЗОРИГ