Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/03470

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл гудамж, Гео 5-30 байр, 17 тоот хаягт оршин байх Ялгуунмилл ХХК /рд:5265746/-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/1, өөрийн байр хаягт оршин байх, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс /рд:9087001/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блюскай хотхон 44-20 тоот хаягт оршин суух, Боржгин овогт Буузайн Эрдэнэцэцэг /рд:ЧП64040401/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай 2 гудамж, 120 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Гомбодоржийн Баттөр /рд:СФ76120610/ нарын нэхэмжлэлтэй,

 

Ялгуунмилл ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Х.Баясгалан, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Баттөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Далай, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгшүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ялгуунмилл ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ялгуунмилл ХХК нь барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр 2008 оны 10 сарын 21-ний өдөр байгуулагдсан. Тус компани нь Дорноговь аймгийн Өргөн суманд уул уурхайн түүхий эдийг боловсруулах тээрмийн үйлдвэрийг суурилан стандартын шаардлага хангасан асфальтан хучилт үйлдвэрлэхэд эрдэс нэмэлт, металлургийн бентонитын нунтаг болон бусад барилгын материалыг тээрэмдэн үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон орон нутгийн хатуу хучилттай зам угсрах бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлж ирсэн. Манай үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь хэдийгээр замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай ч зах зээлийн үнэлгээ бага, олон дамжлага бүхий үйлдвэрлэл эрхлэхийг шаарддаг онцлогтой. Тухайлбал, энгийн шохойн чулууг ордоос нь хөрс хуулан, тэсэлгээ хийж олборлох, бутлан шигшиж ангилах, шороо ба бусад хольцоос салган цэвэрлэх, үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 километр тээвэрлэх, Өргөн сум дахь үйлдвэртээ тээрэмдэн нунтаг хэлбэрт оруулж савлах, эцэстээ хэрэглэгчид хүргэж өгөх зэрэг олон шат дамжлага бүхий өндөр зардалтай үйлдвэрлэл боловч тухайн үед зах зээл дэх нэг тонны үнэ нь 60-70 мянган төгрөг байсан учир үйлдвэрлэлийн цэвэр ашиг 10-15 хувиас дээш гардаггүй байсан. Түүнчлэн үнэ багатай барааг холын зайд тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн зардал өндөртэй учир ихэвчлэн бүс нутагтаа борлуулдаг, мөн манай орны замын барилгын ажлын онцлогийг даган тус компани зөвхөн дулааны улиралд буюу зөвхөн 5-9 сард үйл ажиллагаа явуулах боломжтой учир ашигтай ажиллахын тулд бид маш богино хугацаанд аль болох их хэмжээний үйлдвэрлэл явуулж байсан түүхтэй. Нөгөө талаас манай бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох зам барилгын компаниуд улсын төсөв, эсвэл олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг учир төвлөрсөн санхүүжилтээс шууд хамааралтай бөгөөд төлбөр тооцоогоо удаашруулах, үүнээс шалтгаалан манай компанийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд тогтмол оруулдаг байсан. Эдгээр шалтгаанаас улбаалан олон зуун жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй адилаар 2012-2015 онуудад манай бүтээгдэхүүний худалдан авагчид санхүүгийн хямралд өртсөн нь манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, манай борлуулалт бүр мөсөн зогссоны улмаас бид үйлдвэрээ хаахад хүрсэн. 2014 оноос эхлэн манай компани санхүүгийн гүн хямралд орж, ажиллагсдын цалин, цахилгаан, тээврийн мөнгө, банкны төлбөр, мөн хуримтлагдсан татварын өглөгөө барагдуулж чадахгүйд хүрсэн. Тухайлбал, компанийн үйл ажиллагаа 2015 онд бүрэн зогсож, түүнээс хойш буюу 2021 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар бусдад төлөх 174,821.4 мянган төгрөгийн өглөг, 51,181.8 мянган төгрөгийн татварын өр, 26,086.8 мянган төгрөгийн богино хугацаат өглөг, нийт 252,090.0 мянган төгрөгийн өр төлбөр хуримтлагдаж эдгээрийг нягтлан бодох журам зааврын дагуу санхүүгийн тайландаа бүртгэсэн. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хөрөнгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэхийн тулд санхүүгийн байгууллага, хамаатан садан, танилуудаасаа зээл авч үйл ажиллагаагаа явуулах оролдлого хийсэн боловч алдагдал улам нэмэгдэж, ихээхэн хэмжээний өр төлбөртэй боллоо. Тус компани нь дараах шалтгаанаар төлбөрийн чадваргүй болсон гэж үзэж байна.

-Анх байгуулагдахдаа үйлдвэрийн барилга, бүтээгдэхүүн болон түүхий эдийн агуулах, ажилчдын байр, үндсэн тоног төхөөрөмж болох үйлдвэрийн тээрэм, машин механизм, бусад тоног төхөөрөмжийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн учир үйл ажиллагаанаас олж байсан ашгаа зээлийн эргэн төлөлтөд зарцуулж эргэлтийн хөрөнгө хангах, бусад өр төлбөр төлөх зэрэг эх үүсвэрийн дутагдалд орсон,

-Зөвхөн зам барилгын салбарт ашигладаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тул зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хараат байдалтай, мөн дулааны улиралд ажил гүйцэтгэхэд ашигладаг тул жилдээ дөнгөж 3-4 cap ажиллаж бүрэн хүчин чадлаа ашиглах боломжгүй болсон,

- 2013-2014 онд улс орон даяар нүүрлэсэн эдийн засгийн хямралд өртөж замын барилгын ажил зогссоноос үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний худалдан авалт зогссон, үүнээс шалтгаалан гэрээт худалдан авагч нарын санхүүгийн байдал доройтож борлуулалтын төлбөрүүд орж ирэхгүй удааширсан тул зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги, бусад нэмэлт төлбөрт унасан,

-Хувьцаа эзэмшигчдийн туршлага, мэдлэг дутсан, орон нутагт байгуулагдсан үйлдвэрийг алсаас буюу Улаанбаатар хотоос удирдахыг хичээсэн боловч өдөр тутмын ажилд оролцдоггүй, хяналт тавих боломжгүй байсан.

Ялгуунмилл ХХК алдагдалтай ажиллан цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, хуримтлагдсан төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэргүй болсон, түүнчлэн бусдад төлөх өр төлбөр нь компанийн өөрийн хөрөнгөөс тав дахин давсан. Иймд Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар Ялгуунмилл ХХК үүргээ биелүүлж чадахгүй болсон тул Ялгуунмилл ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Татвар төлөгчийн 5265746 дугаартай Ялгуунмилл ХХК нь 2008 онд байгуулагдсан төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компанийн өр төлбөр нь 2022 оны 10 сарын 17-ны байдлаар 51,178,507.15 /тавин нэгэн сая нэг зуун далан найман мянга таван зуун долоон төгрөг арван таван мөнгө/ төгрөг байна. Дээрх өр төлбөр нь 2014 оноос үүссэн Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 5,926,350.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 43,353,584.94 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 1,610,572.21 төгрөг, газрын төлбөр 288,000.00 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 55 дугаар зүйлийн 55.1.1 "татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй; гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд 51,178,507.15 /Тавин нэгэн сая нэг зуун далан найман мянга таван зуун долоон төгрөг арван таван мөнгө/ төгрөгийн татварын өрийг төлүүлж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Эрдэнэцэцэг миний бие өөрийн оршин сууж байсан орон сууцаа худалдаж тус орлогоор "Ялгуунмилл" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 45 сая төгрөг бодогдсон хүүний хамт, мөн Монум Хадгаламж зээлийн хоршооноос компанийн авсан 30 сая төгрөг бодогдсон хүүний хамт, нийт 78,4 сая төгрөгийн өрийг төлсөн. "Ялгуунмилл" ХХК нь миний санхүүжилт хийсэн мөнгийг эргүүлэн төлөөгүй учир би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус компаниас энэхүү хөрөнгийг гаргуулж хохирлоо барагдуулах нэхэмжлэл гаргасан ба тус шүүх миний хүсэлтийг хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 184/ШШ2022/02733 тоот захирамж гарган асуудлыг шийдвэрлэсэн. Тус компани 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсгийг үндэслэн компаниа дампуурсанд тооцож, татан буулгах нэхэмжлэл гаргасан учир Ялгуунмилл ХХК-иас 78,409,760 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч Г.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Баттөр нь 2009 оны 01 сарын 20-ны өдөр ба 2009 оны 01 сарын 29-ний өдрүүдэд Ялгуунмилл ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж нийт 25 сая төгрөгийг тус компанид зээлдүүлсэн. Харин мөнгө зээлдүүлснээс хойш олон жил өнгөрсөн, эргүүлж төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл зээлдүүлсэн хөрөнгийн тооцоог барагдуулаагүй байна. Энэ компани нь үндсэн зээлээс сарын 1.5% хүү тооцож таван жилийн хуримтлагдсан хүүний төлбөрт Ялгуунмилл ХХК-ийн ашиглаж байсан шанаган погрузчикийг 22,5 сая төгрөгөөр үнэлж 2021 оны 3 дугаар сард надад шилжүүлэн өгсөн, бусад төлбөр хийгээгүй. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 23-нд хандаж иргэний журмаар мөнгөө Ялгуунмилл" ХХК-иас нэхэмжилсэн бөгөөд тус шүүхээс 2022 оны 09 сарын 13-нд 184/ШШ2022/02736 тоотой шүүгчийн захирамж гарсан. Хариуцагч Ялгуунмилл ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 04-нд хандаж Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсгийг үндэслэн компаниа дампуурсанд тооцож, татан буулгах нэхэмжлэл гаргасан учир зээлийн 25,000,000 төгрөгийг Ялгуунмилл" ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

5. Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: ... Ялгуунмилл ХХК нь анх 2008 онд хоёр гишүүнтэй байгуулагдсан. Тухайн үед Э.Тэмүүжин 20 хувь, Ялгуун интернэйшнл ХХК 80 хувь эзэмшдэг байсан. Тэгээд 2009 онд 2 гишүүний эзэмшил Э.Тэмүүжин 50 хувь, Ф.Баатарсүх 50 хувийн хувьцаа эзэмшдэг болж өөрчлөгдөж, улмаар 2013 онд Ф.Баатарсүхээс 50 хувийн хувьцаа нь Х.Баясгаланд шилжиж, 2014 онд Э.Тэмүүжинээс Х.Баясгаланд 50 хувийн хувьцаагаа шилжүүлж, үүнээс хойш Х.Баясгалан ганцаараа 100 хувийн хувьцаа эзэмшиж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Анхны захирлаар Э.Тэмүүжин ажиллаж байсан ба 2013 онд Б.Эрдэнэцэцэг гүйцэтгэх захирлаар ажиллаж, 2021 онд Х.Баясгалан нь тус компанийн гүйцэтгэх захирал болж одоог хүртэл ажиллаж байна. 2008 онд анх байгуулахдаа Хаан банканд төгрөгийн хоёр данс бүртгүүлж, Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 1 данс, валютын 1 данс эзэмшдэг байсан. Тус компани нь барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр бүртгүүлсэн байна.

Ялгуунмилл ХХК-ийн 2012, 2013, 2014, 2021 оны дөрвөн жилийн санхүүгийн тайлан ирсэн байсан бөгөөд энэ дөрвөн санхүүгийн тайланд судалгаа хийж үзэхэд нийт хөрөнгө нь 93,8 сая төгрөг, өр төлбөр нь 260 сая төгрөг байна. Үүнээс үзэхэд энэ байгууллага нь 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн 102,4 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. 2021 оны байдлаар 268,7 төгрөгийн өр төлбөртэй байна. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан е баланс болон аудитаас ирсэн баланстай тохирч байна. Санхүүгийн тайлангаас үзэхэд үндсэн хөрөнгийн хөрөнгө байгаа, бусад нь байхгүй гэсэн лавлагаанууд гарч ирсэн. Хөдөлмөрийн чадварын талаарх дүгнэлтийн хувьд сая миний хэлсэн өөрийн хөрөнгийн 102,4 хувийн өр төлбөрт орсон гэж дүгнэлт гарч байна. Тиймээс тус компани нь 2012 оноос санхүүгийн хүнд байдалд орж төлбөрийн чадваргүй болсон байна.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь 2009 оноос Дорноговь аймгийн Өргөн суманд уул уурхайн түүхий эдийг боловсруулах тээрмийн үйлдвэрийг байгуулж, стандартын шаардлага хангасан асфальтын үйлдвэрлэлд хэрэглэх эрдэс нэмэлт, металлургийн бентонитын нунтаг болон бусад барилгын материалыг тээрэмдэн үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон орон нутгийн хатуу хучилттай зам угсрах аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлж ирсэн бөгөөд тус бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох зам барилгын компаниуд нь улсын төсөв, эсвэл олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг учир төвлөрсөн санхүүжилтээс шууд хамааралтай учраас төлбөр тооцоогоо удаашруулах, үүнээс шалтгаалан компанийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Мөн 2012-2015 онуудад худалдан авагчид санхүүгийн хямралд өртсөн нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж борлуулалт бүр мөсөн зогссоны улмаас үйлдвэрээ хаахад хүрсэн гэж тайлагнадаг. Ялгуунмилл ХХК нь 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ба тус компанийн эдийн засгийн байдал доройтож төлбөр торгуулийг төлж чадахгүйгээс үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд Ялгуунмилл ХХК-ийн удирдлага нь дагнасан ганц чиглэлийн, зөвхөн зуны улирлын зориулалттай үйл ажиллагаандаа менежмент болон санхүүгийн тооцоо дутагдсан зэргээс шалтгаалан үйлдвэрлэл нь доголдож, борлуулалт удааширч төлбөр тооцоонд хугацаа алдагдсан зэрэг байдлын улмаас компани нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн, мөн компани хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь төлбөрийн чадваргүй болоход шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.

Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудын хувьд миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу Ялгуунмилл ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ, хэлцэл бий эсэхийг тогтоох зорилгоор дараах лавлагаануудыг холбогдох газруудаас шүүхээр уламжлан гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргав. 12.1.1-т заасан Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх байсан боловч хөрөнгийн мэдээлэл байхгүй байсан ба шүүхээс лавлагаанууд гаргах хүсэлтийг өгсөн ба тэр лавлагаанууд ирсэн үед зохих журмын дагуу арга хэмжээ авч ажиллахаар болсон. 12.1.2-т заасан хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтад авч, тооллого явуулсан боловч шүүхэд ирүүлсэн баримтаас өөр нэмж баримт ирээгүй болно. 12.1.3-т заасан шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн төрийн санхүүгийн хэлтэст илгээсэн Ялгуунмилл ХХК-ийн 2015-2021 оны санхүүгийн байдлын тайлангууд ирсэн байна. 12.1.4-т заасан Ялгуунмилл ХХК-ийн төлбөрийн чадваргүйдлийг тогтоосон шүүхийн захирамж гарсны дараа хэвлэлээр нийтэд зарласан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэгч нарын хурлыг зарлан хуралдуулах гэсэн боловч одоогоор ийм шаардлага гаргаагүй байна. 12.1.5-т заасан шүүхээр шийдвэрлэх асуудлаар шүүхэд хандах асуудал одоохондоо гаргаагүй байна. 12.1.6-т заасан дампуурлын хэрэг үүсэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19, 20, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах, энэ талаар Ялгуунмилл ХХК-ийн төлөөлөгчтэй ярилцлага авсан ба одоохондоо ийм гэрээ, хэлцлийн талаар мэдээлэл ирээгүй байна. 12.1.7-д заасан тусгай данс нээж хариуцагчийн хөрөнгийг төвлөрүүлэх ёстой бөгөөд тухайн үед нь шаардлага гарвал тусгай данс нээж хариуцагчийн хөрөнгийг төвлөрүүлнэ. 12.1.8-д заасан хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах ёстой бөгөөд шаардлага гарвал нэхэмжлэгчдийн хурлаар оруулж шийдвэрлэнэ. Одоохондоо ийм шаардлага гараагүй байна. 12.1.9-т заасан шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах, хариуцагчаас шүүхэд болон хариуцагчийн талаар зохих газруудаас ирүүлэх ажиллагаа хийгдэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК гээд нийт 16 газраас мэдээлэл авсан боловч энэ талаар ямар нэгэн асуудал гараагүй. Ганцхан Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Мөн арилжааны банкнаас мэдээлэл авахад Худалдаа хөгжлийн банкнаас бусад банканд данс эзэмшдэггүй гэж гарч ирсэн. Худалдаа хөгжлийн банкны 411003941 тоот дансанд 6,55 доллар, 41103940 дансанд 28,200.48 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дорноговь аймгийн Өргөн сумын дөрөвдүгээр баг, төмөр замын урд талд Ялгуунмилл ХХК-ийн үйлдвэр хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0708000171 дугаартай оффис, ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0708000172 дугаартай үйлдвэр, агуулахын зориулалтын үл хөдлөх хөрөнгө сууц тус тус бүртгэлтэй байна. 12.1.11-т заасан хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх асуудлын хувьд хариуцагчийн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үед хөрөнгө үнэлэх асуудал гарна. 12.1.13-т заасан Иргэний хууль болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах асуудлын хувьд шүүгчийн шийдвэрээр Хэрэг гүйцэтгэгчид эрх шилжиж ирсэн үед дуудлага худалдаанд орох хөрөнгө байгаа бол хариуцагчийн эд хөрөнгийг худалдах ажиллагаа явагдана. Одоохондоо худалдах хөрөнгийн мэдээлэл гараагүй байна. Хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн хүрээнд өөр асуудал гарвал тухайн үед нь ажиллагааг зохион байгуулж ажиллах болно.

Бусад асуудлын талаар дурдахад энэхүү асуудлаар урьд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэрээр ...Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлөх ёстой өр болох 50,891,855 төгрөгөөс бусад өр төлбөрийн хувьд бодитой өр төлбөр эсэх нь эргэлзээтэй, уг өр төлбөрийг тусгасан санхүүгийн тайлан үнэн зөв эсэх нь тодорхой бус тохиолдолд Ялгуунмилл ХХК-ийн бусдад төлөх өрийн нийт хэмжээ компанийн өөрийн хөрөнгөөс давсан гэж дүгнэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Ялгуунмилл ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 05-ны өдрийн 1475 дугаар магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзээд гомдлыг хангахгүй орхижээ. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00077 дугаар тогтоолоор хэрэгт байгаа баримтаас үзвэл Ялгуунмилл ХХК-ийн бодит өр нь татварын 50,891,855 төгрөг байх ба тус компанийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэжээ. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэрт нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан нэхэмжилж буй төлбөрийн асуудлыг ердийн журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж тусгасан байдаг. Ялгуунмилл ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 сард дахин хандаж, шүүхээс нийтэд зарласан зарын дагуу нэхэмжлэгчид зохих хугацаанд нь шүүхийн шийдвэртэй нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэлүүдийг бүгдийг оруулан тооцсон болно.

Хуваарилагдах эд хөрөнгийн талаар сая дурдсан хөрөнгүүд байдаг. Нэхэмжлэлийн талаар нийтэд зарласан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ялгуумилл ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 14483 дугаартай захирамжаар компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон байна. Иймд Ялгуунмилл ХХК-иас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор буюу 2022 оны 10 сарын 28-ны өдрийн дотор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлд Ялгуунмилл ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах саналыг тусгаж, нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утасны дугааруудыг тодорхой тусгаж, нотлох баримтуудыг хавсаргаж, ирүүлнэ үү гээд нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 16 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж, тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар гэж Өдрийн сонин-ны 2022 оны 10 сарын 07-ны өдрийн №189 дугаарт зарласан байна. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээ хуульд заасан зарын хугацаанд өгсөн нэхэмжлэлийг энэхүү дүгнэлтэд оруулдаг. Энэ зарын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 51,178,507.15 төгрөгийн нэхэмжлэл, иргэн Г.Баттөрийн 25,000,000 төгрөгийн нэхэмжлэл, иргэн Б.Эрдэнэцэцэгийн 79,409,760 төгрөгийн нэхэмжлэл, нийт 154,588,267.15 төгрөгийн нэхэмжлэл шүүхэд ирсэн байна. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Ялгуунмилл ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэв.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд:

Хүсэлт гаргагч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ялгуунмилл ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, авлага, өглөгийн жагсаалт, нэхэмжилж буй өглөгийн дүн, Б.Эрдэнэцэцэгийн Иргэний үнэмлэхийн хуулбар, 2013 оны 12 сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ №13/01, Ялгуунмилл ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны зээл төлсөн баримт, 2012 оны 08 сарын 29-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Г.Баттөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, 2009 оны 01 сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай акт, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн №117 тоот тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тухай баримт, Авто тээврийн үндэсний төв хасалтын тодорхойлолтын хуулбар, Тодорхойлолт 2021 оны 09 сарын 30-ны өдөр /Ялгуунмилл ХХК-аас ямар нэгэн авлага төлбөрийг нэхэмжлэхгүй болох/, 2010 оны 10 сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний тайлангууд, Бэлэн мөнгөний орлогын баримт, 2015 оны 06 сарын 20-ны өдрийн Түмэн менежмент ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх тухай акт, 2014 оны 12 сарын 01-ний өдрийн №ЗГ-2014/49 тоот Зээлийн гэрээ, Зээл, хүүний эргэн төлөх хуваарь, 2014 оны 12 сарын 01-ний өдрийн №БГ-2014/49/1 тоот Барьцааны гэрээ, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Шийдвэр гүйцэтгэх алба тодорхойлолт, АТҮТ-ийн хариу хүргүүлэх тухай баримт, Ашигт малтмал, газрын тосны газраас Ялгуунмилл ХХК нь тусгай зөвшөөрөлгүй гэх баримт, Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Гаалийн ерөнхий газрын тодорхойлолт, Газар зохион байгуулалтын албаны тодорхойлолт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ялгуунмилл ХХК-ийн үндсэн хөрөнгийн жагсаалт, үнэлгээний санал, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2012-2021 оны санхүүгийн тайлангууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн лавлагаа, Дорноговь аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт, Ялгуунмилл ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Ялгуунмилл ХХК-ийн авлага, өглөгийн жагсаалт нэхэмжилж буй өглөгийн дүн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Э.Тэмүүжингийн хүсэлт, гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 05-ны өдрийн 1475 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00077 дугаар тогтоол,

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс: нэхэмжлэл, итгэмжлэл, нэхэмжлэх /татварын өрийг төлүүлэх/, хуулийн этгээдийн лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлүүд,

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хадгаламж, зээлийн Монум хоршооны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг

 

Нэхэмжлэгч Г.Баттөрөөс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс: 2022 оын 08 сарын 15-ны өдрийн 01 тоот Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, Ялгуунмилл ХХК-ийн төлөөлөгч, хэрэг гүйцэтгэгчтэй 2023 оны 01 дүгээр сарын 12-нд хийсэн уулзалтын тэмдэглэл, 2023 оын 01 сарын 16-ны өдрийн 01 тоот Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт,

 

Шүүхийн журмаар: Богд банкны тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичиг архивын мэдээлэл, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг, Хаан банкны албан бичиг, Транс банкны албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Голомт банкны албан бичиг,Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг,лавлагаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр хэлтсийн албан бичиг,Чингис хаан банкны албан бичиг, Гаалийн ерөнхий газрын албан бичиг, Төрийн банкны албан бичиг, Ариг банкны албан бичиг,Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, Капитрон банкны албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, Хас банкны албан бичиг, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02733 тоот захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02736 тоот захирамж зэрэг бичмэл баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагч Ялгуунмилл ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Ялгуунмилл ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ялгуунмилл ХХК-ийг Ялгуун интернэшнл ХХК, Э.Тэмүүжин нар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2008 оны 10 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. 2009 оны 03 сарын 05-ны өдөр Ялгуун интернэшнл ХХК хувь нийлүүлэгчээс хасагдаж, Э.Тэмүүжин, Ф.Баатарсүх нар тус бүр 50:50 хувийн хувьцаа эзэмшигч болсон, 2013 оны 05 сарын 16-ны өдөр Ф.Баатарсүхийн 50 хувийн хувьцаа Х.Баясгаланд шилжиж, 2014 оны 09 сарын 30-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчээс Э.Тэмүүжин хасагдаж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Баясгалан бүртгэгджээ.

Ялгуунмилл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Х.Баясгалан нь ...2014 оноос эхлэн санхүүгийн гүн хямралд орж, 2015 оноос үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, мөн хугацаанаас ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хуримтлагдсан татварын өглөг, бусдаас авсан зээлийг эргэн төлөх боломжгүй болсон, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй, үүнээс шалтгаалан урьд өмнө нь хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй байгаа гэх үндэслэлийг зааж, Дампуурлын тухай хуульд зааснаар шүүхэд хандан холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийг дампууруулах ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргасан ба тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Х.Баясгалан байна.

 

Хуулийн этгээдийн хаягийн бүртгэл 2022 оны 02 сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл гудамж, Гео 5-30 байр, 17 тоот хаяг гэж өөрчлөгдсөн байх ба үүнээс өмнө Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй байжээ.

 

Дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай Ялгуунмилл ХХК-ийн хүсэлтийг шүүх 2022 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу 2022 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар 2022 оны 07 сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг томилжээ. Түр хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг нь 2022 оны 08 сарын 15-ны өдөр №1 тоот Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт-ийг ирүүлсэн ба уг дүгнэлтийг үндэслэн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 184/ШЗ2022/14483 дугаар Төлбөрийн чадваргүй болсныг тогтоох тухай шүүгчийн захирамжаар Ялгуунмилл ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өдрийн сонин-ы 2022 оны 10 сарын 07-ны өдрийн №189/7062/ дугаарт, мөн фейсбүүк дэх тус шүүхийн албан ёсны цахим хаяг болох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хаягт тус тус нийтэд зарлан мэдээлж, уг хугацаанаас хойш 21 хоногийн дотор авлагатай нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ шүүхэд гаргах, түүнчлэн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 11 сарын 10-ны өдөр хуралдуулахаар тогтсон.

 

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд Ялгуунмилл ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 51,178,507.15 төгрөгийг, Б.Эрдэнэцэцэг 78,409,760 төгрөгийг, Г.Баттөр 25,000,000 төгрөгийг тус тус шаардан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан.

 

2022 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчдийн анхны хурлыг хуралдуулсан бөгөөд хурлаар нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар түр хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгийг хэрэг гүйцэтгэгчээр томилуулахаар санал болгосны дагуу шүүгчийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн захирамжаар дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг томилсон.

 

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Арилжааны банкуудаас /Монгол банкнаас бусад/, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн болон дүүргүүдийн Газрын алба, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК зэргээс хариуцагч Ялгуунмилл ХХК-д холбогдох лавлагааг тус тус гаргуулан ажилласан байна.

 

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийн 2023 оны 01 сарын 16-ны өдөр №02 тоот дүгнэлтийг ирүүлжээ. Дүгнэлтэд:

-Ялгуунмилл ХХК-ийн 2012, 2013, 2014, 2021 оны дөрвөн жилийн санхүүгийн тайланд судалгаа хийж үзэхэд нийт хөрөнгө нь 93,830,561 төгрөг, өр төлбөр нь 260,409,700 төгрөг, 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн 102,4 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон,

-2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ба тус компанийн эдийн засгийн байдал доройтож төлбөр торгуулийг төлж чадахгүйгээс үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон,

-Удирдлага нь дагнасан ганц чиглэлийн, зөвхөн зуны улирлын зориулалттай үйл ажиллагаандаа менежмент болон санхүүгийн тооцоо дутагдсан зэргээс шалтгаалан үйлдвэрлэл нь доголдож, борлуулалт удааширч төлбөр тооцоонд хугацаа алдагдсан зэрэг байдлын улмаас компани нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн, мөн компани хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь төлбөрийн чадваргүй болоход шууд шалтгаалсан,

-Худалдаа хөгжлийн банкны 411003941 тоот дансанд 6,55 доллар, 41103940 дансанд 28,200.48 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дорноговь аймгийн Өргөн сумын дөрөвдүгээр баг, төмөр замын урд талд Ялгуунмилл ХХК-ийн үйлдвэр хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0708000171 дугаартай оффис, ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0708000172 дугаартай үйлдвэр, агуулахын зориулалтын үл хөдлөх хөрөнгө сууц тус тус бүртгэлтэй,

-Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 51,178,507.15 төгрөгийн нэхэмжлэл, иргэн Г.Баттөрийн 25,000,000 төгрөгийн нэхэмжлэл, иргэн Б.Эрдэнэцэцэгийн 79,409,760 төгрөгийн нэхэмжлэл, нийт 154,588,267.15 төгрөгийн нэхэмжлэл шүүхэд ирсэн,

-Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах саналтай гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч нь Ялгуунмилл ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарт дүгнэлтийг танилцуулсан байна.

 

Хариуцагч Ялгуунмилл ХХК-ийн бусдад төлөх ёстой төлбөрүүд болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст төлөх татварын өр 51,178,507.05 төгрөг нь Татварын албаны 2022 оны 10 сарын 17-ны өдрийн №25221001014 тоот нэхэмжлэхээр, Б.Эрдэнэцэцэгт төлөх 78,409,760 төгрөгийн төлбөр нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02733 тоот Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар, Г.Баттөрд төлөх 25,000,000 төгрөгийн төлбөр нь мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02736 тоот Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар, хариуцагч Ялгуунмилл ХХК нь өөрийн хөрөнгийн 102,4 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон болох нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тус тус тогтоогдов.

 

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг санхүү, удирдлагын бусад боломж, тэдгээрийн тооцооны хамт хариуцагч Ялгуунмилл ХХК, нэхэмжлэгч болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Б.Эрдэнэцэцэг, Г.Баттөр, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг нарын хэн аль нь шүүхэд гаргаагүй ба мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг гаргаагүй, улмаар нэхэмжлэгчид Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг хурлаар хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Дампуурлын тухай хуулийн 33.1.1, 33.1.2-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас дахин Ялгуунмилл ХХК-ийг хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Ялгуунмилл ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар улсын бүртгэлийн 9011174033 дугаартай, 5265746 регистртэй Ялгуунмилл ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2.Дампуурлын тухай хуулийн 14, 34, 35, 36 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ялгуунмилл ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт шилжүүлжтатан буулгах ажиллагааг хийж, уг ажиллагаа дуусгавар болмогц холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасугай.

3.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Г.Баттөр, хариуцагч Ялгуунмилл ХХК нараас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ялгуунмилл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгт, 70,200 төгрөгийг Г.Баттөр нарт тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 

 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ