| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2016000520079 |
| Дугаар | 2021/ДШМ/01 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/01
О.С-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор А.О,
Шүүгдэгч О.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор О.С-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын гол 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ДО74102013 регистрийн дугаартай, Х овогт О.С.
Шүүгдэгч О.С нь 2019 оны 11 дүгээр сард 7 хоног, 2020 оны 02 дугаар сард 4 хоног буюу 11 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх нэртэй газар нийт 354 метр квадрат талбайд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Doosan 55v” маркийн шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологи эдийн засагт 171.192 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Үүнд: О.С нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хамт энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн 5 хүн байгаа. Эдгээр хэргүүдийг бүгдийг нь тусгаарлаж шийдвэрлэсэн юм. Прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бага оврын экскаваторын үнийг төлөхөөр тохиролцсон боловч шүүхээс уг бага оврын экскаваторыг улсын орлого болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад шийтгүүлсэн хүмүүсийн бага оврын экскаваторын үнийг гаргуулсан байгаа. Мөн О.С-ын хувьд эдгээр хүмүүсээс ганцаараа нөхөрлөл байгуулсан. Уг бага оврын экскаваторын эзэмшигчийг нь бүрэн тогтоогоогүй байж улсын орлого болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3, 4, 5, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Прокурор А.О давж заалдах шатны шүүх хуралдаанд: Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч О.С нь 2019 оны 11 дүгээр сард 7 хоног, 2020 оны 02 дугаар сард 4 хоног буюу 11 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх нэртэй газарт нийт 354 метр квадрат талбайд улсын дугааргүй “Doosan 55v” маркийн бага оврын экскаватор, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, байгаль экологид 171.192 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан нь хэрэгт авагдсан доорхи нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч О.С-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би тухайн газар 2019 оны 10 дугаар сарын дундуур очоод 55 трактороор алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сараас хойш сар гаруй хугацаанд мотор эвдрээд ажиллаагүй зогссон юм. 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хооронд трактороо засварлаад дахин ажилласан...дундаа дахин 20 орчим хоног ажиллаагүй зогсоод би Улаанбаатар хот руу явсан. Тэр үед тухайн газар хууль бусаар ажиллаж болохгүй, урьд өмнө Засаг даргад тухайн газар ажиллах санал тавихад “Марко Поло” ХХК-иас зөвшөөрөл гэрээ байгуулаад ажиллаж болно” гэж хэлж байсан болохоор нөхөрлөлөө байгуулчихаад гэрээ байгуулж арай амжаагүй байсан юм. Би Дөрөлж гэх газар хэд хоногийн өмнө очоод трактор эвдэрчихсэн учир сэлбэг хэрэгсэл аваад орой очсон гэтэл өглөө цагдаагаас хүмүүс ирээд эд зүйл хурааж авсан... Хууль бусаар алт олборлосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон 1-р ХХ65-66/,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Л-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: “...Өмнө нь их олон удаа ухагдсан эвдрэлд орсон талбай байсан учраас шүүгдэгчид оноож байгаа ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү. Хохиролтой гэх зүйл байхгүй. Нөхөн сэргээлгэх гэж энэ хэдтэй гэрээ байгуулсан. Засгийн газрын тогтоолын дагуу явж байсан учир ийм зүйл ярьсан...171.000 төгрөгийн хохирол учруулсан. Д.Б анх дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Ш.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ерөнхийдөө Марко Поло ХХК-ийн ашиглалтын лиценз бүхий талбайд манай сумын харъяат О.Г, О.С, Б.Я гэх иргэд орчихсон байна гэсэн мэдээлэл 2019 оны 11 сарын эхээр ирсэн юм. ...Иргэд Марко Поло ХХК-ийн ашиглалтын лиценз бүхий талбай руу ороод байхаар нь тухайн иргэдтэй уулзаж албан ёсны дагуу нөхөрлөл байгуулаад тухайн компанийг зөвшөөрвөл гэрээ байгуулж орох боломжтой талаар хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Марко Поло ХХК-д албан бичиг хүргүүлж Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу нөхөрлөлийн журмаар бичил уурхайн чиглэлээр иргэд ажиллах сонирхолтой байгаа тул хамтарч ажиллахыг хүсэхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж хамтран ажиллах боломжтой талаар хариу албан бичиг ирүүлсэн байсан. Тэгээд иргэдийг албан ёсоор нөхөрлөл байгуулж бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуул гэхэд зөвхөн О.С гэдэг хүн өнөөдрийн байдлаар нөхөрлөл байгуулаад ирсэн боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдээгүй, зөвшөөрөл олгогдоогүй байгаа юм. Гэтэл тухайн иргэд нь компаний талбай руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйл ажиллагаа явуулсан байна... гэх мэдүүлэг /ХХ65-66/
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн ашиглалтын зөвшөөрөл бүхий Марко Поло ХХК-ийн хуучин ашиглаад дуусчихсан талбайд Бигэр сумын иргэдээс зөвшөөрөлгүйгээр орж алт олборлох үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавихаар сум орон нутгаас зөвшөөрөл авч тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа талаар хариулт өгдөг юм. Бигэр сумын Засаг даргаас манай компанид хандаж “Иргэд танай ашиглачихсан тайлбайд орж дахин гар аргаар ашиглалт явуулах хүсэлтийг удаа дараа гаргаад байгаа тул гурвалсан гэрээ байгуулж ашиглалтын зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах” хүсэлтийг гаргасан байдаг боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй юм... гэх мэдүүлэг /ХХ56-57/
Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С, З гэх хүмүүс нь сумаас зөвшөөрөлтэй гэж дуулдсан. Харин Я, Д, Г нар нь зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ58-59/
Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Мэдэж байсан. Зогсоох арга хэмжээг хэд хэдэн удаа авсан. “Марко Поло” компанид Засаг даргын албан тоотоор 2019 оны 10 сард мэдэгдэж арга хэмжээ авах талаар дуулгаж аймгийн цагдаагаас 2019 оны 11 сард хөөлгө ирээд явсан байсан. Сумын Засаг даргын албан тоотоор хууль бусаар алт олборлолт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд оруулах Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолыг хэрэгжүүлэх боломжийг судалж хамтран ажиллах тоотыг хүргүүлсэн. Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Иргэд 2009 оноос хойш хууль бусаар алт олборлолт явуулж эвдэгдсэн талбай. “Марко Поло ХХК-ын хайгуулын талбай байсан бөгөөд 2018 онд “Марко Поло компани ашиглалтын лиценз авсан өөр үйл ажиллагаа явуулаагүй... “Марко Поло” компани нь ашиглалтын талбайгаа 2018 оны сүүлээс 2019 оны 08 дугаар сар хүртэл “ЭН СИ ЖИ ТИ” ХХК-ийн харуул хамгаалалтын компаниар Олонбулаг, Дөрөлж орчимд хяналтын 2 пост ажиллуулж байсан. 2019 оны 08 дугаар сард буугаад эзэнгүй болсноос хойш Дөрөлж рүү хууль бусаар алт олборлох иргэд дайрч орж нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа... мэднэ. Хууль бусаар талбай руу чинь ороод байна хамгаалалттай болгоо гэдгийг “Марко Поло” ХХК-ийн захирал Д-т утсаар мөн Засаг даргын тоотоор мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ72-73/,
Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сараас С, Я, Г, нар Дөрөлжид байсан...Эдгээр хүмүүс нь тус тусдаа олборлолт явуулдаг...уулзаж шаардлага тавьсан боловч гарахгүй, гадны трактор ухсан газар дээр байна гэж эсэргүүцсэн...хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тал дээр байнга сануулж байсан...” гэх мэдүүлэг/1ХХ 74-75/,
Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Я, С, О.З, Г нар тус тусдаа олборлож байгаа. 2020 оны 02 дугаар сард Цагдаагаас хүмүүс ирж шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоосон...энэ хүмүүс удирдаж байгаа, тракторын эзэд нь...” гэх мэдүүлэг/1ХХ 79/,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр Дөрөлжид явж байгаад Э дээр очтол 3 танихгүй залуутай ажиллаж байсан. Тус тусдаа нэг нэг салаанд С, Г, Я, Э нар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг/1ХХ99, 2ХХ 39-40/,
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард С ахтай 7 хоног алт ухсан...надад 210.000 төгрөгний цалин өгч байсан...2020 оны 02 дугаар сарын 18-аас 20-ны хооронд ухахад цалин өгөөгүй...” гэх мэдүүлэг/2ХХ19-20, 36/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Ц-ийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/12 дугаартай “...О.С-ын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 171.792 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 224.443 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт /1-р ХХ130-131, 171/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ5-18/, мөрдөгч, цагдаагийн ахмад С.М-ын үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р ХХ14-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р ХХ50/, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар/1ХХ 24-26/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар холбогдогч нь зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль, экологид 171.192 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч О.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. /х/х 3х-06/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Doosan 55v” маркын экскаваторын хууль ёсны эзэмшигч хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч түүний өмгөөлөгч нөхөрлөлд ашиглахаар авсан өмч гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурортой зөвшилцөн хэргээ хүлээн мэдүүлсэн байдал, прокурорын санал зэргийг харгалзан тракторыг “Бигэр чулуут-Уул” нөхөрлөлд олгож, уг экскаварторын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус баримтлан 6 сарын хугацаанд “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах”, тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, ашигт малтмал эрэх хайх, олборлох ашиглах үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгчид авсан нь хуульд нийцэж байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын:
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын: “...шүүгдэгч О.С-ын эзэмшлийн “Doosan 55v” маркын бага оврын экскаватор, цахилгаан мотор 1 ширхэг, 55 маркын тракторын шанаганы пайлц 1 ширхэг, жанам 2 ширхэг зэргийг Цагдаагийн байгууллагаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж...” гэснийг “...Doosan 55v” маркын бага оврын экскаватор, 55 маркын тракторын шанаганы пайлц 1 ширхэг, жанам 2 ширхэг зэргийг Бигэр чулуут-Уул нөхөрлөлд буцаан олгож” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ч.Э
Ш.Б