| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/02439/И |
| Дугаар | 102/ШШ2023/03788 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/03788
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, өөрийн байранд байрлах, Х ХХК /ТБОНӨО/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, байранд байрлах, О ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 218,290,149 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК /ТБОНӨО/ нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 218,290,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Монгол улсын засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Т санг татан буулгаж Х санг үүсгэсэн байгуулсан байдаг. О ХХК нь тухайн үед Т сантай гэрээ байгуулсан байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж Х сан болж байгаа. О ХХК нь Т сантай 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн буудай 12/7 дугаартай хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үнийн дүнг 1 тонн 350,000 төгрөгөөр тохиролцсон. 517,4 тонн улаанбуудай үйлдвэрлэх зорилгоор худалдаж авсан байдаг. Нийт 181,090,000 төгрөг үнэ бүхий гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар байгуулсан гэрээний үлдэгдэл 145,526,766 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Үүний дагуу алданги тооцоход үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн дүн гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг үнийн үндэслэлээр 145,526,766 төгрөг, төгрөгийн 50 хувь болох 72,763,383 төгрөгийн алданги тооцогдсон. Нийт 218,290,149 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч О ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт үндсэн төлбөр алданги нийт 218,290,149 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу худалдан авагч О ХХК нь Т санд гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр 35,563,234 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2012 оны 6,7,8,9,10 дугаар саруудад хувааж төлөх үүргийг хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан. Энэ хугацаагаар тооцоод үзэхэд О ХХК 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн төлбөрийг хийснээр үүрэг нь дуусгавар болох байсан ба нэхэмжлэгч талын шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрх үүссэн. Аливаа гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан. Тодруулбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна", 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Түүнчлэн хариуцагч "Х" ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал Ш Р нь "Т сантай" гэрээ байгуулагдах үед аливаа байдлаар оролцоогүй, компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй ба энэхүү гэрээний шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс даруй 1 жил гаруй дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тус компанийн хувьцааг Х.Х гэх хүнээс шилжүүлж авсан болохыг дурдмаар байна. Мөн нэхэмжлэгч Х сангийн ажлын алба" нь "О" ХХК-тай тухайн үеийн гэрээний харилцаанд орсон "Т сан"-гийн эрх залгамжлан авагч мөн эсэх нь эргэлзээтэй байгаа ба нэхэмжлэлд хавсаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар "Х сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай" тогтоол /ХХ- ийн 18-р тал/, мөн Х сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай "Х санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай" тушаал /ХХ-ийн 5-р тал/-ын дагуу эрхийг нь шилжүүлж авсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д "нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно" гэж зааснаар хариуцагч "О" ХХК-иас гэрээний үүрэг шаардах хугацаа "Т сан"-д үүссэн үеэс эхэлж, "Х сангийн ажлын алба"-нд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдох учиртай. Өөрөөр хэлбэл эрх шилжсэн, эрх залгамжлан авсан уйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм. Мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д "Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасны дагуу үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацаатай хамт анз буюу алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу "О" ХХК-иас нийт 218,290,149 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн Х сангийн ажлын алба"-ны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс Х сангийн ажлын албаны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, Монгол улсын Х сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, 2011 оны ургацын хүнсний буудай олгох зөвшөөрлийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7-9/, дотоод шилжүүлгийн маягтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10/, О ХХК-ийн гурилын үйлдвэрт улаан буудай хүсэх тухай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11/, О ХХК-ийн улаан буудайн дэмжлэг хүсэх тухай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14/, Х.Азбилэгийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 16/, өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал /хх-ийн 17/, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 18/, Х ХХК /ТБОНӨО/-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 33/, Х төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 34/, Х төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/34 дугаар тушаал /хх-ийн 53/, хариуцагчаас О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20/, шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 8и-3/8642 тоот албан бичиг /хх-ийн 45/, Ч.Энх-Одын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 66,67/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...О ХХК нь Т сантай 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12/7 дугаартай хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үнийн дүнг 1 тонн 350,000 төгрөгөөр тохиролцсон. Нийт 517,4 тонн улаан буудай үйлдвэрлэх зорилгоор 181,090,000 төгрөгийн үнэ бүхий буудай худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар байгуулсан гэрээний үлдэгдэл 145,526,766 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Үүний дагуу алданги тооцоход үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн дүн гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг үндэслэлээр 145,526,766 төгрөгийн 50 хувь болох 72,763,383 төгрөгийн алданги тооцогдсон. Нийт 218,290,149 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү. гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Талуудын хооронд 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт үндсэн төлбөр алданги нийт 218,290,149 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу худалдан авагч О ХХК нь Т санд гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр 35,563,234 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2012 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад хувааж төлөх үүргийг хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан. Энэ хугацаагаар тооцоод үзэхэд О ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн төлбөрийг хийснээр үүрэг нь дуусгавар болох байсан ба нэхэмжлэгч талд шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн. ...Гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан. Тодруулбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна", 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Түүнчлэн хариуцагч "О" ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал Ш-ийн Р нь "Т сантай" гэрээ байгуулагдах үед аливаа байдлаар оролцоогүй, компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй ба энэхүү гэрээний шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс даруй 1 жил гаруй дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тус компанийн хувьцааг Х.Хүрэлбаатар гэх хүнээс шилжүүлж авсан болохыг дурдмаар байна. ...Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д "Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасны дагуу үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацаатай хамт анз буюу алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. "О" ХХК-иас нийт 218,290,149 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарласан байна.
4.Т сан болон О ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 517,4 тонн улаан буудайг авч, үнэ 181,090,000 төгрөгийг 2023 оны 1-6 дугаар сард хэсэгчлэн төлөхөөр, хэрэв төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/
5.Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаар тушаалаар Т сангийн тайланг хааж, хаалтын тайлан гарган, хөрөнгө авлага, өр төлбөр, бараа материалыг Х санд балансаас балансад шилжүүлсэн байсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр Х сангийн ажлын албыг татан буулгаж ...тухай тогтоолоор Х сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон "Х " төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлсэн байна.
6.Зохигч талууд 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 517,4 тонн улаан буудайг авч, үнэ 181,090,000 төгрөгийг 2023 оны 1-6 дугаар сард хэсэгчлэн төлөхөөр, хэрэв төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, хариуцагч гэрээний дагуу төлөх төлбөрөөс 145,526,766 төгрөгийг төлөөгүй тухайд маргаангүй.
7.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 2463.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид худалдан авсан улаан буудай үнийн үлдэгдэл болох 145,526,766 төгрөгийг төлөх үүрэгтэй.
9.Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна",мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагчаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
10.Шүүхэд гэрч Ч.Э нь ...2009 оноос 2023 он хүртэл яг өр барагдуулах мэргэжилтэн байсан. ...э.Р захиралтай уулзсан ярилцсан. н.С гээд охин нь байдаг утсаар өр авлагыг ярьдаг тэгээд төлнө өө гээд явдаг. Эхний ээлжид Элсэн цагааны өрөө барагдуулаад дараагийн ээлжид О-ийн өрийг барагдуулна. ...Хамгийн сүүлд цагаан сарын өмнө бид 2 ярилцаж байсан. ...2023 оны 2 сарын үед цагаан сарын урамшууллаар Элсэн цагааны урамшууллыг О дээр суутгая барья гэдэг юм манай дээр яригдаад тэгээд бид 2 энэ талаар уулзаж ярьж байсан. Энэ дээр болохоор н.Р гуай тариа будаа ингээд оруулсан тэгээд аятайхан болохоор нь төлье өө гэдэг хариулт өгдөг байсан гэх мэдүүлэг өгсөн байна.
11.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэрээний графикийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасны дагуу 145,526,766 төгрөгийн 50 хувь болох 72,763,383 төгрөгийн алданги шаардсан хуульд заасантай нийцнэ.
12.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч "О" ХХК-аас 218,290,149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК /ТБОНӨО/-д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,249,400 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "О" ХХК-иас 218,290,149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК /ТБОНӨО/-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК /ТБОНӨО/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "О" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,249,400 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР