| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/475 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/475
2025 10 21 2025/ШЦТ/475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганзориг тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Б, .... төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй.... ажилтай, ам бүл .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн ...ын эзэмшлийн ... улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.Агийн жолоодож явсан ... улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Түвшинцэрэн, 5 настай эрэгтэй ...нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Б:
... 2024 оны 7 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан. Замд харанхуй байсан болохоор гэрлийн гялбаанд орсон. Тухайн үед зөрчих байх гэж бодоод явсан боловч зөрж чадалгүй машинтай мөргөлдөж, осол хийсэн. Тухайн үед хүмүүстээ тусламж үзүүлэх гээд машинаас гаргаад, эмнэлэг дуудаад хүлээсэн. Өөрийнхөө чадах чинээгээр туслах гэж хичээсэн. Би 2 хүний амь эрсэдчихнэ гэж төсөөлөөгүй, эмнэлэг рүү явсан хүүхдийн биеийг нь сайжирчхаасай гэж маш их хүсэж байсан ч тэгээгүй. Би үүнд маш харамссан... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өгсөн: Би гомдолгүй байна гэж юу байх вэ, энэ хэргийг шүүгээд шүүгдэгчид 2 жилийн ял өгсөн маш их гайхаж байна. Нэг хүний амь нас нэг жилийн хорих ялтай тэнцдэг юм уу, миний охин 25 настай цэл залуугаараа, амьдралын гараанд гараад 5, 6 сар болж байсан. Зээ хүү маань 5 настай, энэ жил 1 дүгээр ангид орох ёстой байсан. Би 2 сайхан хүүгээ алдчихсан, надад амьд явах, амьсгалахад хүртэл хэцүү байна. Аргагүй эрхэнд өнчирч хоцорсон үлдсэн хүүтэйгээ орчлонгийн тоосыг хөдөлгөж байна. Тухайн үедээ ээжийгээ их нэхдэг байсан ч одоо мартчихсан юм шиг байна. Би их гомдолтой байна.... гэж,
Иргэний нэхэмжлэгч ...ийн өгсөн: “Миний зүгээс машины хохиролд 28 сая төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн ...ын эзэмшлийн ... улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.Агийн жолоодож явсан ... улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Түвшинцэрэн, 5 настай эрэгтэй ...нарын амь насыг хохироосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-17 дугаар тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-23 дугаар тал/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гэрчээр өгсөн... “Би 2024 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчим Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу өөрийн төрсөн охин болох ...болон 2 зээ болох ..., ...нарын хамт дөрвүүлээ өөрийн 51-89 ӨМӨ улсын дугаартай усан цэнхэр Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Гараад замдаа явж байгаад Төв аймгийн Баянцагаан сумын нутагт замаараа 1 танил айлаар орчхоод орой 21 цагийн үед хөдлөөд Улаанбаатар чиглэлд явж байсан. Тэр үед гадаа гэгээ тасарч байсан айлын гаднаас хөдлөхөд машины rэрэл acaагаад хөдөлсөн. Засмал зам дээр явж байтал сөрөг урсгалаас бидний яаж байсан тал руу урсгал cөрөөд том оврын ачааны тээврийн хэрэгсэл яваад байсан. Би тэр машиныг урсгал сөрөөд яваад байхаар нь өөдөөс нь гэрлээрээ хэд хэдэн удаа шилжүүлээд дохиод байтал ямар нэгэн өөрчлөлт байхгүй өөдөөс орж ирээд тас буугаад мөргөлдсөн. Тэр үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа ухаан ортол хүүхэд уйлж байгаа чимээ сонсогдсон. Хоёр хүүгийнхээ алийг нь уйлж байгаа юм бол доо гэж бодоод би сэргээд осолд орсноо мэдэж хүүхдүүдээ хартал хамгийн бага зээ хүү ... хойд талын суудлын дор ээжийнхээ хөлд дээшээ хараад уйлж байсан. Би хажуу тийшээ хартал ...зүүн урд талын суудал дээр байхаар татаад авах гэтэл гарахгүй байсан. Тэгээд би машины хаалгыг онгойлгож гараад хойд хаалгыг нээгээд хойноос бага зээ хүү ...ыг авч машинаас гаргасан. Тэр үед охин Түвшинцэрэнг дуудтал толгой тархи нь цус болчихсон ямар нэгэн хариу өгөөгүй сэргэхгүй байсан. Би хөдөлгөж болохгуй юм байна гэж бодоод хөдөлгөөнгүй хэсэг зуур ухаан алдсан амьд байх болов уу гэж горьдож байсан. Тэгээд ...ыг тэврээд замын хүмүүсээс тусламж гуйхад замын машинууд зогсохгүй байж байгаад 1 машинтай 2 залуу зогсоод надад тусалж машины зүүн урд хаалгыг онгойлгож Оийг гаргаж ирсэн. Тэр үед Очир-Эрдэнэ ухаан алдсан ухаангүй байсан. Замын хүмүүс энэ хүүхдийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд замын хүмүүс тусалж Очир-Эрдэнийг замын хүний машинд суулгаад Төв аймгийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би охиноо гаргаж авах гээд хүмүүсийг туслаач гэхэд замын зарим хүмүүс ийм хүнийг хөдөлгөж болохгүй гэхээр нь би Түвшинцэрэнг хөдөлгөлгүй түргэн ирэхийг хүлээсэн. Тэр осол болсон газар гар утасны сүлжээ байхгүй би утсаар ярих гээд замын машинд суугаад сүлжээ хайгаад явсан. Би осол болсон газраас Төв аймаг тал руу хэсэг явж байгаад сүлжээтэй газар ирээд нөхөр хүүхдэдээ мэдэгдсэн. Сүлжээ хайгаад явахаас өмнө нөгөө мөргөлдсөн том машины жолооч болох залуу бид нар дээр ирэхээр нь би чи яагаад цагаан зураас даваад орж явж байгаа юм бэ гээд уйлсан. Тэгээд утсаар ярих гэж явах гэтэл мөргөлдсөн том машины жолооч би яадаг ч байсан танай хүүг харж байя та энэ хүмүүстэй яваад гэрийнхэндээ хэл гээд ...ыг тэврээд үлдсэн. Би утсаар ярьж хэл дуулгаад байж байтал өөдөөс цагдаагийн машин ирээд би цагдаагийн машинд суугаад буцаад хэрэг болсон газар ирсэн. Тухайн газар ирэхэд нөгөө том машины жолооч залуу Очирсугарыг 2 тэврээд зогсож байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Агийн өгсөн: “Талийгаач ...нь 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд миний 2 дахь охин болж төрсөн. …Миний зээ болох талийгаач ...нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн... Миний хувьд гомдолтой байна. Би ослын улмаас эрүүл мэндэд өөрчлөлт гарсан. Зүрх судасны үйл ажиллагаа өөрчлөгдөж, даралт байнга ихэсдэг болсон. Миний ходоод маш их өвддөг болсон. Миний хувьд өөрөө ажил хийж чадахгүй болсон. Би ажилгүй үеийн зардлаа, сэтгэл санааны хохирлоо, бусад гарсан буяны ажлын зардал, мөн машины хохирлыг, мөн айдсаасаа болоод гэртээ зээ хүүтэйгээ байх боломжгүй болоод хүмүүс бараадаж төвд байр түрээслэж байгаа, тэр байрны түрээс болон урсгал зардлыг төлүүлмээр байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33, 39 дүгээр тал/,
-Иргэний нэхэмжлэгч ...ийн “... Би үнэлгээгээр гарсан зардал болон ачилтын төлбөр, журмын хашааны төлбөр, мөн наашаа цаашаа явсан зардлаа буруутай хүнээр төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41 дүгээр тал/,
-Иргэний нэхэмжлэгч ...ын “... надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1хх-ийн 44 дүгээр тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 10030002008 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 52 дугаар тал/,
-Х.Бын гэрчээр өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нарантуул олон улсын худалдааны төвөөс дэлгүүрийн бараа ачаад 19 цагийн үед Өмнөговь аймаг руу танил ах болох Бын ... улсын дугаартай хино маркын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа гарсан. Улаанбаатар хотоос гараад явж байгаад Дундговь чиглэлийн замд явж байхад машин гэнэт дайвалзах шиг болоод замын эсрэг талруу ороод арга хэмжээ авч чадахгүй өөдөөс ирж байсан приус-41 маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж миний жолоодож явсан ... улсын дугаартай хино маркын тээврийн хэрэгсэл онхолдож талаараа харсан. Осол болсны дараа би машинаас гарч приус-41 маркын тээврийн хэрэгсэл дээр гүйж очоод жолооч эмэгтэйг машинаас буулгаад дотор нь байсан хүүхдүүдийг гаргахад тусалсан. Урд талын суудал дээр байсан хүүхдийг замын машинд суулгаж Төв аймгийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд жолооч эмэгтэй утсаар ярихаар явахад нь нөгөө жоохон хүүхдийг нь тэврээд хараад байж байсан хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагчид ирээд дараа нь түргэний машин ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 дугаар тал/,
-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай “...Гавлын зүүн өмнөд хонхорын ясны олон хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, цөмөрсөн хугарлаас баруун тийш турк эмээлийг дайрч суурь ясны баруун их далавч хүрч урдаас хойшоо, доороос дээшээ чиглэлээр үргэлжилж дагз ясны хайрс хэсэгт хүрсэн шугаман хугарал. Их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушгины доод дэлбэнгийн гадна гадаргын цус хуралт. Баруун уушигны доод дэлбэнгийн гадна гадаргын цус хуралт. Голтын эрхтний ар хананы цус хуралт. Нүүрний зөөлөн эдийн шарх. Гадуур цус алдалт. Хүзүү хоолойн өмнөд гадаргын зөөлөн эдийн зулгаралт. Зүрх судас, амьсгалын цочмог дутагдал. Амь хохирогч Г.Түвшинцэрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас зурх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ" гэх дугнэлт /1хх-ийн 78-82 дугаар тал/,
-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай “...Амь хохирогч Оийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эдийн тархмал няцрал /их тархины баруун тал бөмбөлөг болон бага тархи хэлбэр дүрсээ хадгалахгүй/. Баруун зулайн дэлбэнгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа. Их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал. Цээжний зүүн хөндийн хий хуралдалт. Зүүн бугалганы дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал. Нойр булчирхайн өмнөд гадаргын цус хуралт. Зүүн уушгины дээд дэлбэнгийн өмнөд гадаргын цус хуралт. Нүүрний зөөлөн эдийн зулгаралт. Хэвлийн зөөлөн эдийн зулгаралт. Их сэмжний дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. …Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ" гэх дүгнэлт /1хх-ийн 94-103 дугаар тал/,
-Шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн:..Би энэ тогтоолыг уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 183 дугаар тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай "Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дэмүүлийн Алимаа /РД:КЮ75121661/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна" гэх дүгнэлт /1хх-ийн 166-168 дугаар тал/,
-Вендо ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49281 дугаартай ... улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгсэлд ослын улмаас 11,793,200 төгрөгийн эвдрэл хохирол учирсан гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 140-142 дугаар тал/,
-Вендо ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 48780 дугаартай ... улсын дугаартай Хино Ренжэр маркын тээврийн хэрэгсэлд 1,391,200 төгрөгийн эвдэрэл хохирол учирсан гэх дүгнэлт /1хх-ийн 119-120 дугаар тал/,
-Шинжээч С.Бямбасүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 48/13, 24/246 дугаартай “Хэргийн материалтай танилцахад Hino Ranger маркын ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркын 5186ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hino Ranger маркын ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж үзэж байна..." гэх дүгнэлт /1хх-ийн 131-133 дугаар тал/, шүүгдэгч Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 186-190 дугаар тал/, охин Б.Нарангэрэл, Б.Хонгорзул, Б.Отгонгэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 192-196 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Лувсанцэрэн: Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлтэй битүү хучилттай асфальтан зам дээр шонгийн ойролцоо иргэн ...ын эзэмшлийн 19-22 УБХ улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцох Монгол улсын замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж, иргэн н.Алимаагийн жолоодож явсан 58-89 УМӨ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Түвшинсайхан болон А.Очир-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, зам тээврийн ослын дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол 30,350,000 төгрөг, оршуулгын зардалтай холбогдуулаад 21,076,026 төгрөг, иргэний нэхэмжлэгч ...т үнэлгээгээр гарсан хохирол 11,790,200 төгрөгийг нөхөн төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нөхөн төлөөгүй байгаа учраас үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хувьд Д.Агийн хувьд шинжилгээний байгууллагаар 4 дүгээр зэрэглэлээр гарсан. Үүнийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн тогтоолын дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-аас 49.99-ийн хооронд нэмэгдүүлж, нөхөн төлүүлнэ гэсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс гэмтэл гарсан цаг хугацаа буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож, 45.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэйгээр тооцож гаргуулах саналтай байна. Үүнийг нөхөн төлсөн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Насанд хүрээгүй амь хохирогчийн хувьд өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргуулах саналыг гаргасан харин улсын яллагчийн зүгээс тухайн гэмт хэрэг болсон үе буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх: ...Шүүгдэгч Х.Бын хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа ч гэсэн эргэлзээ бүхий нөхцөл байдалтай мэдүүлгийг өгөөд байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Нэг бол гэрлийн гялбаанд цохиулсан, нэг бол нойрмоглосон гэж мэдүүлсэн байсан. Өнөөдрийн хувьд бол гэрлийн гялбаанд орж зам тээврийн осол гаргасан гэж өөрийгөө өмгөөлөх мэдүүлэг өгч байна гэж үзэж байна. Гэхдээ гэм буруу дээрээ маргахгүй байна гэж дүгнэж байна. Мөн хоёрдугаарт хохирлын хувьд хэм хэмжээний актыг буцаан хэрэглэнэ гэсэн онол, хууль хэрэглээний ойлголт байхгүй. Тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хуулийг хэрэглэх зохицуулалттай байгаа. Зөвхөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх, доордуулахыг харгалзан үзэж болно. Өнөөдрийн цаг хугацаанд 792,000 төгрөгөөр тогтоож хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд 792,000 төгрөгөөр хэлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин: ... Гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн асуудал дээр хохирогч талаас 21,076,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Үүнээс 23,000,000 төгрөгийг оршуулгын зардалд өгсөн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс орон сууц хөлсөлсний зардалд 9,000,000 төгрөг нэхэмжилснийг өгсөн байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр 5 хоногийн завсарлахад төлсөн мөнгө байгаа юм. Сэтгэцэд учирсан хохиролд бол мөн 45.99 дахин үржүүлээд 30,353,400 төгрөгийг төлсөн байгаа. Иргэний нэхэмжлэгч ...т үнэлгээгээр 17,693,000 төгрөг гарсан боловч 28,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Иргэний нэхэмжлэгч н.Бт 9,806,200 төгрөгийн хохирол гарсан ч гэсэн өмнөх шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нэхэмжлэхгүй гэсэн байгаа. Үүнээс төлөгдөөгүй эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол байгаа юм. Хохирогчийн талаас гаргаж байгаа саналыг хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний асуудал дээр тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргуулах саналтай байна. Үүгээр шийдвэрлэгдээд тухайн хохирлыг гаргаж өгсөн байгаа. Хохирогчийн өмгөөлөгчөөс дурдаад байгаа насан хохирогчид сэтгэл санааны хохирол гаргуулах талаар ярьсан. Сэтгэл санааны хохирлын хувьд хохирогч талын хүсэлтийн дагуу шинжээч томилогдоод, хохирол 4 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хууль ёсны төлөөлөгч бол хохирогч нарын ээж болон эмээ нь байгаа. Үүнтэй холбоотой нэг л дүгнэлт гарсан байгаа. Харин тус тусдаа хохирогч, өөр амьдралтай байсан нөхцөлд бол тус тусдаа хохирол тогтоогдох байсан. Нэг дүгнэлт гарчихсан, эмээтэйгээ амьдарч байгаа, нэг хохирлын дүнгээр тогтоогоод явах боломжтой гэж үзэж байна гэв.... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч маргадаггүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлагын талаар маргадаггүй бөгөөд түүний өгсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй
Тэрээр шүүгдэгч Х.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс 11.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хоёр хүний амь насыг хохироосон шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болохыг тогтоосон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу дөрөвдүгээр зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор тогтоосон.
Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” нь нэрлэн заасан гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад хамааралтай байх бөгөөд хүний амь хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 онд эрэгтэй хүний дундаж наслалт 67.6 байх ба гэмт хэрэгт гарах үед амь хохирогч хүү ...нь 5 настай байсан нь хэрэгт тогтоогдсон байх тул дундаж наслалтын зөрүүг 66 байхаар тодорхойлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийг хэмжээг тооцох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байхаар мөрдөгдөж байсан тул дундаж наслалт 66 байхаар тодорхойлсонтой үржүүлэн, түүнийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 218.800.000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад шүүгдэгч Х.Баас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл №4 дүгээр зэрэглэлээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг болсон байх ба 792.000*45.99=36.424.080 төгрөг, үүнээс 30.350.400 төгрөг шүүгдэгчээс авсан үлдэх зөрүү 6.073.680 төгрөгийн нэхэмжлэл гаргасанг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Учир нь тухайн хэрэг гарсан цаг нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660.000 төгрөг байсан бөгөөд шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний хэмжээ 660.000*45.99=30.350.400 төгрөг төлсөн байх тул хөдөлмөрийн хөлсний хэмжээг 792.000 төгрөгөөр тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнээс нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Отгонбаатарын Очир-Эрдэнэд үзүүлсэн төлбөрт 5.913.311 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
шүүгдэгч Х.Баас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсан болно.
Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Лувсанцэрэн: .. Х.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Энэ зүйлд ангид заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хорих ялын эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх:...Өнөөдрийг хүртэл шүүхээс тогтоосон хохирлыг Х.Бд төлөөгүй байна. Түүний хувийн байдлыг хувьд шүүхээс анхааруул зохих зүйлс байгаад байгаа. Шүүхийн шийдвэрийг 4 хүүхдийг 2, 2-оор нь асрамжилсан шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаад байгаа. Хүүхдүүдийг 2007 оны 4 сарын 06-ны өдөр төрсөн н.Отгонжаргал нь 18 нас хүрчихсэн байгаа учраас үндсэндээ нэг хүүхэдтэй гэдэг нь тогтоогдож байна. Ийм учраас хэргийн нөхцөл байдлын улмаас хоёр залуу хүн нас барсан байгааг шүүхээс харж үзнэ үү гэж хүсэж байна.... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхдөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэдэг байдлаар хандаагүй. Яагаад гэхээр хохирогчид төлсөн хохирол, сэтгэцэд гарсан хохирол, оршуулгын зардал зэргийг дандаа давуулж өгдөг байсан. Хохирогч талд машин авч өгөхдөө хохирогч талыг өөрсдийг нь дагуулаад ийм машин авч өгье гэдэг ч юм уу, машинаа өөрсдөө сонгоод ав гэдэг ч юм уу, оршуулгын зардалд 2,000,000 төгрөг илүү өгсөн. Өмгөөлөгч зүгээс хохиролдоо оруулахгүй байхад маргах зүйл байна уу гэхэд шүүгдэгч маргахгүй гэсэн. Хамгийн гол нь хохирол төлөөд байгаа нь хүний амь насыг эргээд төлөхгүй ч гэсэн Х.Бын 3 хүүхэдтэй, ганц бие эцэг, машинаа бариад амьдралаа залгуулдаг байсан. Аль болох чадлынхаа хэрээр, ах дүү нар нь ч туслаад өнөөдөр тодорхой хэмжээний хохирлыг төлсөн байгаа. Шүүхээс гарсан 200,000,000 төгрөг гаруй хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Уг хохирлыг шууд гаргаад өгөх боломж байхгүй, эгч нартайгаа ярилцаад, ял шийтгэлээ эдэлж байх хугацаандаа магадланд орох үед хохирол төлбөрийн асуудал яригдана. Хохирол бүрэн төлсөн байхыг шаардана, ах эгч нар төлбөрийг тодорхой хэмжээнд төлөөд дуусгана гэсэн саналтай байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс яриад байгаа зүйл дээр хүүхдийн асрамж өөрчлөгдөөд 3 хүүхдээ өөр дээрээ авсан байгаа. Үлдсэн хүүхдээ өөр дээрээ авсан байгаа, хэрэг материал нь хавсаргагдсан байгааг өмгөөлөгч хараагүй юм шиг байна. Энэ хувийн байдлыг харгалзаж үзээд тухайн зүйл ангийн доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү.... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүгдэгч Х.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссана дараа хугацааг тоолно гэж заасан тул шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
шүүгдэгч Х.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгаж тус тус шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Х.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 60.426.400 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 28.000.000 төгрөг төлсөнг тус тус дурдаж,
шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 1 дүгээр зүйлд “... 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг Конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасныг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ”Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ”, мөн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй” хэмээн бататган хуульчилжээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй ...нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 217.800.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 5.913.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Х.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 60.426.400 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 28.000.000 төгрөг төлсөнг тус тус дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй ...нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүгдэгч Х.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН