Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/853

 

 

 

 

     2021            09            23                                        2021/ДШМ/853    

 

Б.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ням-Очир,

хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-ад холбогдох эрүүгийн 2011017790138 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Б.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.А-ыг “Аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер ланд” худалдааны төвийн гадна өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар 7.800.000 төгрөгийг, 200.000 төгрөгийг бэлнээр авсан,

хохирогч Б.Б-оос “Toyota corolla” загварын дугааргүй, гаалийн 0000000000 дугаартай мэдүүлэг бүхий тээврийн хэрэгслийг “2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг нь бүрэн төлнө” гэж 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” бүхий баримт  үйлдэн авсан атлаа төлбөрийг нь төлөлгүйгээр түүнийг хуурч автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Б-ийг “Амны хаалтны наймаа хийнэ, төрийн байгууллагад шахаж ашиг олж, 2.000.000 төгрөг нэмж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо***дүгээр байрны *** тоот гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны ******* дугаартай данснаас 5 удаагийн гүйлгээгээр 13.900.000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** дугаарын данснаас 2.100.000 төгрөгийг шилжүүлснийг Б.Б- нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 40.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 30-30 тоотод оршин суух, Энхбаатарын А- /РД:*********/-д 8.000.000 төгрөг, Баянгол дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух, Батаагийн Б- /РД:**********/-т 32.000.000 төгрөг тус тус олгож, хохирогч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт нийт 131 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б-ыг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.А-, Б.Б- нарт нийт 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б- нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б.Б-ийн эзэмшилд байсан “Toyota corolla” загварын улсын дугааргүй, гаалийн мэдүүлэг бүхий автомашиныг нэг сарын дараа мөнгийг нь өгнө хэмээн авч улмаар уг автомашиндаа ******улсын дугаар авч “А-” ХХК-д барьцаанд тавьж зээл авсан байх бөгөөд уг автомашиныг иргэн С.А-О гэх хүнээс урьд зээлж авсан мөнгөнийхээ барьцаанд үлдээсэн. Б.Б- нь Э.А-т “аавын Их хурлын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй” гэж мөнгө зээлсэн ба зээлийн хугацаа хэтрэхэд иргэн С.А-Оыг төөрөгдүүлэн уг “Toyota corolla” загварын автомашиныг авч Э.А-т барьцаанд мөн л үлдээсэн байдаг. Ийнхүү иргэн С.А-, Э.А-О нарт зохиомол байдпыг зориудаар бий болгон тодорхой хэмжээний хохирол учруулсан байдаг ба иргэн С.А-Оын Б.Б-ад мөнгө зээлдүүлсэн асуудлыг прокуророос иргэд хоорондын зээлийн асуудал гэж эрүүгийн хэрэгт хамааруулаагүй ба С.А-Оод хохирол учруулж төлж барагдуулаагүй асуудлыг сайтар шалгаагүй. Б.Б-ад холбогдох хэргийн хохирол их хэмжээний буюу 50 саяас дээш болох, зүйлчлэлд нөлөөлөх байж болзошгүй тул иргэн С.А-Оын асуудлыг иргэд хоорондын асуудал гэж үзсэн байх магадлалтай. Мөн Б.Б- нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-той уулзаж найз Д-гийн хамтаар маскны наймаа хийнэ гэж дахин 16.000.000 төгрөгийг авсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэг байдлаар Хятад улсаас маск оруулж ирүүлээгүй болон худалдаагүй гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэхүү 16.000.000 төгрөгийг хэрхэн, яаж ашигласан, хэрэглэсэн зэрэгт Д гэх хүн хэрхэн хамтран оролцсон зэргийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Б.Б- нь “аавын Их хурлын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдээс мөнгө зээлж авч залилдаг, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төлбөрийг дараа өгнө гэж автомашин худалдан авдаг ч түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, мөн ББСБ-ыг залилан эд хөрөнгийн хохирол учруулсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хоригдсон хугацаанд Б.Б- болон түүний ар гэрээс хохирогч нарт нэг ч төгрөгийн хохирол барагдуулах арга хэмжээ аваагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б- “би хохирлоо төлнө” л гэж ярьдаг болохоос бодитой ямар нэг үйлдэл, гэрээ хэлцэл хийгээгүй байхад шүүхээс хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн дахин хохироож байна. Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад цаг хугацаа алдах, эд хөрөнгийн, санхүүгийн чадваргүй Б.Б- нь цаашид иргэдийн хохирлыг төлөхгүй нөхцөл байдал үүсэх үр дагавар үүсч байна.

Мөн Б.Б- нь Э.А-Ооос мөнгө зээлсэн, “А-” ХХК-д иргэн Б.Б-ийн автомашины төлбөрийг нь төлөлгүй барьцаанд тавьж зээл авсан зэрэг зээлийн гэрээгээр халхавчилж залилсан үйлдлүүдийг прокуророос яагаад эрүүгийн хэрэгт хамааруулахгүй байгаа гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүйн улмаас Э.А-О, “А-” ХХК-д хохирол нөхөн төлөгдөхгүй асуудал үүсч байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд Б.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүэлхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанаас хойш Б.Б- нь надтай ирж уулзаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирол төлсөн зүйл одоо хүртэл байхгүй байна. Маш их гомдолтой байна. Би хүүтэй мөнгө зээлээд өгсөн. Хүүг нь би өөрөө төлөөд явж байна. Машин ч байхгүй. Энэ асуудал шийдвэрлэгдэхгүй 2 жил болж байна. Надтай уулзаж хохирлыг төлнө гэж хэлээгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Э.А- гэх хүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Б- гэх хүнд 32.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Б- нь “...“Toyota corolla” загварын автомашинаа буцааж авахгүй, дугаар авсан тул үнээ алдсан, мөнгөө гаргуулж авмаар байна” гэсэн. Анхан шатны шүүхээс “32.000.000 төгрөгийг Б.Б-т төл” гэсэн. Би А- ахын 8.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Э.А- ахаас автомашиныг аваад Банк бус санхүүгийн байгууллагад аваачиж өгсөн. Одоо Б.Б- ахад 32.000.000 төгрөгийн хохиролтой л үлдсэн. Би өмгөөлөгчөөрөө дамжуулж өчигдөр 5.000.000 төгрөгийг өгөх гэсэн боловч хүлээж аваагүй. Хохирлоо бүхлээр нь авна гэсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-ад зээл олгосон иргэн А-О, “А-” банк бус санхүүгийн байгууллага гэх хуулийн этгээдийг энэ хэрэгт хохирогчоор татаж шалгуулъя, шалгах ёстой байсан. Тэгсэн бол хохирол 50.000.000 төгрөгөөс дээш гарч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй болно гэсэн байдлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Б.Б-ад холбогдох энэ хэрэгт иргэн А-О, “А-” банк бус санхүүгийн байгууллага ямар ч хамааралгүй. Эдгээртэй холбоотой харилцаа нь цэвэр зээлийн гэрээний харилцаа байсан. Үүнтэй холбоотой төлбөр, мөнгө төлөгдөөд дууссан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахын тулд хэрэгт хамааралгүй этгээдүүдийг шалгаж, хохирогчоор тогтоох асуудлыг тавьж хэргийг буцаах үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Иймд хохирогчоос гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн Б.Б-оос авсан мөнгөө юунд, хэрхэн зарцуулсан болохыг шалгаж тогтоогоогүй гэсэн байна. Б.Б-оос мөнгө авсан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд авсан мөнгөө хэрхэн, яаж, юунд зарцуулсан болохыг шалгах шаардлагагүй. Залилах гэмт хэрэг нь тухайн мөнгийг өөртөө шилжүүлэн авсанаар  төгссөн. Цаашаа мөнгийг яасан болох нь ач холбогдолгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Б.Б-ад холбогдох эрүүгийн хэрэг өршөөлд бүрэн хамрагдаж байгаа. Шүүгдэгч Б.Б- анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. ...” гэв.

 

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчоор нэмж тогтоох асуудлыг ярьж байна. Б.Б- нь Б.Б-той гэрээ байгуулаад, гэрээний дагуу автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад түүнийхээ дагуу банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж буй асуудал нь эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй. Иргэний эрх зүйн харилцаатай холбоотой асуудал. Иймд “А-” банк бус санхүүгийн байгууллагыг хохирогчоор тогтоож дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Авсан мөнгийг хэрхэн зарцуулсан болохыг шалгах шаардлагатай гэж байна. Хохирогчийг хуурч мэхлэх замаар мөнгийг өөртөө шилжүүлэн авсанаар залилах гэмт хэрэг төгссөн. Цааш мөнгийг яаж зарцуулсан болохыг шалгах нь ач холбогдолгүй. Хохирлыг буруу тооцсон асуудал байхгүй. Хүү тооцох асуудал эрүүгийн хэрэгт хамааралгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хохирол төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн гэх асуудлыг заасан байгаа. Шүүгдэгч Б.Б- нь хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шалгавал зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос Б.Б-ын хохирогч Э.А-ыг “Аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй байна” гэж, хохирогч Б.Б-ийг “Амны хаалтны наймаа хийнэ, төрийн байгууллагад шахаж ашиг олж, 2.000.000 төгрөг нэмж өгнө, “Toyota corolla” загварын, Гаалийн 0000000000 дугаартай мэдүүлэг бүхий тээврийн хэрэгслийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг нь бүрэн төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж, бусдад нийт 42.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж буруутган Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Үүнд: 1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 23-нд иргэн С.А-Ооос “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй байна” гэж 13.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Э.А-оос мөн “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй байна” гэж 8.000.000 төгрөг авсан байх бөгөөд авсан мөнгөө төлөхгүй байсан тул С.А-О, Э.А- нар нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. /1хх-8/

 

Б.Б- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш Б.Б-оос авсан Toyota corolla” загварын автомашиныг ББСБ-д барьцаалж зээл авч иргэн С.А-Ооос авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг төлсөн байх ба /уг автомашиныг мөн Э.А-т барьцаалсан/ прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7 дугаартай тогтоолоор С.А-Ооос мөнгө авсан үйлдлийг иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан байна гэх үндэслэлээр Б.Б-ад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. /2хх 46-48/

 

Тодруулбал, Б.Б- нь“Аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй байна” гэх ижил аргаар С.А-О, Э.А- нараас мөнгө авч, авсан мөнгөө төлөхгүй байсан тул  С.А-О, Э.А- нар нь цагдаагийн байгууллагад хамт гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад С.А-Ооос авсан мөнгөний тодорхой хувийг төлсөн гэх үндэслэлээр тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүй орхигдуулжээ. Иймд энэ талаар гаргасан хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тусгайлан зохицуулсан байхад анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэжээ.

 

Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН