Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1626

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С Б хороо,

Хариуцагч: Б яам,

Хариуцагч З даргад тус тус холбогдох,

 

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 176 841 440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Мөнхбаяр,

Хариуцагч С Б хорооны төлөөлөгч: Ц.Ганхүү,

Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч З даргад холбогдох нэхэмжлэлээс татгалзаж хамтран хариуцагчаар Б яамыг оролцуулах байр суурьтай байна.

Учир нь С Б хорооны даргыг дүүргийн Засаг дарга томилдог, хөрөнгө нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлтэй байдаг, санхүүжилтийг нь Б яам гаргадаг байна.

“Б” ХХК нь эрчим хүч, барилга, сантехникийн угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг зураг төслийн хүрээнд өөрийн материал болох 176 841 440 төгрөгөөр гүйцэтгэж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээний ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авч улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан.

С Б хорооны барилгын гадна дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэх тухай тендер зарлаагүй. Иймд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд тус хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх үндэслэл болж байна.

Мөн хариуцагч дүүргийн С Б хорооны дарга нь нэхэмжлэгч “Б” ХХК-тай дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулахдаа дүүргийн төсвийн захирагч буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан болох З даргаас зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуульд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн С Б хороо, “Б” ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 10/17 дугаар ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 176 841 440 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хууль мэдэхгүйг далимдуулан надтай гэрээ хийсэн гэж ойлгож байгаа. Энэ гэрээ нь хууль зөрчсөн, хүчингүй гэрээ.

Хууль зөрчихөд нөлөөлсөн байгууллага нь “Б” ХХК гэж үзэж байна. Анх энэ ажил хийх болсон шалтгаан Ерөнхий сайд утааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэнтэй холбоотой манай байгууллага халаалтаа нам даралтын зуухаар шийдсэн байсныг төвийн дулаантай холбохоор болсон. Нээлтэд дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд оролцсон. Ажлыг хүлээн авч, 2 өвлийн нүүр үзэж байна. Ямар нэгэн доголдол гараагүй.

Яамны багцад 2019 онд 80 000 000 төгрөг батлагдсан. Үлдэх хэсгийг нь дүрэм журмын дагуу яамтай учраа олж төсөвт тусгуулан мөнгөө авах хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны дарга Ц.Ганхүү 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 137 тоот албан бичгээр дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолборыг төвлөрсөн дулаанд холбодох зарцуулсан 176 000 000 төгрөгийг Сайдын хөрөнгөнөөс шийдвэрлүүлэхээр хүсэлтийг Б сайдад ирүүлсэн.

Б сайд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Жагсаалт батлах тухай А/112 дугаар тушаалын хавсралтад Сонгинохайрхан дүүргийн спортын цогцолборын гадна шугам сүлжээний засварын ажлын төсөв 80 000 000 төгрөгийг баталж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус хөрөнгийг зарцуулах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсэн.

“Б” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Сонгинохайрхан дүүргийн С Б хорооноос 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хамтран ажиллах тухай 172 тоот албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг “Б” ХХК-тай байгуулсан.

Тус гэрээг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “Б” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн. Яамнаас дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхтэй холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн С Б хороонд тендер зарлалгүй тус ажлыг хийж гүйцэтгүүлэх, батлагдсан төсөвгүй гэрээ байгуулах талаар чиглэл хүргүүлээгүй.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн С Б хороо нь “Б” ХХК нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд яам оролцоогүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр яам тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй байх тул “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яамыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаас татгалзаж холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн С Б хороо, Б яамнаас 176 841 440 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-аас З даргад холбогдуулан 176 841 440 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 042 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 042 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/01881 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх гэм буруугийн зарчмыг үл тоож хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-тай С Б хорооны холбогдох барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлэх, тухайн ажлыг тендер зарлалгүйгээр явуул гэсэн чиглэл үүргийг яамнаас аливаа хэлбэрээр өгөөгүй, тус ажилд оролцоогүй атал яамыг хариуцагчаар татан улмаар хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчсөн.

Шүүх яамыг хариуцагчаар татсан асуудлыг огт судлаагүй бөгөөд дээрх үйл ажиллагаа ямар дарааллаар хэн гэдэг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хууль зөрчсөн байна гэдгийг шийдвэрлээгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу шинжлэн судалсан, яамнаас гаргасан тайлбарыг судлаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн С Б хороо, Б яам, З даргад тус тус холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 176 841 440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн С Б хороо “Б” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг зураг төсвийн хүрээнд гүйцэтгэх, захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн С Б хороо ажлын хөлс 176 841 440 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, үйл баримтыг анхан шатны шүүх тогтоожээ. /хх-6-8/

 

            Уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг зураг төсвийн хүрээнд гүйцэтгэсэн, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар уг ажлын гүйцэтгэлийн зураглалыг шалгаж, акт үйлдэн хөрөнгийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн хүлээн авсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн С Б хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар уг ажил үйлчилгээг хийлгэх нээлттэй тендер зарлалгүй, мөн 2017 оны төсөвт дээрх ажлын зардал батлагдаагүй байхад нэхэмжлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул түүний үр дагаварыг арилгахад гэрээний талууд нь эсрэг талдаа шилжүүлсэн зүйлээ буцаан авахыг шаардах эрхтэй юм.

 

Гэвч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн С Б хорооноос тус байгууллагын барилгын гадна дулаан, дулаан түгээх төвийн иж бүрэн тоног төхөөрөмжийг буцаан гаргуулах боломжгүй тул уг үнийг төлүүлэхээр шийдвэрлсэнийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэж шаардах эрхийн заалтыг баримталсныг хэвээр үлдээх нь маргааны агуулгад нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас гарсан зардал болох 176 841 440 төгрөгийг Б яамнаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл 10/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгч “Б” ХХК, болон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн С Б хорооны хооронд байгуулагдсан байх бөгөөд Б яамнаас зөвшөөрөл аваагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч З даргад холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01881 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаас “Б яам” гэснийг хасч “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс Б яамд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3 дахь заалтын “хариуцагч нараас” гэснийг “Сонгинохайрхан дүүргийн С Б хорооноос” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Б яам нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА