| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/264 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхтөр, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000245 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт Г-ын Б (РД: ...), ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эцэг, эх, ах, дүү нарын хамт ... аймгийн ... сум, ... дугаар /.../ багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Г.Б нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын замд “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Бн согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрч Б.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), гэрч Я.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), насанд хүрээгүй гэрч Г.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан “амьсгал дахь спиртийн агууламж 2.53 (%o) промиль” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);
- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн гаргасан, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас);
- Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэх шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас);
- Гэрч Б.Мын “...Би 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн үед Өндөрхангай сумын 5 дугаар баг, гэр хорооллын чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Мөрөн дэлгүүрийн урд замд Sanya загварын, улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоцикл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Г.Бг зогсоож шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Г.Бг Өндөрхангай сумын цагдаагийн тасагт авч ирж, 6820 загарын драйгер багажаар шалгахад 2.53%-ийн согтолттой гарсан. Г.Б нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Г.Бийн “...2025 оны 09 дүгээр сарын 28-ны 22 цагийн үед миний өөрийн facebook чат руу “Monhoo” гэх хаягаас “би Г.Б байна. Чи мотоциклоо соёлын төвийн үүднээс ирээд авчихмаар байна” гэж надад хэлсэн. Би гэрээсээ гараад соёлын төвийн үүдэнд очиход Г.Б миний мотоциклтой ганцаараа байсан ба “намайг гэрт хүргэж өгөөд мотоциклоо аваад яваарай” хэлсэн. Г.Б ах миний мотоциклыг жолоодоод би ард нь суугаад тэдний гэр рүү явсан. Бид хоёр явж байгаад төв гудамжинд н.Ичинхорлоо гэж хүний эзэмшлийн дэлгүүрийн гадна очоод зогсоход араас цагдаа нар ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн тасаг руу авч явсан. ...Г.Б ахтай би уулзахад тэрнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Бн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өндөрхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр адуугаа хайгаад явж байтал миний унаж явсан мотоциклын бензин багассан болохоор Өндөрхангай сумын төв рүү орох болсон. Өмнөх өдөр нь авсан 2 литрийн пиво замдаа уучхаад сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс нэг тамхи авахаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал цагдаа зогсоож шалгасан. Тэгээд Увс аймгийн цагдаагийн газрын Өндөрхангай сумын хэсгийн байранд авч очиж согтолт шалгах багажаар шалгахад 2.53% согтолттой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) зэргээр 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Г.Б 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ нь 2.53 промиль буюу 0.20 промиль (%)-ээс дээш гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. Шүүгдэгч Г.Б уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг эдэлж дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикл нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.
3.4. 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг хангасан.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Г.Б нь эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасах, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдэж, оногдуулсан нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй атлаа дахин тус зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 3 жилийн эрх хасах ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх нэмэгдэл ялыг 3 жил 4 сар 8 хоногоор эдлүүлэх” гэх санал гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоодог.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/2017 дугаартай албан бичгээр шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан болох нь тогтоогдож байна.
Дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 2 сар 26 хоногийн эрх хасах ялын үлдэгдэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоов.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Мөрдөгч 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) авсан. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Г-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулж, энэ мөчөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьсон болохыг түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА