| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/02804/И |
| Дугаар | 181/ШШ2023/03013 |
| Огноо | 2023-09-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2023/03013
| 2023 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2023/03013 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух, Д овогт Н.Ц/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, Б овогт Н.И /РД:*******/-д холбогдох
10,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч Н.И-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 6*8 харьцаатай сэндвич байшингийн түлхүүр гаргуулах нөхцөлтэйгээр урьдчилгаа 8 сая төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн боловч ажил үүрэг, гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй тул гэрээг цуцалъя гэсэн боловч 5 дугаар сарын 22-ны өдөр 7 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул иймд үлдэгдэл 11 сая төгрөгийг Н.И-оос гаргуулах хүсэлтэй байна.
Одоо үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар 2023 оны 5 дугаар сарын 01-ний Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Н.Ц-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.И-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ц хариуцагч Н.И-т 10,000,000/арван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.И-т 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 11,000,000/арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000/арван сая/ төгрөг болгож багасгасан болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1, 3.3-т зааснаар хариуцагч нь 6*8 харьцаатай сэндвичэн байшинг барьж, түлхүүр гардуулах, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх буюу 6*8 харьцаатай сэндвичэн байшинг барьж, түлхүүр гардуулах, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний 2-ын 2.1, 3-ын 3.1, 3.3, 3.5, 3.5.1, 3.5.2, 3.5.3-т зааснаар хариуцагч нь 6*8 харьцаатай сэндвичэн байшинг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10/арав/ хоногийн хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь нийт ажлын хөлс 23,000,000/хорин гурван сая/ төгрөгийг 3/гурав/ хувааж буюу 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000/найман сая/ төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000/таван сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000/найман сая/ төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг, нийт 18,000,000/арван найман сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн ... хариуцагч нь 7,000,000/долоон сая/ төгрөгийг буцаан шилжүүлсэн, 1,000,000/нэг сая/ төгрөгийг төлсөн ... гэх тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн тус тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэж заасан.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар зохигчид ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх журам, хугацааг тохиролцон тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан хугацаанд 6*8 харьцаатай сэндвичэн байшинг гүйцэтгэж, нэхэмжлэгчид ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т Дараахь нөхцөл байдал байвал ... нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... хохиролд тооцно. гэж заасан.
Нэхэмжлэгчийн ... хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарна гээд гараагүй ... гэх тайлбарыг хариуцагч нь баримтаар үгүйсгээгүй ба үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гарахгүй болох нь хариуцагч нь 7,000,000/долоон сая/ төгрөгийг буцаан шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчид 10,000,000/18,000,000-8,000,000=10,000,000/ /арван сая/ төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагчаас учирсан хохиролд 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000/арван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.И-оос нийт 10,000,000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.И-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.И-оос нийт 10,000,000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.И-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ