Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/03664

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., О... овогт Б...ын Ш...

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Э....ын Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 1 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б..., иргэдийн төлөөлөгч А.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

/Нэхэмжлэгч Б.Ш...ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш...  нь хариуцагч Э.Б...д холбогдуулан гэм хорын хохиролд 1 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ... УБМ улсын дугаартай Toyota Приус маркийн машинд явган хүний гарц дээр мөргүүлсэн.Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил үлдэг хэмжилт хийсэн.Э.Б... буруутай нь тогтоогдсон ослын улмаас 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй эмчилгээ хийлгүүлсэн./Доргилтоос болж ураг суулт өгсөн, баруун хөл бэртсэн/.Цалин 990 000 төгрөг, эм тариа, эмчилгээний зардал, эмчийн үзлэг толгой доргилт өгч бариулсан нийт 710 000 төгрөг нийт 1 700 000 төгрөгийг Э.Б...гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сансараас Шархад явах зам дагуу Home Plaza-ийн урд гарц дээр Ш...ыг санаандгүй мөргөсөн.Тухайн өдөр цас орж халтиргаа гулгаа ихтэй байсан ба гэнэт машины цаанаас хүн гараад ирсэн, машины тормос дарсан боловч санаандгүй байдлаар мөргөсөн.Тухайн үед яаралтай цагдаа дуудаж Б.Ш...ыг гэмтлийн эмнэлэг болон Эх нялхсын эмнэлэгт үзүүлж арга хэмжээ авсан.Б.Ш... болон урагт ямар нэгэн гэмтэл байхгүй, сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан.Эмчилгээний зардал болон бусад баримтаар тогтоогдсон нийт зардал 400 000 төгрөгийг төлсөн.Би Зөрчлийн хуулиар 100 000 төгрөгөөр торгуулсан, Б.Ш...ын нэхэмжилсэн 1 700 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Э.Б... нь Б.Ш...т тодорхой хэмжээний гэмтэл учруулсан учраас эмчилгээний зардалд 400,000 төгрөг шилжүүлсэн байдаг.Шүүх эмнэлгийн үзлэгээр баруун өвдөгний гадна 5 см бараан өнгийн цус хуралттай, өвдөгний үеийн идэвхтэй хөдөлгөөн хийхэд эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан гэж гарсан.

 Цалин хөлс нэхэмжилж байгаа бол ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зөрүүг нэхэмжлэх ёстой боловч  баримт алга, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй гэсэн учраас цалин хөлс нэхэх үндэслэлгүй байна.Эм тарианд гаргасан зардлуудын баримтууд нь өвдөгний зөөлөн эдийн гэмтэлтэй холбоотой эм тарианы баримтууд байдаггүй,  витамин Д-3, аспирин 81 гээд жирэмсэн хүний өөрийнх нь хэрэглэх ёстой эм бэлдмэл байсан.Мөн ямар зориулалтаар бензин тос хэрэглэсэн талаар баримтгүй тул  нэхэмжилж байгаа мөнгийг өгөхгүй.Тухайн үед Б.Ш...ыг Эх нялхаст үзүүлсэн, урагт ямар нэг өөрчлөлт байхгүй гэж хэлсэн, өөрийнх нь ажилладаг эмийн сангийн баримтууд байна гэв.

Нэхэмжлэгчээс:Б... ХХК-ийн тодорхойлолт, М-Ойл, М... ХХК, Мөнтөбэ, Г... төв, D... эмийн сан, Моносын баримтууд, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн .. дугаар магадлагаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, жолоочийн биеийн байцаалт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” ... дугаартай тогтоолыг шүүхэд өгсөн /хх 5-16, 17-18, 19-21, 22-24, 25-27, 28, 29, 30-31/, хариуцагчаас Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтыг өгсөн./хх 39/

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би ... УБМ улсын дугаартай Toyota приус маркийн машинд мөргүүлсний улмаас 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн, цалин 990 000 төгрөг, эм, эмчилгээний зардал 710 000 төгрөг нийт 1 700 000 төгрөгийг Э.Б...гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Ш...ыг санаандгүй мөргөсөн.Б.Ш... болон урагт ямар нэгэн гэмтэлгүй, сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан.Эмчилгээний болон бусад зардалд 400 000 төгрөг өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б... ХХК-ийн тодорхойлолт, М-..., М... ХХК, М..., Г... төв, D... эмийн сан, Моносын баримтууд, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1302 дугаар магадлагаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, жолоочийн биеийн байцаалт, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” ... дугаартай тогтоол, хариуцагчийн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Э.Б... нь 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр өөрийн эзэмшлийн Toyota Приус маркийн ... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Б.Ш...ыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна./хх 17-29/

Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 1068 дугаар тогтоолоор Б.Ш...аас гаргасан 1765 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна./хх30-31/

Дээрх ослын улмаас Б.Ш...ын баруун өвдөгний үений суналт гэмтэл тогтоогдсон, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 15101 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна./хх 24-25/

Э.Б... нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Ш...т 400 000 төгрөг өгсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна./хх-39/

Нэхэмжлэгч нь Б... ХХК-ийн Д... эмийн санд жор баригчаар ажилладаг, өдрийн 55 000 төгрөгийн цалин авдаг гэх тодорхойлолтыг Б... ХХК-аас ирүүлсэн байх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй  байна.

Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 10, 16-ны өдрийн М.., М... ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн,  М...гийн 2022 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрийн,  Г... төвийн 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн, D... эмийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 10, 11, 16-ны өдрийн, Моносын 2022 оны 11 дүгээр сарын  11-ний өдрийн баримтуудад бичигдсэн зарлага Б.Ш...аас гарсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Иймд хариуцагчаас 1 700 000 төгрөг гаргуулах тухай Б.Ш...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан зүйлийг зөв гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Э.Б...гаас 1 700 000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Б.Ш...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН

                      

                     ШҮҮГЧИД                                              А.САРАНТУЯА

 

                                                                                    Х.ЭНХЗАЯА