Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03012

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03012

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах, "ЖЯП" ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал Г.М/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* хаягт оршин байрлах, "С" ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал Д.Ц/-д холбогдох,

 

2,885,700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ЖЯП" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "ЖЯП" ХХК нь "С" ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22-371 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, тулаас гэх мэт нийт 170 ширхэг бараа материал түрээслэн авч 90 хоногийн хугацаанд ашиглаж хүлээлгэн өгсөн. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,923,800 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна. Манай компанийн зүгээс удаа дараа холбогдож төлбөрөө төлөх талаар анхааруулсан боловч хариуцагч нь ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа.

Хариуцагч нь түрээсийн бараа материалыг буцаан хүлээлгэн өгөхдөө нийт 2,125,200 төгрөгийн гэмтэл учруулсан байна. Гэмтлийн төлбөрийн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасан бараа материалыг засварлах үнийн тарифын дагуу тооцоолов. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т түрээслэгч түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээр тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийн түрээс зогссон өдрөөс буюу 2022 оны 9 дүгээр сарын 27-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул үнийн дүнгийн 50 хувиар бодож 961,900 төгрөгийн алданги тооцов. Иймд хариуцагч "С" ХХК-иас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,923,8200 төгрөг, алданги 961,900 төгрөг нийт 2,885,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "ЖЯП" ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, "С" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "С" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зарлагын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хүлээн авсан бараа материалын актыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч "ЖЯП" ХХК хариуцагч "С" ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 1,923,800/нэг сая есөн зуун хорин гурван мянга найман зуу/ төгрөгийг, алданги 961,900/есөн зуун жаран нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг, нийт 2,885,700/хоёр сая найман зуун наян таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "С" ХХК-д 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22-371 Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № 22-371 Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 22-371 Барилгын туслах материал түрээслэх гэрээний 1-ийн 1.1, 8-ын 8.2-т зааснаар нэхэмжлэгч нь барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 22-371 Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь ... төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 10-ын 10.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 123/нэг зуун хорин гурав/ хоног нийт 2,976,600/хоёр сая есөн зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн барилгын туслах материал болох Ви-2/V-2/ тулаас, 3м труба, 6м труба түрээсэлсэн болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын акт, "ЖЯП" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орлогын падаануудын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэхийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.2, 10-ын 10.1-т зааснаар зохигчид Гэрээг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 90/ер/ хоногийн хугацаатай байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх барилгын туслах материалуудыг Гэрээг байгуулснаас хойш нийт 123/нэг зуун хорин гурав/ хоног эзэмшиж, ашигласан болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын акт, "ЖЯП" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орлогын падаануудын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэхийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т ... гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно., 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Ви-2/V-2/ тулаас, 3м труба, 6м трубаг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл түрээсэлсэн байх тул Гэрээг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасанд тооцно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-т Түрээсийн төлбөрийг мөнгө ... төлөхөөр тохиролцож болно. гэж заасан.

 

Гэрээний 8-ын 8.2-т зааснаар талууд түрээсийн төлбөрийг тус гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 170/нэг зуун дал/ ширхэг Ви-2/V-2/ тулаас, 3м труба, 6м трубаг 123/нэг зуун хорин гурав/ хоног түрээсэлсэн түрээсийн төлбөр нийт 2,976,600/хоёр сая есөн зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөг болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын акт, "ЖЯП" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орлогын падаануудын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэхийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь барилгын туслах материал болох Ви-2/V-2/ тулаас, 3м труба, 6м трубаг түрээсэлсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Ви-2/V-2/ тулаас, 3м труба, 6м трубанд нийт 2,125,200/хоёр сая нэг зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийн гэмтэл учруулсан болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын акт, "ЖЯП" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орлогын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 7-ийн 7.4-т хариуцагч нь барилгын туслах материалыг эвдсэн гэмтээсэн тохиолдолд засварын зардлыг хариуцахаар заажээ.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 288.1.4-т хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг., 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн ... 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах; гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.4-т зааснаар хариуцагч нь барилгын туслах материалыг гэмтээсний улмаас нэхэмжлэгчид 2,125,200/хоёр сая нэг зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийн гэмтэл учруулсан болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын акт, "ЖЯП" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орлогын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.4, 288.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид барилгын туслах материалыг гэмтээсний улмаас учирсан хохиролд 2,125,200/хоёр сая нэг зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөр болон туслах материалыг гэмтээсний төлбөрт төлөх нийт 5,101,800/2,976,600+2,125,200=5,101,800/ /таван сая нэг зуун нэг мянга найман зуу/ төгрөгөөс нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөр болон барьцаа мөнгийг хасч хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 1,923,800/5,101,800-3,178,000=1,923,800/ /нэг сая есөн зуун хорин гурван мянга найман зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Хүлээн авсан бараа материалын акт, "ЖЯП" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орлогын падаануудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас барилгын туслах материал болох Ви-2/V-2/ тулаас, 3м труба, 6м трубаг түрээсэлсэн түрээсийн төлбөрт нийт 1,923,800/нэг сая есөн зуун хорин гурван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 961,900/есөн зуун жаран нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Гэрээний 7-ийн 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь ... төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө., 8-ын 8.2-т Түрээсийн гэрээний нийт төлбөрийг ... гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд/дансаар, бэлнээр/ шилжүүлэх ... гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.2 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.4, 8-ын 8.2-т зааснаар хариуцагч нь гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь алдангийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 961,900/1,923,800х0,5=9,619, 9,619x125=1,202,375, 1,923,800:2=961,900/ /есөн зуун жаран нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч "С" ХХК-аас нийт 2,885,700/хоёр сая найман зуун наян таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЖЯП" ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "ЖЯП" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "С" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,121 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЖЯП" ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч "С" ХХК-аас нийт 2,885,700/хоёр сая найман зуун наян таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЖЯП" ХХК-д олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "ЖЯП" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "С" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,121 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЖЯП" ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ