| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02034/и |
| Дугаар | 1607 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1607
Г.Чгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 19-нna өдрийн 102/ШШ2019/02027 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Чгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Од холбогдох,
Хууль бус тушаал хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Лхагважав,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М Оын тасалбар бичигч-мөнгөний нярваар ажиллаж байгаад М Оын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.
Тухайн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2019/00179 дугаар тогтоолоор тушаалыг үндэслэлгүй гэж үзэн М Оын тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний нярвын ажилд намайг эгүүлэн тогтоосон.
Гэтэл М Оын Зорчигч тээврийн төвийн дарга шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай тушаалаар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны дараах хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар М Оын Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай тушаалаар ажлаас халсан.
Шүүхийн шийдвэрт ажилд эгүүлэн авахдаа жирэмсэн болон амаржсан хүний оронд түр хугацаагаар ажилд авахаар заагаагүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандахад шүүхийн шийдвэрийг зөрчин, үндэслэлгүй тушаал гаргаж, намайг ажилд авч, эргээд хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Мөн хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч, гарын үсэг зурснаар баталгаажиж хүчин төгөлдөр болдог боловч манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр ажил олгогчийн санаачлагаар үндэслэлгүй тушаал гаргаж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.
Иймд М Оын Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 83, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай тушаалууд хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Оын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар тасалбарын төвийг татан буулгаж, бие даасан төсөвтэй тасалбар худалдаалах төвийг байгуулсан. Г.Чг энэ бүтэцтэй холбоотойгоор тус төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлснийг тэрээр эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02289 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 00179 дугаартай тогтоолоор ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсны дагуу М Оын Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай тушаалаар ажилд авсан.
Ингэхдээ түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Орхоныг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гарснаас хойш тэрээр 2 хоног ажилдаа ирээгүй, Зорчигч тээврийн төвийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил тасалсан зөрчил гаргасан учраас ажлаас нь халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ч-ийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн М Од холбогдох М Оын Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 83, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
М Оын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/95 дугаар тушаалаар тасалбарын төвийг татан буулгаж, бие даасан төсөвтэй тасалбар худалдаалах төвийг байгуулсан.
Билет тасалбарыг интернетээр захиалж, цахим программаар бүртгэдэг болсон тул тус төвийн бүтцэд өөрчлөлт оруулж Олон улсын тасалбар бичигч, орон нутгийн тасалбар бичигчийн орон тоог нэгтгэн 40 ажилтан байснаас 26 болж цөөрүүлсэн тул цахим, тест хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулж, 2 удаагийн давтан шалгалтад тэнцээгүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Г.Чг тус төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар орон тоог цөөрүүлэхтэй холбогдуулан явуулсан ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
Түүний гомдлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаар шийдвэрээр хангаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2019/00179 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
М Оын Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар тушаалаар Г.Чг одоогийн Зорчигч тээврийн төв /хуучнаар Тасалбар худалдаалах төв/-ийн тасалбар бичигч-нярвын ажилд эгүүлэн авсан.
Ингэхдээ түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Орхоныг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг тушаалын 3 дахь хэсэгт: “тасалбар бичигч нярвын орон тоо гарах үед түүнтэй эхний ээлжид хугацаагүй хөдөлмөрийн гэрээ”-г байгуулан ажиллуулах талаар заасан.
Зорчигч тээврийн төвийн тасалбар бичиг нярвын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор цөөрүүлсэн бөгөөд ийнхүү цомхтгогдсон ажлын байртай ижил орон тоон дээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд ажил олгогч нь өөрийн нөхцөл бололцооны хүрээнд нэхэмжлэгчийг ажиллуулахаар ажилд томилсон тушаал гарган, тухайн орон тоон дээр ажиллуулж байгаад үндсэн орон тоо гарах үед түүнтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад Г.Ч нь “заавал үндсэн орон тоон дээр ажиллана” гэсэн шаардлага тавиад ажилдаа огт ирээгүй, ажил тасалсан. Ийнхүү шалтаг зааж, ажлаа хийхгүй байгаагаас үзэхэд түүнийг ажиллах ямар ч сонирхолгүй юм байна гэж ажил олгогчийн зүгээс үзсэн.
Ийнхүү тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл ажлын 19 өдрийн ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ноцтой зөрчил гаргаж, Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5-ын 13-ын “е” дэх заалт болон Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаалын 14 дүгээр хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 7.5-д тус тус заасныг зөрчсөн тул Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаар тушаалаар ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Ажил олгогч нь зохих шийдвэрээ гарган Г.Чг хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд авч ажиллуулахдаа тушаалын 3 дахь заалтад үндсэн орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжид томилохоор шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэж буй нь учир дутагдалтай байна.
Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин өмгөөлөгчийн тайлбарын дараа хариуцагч талаас тайлбар өгөх гэхэд хүлээн зөвшөөрөлгүй шүүх хуралдааныг завсарласан нь зохигчдын тэгш байх эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг М Од холбогдуулан хууль бус тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2019/00179 дугаар тогтоолоор Г.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж дүгнэж түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ. /хх 8-12, 13-17/
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг М Оын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 83 тоот тушаалаар Г.Чг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар бичигч няравын ажилд эгүүлэн авахдаа жирэмсний болон амаржсаны дараах хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Орхоныг ажилдаа эргэн орох хүртэл хугацаа тогтоосон байна. /хх 6, 32 /
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасныг үндэслэн хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн М О нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83 тоот тушаал гаргасан нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэх дүгнэсэн нь зөв болжээ.
Учир нь нэхэмжлэгч Г.Чг уг тушаалд Б.Орхоныг амаржсаны дараах хүүхэд асрах чөлөөтэй, ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд ажилд авсан нь түүний ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт нийцэхгүй байгаа ба уг тушаалын 3 дахь заалтад тусгагдсан Г.Чтай тасалбар бичигч няравын үндсэн орон тоо гарах үед эхний ээлжид хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Г.Чг ажилд эгүүлэн авсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалттай нийцээгүй тул түүнийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохгүй юм. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 тоот Г.Чг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй болжээ.
Энэ үндэслэлээр хариуцагч байгууллагын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83 тоот2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА