Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхтөр, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй (томилолтоор), шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000206 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... ургийн овогт Б-ын И (РД: ....), ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .. аймгийн .... суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд туслах ажилтан, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн .... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа “шүүгдэгч Б.И нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хатуу хучилттай авто зам дээр “Toyota prius 20” загварын, 20-52 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.2, 3.7а, 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, иргэн С.С-ыг дайрч амь насыг нь хохироосон, улмаар зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг орхиж зугтаасан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн тус хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас), тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 67 дугаар хуудас), сэтгэцэд учирсан хохирол төлсөн, нэхэмжлэхгүй гэх тодорхойлолт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-113 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа: Нийгмийн даатгалын санд учирсан хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 143 дугаар хуудас), шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дахин өгсөн мэдүүлэг, (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт (хавтаст хэргийн 187 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам: Гэрч Э.Гантулгын мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дугаар хуудас), ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас);

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас);

- Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас);

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 100-113 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Яын “...Миний төрсөн дүү С. С нь эхнэр авч өрх тусгаарлаж байгаагүй, хүүхэдгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаангом сумын 8 дугаар багт байх өөрийн төрсөн эцэг, эхийн 6 ханатай монгол гэрт ганцаараа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул ах, дүү нарынхаа гэр орноор явж хоол, цай, ойр зуурын мөнгөтэй залгадаг байсан ба хараа муутай учир сард 500’000 гаруй төгрөгийн групп улсаас авдаг, архи согтууруулах ундааны зүйл ихэвчлэн хэрэглэдэг байсан.

Би 2025 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 08-09 цагийн үед Өндөрхангай суманд ажилтай явахад миний эхнэр залгаж С.С автомашинд мөргүүлж амь нас нь хохирсон гэж хэлэхээр нь тухайн газраас Улаангом сумын чиглэлд гарч 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирж, дүүгийнхээ буяны ажилд оролцсон. Түүнээс хойш дүү С.Сыг мөргөсөн гэх автомашиныг барьж явсан эмэгтэй хүний хадам аав А.Э гэх хүн хоёр удаа ирж уулзаж, уучлалт гуйж 7’500’000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Яын дахин өгсөн “...Миний хувьд тухайн зэрэглэл тогтоолгож Ховд аймагт очиж дүгнэлт гаргуулах боломжгүй. Харин сэтгэл санааны хохирлын хувьд тухайн жолооч бид хоёр тохиролцож 15 сая төгрөгийн хохирол барагдуулахаар болж бичгээр баталгаажуулсан тул сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас);

- Гэрч Б.Бын “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Улаангом сумын 9, 10 дугаар багийн 6-р сургуулийн арын замаар доош ах н.Э, эгч н.С нарын хамт автомашинтай явж байхад 6 дугаар сургуулийн арын автобусны буудал зөрөөд зогсоол дээр Тоёота примо автомашинтай эмэгтэй аваараа татаж зогсоод гараа өргөөд замаас гар гэж дохио өгсөн мөн бид нарын урд талд буюу эсрэг урсгалын хэсэгт эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Автомашин дотроосоо уг эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “цагаан өнгийн приүс 20 загварын автомашин хүн мөргөчхөөд зугтчихлаа” гэхээр нь цагдаа, эмнэлэг дуудсан талаар асуухад дуудаагүй гэсэн учраас эгч бид эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас);

- Гэрч Д.Эын “...Би өөрийн пробокс автомашинтай 2025 оны 08 дугаар сарын 17-ны 22 цагийн үед эхнэрийн хамт болон ажлын газрын залуу болох Бын хамт 6 дугаар сургуулийн арын замаар доош явж байхад автобусны зогсоол дээр цагаан өнгийн примо машин аваар татаж зогсоод жолооч эмэгтэй замын гол хэсэгт гараа өргөж зогсоосон. Мөн тухайн газарт зогсохоос өмнө замын эсрэг урсгалын зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Уг эмэгтэй гүйж ирээд цагаан өнгийн приус автомашин хүн дайрчхаад зугтчихлаа гэдэг зүйлийг хэлсэн. Бид нар автомашинаас бууж замын дээд болон доод хэсэгт очиж уг хүнийг дахин машин мөргөхөөс хамгаалж анхааруулж байхдаа эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн анх зогсоосон эмэгтэй нэлээн сандарсан байдалтай байсан учраас өөр ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирж түүнээс хойш бид нар машиндаа суугаад хүлээж байсан. Мөн эмнэлгийн машин ирсний дараа нөгөө хүн мөргөсөн гэмээр цагаан өнгийн приус урд шил нь хагарсан байдалтай ирээд шууд зогсоол дээр очоод аваараа татаж зогссон. Машины жолооч талын хаалганаас эмэгтэй хүн бууж ирсэн гэхдээ яг ямар эмэгтэй гэдгийг нь нарийвчлан хараагүй учраас хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас);

- Гэрч Б.Сгийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед нөхөр болон манай ажлын газрын газрын залуугийн хамт 6 дугаар сургуулийн арын замаар доош явж байхад автобусны буудал зөрөөд манай автомашины урд 10 орчим метр зайд явж байсан машин гэнэт хурдаа хасаж баруун гар талдаа дохио өгч зогсоод аваар татаж, жолооч эмэгтэй нь бууж ирээд гараа өргөж бид нарыг зогсоосон. Тэгэхэд уг эмэгтэй гүйж ирээд цагаан өнгийн приус автомашин хүн дайрчхаад зугтчихлаа. Тэрийг нь би нүдээрээ харлаа гэдэг зүйлийг хэлсний дараа замын хойд талын урсгалын хэсэгт эрэгтэй хүн хэвтэж байхыг харсан. Бид нар автомашинаас бууж уг хүнээс эмнэлэг дуудсан талаар асуухад дуудаагүй гэсэн учраас би өөрийн утсаар 21 цаг 44 минутад эмнэлэгт дуудлага өгсөн. Түүнээс хойш 2-3 минутын дараа анх зогсоосон эмэгтэй жолооч эгч эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Дараа нь 10 минутын дараа эхлээд цагдаа, дараа эмнэлгийн автомашин ирээд зогссоны дараа дээрээс урд шил нь хагарсан байдалтай цагаан өнгийн приус автомашин ирээд зогсоол дээр зогссон. Автомашинаас 4 хүн бууж ирсэн бөгөөд жолооч нь хэн байхыг хараагүй. Түүнээс хойш бид нар машинаасаа буугаагүй”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас);

- Гэрч Б.Бийн “...2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 13 цагаас хойш баз н.Гантулгын хамт манай Улаангом сумын 11 дүгээр баг 7-24 тоотод тамбарын тасалгаа нураасан. Өдөр 20 цагийн үед н.Гантулга эхнэр Итай утсаар ярихад ажил дээрээ байна тарах болоогүй байна гэдэг зүйлийг ярьсан. Түүнээс хойш 21 цаг өнгөрөөд байж байхад И нь зөрөө нөхөр Гантулга руу залгаад би хүн мөргөчихлөө гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь гэрээс Гантулга болон эхнэр Цасанцэцэгийн хамт шууд машинтай гараад Түмэнд нээлттэй ХХК-ны арын гурван замын уулзвараар доош явахад 6 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо очиход уг осолд орсон хүн замын голд хэвтэж байсан мөн нэг пробокс автомашинтай хүмүүс дуудлага өгчихсөн гэж байсан бөгөөд эмнэлэг болон цагдаа ирээгүй байсан. Тухайн үед Б.И өөрөө байгаагүй учраас дахин залгаж хаана байгаа талаар асуухад гурван замын уулзвар арай хүрээгүй буюу Түмэнд нээлттэй ХХК-ны яг ар талд хашаа дагаад зогсож байна гэсэн. Яваад очиход машин дотроо ганцаараа жолоо дээрээ сууж байсан бөгөөд урд шил нь хагарсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нэлээн шоконд орсон байдалтай өөрөө хүн дайрчихлаа гэдгээс өөр зүйл хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас);

- Гэрч Б.Чгийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед байх 6 дугаар сургуулийн арын замаар “Toyota Premio” загварын 37-71 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож ертөнцийн зүгээр зүүн зүгт буюу Улиасны хэвийн чиглэлд явж, 6 дугаар сургууль өнгөрөөд хурд сааруулагч дээгүүр гарах гэж хурдаа хасаж, автомашины урд талын дугуй хурд сааруулагч дээгүүр давж байхад надаас 5-6 метр зайтай замын эсрэг талын зорчих хэсэг дээр хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, хар өнгийн түрийтэй гутал, гартаа цэнхэр өнгийн тортой зүйл барьсан эрэгтэй хүн такси барих гэж байгаа бололтой гараа өргөж зогсож байхад эсрэг талын урсгалаас буюу Улиасны хэвээс 6 дугаар сургуулийн чиглэлд хурдтай ирж байсан “Приус 20” загварын, цагаан өнгөтэй автомашин тухайн хүнийг мөргөж, түсхийх чанга дуу чимээ гарсан. Би тэр даруй автомашинаа зогсоож автомашинаасаа буухад замын зорчих хэсэг дээр зогсож байсан эрэгтэй зогсож байсан газраасаа зорчих хэсэг дагуу шидэгдэж зам дээр унасан, мөргөсөн автомашин нь чигээрээ миний хажуугаар өнгөрөөд явчихсан. Уг зам тээврийн ослын улмаас миний бие тавгүй болсон учир автомашинд мөргүүлсэн хүн рүү очоогүй ба араасаа ирсэн “Probox” маркийн автомашиныг зогсоож ослын талаар хэлж, цагдаагийн байгууллага руу дуудлага өгөх гэж залгаж ярихад цагдаагийн байгууллагад ослын талаар дуудлага мэдээлэл ирсэн талаар хэлсэн. Би хүн мөргөсөн автомашины улсын дугаарыг харж чадаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Б.Иын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед ажил тарах үеэр бол н.Ц эгч түгээлт хийж ирэхдээ 4 ширхэг, 2.5 литрийн пиво авч ирсэн байсан. Тийм учраас н.Ц эгчийн автомашинтай ажлаас хөдлөөд ойрхон гэр хороололд дунд зогсож байгаад автомашин дотроо уусан. Ууж дууссаны дараа бид гурав ажил дээр автомашинтай очиж би түрүүлээд өөрийн автомашинаа унаад явсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан бөгөөд би шууд ажлаасаа машинаа унаад 6 дугаар сургуулийн арын замаар дээш гэрийнхээ чиглэлд ганцаараа явсан. Би автомашин барьж явахдаа бол замаар чигээрээ явж байхад гэнэт зүүн гар талаас хүн орж ирсний улмаас мөргөсөн. Тухайн үед би айж сандарсан, мөн автомашинаа зогсоож чадаагүй, замын гэрэлтүүлэг байхгүй үзэгдэх орчин тааруу байсан учраас ийм зүйл болж хүн мөргөсний дараа зам чөлөөлж зогсох гэсэн боловч баруун гар талдаа бууж зогсох газар байхгүй байсан учраас нэлээн яваад замаас бууж зогссоны дараа нөхөр рүүгээ ярьж “6-р сургуулийн ойролцоо хүн дайрчихлаа, хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй нөхөр ирсний дараа буцаж хэргийн газарт хамт очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.И нь согтуурсан үедээ Toyota prius 20” загварын, 20-52 УВХ улсын дугаартай автомашиныг хатуу хучилттай замаар жолоодож яваад амь хохирогч С.Сыг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын дараа хохирогчид ямар нэгэн тусламж үзүүлэхгүйгээр ослын газрыг орхиж яваад буцаж ирсэн байна.

2.2. Амь хохирогч С.Сын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10 дугаартай “...Амь хохирогч С.Сын биед баруун талын буулган венийн судасны задрал, орчны зөөлөн эдэд цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт, баруун уушгины шалчийлт, үнхэлцэг хальсны задрал, цус хуралт, сээрний 1, 2 дугаар нугалам завсраар салалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд гялтан хальсанд цус хуралт, зүүн уушгины хажуу хэсэгт цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн задрал, зүүн бөөрний өөхөн эдэд цус хуралт, бага тархины баруун тал бөмбөлөгт аалзан хальсан доорх цус харвалт, зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, хуйхны доор цус хуралт, дух, хамрын нуруу, эрүү, баруун шуу, баруун сарвууны ард, зүүн тохой, зүүн суганы урд хэсэгт, цээжний зүүн хажуу дунд хэсэгт, аюулхайн доод талд, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд, баруун, зүүн дал, сээрний нугалмуудын дээд хэсэгт, бүсэлхийн нугалмуудын ард, баруун, зүүн өгзөгний дотно дээд хэсэгт зулгаралт, зүүн өвдөгний үений дотно урд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Баруун талын буулган венийн судасны задрал, орчны зөөлөн эдэд цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт, баруун уушгины шалчийлт, үнхэлцэг хальсны задрал, цус хуралт, сээрний 1, 2 дугаар нугалам завсраар салалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд гялтан хальсанд цус хуралт, зүүн уушгины хажуу хэсэгт цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн задрал, зүүн бөөрний өөхөн эдэд цус хуралт, бага тархины баруун тал бөмбөлөгт аалзан хальсан доорх цус харвалт, зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, хуйхны доор цус хуралт, дух, хамрын нуруу, эрүү, баруун шуу, баруун сарвууны ард, зүүн тохой, зүүн суганы урд хэсэгт, цээжний зүүн хажуу дунд хэсэгт, аюулхайн доод талд, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд, баруун, зүүн дал, сээрний нугалмуудын дээд хэсэгт, бүсэлхийн нугалмуудын ард, баруун, зүүн өгзөгний дотно дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хүнд зэргийн гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Амь хохирогч С.С нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас цээжний баруун хөндийд цочмог цус алдаж, баруун уушги шалчийлтаар хүндэрч амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас)-ийг дээрх (2.1-т заасан) үйл баримттай харьцуулан дүгнэвэл амь хохирогч С.С нь автомашинд мөргүүлсний улмаас дээрх гэмтлүүдийг авч, улмаар дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна.

2.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай автозам дээр шүүгдэгч Б.И нь Toyota prius 20” загварын, 20-52 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад амь хохирогч С.Сыг мөргөж амь насыг нь хохироосон. Мөн ослын дараа хэргийн газраас зугтаасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Энэхүү гэмт хэргийн обьектив тал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр үүрэг болгосон, хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.И согтуурсан үедээ автомашин жолоодсон үйлдлээрээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан хориглолтыг зөрчсөн. Мөн тус дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Тодруулбал шүүгдэгч Б.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан хязгаарлалтыг зөрчиж, тус дүрмийн 12.2, 12.3-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарч, С.Сын амь нас хохирсон байна. Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.И согтуурсан үедээ Toyota prius-20 загварын, 20-52 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.2, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж С.Сын амь насыг хохироосон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зорчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

3.2. Эрүүгийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” бол авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүгдэгчийн жолоодож явсан Toyota prius-20 загварын, 20-52 УВХ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн “...Үзлэгээр тээврийн хэрэгслийн хоёр хажуу, ар хэсэгт гэмтэлгүй байв. Урд номерын зүүн дээд “ВХ” үсэг хэсгээр хонхойсон, урд гуперын зүүн хэсгийн 3 хэсэгт хонхойлт үүссэн. Урд шилний шил арчигчийн дээд хэсэгт цөөрөм үүсэн шилний ихэнх хэсэг цуурсан. ...Шилний цөмөрсөн хэсэгт нарийн ширхэгтэй үснүүд наалдсан зэрэг гэмтлүүд учирсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас), гэрч Б.Чгийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед байх 6 дугаар сургуулийн арын замаар “Toyota Premio” загварын 37-71 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож ертөнцийн зүгээр зүүн зүгт буюу Улиасны хэвийн чиглэлд явж, 6 дугаар сургууль өнгөрөөд хурд сааруулагч дээгүүр гарах гэж хурдаа хасаж, автомашины урд талын дугуй хурд сааруулагч дээгүүр давж байхад надаас 5-6 метр зайтай замын эсрэг талын зорчих хэсэг дээр хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, хар өнгийн түрийтэй гутал, гартаа цэнхэр өнгийн тортой зүйл барьсан эрэгтэй хүн такси барих гэж байгаа бололтой гараа өргөж зогсож байхад эсрэг талын урсгалаас буюу Улиасны хэвээс 6 дугаар сургуулийн чиглэлд хурдтай ирж байсан “Приус 20” загварын, цагаан өнгөтэй автомашин тухайн хүнийг мөргөж, түсхийх чанга дуу чимээ гарсан. Би тэр даруй автомашинаа зогсоож автомашинаасаа буухад замын зорчих хэсэг дээр зогсож байсан эрэгтэй зогсож байсан газраасаа зорчих хэсэг дагуу шидэгдэж зам дээр унасан, мөргөсөн автомашин нь чигээрээ миний хажуугаар өнгөрөөд явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас) зэргээс дүгнэвэл шүүгдэгч нь зам тээврийн осол гаргаснаа мэдсэн байх бөгөөд санаатайгаар хэргийн газраас явсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.И нь амь хохирогч С.Сыг мөргөж зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газраас явсан болох нь гэрч Б.Ч болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тодруулбал шүүгдэгч Б.И Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсгийн а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэж, тус хэсгийн г-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасан үүргээ биелүүлэхгүйгээр зам тээврийн ослын газраас явсан байна.

Шүүгдэгч Б.Иын ослын газраас явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

3.3. Шүүгдэгч Б.Иын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зорчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд; мөн тус хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.

Энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогч С.Сын амь нас хохирсон. Тодруулбал энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний амь нас бөгөөд хүний амь насыг мөнгөөр үнэлж болдоггүй, бусад зүйлээр орлуулж, нөхөн сэргээх боломжгүй тул уг хохирлыг нөхөн төлөгдөх боломжгүй гэж үзнэ.

Харин энэхүү төрлийн гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, олох байсан орлого, бусдад төлөх төлбөр, эцэг эх, үр хүүхэд, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн хямрал буюу хор уршиг зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээс гаргуулдаг.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.И хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ят оршуулгын болон бусад зардалд 10’000’000 төгрөгийг төлсөн нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Яын “...осол гаргасан жолоочийн эцэг нь ирж уулзаж уучлалт гуйж нийт 7,500,000 бэлнээр өгснөөс хойш дахин 2,500,000 төгрөг нийт оршуулгын болон бусад зардалд 10,000,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас)-ээр нотлогдсон байна.

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхтэй этгээд нь тус хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я “...Миний хувьд тухайн зэрэглэл тогтоолгож Ховд аймагт очиж дүгнэлт гаргуулах боломжгүй. Харин сэтгэл санааны хохирлын хувьд тухайн жолооч бид хоёр тохиролцож 15 сая төгрөгийн хохирол барагдуулахаар болж бичгээр баталгаажуулсан тул сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэжээ. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Я сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхгүй бөгөөд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв. .

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 180 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 182 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 183 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.И нь нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 3 жилийн хугацаагаар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутай үйлдэлд нь 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтох санал дүгнэлтийг гаргаж байна” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа “...Б.И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаад тус тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээний ½-ээр буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгөөч. Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж өгөөч. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох, хорих ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус хуульчилсан.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг.

Мөн тус хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Энэхүү хэргийн хувьд хүний амь нас хохирсон тул уг хохирол нөхөн төлөгдөх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэл бий болоогүй тул өмгөөлөгчийн саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

3.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх журамтай. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

3.5. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Мөрдөгч 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Б.Ит хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 178 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, прокурор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгчийн 1567394 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З ургийн овогт Б-ын Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэгсийн 4.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Иыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар хорих ялаар;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Иыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Toyota prius 20” загварын, 20-52 УВХ улсын дугаартай автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгчийн 1567394 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА