Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч мэргэн овогт Батсүрэнгийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201726030700 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн гудамж 36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Бууч мэргэн овогт Батсүрэнгийн Мөнхбаяр /РД: УЗ93112836/,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” пабийн орчим М.Жаргалтай маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Жаргалын: “...2017 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 1-2 цагийн хооронд “Өгөөмөр” пабаас 3 шилтэй пиво авчихаад гараад таксинд суух гэж байгаад замдаа Б.Мөнхбаяр, А.Төмөрбаатар гэх 2 залуутай тааралдсан. Б.Мөнхбаяр нь чи надтай мэнд мэдсэнгүй тоосонгүй чи ямар том болчихсон юм гээд, би урьдны Б.Мөнхбаяр байхаа больсон гээд дээгүүрээ фудволкоо тайлаад над руу ойртоод намайг заамдаж аваад хойшоо хавсарч унагаасан. Тэр үед нь замын боржур мөргөж гэмтсэн, тэр үед цус алдаад жаахан манралтанд орсон. Б.Мөнхбаяр нь зугтаах гээд байхаар нь хамт явсан ахаараа бариулж байгаад цагдаад барьж өгсөн. Маргааш нь өргөдлөөр хандах гэсэн боловч Б.Мөнхбаяр нь надаас гуйж 2 уулаа учраа олъё хохирлыг чинь барагдуулах болно гээд байхаар нь өргөдлөө өгөөгүй юм. Түүнээс хойш 2 хоногийн дараа 80.000 төгрөг өгөөд хамт эмнэлэг яваад томографийн зураг авхуулах гэтэл дараалал ихтэй байсан. Тэгээд хувийн эмнэлэг орж 120.000 төгрөгөөр зураг авахуулах гэтэл мөнгө нь дутсан. Б.Мөнхбаяр нь чи энэ мөнгөөр эм аваад ууж бай би удахгүй эмчилгээний зардлыг өгнө гээд алга болсон учир цагдаад хандсан юм. ...Би хувиараа эмчилгээ хийлгэсэн, томографикийн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан, 120.000 төгрөгний эм тариа авсан, өрхийн эмнэлэгт үзүүлэхэд хэвтрийн дэглэм барь гэсэн бөгөөд би ажилдаа 20 хоног яваагүй юм. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Төмөрбаатарын: “...2017 оны 05 дугаар сарын 15-ны шөнө Мөнхбаяр манай найз хүүхэн Сараа бид 3 Нисэхийн байрны дунд хэсэгт “Аеро” баарнаас гараад “Өгөөмөр” нэртэй паб руу явж байтал Жаргал урдаас пабаас гараад ирсэн. Бид нар паб руу орох үед Жаргал Мөнхбаяр руу “холд пизда минь” гээд мөр рүү нь гараараа түлхсэн тэгтэл Мөнхбаяр “чи яагаад байгаа юм” гээд өөдөөс нь түлхээд унагасан тэр үед Жаргал унахдаа толгойныхоо ар дагз хэсгээр замын боржур дэрлээд унасан тэгснээ босож ирээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Мөнхбаярыг аваад явсан Жаргал тэнд үлдсэн би найз хүүхэнтэйгээ гэр рүүгээ харьсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №7414 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Өгөөмөр” пабын ойролцоо найз Төмөрбаатартай хамт гэр рүү нь явж байсан юм. Тэгээд “Өгөөмөр” пабын үүдэн дээр Жаргал нь нэг ахимаг насны хүнтэй зогсож байсан юм. М.Жаргал нь хамт явж байсан хүнээ ах гэж дуудаад байсан. М.Жаргал нь Төмөрбаатар бид хоёрыг дуудаж нааш ир юу байцгаана гээд дуудаад байсан бөгөөд яваад очиход М.Жаргал нь та хоёроор юу байцгаана гээд Төмөрбаатартай мэнд мэдээд ойр зуурын зүйл ярьж байсан, М.Жаргал нь 10 жилдээ манай дээд анги байсан бөгөөд надтай ярихдаа жаахан дээрэлхэнгүй өнгөтэй яриад  байхаар нь чиний том байсан тэндээ л юм байгаа биз зүгээр байгаарай гэхэд М.Жаргал нь над руу дөхөөд цээж рүү түлхэхээр нь би түүнийг заамдаж бариад зөрүүлэн түлхэхэд М.Жаргал нэлээд согтуу байсан учир арагшаа унаад, унахдаа боржур мөргөөд толгойн ар хэсэгт хагарсан байсан. Тэгээд М.Жаргал нь цагдаа дууд энэ миний толгойг хагалсан гээд байсан. Цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. ...Би цохиж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Над руу дээрэнгүй харьцаад байхаар нь уур хүрээд чи аятайхан байгаарай гэж маргалдаж байгаад намайг түлхэхээр нь заамдаж аваад согтуу хүнийг цохихгүй гээд цаашаа нь хүчтэй түлхчихсэн бөгөөд согтуу байсан учир хөл дээрээ тогтож чадаагүй унаад өгсөн. Унахдаа боржур мөргөж гэмтсэн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 9,10 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 11,38 дугаар хуудас/,

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 12,37 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” пабийн орчим М.Жаргалтай маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд   хохирогч М.Жаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №7414 дугаартай 

  1. М.Жаргалын биед дагз, баруун сарвуунд гарх, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           Прокуророос шүүгдэгч Б.Мөнхбаярыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хохирогч М.Жаргалд 300.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.