| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0224/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/01 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/01
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О,
Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч М.С,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Ц-ын Т-д холбогдох 2528002580322 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг, Цогтцэций сумаас салдаг уулзвараас 10 дахь километрт “Тоёота гранд марк 2” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,95 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай автомашиныг мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. А/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт болон уг дүрмийн хавсралтын “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг автомашины жолооч Л.О-ын биед дэлүүний язрал, нойр булчирхайн цус хураа, хэвлийн дотуур цус алдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Т-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: О-ын биед хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Миний буруу. О-ын хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулна. Шүүх хуралдаанаас өмнө малчны зээл хийгээд хохирол төлбөрөө төлж барагдуулах гэж байсан боловч оноос өмнө малын тооллого болоод оны өмнө зээл гаргахгүй, оны дараа зээл гаргана гэсэн. Сая Дундговь аймагт барилгын дотор засал чимэглэл дээр ажиллаж байсан боловч цалингаа аваагүй байгаа учраас хохирол төлбөрөө төлж чадаагүй орж ирсэн. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барилгын туслах ажил хийж байхад цалин эхнэрийн данс руу ордог. Манай эхнэр 11 дүгээр сарын 14-нд бурхан болоод цалин хөлсөө бүгдийг нь зарцуулсан. Өвөрхангай аймгийн Жаргалант суманд ажил явдлаа дуусгаад ирсэн. Хоёр хүүхдээ сарын өмнө Өвөрхангай аймгийн Жаргалант суманд эхнэрийнхээ ээж рүү нь аваачиж өгсөн... Дундговь аймгийн барилга дээр барилгын туслах ажил хийж байгаа. О-ын биед хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр миний буруу. Би үнэхээр гэмшиж байна. О-ыг хохиролгүй болгож өгнө. Он гараад 01 дүгээр сарын 20-нд гараад зээл хийх боломжтой болно гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Одоогоор гайгүй байгаа. Дахиад нэг үзүүлээрэй гэхэд нь үзүүлэхэд яваандаа нуруу бөөр нь их өвдөх байх гэж хэлсэн. Одоо илэрсэн зүйл юу ч байхгүй. Аваарт орсноос хойш ажилдаа яваагүй. Ажилдаа явах гэхээр эмчийн бичиг хийж авч ирж байж яв гээд байгаа. Ажиллаж болно гэдэг эмчийн бичиг хийлгэх гэхээр миний хяналтад байгаа аймгийн эмч бичиг хийж өгөхгүй байгаа. Би одоохондоо харуулын хөнгөн ажил хийж байгаа. Энэ жилдээ ажлаа хийгээд яах юм оёдол чинь задарна гэсэн. Улаан машиныг Банк бусаар авсан байсан. Нэг хэсэг төлөхгүй байж байгаад хэдэн төгрөг төлсөн. Одоо бас 2, 3 сар төлөөгүй байгаа. Хохирол төлбөрийг төлчихвөл гомдол санал байхгүй. Энэ талаар ахад зөндөө хэлсэн. Осол болсноос хойш над руу 2, 3 сарын хугацаанд нэг ч яриагүй. Тэгээд цагдаагаас яриад дуудахаар нэг ярьдаг. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө ярихгүй байж байгаад шүүх хурал болох үед нэг ярьсан. Тэгээд яръя, яръя гээд таг алга болдог гэв.
Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч М.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Л овогтой О нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манайхаас 22,950,000 төгрөгөөр 60 сарын хугацаатай 2.89 хувийн хүүтэйгээр автомашин худалдан авалтын зээлээр орж ирсэн машин авсан. Одоогийн байдлаар хугацаа хэтрэлттэй байгаа. ... улсын дугаартай улаан өнгийн “Тоёота приус-30” загварын автомашин нь одоо Өмнөговь аймгийн журмын хашаанд эвдрэл гэмтэлтэй байгаа буюу манай зээл барьцаа хөрөнгөгүй болсон гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 23,053,100 төгрөгөөр энэ зээл хаагдах мөнгөн дүнтэй байна. Манай зээл барьцаа хөрөнгөгүй болсон учраас энэ зээлийг бүхэлд нь хаагдуулах нэхэмжлэх гаргаж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “Toyota Prius 30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2025 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумаас гараад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь километрийн суурьшлын бүс орох гээд явж байсан. Тэгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу салдаг уулзвараар 07 цагийн үед салаад 10 орчим километрт явж байсан чинь өөдөөс ирж байсан “Тoyota Grand mark 2” загварын цагаан өнгөтэй машин урсгал сөрж яваад байхаар нь би гэрлээрээ дохисон чинь урсгал сөрөөд өөдөөс яваад байсан. Тэгэхээр нь би замын хажуу руу гарах гэсэн чинь далан нь өндөр байсан. Би хөвөөрөө шахсан чинь өөдөөс ирээд мөргөөд миний унаж явсан тээврийн хэрэгсэл бүтэн эргэх шиг болоод зогссон. Тэгээд би машиндаа сууж байсан чинь замаар явж байсан машинтай хүмүүс нөгөө машины жолоочийг буулгаад дараа нь намайг буулгасан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа түргэн ирээд түүний дараагаас цагдаа ирсэн. Тэгээд би Өмнөговь аймгийн төв рүү явсан. Би машиныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Мөн хагалгаа хийлгэсэн бие муудсан эмчилгээний төлбөр авмаар байна... Би тухайн хэрэгт холбогдуулан машины хохирлыг барагдуулмаар байна. Мөн эмчилгээний зардалд нөгөө жолооч 800,000 төгрөг өгсөн. Би өөрөөс гарсан эмчилгээний зардал болон ажилгүйдлийн үеийн цалингаа нэхэмжилмээр байна. Эмчээс намайг 3 сар ажил болохгүй гэсэн бичиг хийж өгсөн байгаа. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй. Тухайн хэргийг хурдан шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. ” (хавтаст хэргийн 11-13 дахь тал, 25-26 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Иргэн Л О нь 3,488,184 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлөлт хийгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Цаашид тухайн хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “ “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2101130110011969 тоот зээлийн гэрээгээр 22,950,000 төгрөгийн зээлээр авсан. Өнөөдрийн байдлаар 22,102,000 төгрөгөөр уг зээл хаагдах дүнтэй байна. Л.О хамтран зээлдэгч Ц.О нар уг гэрээг байгуулсан байгаа. Уг зээл нь сар болгоны 11-ний өдөр 807,391 төгрөг төлөхөөр төлбөрийн хуваарь хийгдсэн ба 7, 8, 9, 10 сарын зээлийн төлөлтийг хийгээгүй байж байгаад 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,900,000 төгрөг буюу нийт үүссэн өрийг барагдуулсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл осолд ороод бүрэн бүтэн байдлаа алдаж барьцаа хөрөнгө байхгүй болсон учир зээлийг хаалгах хүсэлтэй байна.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэртээ амрах гээд байж байхдаа Дундговь аймгаас ирсэн айраг байсан. Уг айргаас амрахын өмнө 5 орчим литр айраг уусан байх. Тэгээд жоохон амарч байгаад 07 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь аймгийн төв рүү машинаа засуулахаар худалдан аваад удаагүй байсан. ... улсын дугаартай “Тоёота гранд марк” загварын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Тэгээд замд явж байхад бага зэрэг зүүрмэглээд сэрэхэд уг осол болсон байсан. Тэгээд шууд эмнэлгийн байгууллага руу явсан.” (хавтаст хэргийн 126-128 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/284 дугаартай дүгнэлтэд: “Л.О-ын биед дэлүүний язрал, нойр булчирхайн цус хураа, хэвлийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл. Л.Оын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2025/184 дугаартай дүгнэлтэд: “Хариулт А. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6. “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байна. Тухайн осол нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хариулт Б.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу ослын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад ... улсын дугаартай Toyota Grand mark 2 маркийн автомашин эсрэг урсгалд байна. Мөн согтуурал шалгасан тэмдэглэлд жолооч Ц.Т нь 2,95% буюу хүнд зэргийн согтолттой байх тул Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт В.Хавтаст хэргийн материалаас дүгнэхэд зам, орчны нөхцөл нөлөөлсөн гэх нотлох баримт байхгүй байна. Хариулт Г.... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхээр нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.” (хавтаст хэргийн 112-113 дахь тал)
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: ““Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн: 11,541,000 төгрөг.” (хавтаст хэргийн 118-121 дэх тал)
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 6-10 дахь тал)
Ц.Т-гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)
Зээлийн гэрээ (хавтаст хэргийн 141-144 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 132 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 134 дэх тал)
Жолоочийн мэдээлэл (хавтаст хэргийн 135 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 136 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч 1,200,000 төгрөг төлсөн болохыг дурдах, нэхэмжилсэн эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. “...” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа автомашинд шинжээчийн дүгнэлтээр 11,541,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3,488,184 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчээс дээрх хохирол, төлбөрийг гаргуулж хохирогч Л.О, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй байна. “...” компанийн хууль ёсны төлөөлөгчөөс зээлийг бүхэлд нь буюу 23,000,000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх санал хүсэлтийг гаргасан ба энэ иргэний нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Ц.Т-гийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргадаггүй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Ц.Т нь хохирогч Л.О-т эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг төлсөн.Автомашины хохирол гэхээс илүү хохирогч Л.О, шүүгдэгч Ц.Т нар хоорондоо ярилцаад, зээлийг нь шилжүүлж аваад төлөх талаар тохиролцоод энэ талаараа хөөцөлдөж явсан нөхцөл байдал байдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй болсон нөхцөл байдлыг харгалзаад Ц.Т он гаргаад зээлийг нь хаах талаар хоорондоо ярилцсан нөхцөл байдлыг өмгөөлөгч миний бие хүндэтгэж байна. Ерөнхийдөө хуулийн дагуу хохирлыг гаргуулах нөхцөл байдал байгаа. Гэвч эдгээр хүмүүс хоорондоо ярилцаж, тохиролцсон байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хүндэтгээд зөрүүтэй нөхцөл байдлыг хэлэхийг хүссэнгүй. Тухайн автомашины зээлийг бүрэн төлсөн тохиолдолд эмчилгээний зардал, ажилгүй байсны тэтгэмжийг нэхэмжлэхгүй гэдэг үүднээс нотлох баримт гаргаж өгөөгүй юм болов уу гэж миний хувьд ойлгож байгаа. Иймд эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Автомашины хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгах нь зөв байх гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч шүүгдэгчээс төлөх ёсгүй зүйлийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс үүнийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,
Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч М.С нь шүүгдэгч 23,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хэрвээ бүр боломжгүй бол манайх О-тай иргэний хэргээр дахиад нэхэмжлэл үүсгээд явна гэсэн үг гэх тайлбарыг,
Шүүгдэгч Ц.Т-гийн зүгээс би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хэргийн зүйлчлэл гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Т нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг, Цогтцэций сумаас салдаг уулзвараас 10 дахь километрт “Тоёота гранд марк 2” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,95 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай автомашиныг мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. А/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт болон уг дүрмийн хавсралтын “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг автомашины жолооч Л.О-ын биед дэлүүний язрал, нойр булчирхайн цус хураа, хэвлийн дотуур цус алдалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал, 25-26 дахь тал), иргэний нэхэмжлэгч М.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), иргэний нэхэмжлэгч М.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/284 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2025/184 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 112-113 дахь тал), “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 118-121 дэх тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 6-10 дахь тал), Ц.Т-гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундаа хэрэглэж согтолтын хэмжээ нь 2,95 хувьтай болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2025/184 дугаартай дүгнэлтэд: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу ослын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад ... улсын дугаартай Toyota Grand mark 2 маркийн автомашин эсрэг урсгалд байна. Мөн согтуурал шалгасан тэмдэглэлд жолооч Ц.Т нь 2,95% буюу хүнд зэргийн согтолттой байх тул Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” (хавтаст хэргийн 112-113 дахь тал) гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Ц.Т-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын биед дэлүүний язрал, нойр булчирхайн цус хураа, хэвлийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ӨМГ0725/284 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ц.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Т нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокурорыг газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгч Ц.Т-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 22,950,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,200,000 төгрөг, эмчилгээний зардалд 3,250,000 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч М.С-гийн зүгээс барьцаанд байсан эд хөрөнгө устсан тул шүүгдэгч Ц.Т-гоос 23,053,100 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын зүгээс ажилгүй байсан хугацааны цалин 3,200,000 төгрөг нэхэмжилж байх боловч нийгмийн даатгал төлсөн баримт, ажил олгогчийн шийдвэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон буюу чөлөө олгосон талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,
мөн эмчилгээний зардалд 3,250,000 төгрөг нэхэмжилж байх боловч ямар эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох нотлох баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Т-гийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-т 1,200,000 төгрөг төлсөн талаар оролцогчид маргахгүй байх тул эмчилгээний зардал 3,250,000 төгрөгөөс төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,050,000 төгрөг болон дээрх нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 22,950,000 төгрөг нэхэмжилж байх боловч “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн: 11,541,000 төгрөг.” (хавтаст хэргийн 118-121 дэх тал)-ээр “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11,541,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул уг хохирлыг шүүгдэгч Ц.Төмөртогтоогоос гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-т олгож, үлдэх 11,409,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын эзэмшлийн “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байх тул үнэлгээгээр тогтоогдсон 11,541,000 төгрөг гаргуулж, илүү нэхэмжилсэн 11,409,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.От 3,488,184 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Б-ийн “Иргэн Л О /РД: / нь 3,488,184 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлөлт хийгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” (хавтаст хэргийн 30-31 дэх тал) гэх мэдүүлэг, ЭМДЕГ-Цахим системийн зардлын түүх “Л.О 3,488,184 төгрөг” (хавтаст хэргийн 148 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Т-гоос 3,488,184 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч М.С-гийн зүгээс барьцаанд байсан эд хөрөнгө устсан тул шүүгдэгч Ц.Т-гоос 23,053,100 төгрөг нэхэмжилж байх боловч “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүйн зэрэгцээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “...” ББСБ болох нь тогтоогдохгүй байна.
Мөн “...” ББСБ болон хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь Зээлийн гэрээ (хавтаст хэргийн 141-144 дэх тал)-ээр тогтоогдож байх ба энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч үндсэн зээл, хүүгийн төлбөрийг гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд нь төлөх үүрэгтэй бол зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болмогц зээлдэгчийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй байхаар тус тус зааснаас гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2030 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
Иймд дээрх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад “...” ББСБ нь зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэлийг гэрээнд заасны дагуу зээлдэгч буюу Л.О-аас нэхэмжлэхгүйгээр шүүгдэгч Ц.Т-гоос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч Ц.Т-гоос 23,053,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Т-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Үүнд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Хувийн байдлын хувьд өмнө нь ам бүл 4 байсан боловч хэрэг шалгагдаж байх хугацаанд эхнэр нь өөд болж, ам бүл гурвуулаа үлдсэн. Хүүхдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзнэ үү. 2 хүүхэдтэйгээ үлдэж, хүүхдүүдээ Өвөрхангай аймагт байх эмээ рүү нь шилжүүлж, сургуулийг нь өөрчилсөн нөхцөл байдал байгаа. Өөрийнх нь хувьд Цогтцэций суманд эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Ажил явдлаас хойш Ц.Т нь Дундговь аймагт сарын өмнө шилжин очиж, барилгын туслахаар ажиллаж, мөн төрсөн ахыгаа бараадаж, малд нь түлхэц болж байгаа. Улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах санал гаргасантай өмгөөлөгч миний хувьд санал нэг байна. Хохирол төлбөр төлөх нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Хорих ял авчихвал хохирогчийн эрх ашиг яригдах учраас зорчих эрх хязгаарлах ялыг миний үйлчлүүлэгчид оногдуулж, нэг удаа итгэл хүлээлгэж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын зүгээс хохирол төлбөр болох 11,541,000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагад өгүүлнэ гэх тайлбарыг,
Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч М.С нь 11,541,000 төгрөг төлөхийг Л.О зөвшөөрч байгаа бол тухайн мөнгийг “... ББСБ” ХХК-ийн данс руу авах хүсэлтэй байна гэх тайлбарыг,
Шүүгдэгч Ц.Т-гийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь багасгаж өгнө үү. Дахин ийм үйлдэл хийхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Т-г согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Тг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой гарсан төлбөрийг нөхөн төлүүлэх хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх боломжоор хангахад чухал ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Т-г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-т 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Ц-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Т-г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т-гоос нийт 15,029,184 (арван таван сая хорин есөн мянга нэг зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж, 11,541,000 (арван нэгэн сая таван зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-т, 3,488,184 (гурван сая дөрвөн зуун наян найман мянга нэг зуун наян дөрөв) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлээс 11,409,000 (арван нэгэн сая дөрвөн зуун есөн мянга) төгрөг, “...” ББСБ-ын нэхэмжилсэн 23,053,100 (хорин гурван сая тавин гурван мянга нэг зуу) төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын ажилгүй байсан хугацааны цалин 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг, эмчилгээний төлбөр 2,050,000 (хоёр сая тавин мянга) төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-т 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ