Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0343

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0343

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Г /РД:/,                                           

Хариуцагч: Уд холбогдох тушаал илт хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, авах ёстой байсан цалин нөхөн төлүүлэх, ажилд буцаан томилохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн М.Г нь тус шүүхэд хандан анх Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, цалинг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, авах ёстой байсан 11 540 445.00 /арван нэгэн сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгийн цалинг нөхөн төлөх, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилохыг Унд даалгах тухай болгосон.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч М.Г нь Унд 2007 оноос хойш мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар томилогдон 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан.

2.2. Хамгийн сүүлд буюу маргаж буй тушаал гарахаас өмнө тэрээр Уны Х,сийн даргаар ажиллаж байжээ.[2]

2.3. Н*******гын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамж гарч, Уны бүтэц орон тоог шинэчлэн баталсан[3] ба уг захирамжаар тус албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон гэх үндэслэлээр У******* 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг[4] гарган нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн.

2.4. Гэвч Н*******гын дээрх А/******* дугаар захирамжаар баталсан Уны бүтэц, орон тооноос харахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан Х,******* хэвээр, мөн тус хэлтсийн даргын орон тоо хэвээр байжээ.

2.5. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс Т*******д хуулийн хугацаанд хандаагүй, хожим хандсан байх боловч түүнтэй хамт ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн иргэн Т.ын гомдлоор Т*******ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 55 дугаартай Маргаан үүсгэх, маргаан хянан шалгах комисс байгуулах тухай тушаал[5] гарч, улмаар тус комиссын 2022 оны 05 дугаар сарын сарын 09-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт гарчээ.[6]

2.6 Дээрх дүгнэлтээр Т.ыг ажлаас чөлөөлсөн У******* тушаал хууль зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгох санал, дүгнэлтийг Т*******ийн хуралдаанд танилцуулсан байна.

2.7. Дурдсан дүгнэлтийг Т*******ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 318 дугаартай тогтоолоор хүлээн авч, Т.ыг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоож, хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.[7]

2.8. Мөн тус албаны албан хаагчид болох Ц.Р, Т.Э, Д.Ш, Ц.Г, Ч.О нарын тухайд Т.ын адилаар гомдол гаргасныг Т*******өөс үндэслэлтэй гэж үзэж, холбогдох тогтоолуудыг гаргажээ.

2.9. Т*******ийн дээрх тогтоолуудыг үндэслэн Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаал гаргаж, Ц.Р, Т.Э, Д.Ш, Ц.Г, Ч.О, Т. нарыг[8] ажилд нь эгүүлэн томилсон байх бөгөөд харин нэхэмжлэгч М.Гийн хувьд Т*******д дээрх нэр бүхий албан хаагчдын хамт гомдол гаргаагүй байсан тул ажилдаа эгүүлэн томилогдож чадаагүй байна.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... Байгууллагын бүтцэд өөрчлөлт ороогүй, орон тоо хасагдаагүй харин нэмэгдсэн. Мөн албан хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгт ямар нэг өөрчлөлт ороогүй байхад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримтлан бүтэц орон тоонд өөрчлөлт орсон гэх үндэслэлээр намайг чөлөөлсөн нь илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарч байна. Мөн тус хуулийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд мэдэгдэх боломжгүй гэсэн захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулж байна. Т*******ийн 2022 оны 23 дугаар хурлаас энэ талаар тодорхой дүгнэлтүүдийг хийж, албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгосон байдаг. Мөн надад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдэгдэж, гардуулаагүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс ... 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулсан. Энэ сонсох ажиллагаанд М.Г нь оролцоод шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Энэ өдрөөс хойш М.Г нь ажилдаа ирээгүй. Нэр бүхий албан хаагчид С.Гтэй адилхан шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж Т*******д гомдол гаргаж эргээд ажилдаа томилогдсон гэдэг үйл баримтууд хэрэгт авагдсан. Үндэслэлгүйгээр халагдсан гэдэгтэй маргахгүй. Гэхдээ 2 дугаар сарын -ны өдрөөс хойш Т*******д гомдол гаргахад бол холбогдох нэхэмжлэл гаргах хүртлээ ажилдаа ирээгүй, гомдол гаргаагүй нь ямар учир шалтгаантай байсан нь мэдэхгүй байна. Маргаж буй тушаалыг М.Гд мэдэгдсэн, гардуулж өгсөн баримт байхгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалын эрх зүйн үндэслэлээс үзвэл голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, түүнчлэн Н*******гын 2022 оны Уны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/******* дугаартай захирамж байна.

2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: гээд, мөн зүйлийн 62.1.1 дэх заалтад энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;, мөн 62.1.4 дэх заалтад төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох. гэж тус тус заажээ.

3. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно., мөн зүйлийн 49.2 дахь хэсэгт Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. гэж зохицуулсан байна.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах эрх зүйн үндэслэл заасан хэм хэмжээ биш бөгөөд харин төрийн жинхэнэ албан хаагчид хууль тогтоогчоос тогтоосон нэмэгдэл баталгааны эрх зүйн зохицуулалт байна.

5. Түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглохоор зохицуулснаас гадна тийнхүү чөлөөлөх, түр чөлөөлөх, халах эрх зүйн үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчихгүй байх, эдлүүлэх талаар заажээ.

6. Гэвч хариуцагч маргаж буй Б/ дугаартай тушаалыг гаргахдаа Ажлаас чөлөөлөх тухай гэж нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь илт хууль бус байна гэж шүүх дүгнэлээ. Үүнийг тодруулахад:

7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гээд, мөн зүйлийн 47.1.6 дахь заалтад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасан.

8. Дээр дурдсан захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад бэхэжсэн хуульд үндэслэх зарчим-ын шууд хэрэгжилт бөгөөд маргаж буй захиргааны актад хууль зүйн үндэслэл огт бичээгүй, эсхүл хууль зүйн үндэслэл бичсэн хэдий боловч тухайн үндэслэл нь захиргааны актаар шийдвэрлэсэн асуудалтай огт холбоогүй буюу захиргааны байгууллагаас шийдвэр гаргах нарийвчилсан эрх зүйн үндэслэлээ заагаагүй тохиолдолд тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж, илт хууль бус болохыг тогтооно.

9. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд, маргаж буй Б/ дугаартай тушаал нь нэхэмжлэгч М.Гийг ажлаас чөлөөлж байгаа гэх атлаа төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны зохицуулалтыг хэрэглэсэн нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлд шууд хамаарч байна.

10. Мөн маргаж буй тушаалд Н*******гын 2022 оны Уны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/******* дугаартай захирамжийг үндэслэсэн хэдий боловч тус захирамжаар тогтоосон бүтэц, орон тооноос үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Х,сийн бүтэц хэвээр, мөн тус хэлтсийн даргын орон тоо хэвээр байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[9] тогтоогдлоо.

11. Тиймээс шүүх маргаж буй Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаас гадна 47.1.7 дахь заалтад заасан үндэслэл байгаа ... гэх агуулгаар тайлбарласан бөгөөд энэ үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

13. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэгт захиргааны актын хаяглагдсан этгээд тухайн захиргааны актаар шийдвэрлэсэн буюу тогтоосон асуудлыг бодит байдал дээр /обьектив байдлаар/ гүйцэтгэх буюу хэрэгжүүлэх техникийн, эсхүл хууль зүйн хувьд боломжгүй байх нөхцөл байдлуудыг ойлгоно.

14. Маргаж буй захиргааны актаар нэхэмжлэгч М.Гийг ажлаас чөлөөлсөн байгаа /төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож зогсоож байгаа/ энэ тохиолдолд тухайн захиргааны актыг обьектив утгаараа бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх боломжгүй юм.

15. Мөн ... нэхэмжлэгчид маргаж буй тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, гардуулаагүй ... гэх үндэслэлийн тухайд, хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа энэ талаар маргадаггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. гэж зааснаар маргаж буй Б/ дугаартай тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гардуулаагүй энэ тохиолдолд тухайн тушаал хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй.

16. Шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой байх зарчмын дагуу, шүүгчээс хамгийн сүүлийн байдлаар Уны бүтэц орон тоог шинэчлэгдсэн эсэхийг хариуцагчаас тодруулахад Н*******гын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар Уны нэгжийн орон тоо, харьяалагдах нэр, ангиллыг шинэчлэн баталжээ.[10]

17. Тус шинэчилсэн бүтэц, орон тооны дагуу нэхэмжлэгч М.Гийн урьд эрхэлж байсан Х,сийн бүтэц өөрчлөгдөж, Х*******,******* болон Д*******,******* болж хуваагдан зохион байгуулагдсан хэдий боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр байх төдийгүй тус хэлтсүүд нь тус бүр хэлтсийн даргын орон тоотой байхаар батлагдсан байна.

18. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс дээрх шинэчилсэн бүтэц, орон тооны алинд урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хамаарч байгааг тодруулахад Х*******,*******-т хамаарна гэх бөгөөд Н*******гын 2023 оны А/16 дугаар захирамжаар баталсан шинэчилсэн бүтэц, орон тооны хавсралтаас харахад энэхүү тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийг Уны Х*******,*******т даргаар буцаан томилох нь зүйтэй гэж дүгнэв.

19. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сар хүртэл ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд авах ёстой байсан цалинд нийт 11 540 445.00 /арван нэгэн сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

20. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох нь зүйтэй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй завсардсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийх шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, авах ёстой байсан 11 540 445.00 /арван нэгэн сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгийн цалинг нөхөн төлөх, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилохыг Унд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.1.1, 62.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Уын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан 11 540 445.00 /арван нэгэн сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгийн цалин, ажилгүй завсардсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилохыг Уд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ ... дахь тал

[2] Хх 76 дахь тал

[3] Хх 78-82 дахь тал

[4] Хх 76 дахь тал

[5] Хх 37 дахь тал

[6] Хх 38-46 дахь тал

[7] Хх 57 дахь тал

[8] Хх 66-70, 73 дахь тал

[9] Хх 78-82 дахь тал

[10] Хх дахь тал