Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхтөр, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Л.Түвшинцэнгэл, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Г.Алтанлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000800212 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Г-ын У (РД: ...), ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалуудаар батлагдсан Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, уг оронд тоонд С.Д, С.Д, өөрийн нөхөр Д.Ц нарыг ажиллуулж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 65’597’027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байсан Д.Бийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 14-16, 245-247 дугаар хуудас), иргэний хариуцагч С.Дийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас), иргэний хариуцагч Ч.Дгийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 26-28, 31 дүгээр хуудас), иргэний хариуцагч Д.Цийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас), Стандарт хэмжил хэлтсийн ахлах нягтлан бодогч Ц.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас), гэрч Ц.Бын гаргаж өгсөн С.Д, Ч.Д, Д.Ц нарын цалингийн түүвэр (1 дэх хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас), Ч.Дг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас), Д.Цийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, 1 минут 16 секундийн билэг бүхий сиди (1 дэх хавтаст хэргийн 91-99 дүгээр хуудас), Стандарт хэмжил зүйн газрын 2023 оны өргөдөл гомдлын бүртгэлийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас), иргэний хариуцагч нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 116-127 дугаар хуудас), иргэний хариуцагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас), Стандарт хэмжил хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны А39 дугаартай тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 157 дугаартай хуудас), шүүгдэгч Г.Уыг Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар томилсон тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 177 дугаар хуудас), ажил хүлээлцсэн тэмдэглэлийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 178 дугаар хуудас), Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 179-185 дугаар хуудас), С.Д, Ч.Д, Д.Ц нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 188-190 дүгээр хуудас), Стандарт хэмжил зүйн газрын даргын Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах албаны даргад хүргүүлсэн албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), Увс аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сонор мэлмий харуул хамгаалалтын газартай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас), иргэний хариуцагч нарын татвар төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 123-129 дүгээр хуудас), иргэний хариуцагч нарын цалингийн түүвэр, мөнгөн урамшуулал олгож байсан тушаал түүний хавсралтууд (4 дэх хавтаст хэргийн 130-164 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Цийн илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 3 дугаар хуудас), бичмэл нотлох баримтыг хуулбарлаж авсан комиссарын тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 113 дугаар хуудас), иргэний хариуцагч С.Д, Ч.Д нарын Увс аймгийн Стандарт хэмжил хэлтсийн даргад хандаж гаргасан, ажилд орох өргөдлийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас), Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 109 дугаартай тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 152 дугаар хуудас), Г.Уыг яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 237 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас), шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 38 дугаар хуудас), шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (2 дахь хавтаст хэргийн 41-68 дугаар хуудас), шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл (2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), шүүгдэгчийн бамбай булчирхайн хэт авиан оношилгооны хариуны хуулбар (4 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас), Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн барилгын чанарын тухай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас), шүүх хуралдаан эхлэхэд өгсөн шүүгдэгчийн эрүүл мэндийн буюу эмчийн үзлэгийн хуудас гэх баримт;

Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч: иргэний хариуцагч С.Дийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас), иргэний хариуцагч Ч.Дгийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 26-28, 31 дүгээр хуудас), иргэний хариуцагч Д.Цийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан.

2. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

- Улсын яллагч “...Шүүгдэгч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны А36, 2024 оны А96 дугаартай тушаалуудаар батлагдсан Увс аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал зэрэглэл, орон тоонд байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож 2023 оны 02 дугаар сараас С.Д дээр, тус оны 05 дугаар сарын 01-ээс өөрийн нөхөр Д.Ц болон жолоочоор ажиллаж байсан Ч.Д нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулсан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 30-ны Б15, Б16, Б17 дугаартай тушаалаар Д.Ц, Ч.Д, С.Д нарыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад харуулаар буюу төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 65,597,027 /жаран таван сая таван зуун ерэн долоон мянга хорин долоо/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Х.Л, Ц.Б нарын мэдүүлэг, иргэний хариуцагч Д.Ц, Ч.Д, С.Д нарын мэдүүлэг, Стандарт хэмжил зүйн газрын даргын гаргасан 2023 оны А39, 2024 оны А96 дугаартай тушаалын хуулбарууд, Г.Уыг Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар томилсон тушаалын хуулбар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын ажлын байрны албан тушаалын тодорхойлолт, Д.Ц, Ч.Д, С.Д нарыг гэрээгээр авч ажиллуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, үндсэн ажилтнаар буюу төрийн үйлчилгээний албан тушаалтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан тушаалын хуулбар зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс хавтаст хэргээс шинжлэн судалсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч Г.Уын нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 65,597,027 /жаран таван сая таван зуун ерэн долоон мянга хорин долоо/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн. Иймд Г.Уын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.

...Улсын яллагчийн хувьд Г.Уыг яллаад байгаа нэг л үндэслэл байгаа. Стандарт хэмжил зүйн газраас яах гэж бүтэц орон тоо, албан тушаалын зэрэглэл, орон тооны дээд хязгаарыг баталдаг юм. Аймаг орон нутагт, дүүрэгт байгаа нэгжүүдээ дагаж мөрдүүлэхийн тулд баталдаг юм. Тухайн тушаалыг үндэслээд байхгүй харуул гэх 3 орон тоог нэмж бүтэц дээрээ батлаад, цалингийн зардлаасаа санхүүжилтийг гаргаад цалин олгоод явсан нь эрх мэдэл албан тушаалын байдлаа хэтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэж яллаад байгаа юм. Шүүгдэгч Г.У хэлж байна. Би төрөөс нэг төгрөг авч идээгүй гэж, би бусдад давуу байдал бий болгосон гэж яллаж байгаа болохоос өөртөө давуу байдал бий болгосон гэж яллаагүй” гэж;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл “...Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийг давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрхтэй гэж заасан. Г.У 23 хүртэл гэх орон тооны дээд хязгаарт багтаж байна, цалингийн сандаа багтаж байна гээд 3 орон тоогоор ажилтан авсан гээд байгаа учир нь энэ юм. Хуульд байгаа эрх хэмжээндээ хийсэн гэж яриад байгаа учир нь энэ юм. Авлигын эсрэг хууль, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад ашиг хонжоо гэж юу болох, албан тушаалтан эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглах гэж юу болох талаар нэг бүрчлэн заасан байгаа. Жишээлбэл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд эрх мэдлээ урвуулан ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал бий болгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрсэн аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэдэг. Тэгэхээр иргэний хариуцагчаар тогтоогдож байгаа 3 харуулууд, нийтийн албаны эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалсан болохоос хувьдаа ямар нэгэн байдлаар давуу эрх эдлээд илүү мөнгө олсон зүйл байхгүй. Иймд ашиг хонжоо гэдэг үйлд тохирохгүй байна. Жижүүрийн цалин дэндүү бага шүү дээ, ашиг олсон гэж би хэлж чадахгүй, хийсэн ажлынхаа хэмжээнд тохирсон хөлс авсан. Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.У эндээс юу олов, ямар нийтийн эрх ашгийг хохироосон уу? гэдэг асуудал яригдана. Хуулийн зорилго хийх ёсгүй үйлдлийг хийгээд бусад давуу байдал үүсгэсэндээ өөртөө ямар нэгэн ашиг хонжоо, хувийн ашиг сонирхолд хандсан байх, тэр субъектив санаа зорилго байсан уу, үгүй юу гэдгийг прокурор мөрдөн шалгах ажиллагааг хийгээч гэдэг даалгаварт ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа хийгдээгүй. Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хууль тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж байгаа үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практик гэмт хэргийн шинж гэдэгт аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж байгаа. Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгоод энэхүү 2 шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Харин дан ганц үр дагаварт чиглэсэн объектив талын яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглоно гэж дүгнэсэн. Яагаад үүнийг уншиж байна гэхлээр яахын аргагүй 1,300,000,000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгийн хөрөнгө ирчихсэн 2023, 2024 оны улсын төсөвт тухайн албан тушаал батлагдаагүй учраас 2023 оны Стандарт хэмжил зүйн газрын даргын А36 тоот тушаалаар цалингийн сандаа багтааж зохих арга хэмжээ авахыг даалгачихсан учраас энэ ажлыг хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хор хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн.

... Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа юм” гэж тус тус мэтгэлцжээ.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн “...Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг баталсан байдаг. Энэ тушаалын дагуу Увс аймаг дахь стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоог 23 хүн ажиллуулахаар байгаа. Увс аймаг дахь стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.У нь дээрх тушаалын хүрээнд нь ажиллах зохицуулалттай. Стандарт, хэмжил зүйн газрын даргын баталсан А/36 тоот тушаал зөрчигдсөн байна. Г.У нь жижүүр, харуул авах шаардлагатай талаараа Стандарт, хэмжил зүйн газрын даргад албан бичгээр ирүүлээгүй. Үүнтэй холбоотой Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсээс манай байгууллагад ирүүлсэн ямар нэгэн холбогдох бичиг, албан тоот байхгүй. Стандарт, хэмжил зүйн газрын даргын дээрх тушаалын дагуу аймаг дахь хэлтсээс байр, өмч хамгаалах ажлыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч, хэрэгжилтийг тайлагнах ёстой” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14-16, 245-247 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 01-ээс Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг тараан байршуулсан. Стандарт хэмжил зүйн газар хэмжил зүйн сорилт туршилтын чиг үүрэг хийж эхэлсэн. 2023 оны 02 дугаар сард Стандарт хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт өөрчлөлт ороод үүний дагуу Стандарт, хэмжил зүйн газрын 2023 оны Б/36 дугаар тушаалаар орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг баталсан. Стандарт хэмжил зүйн газар зөвхөн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн тушаалаар биш, өмнө нь хэд хэдэн удаагийн тушаал шийдвэрээр дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал зэрэглэлийг батлаад явж байсан. Тухайн цаг үед харуул хамгаалалтын чиг үүргийг хэзээ ч  үгүйсгэж байгаагүй. Төсвийн тухай хууль өнгөрсөн жилийнхээ 11 дүгээр сарын 15-ны дотор батлагддаг гэдгийг хүн бүхэн мэддэг. Харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, төсөв санхүү байхгүй учраас Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны Б/36 дугаар тушаалын 4 дүгээр заалтад тодорхой зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх төсөв санхүү тавигдаагүй учраас дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулаад цалингийн сандаа багтаан зохих арга хэмжээг авахыг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт  даалгаж шийдвэрлэсэн. 2023 оны төсвийн задаргааны мэдээллүүдийг харахад бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамж дээр 1,000,000 /нэг сая/ төгрөг тавигдсан. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төсвийн хуваарилалтад өөрчлөлт орж 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харуул хамгаалалтын чиг үүрэгт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг тавигдаад тодорхой чиглэлүүд гарсан. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломж бололцоо зардал мөнгө байгаагүй гэдэг нь баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч талын гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтаар үнэлж аваагүй. Гэхдээ Үндэсний аудитын газрын нийтэд илэрхий үйл баримт учраас системээсээ үзэж танилцаад нотлох баримтаар бэхжүүлэх боломж дараагийн ээлжид гарах байх гэж үзэж байна. Хууль тогтоомж, дүрэм журамлагдсан бол гарцаагүй хариуцлага байх хэрэгтэй. Гэхдээ гагцхүү зөв байх ёстой гэж үзэж байгаа. Бүтэц зохион байгуулалт баталсан хохирогч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл захиргааны зөрчил учраас дээд шатын байгууллага, гаргасан субъект нь хүчингүй болгох ёстой. Нөхрөө ажилд томилсон асуудал Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар зохицуулагдах харилцаа юм гэж үзсэн. Стандарт хэмжил зүйн газрын үйл ажиллагаа онцлогтой. Улаанбаатар хотод байдаг объектууд онц чухал объектод хамаардаг. Яагаад гэвэл хортой урвалт бодисуудыг хэрэглэдэг, магадгүй харуул, хамгаалалт хяналтгүй, байвал хор уршиг үүсэх нөхцөл байдлууд байдаг гэдгийг хэлье. Харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэхийг бид бүхэн хэзээ ч үгүйсгээгүй. Тухайн ажил үйлчилгээг худалдан авахдаа төрийн мөнгөөр л авах ёстой. Төрийн мөнгөөр авахдаа зохих, төсөв санхүү нь байсан бол бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд тавигдах ёстой. Тэр зардлууд нь тавигдаагүй учраас цалингийн сандаа багтаагаад асуудлууд үүссэн. Эцсийн дүндээ  энэ ажил үйлчилгээг төрийн мөнгөөр л авах ёстой учраас ямар нэгэн байдлаар  давхардуулж авсан зүйл байхгүй гэдгийг хэлье” гэх мэдүүлэг;

- Иргэний хариуцагч С.Дийн “...Би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт жижүүр, сантехникч зэрэг ажлыг хийж байсан. Манай Мэргэжлийн хяналтын газар 2023 оны 02 дугаар сард татан буугдсан тул миний бие ажилгүй болсон. Харин манай Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс ирэхээр нь би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус хэлтсийн дарга Г.Ут өргөдөл гаргаж ажилд орж байсан. Учир нь би энэ байгууллагын ажлын байрны сантехникийн ажлыг сайн мэддэг юм. Би одоо харуулаар тушаалтай боловч сантехникийн ажлыг давхар хийдэг юм. Анх хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад сарын 550’000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Харин 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс харуулын үндсэн ажилтан болж төрийн үйлчилгээний албан тушаалтны ТҮ-1 ангиллаар цалинжиж байгаа. Одоо энэ байгууллагын үндсэн ажилтан харуул юм. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би дээр гэрчээр мэдүүлэг өгсний дараа надтай манай хэлтсийн дарга Г.У таарсан ба тэр орон тооны цомхотгол явагдаж байгаа харуулууд энэ сараас ажилгүй болох байх гэсэн утгатай зүйл хэлж байсан. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн харуулууд ажлын өдрүүдэд орой 17 цаг гарч маргааш өглөөний 08 цагт буудаг. Амралтын өдөр мөн адил орой 17 цагт гарч, маргааш өглөө нь 08 цагт буудаг юм. Надад харуулын ажил хийх эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэх байхгүй. Харин Сантехникийн мэргэжил эзэмшсэн диплом байгаа. Би Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст гэрээтээр болон үндсэн харуулаар ажиллаж байгаа ба энэ хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч, хэрэглээндээ зарцуулдаг байсан. Одоо яг хэдэн төгрөгийн цалин авсныг мэдэхгүй байна. Гэхдээ хэдэн төгрөгийн цалин авсан талаар нийгмийн даатгалын шимтгэлээс харж болох байх. Г.У даргатай уулзахад намайг 2023 оны 02 дугаар сарын 01-ний үед хүрээд ир гэж хэлсэн. Би тэр үед нь ирэхэд надаас өргөдөл бичүүлж аваад гэрээ байгуулж байсан. Би энэ байгууллагад харуулаар ажиллаж цалин авч байсан үнэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас);

- Иргэний хариуцагч Ч.Дгийн “...Би Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст анх жолоочоор 2017 оны 05 дугаар сард ажилд орж байсан. Тэр ажлыг хийж байгаад 2023 оны 04 дүгээр сард хэлтсийн дарга Г.Ут хүсэлт өгч, жолоочийн ажлаас чөлөөлөгдөж харуул болж байсан. Анх харуул хийхдээ хөлсөөр ажиллах гэрээний дагуу сард 550’000 төгрөг авч байсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр харуулын үндсэн ажилтан болж төрийн үйлчилгээний албан тушаалтны ТҮ-1 ангиллаар цалинжиж байгаа. Одоо би сард 1’200’000 төгрөгийн цалин авч байгаа. Манай хэлтсийн дарга Г.У нь надтай төрөл, садан найз, нөхдийн холбоо байхгүй. Манай хэлтсийн дарга Г.У нь намайг харуулаар ажилд авсны хариуд шан харамж авсан, өгөхийг санал болгосон, шаардсан удаа байхгүй. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байгаа байх гэж бодож байна. Надаас гадна С.Д, Д.Ц гэх харуулууд байгаа. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн харуулууд ажлын өдрүүдэд орой 17 цагт гарч, маргааш өглөөний 08 цагт буудаг, амралтын өдөр мөн адил орой 17 цагт гарч, маргааш өглөө нь 08 цагт буудаг юм. Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч, хэрэглээндээ зарцуулдаг байсан. Одоо яг хэдэн төгрөгийн цалин авсныг мэдэхгүй байна. Хэдэн төгрөгийн цалин авсан талаар нийгмийн даатгалын шимтгэлээс харж болох байх. Миний харуулын ажил Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоонд байгаа эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-28, 31 дүгээр хуудас);

- Иргэний хариуцагч Д.Цийн “...Миний эхнэр Г.У нь Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст даргаар ажилладаг юм. Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст харуулаар ажиллаж байна. Эхэлж харуулаар ажилд орохдоо хөлсөөр ажиллах гэрээгээр сард 550’000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагын харуулын ажилд жинхлэгдэж, төрийн үйлчилгээний ажилтнаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Г.У бид хоёр 1994 онд гэр болсон ба 4 хүүхэдтэй юм. Манай 3 хүүхэд тусдаа гарсан ба бага хүү 11 дүгээр ангийн сурагч тул эхнэр бид хоёртой хамт амьдарч байгаа. Стандарт хэмжил зүйн хэлтэс байрныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс харуул авахаар болсон гэж надад гэрт байхдаа хэлсэн. Тэгэхээр нь би гэрт ажилгүй байж байхаар танай хэлтэст харуулаар ажилд орчихмоор байна. Би ямар чамтай нийлж гарын үсэг зурдаг ажил хийх гэж байгаа биш болно биз гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр Г.У “болох юм болов уу” гэж байсан. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудаад анх хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилд авсан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж намайг болон бусад хоёр харуулын хамтаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар жинхэлж, төрийн үйлчилгээний ажилтан болгосон. Би Стандарт хэмжил зүйн хэлтсийн харуулаар жинхлэгдэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Манай хэлтсийн ахлах мэргэжилтэн болон байгууллагын хүний нөөцийг хариуцдаг Х.Л нь намайг “та өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, гурван үеийн намтраа өгөөрэй” гэж хэлж байсан боловч би өнөөдрийг хүртэл өгч чадахгүй явж байгаад ажлаас гарсан. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч, хэрэглээндээ зарцуулдаг байсан. Энэ хугацаанд надад яг хэдэн төгрөгийн цалин авсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас);

- Гэрч Х.Лгийн “...Би Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтнээр 2009 оноос хойш ажиллаж байна. Стандарт хэмжил зүйн газраас манай хэлтсийн орон тоог батална ирүүлдэг юм. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар 27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталж байсан. Уг тушаалын хавсралтаар Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн-3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн-3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбарын сан, архив, бичиг хэрэг/-1, Нягтлан бодогч-1, Хэмжүүр баталгаажуулалтын техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, нян судлал, хорио цээр/-5, Лаборант /шил угаагч/-2, Нярав-1, Жолооч-1, Үйлчлэгч-1 зэрэг нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг 2023 оны 02 дугаар сард баталж өгсөн байдаг.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 04 дүгээр 25-ны өдрийн А/96 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталж ирүүлсэн. Уг тушаалын хавсралтаар Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн-3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн-3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбар сан/-1, Ахлах нягтлан бодогч-1, техникч-1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, микробиологи, хорио цээр/-5, Лабораторийн лаборант /шил угаагч/-2, Архив, бичиг хэргийн ажилтан /нярав/-1, Жолооч-1, Үйлчлэгч-1 зэрэг албан тушаалд нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг 2024 оны 04 дүгээр сард баталж ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 20 хүн ажиллахаас 19 хүн ажиллаж байгаа. Хүүхэд асрах чөлөөтэй 1 хүн байгаа.

Манай Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаангом сумын 3 дугаар багт байрлах хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар төрийн барилгад нүүж ирж энэ байранд үйл ажиллагаа явуулахаар болсон. Өмнө нь 2016 оноос хойш Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын тамгын газрын 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр байранд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Статистикийн хэлтэс болон манай байгууллага зэрэг гурван байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан ба байгууллагын харуул нь Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хариуцан ажилладаг байсан. Манай хэлтэс дээр хэлсэн Улаангом сумын 3 дугаар багт байрлах хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар төрийн барилгад нүүж ирж үйл ажиллагаа явуулах болсон ба тэр байранд 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд одоо харуулаар ажиллаж байсан Д.Ц, Ч.Д, С.Д нар нь хөдөлмөрийн гэрээгээр харуулаар гэрээт ажилтан хийж сард 550’000 төгрөгийн цалин авч байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Д.Ц, Ч.Д, С.Д нарыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэлтсийн даргын Б/15 дугаар тушаалаар Д.Цийг, Б/16 дугаар тушаалаар Ч.Дг, Б/17 дугаар тушаалаар С.Дийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар авч ажиллуулахаар болсон. Энэ тушаалыг байгууллагын дарга гаргасан тул би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн амралтаа авч Солонгос улс руу аяллаар явсан юм.

...Уг нь би ээлжийн амралт авч байх үед дээрх гурван хүн гэрээт харуулаар ажиллаж байсан. Манай хэлтсийн дарга Г.Уын тушаалаар харуулаар ажилд орсон Д.Ц, Ч.Д, С.Д нараас Д.Ц нь хэлтсийн дарга Г.Уын нөхөр юм. Ч.Д нь манай хэлтэст 2017 оноос хойш жолооч хийж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар харуул болж байсан. Харин С.Д нь Мэргэжлийн хяналын газрын харуулаар ажиллаж байсан хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)

- Гэрч Ц.Бын “Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст нягтлан бодогчоор 2022 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийг 23 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар Стандарт, хэмжил зүйн газраас орон тоог батална ирүүлсэн. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталсан. Уг тушаалын хавсралтаар хэлтсийн дарга-1, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтэн /хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн-3, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн-3, мэргэжилтэн /сургалт, мэдээлэл, салбарын сан, архив, бичиг хэрэг/-1, нягтлан бодогч-1, хэмжүүр баталгаажуулалтын техникч-1, лабораторийн эрхлэгч-1, лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, нян судлал, хорио цээр/-5, лаборант /шил угаагч/-2, нярав-1, жолооч-1, үйлчлэгч-1, нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг баталж өгсөн.

...Манай хэлтэс Улаангом сумын 3 дугаар багт байрлах хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар төрийн барилгад нүүж ирж үйл ажиллагаа явуулах болсон.  Тэр байранд 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд анх “Ажил гүйцэтгэх гэрээ’’-ээр, одоо үндсэн харуулаар ажиллаж байгаа Д.Ц, Ч.Д, С.Д нар нь харуул хийж сард 550’000 төгрөгийн цалин авч байсан. С.Дийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс, Д.Ц, Ч.Д нарыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээтээр ажиллуулж байсан. С.Д нь өмнө нь Мэргэжлийн хяналтын газарт харуулаар ажиллаж байсан, Ч.Д нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар жолоочоор ажиллах боломжгүй болсон тул гэрээт харуул хийхээр болсон. Д.Ц нь шинээр орж ирсэн хүн юм. Хэлтсийн дарга Г.У нь 2023 оны 06 дугаар 30-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Д.Цийг, Б/16 дугаар тушаалаар Ч.Дг, Б/17 дугаар тушаалаар С.Дийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар ажиллуулах тушаал гаргасан. Дээрх тушаалыг байгууллагын дарга Г.У нь гаргаад надад энэ хүмүүст цалин бодож олгох талаар хэлээд өгсөн. Тэгэхээр би хэлтсийн дарга Г.Ут батлагдаж ирсэн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байхгүй гэж хэлэхэд дарга Г.У нь манай хэлтсийг 23 хүний орон тоогоор ажиллахаар баталж ирүүлсэн тул уг орон тоонд багтааж энэ гурван хүнийг харуулаар ажилд авч байна гэж хэлсэн. Орон тоо хэтрээгүй тул болно гэж хэлэхээр нь би байгууллагын дарга Г.Уын гаргасан тушаалын дагуу харуулаар ажиллаж байгаа Д.Ц, Ч.Д, С.Д нарт цалин бодож байгаа.

Манай хэлтэст харуулаар ажилд орсон Д Д.Ц нь хэлтсийн дарга Г.Уын нөхөр юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас);

- Гэрч Ц.Бын дахин өгсөн “...Ч.Д нь 2023 оны 05, 06 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээгээр харуулаар ажиллахдаа сард 550’000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэлд 63’250 төгрөгийг цалингаас, татварт 28’675 төгрөг төлж, гарт 458’075 төгрөг авч байсан. Тэр гэрээтээр ажиллахдаа нийт дүнгээр 1’100’000 төгрөгөөс шимтгэл, татварт 183’850 төгрөгийг төлөөд гарт 916’150 төгрөгийг авсан. Харин төрийн үйлчилгээний ажилтан харуул болсноор 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийт дүнгээр 15’530’560 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татварт 2’978’470 төгрөг төлж, гарт 12’552’090 төгрөг авсан. Тэр харуулаар гэрээтээр болон тушаалын дагуу ажилласнаар нийтдээ 16’630’560 төгрөгийн цалин бодогдож, шимтгэл, татварт 3’162’320 төгрөг төлөгдөж, ажил олгогч байгууллага болох манай хэлтсээс 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 2’078’820 төгрөгийн шимтгэл төлсөн. Түүний гарт 13’468’240 төгрөгийн цалин олгосон. Ч.Дд манай хэлтсээс нийт дүнгээр олгосон цалин болох 16’630’560 төгрөг дээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 2’078’820 төгрөгийг нэмээд нийтдээ 18’709’380 төгрөг болж байна.

Д.Ц нь 2023 оны 05, 06 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээгээр харуулаар ажиллахдаа сард 550’000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэлд 63’250 төгрөг, татварт 28’675 төгрөг төлж, гарт 458’075 төгрөг авч байсан. Тэр гэрээтээр ажиллахдаа нийт дүнгээр 1’100’000 төгрөгөөс шимтгэл, татварт 183’850 төгрөгийг төлөөд гарт 916’150 төгрөг авсан. Харин төрийн үйлчилгээний ажилтан харуул болсноор 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийт дүнгээр 13’952’980 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татварт 2’659’424 төгрөг төлж, гарт 11’293’556 төгрөг авсан. Тэр харуулаар гэрээтээр болон тушаалын дагуу ажилласнаар нийтдээ 15’052’980 төгрөгийн цалин бодогдож, шимтгэл, татварт 2,843,282 төгрөг төлөгдөж, ажил олгогч байгууллага болох манай хэлтсээс 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1’881’623 төгрөгийн шимтгэл төлсөн. Түүний гарт 12’209’698 төгрөгийн цалин олгосон. Д.Цид манай хэлтсээс нийт дүнгээр олгосон цалин болох 15’052’980     төгрөг дээр, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1’881’623 төгрөгийг нэмээд нийтдээ 16’934’603 төгрөг болж байна.

С.Д нь 2023 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээгээр харуулаар ажиллахдаа сард 550’000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэлд 265’526 төгрөг төлж, гарт 2’459’474 төгрөг авч байсан. Тэр сонсголын бэрхшээлтэй хүн тул түүний цалингаас хуулийн дагуу татвар авдаггүй юм. Харин төрийн үйлчилгээний ажилтан харуул болсноор 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийт дүнгээр 15’461’294 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 1’437’900 төгрөг төлж, гарт 14’023’394 төгрөг авсан. Тэр харуулаар гэрээтээр болон тушаалын дагуу ажилласнаар нийтдээ 18’186’294 төгрөгийн цалин бодогдож, шимтгэлд 1’703’426 төгрөг төлөгдөж, ажил олгогч байгууллага болох манай хэлтсээс 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1’860’594 төгрөгийн шимтгэл төлсөн. Түүний гарт 16’482’868 төгрөгийн цалин олгосон. С.Д манай хэлтсээс нийт дүнгээр олгосон цалин болох 18’186’294 төгрөг дээр, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1’860’594 төгрөгийг нэмээд нийтдээ 20’046’888 төгрөг болж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 58-61, 66-67, 80-82 дахь тал/, (1 дэх хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас);

 

- Гэрч С.Оийн “...Би Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2019 оноос ажиллаж байна. Манай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь босоо тогтолцоотой газар учир Стандарт хэмжил зүйн газраас бүтэц орон тоог баталдаг юм. Төрийн албаны зөвлөл, аймгаас тус байгууллагын бүтэц орон тоог баталдаггүй юм. Төрийн байгууллага нь батлагдсан бүтэц орон тоондоо багтааж ажиллах ёстой. Гэрээт алба хаагчдын цалинг гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тохиролцож цалинжуулах ёстой. Харин төрийн албаны үндсэн ангилал зэрэглэлээр цалинжуулан байгууллагынхаа үндсэн ажилтан болгосон тушаал гаргаж, төрийн албаны үндсэн ангилал зэрэглэлийн цалинг олгож, нэмэгдэл цалин хөлсийг олгож болохгүй. Гэрээт ажилчдыг гэрээгээр ажиллуулахдаа гэрээнд заагдсан тогтмол цалинг олгодог юм. Харин тэр хүмүүс гэрээт ажилтнаас үнсэн ажилтан болж ТҮ-1 цалинжих боломжтой болсноор төрийн албан хаагчийн үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй болдог” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49 дүгээр хуудас);

 - Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай тушаал, 19 дүгээр хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 41-42, 44 дүгээр хуудас);

- Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаал, 19 дүгээр хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 45-46, 48 дугаар хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай “Д.Цтой хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай”  тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр хуудас);

 - Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай “Ч.Дтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 104 дүгээр хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн Б/17 дугаартай “С.Дтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 107 дугаар хуудас);

- Д.Цтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 116-119 дүгээр хуудас);

-  Ч.Дтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 120-123 дугаар хуудас);

- С.Дтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 124-127 дугаар хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/11 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 141, 142-143 дугаар хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/06 дугаартай “Ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 144, 145 дугаар хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/14 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 148, 149 дүгээр хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/20 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 150, 151 дүгээр хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 146, 147 дугаар хуудас);

- Увс аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаартай “Гонгорын Уыг Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар томилох тухай” захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 177 дугаар хуудас);

- Увс аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 179-185 дугаар хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “Д.Цийг ажлаас чөлөөлөх тухай”  тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “С.Дийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 69 дүгээр хуудас);

- Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/23 дугаартай “Ч.Дг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас);

- Увс аймгийн Татварын газраас ирүүлсэн иргэний хариуцагч нарын татвар төлөлтийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас);

- Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн С.Д, Ч.Д, Д.Ц нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас);

- Иргэний хариуцагч С.Д, Ч.Д, Д.Ц нарын цалингийн түүвэр, цалингийн карт (4 дэх хавтаст хэргийн 130-164 дүгээр хуудас) зэрэг болно.

3.2. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажилчдын орон тоог 23 хүнээр баталжээ.  Тухайлбал орон тооны бүтцийн хувьд хэлтсийн дарга-1, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтэн-1, бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн-3, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн-3, мэргэжилтэн /сургалт, мэдээлэл, салбарын сан, архив, бичиг хэрэг/-1, нягтлан бодогч-1, хэмжүүр баталгаажуулалтын техникч-1, лабораторийн эрхлэгч-1, лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, нян судлал, хорио цээр/-5, лаборант /шил угаагч/-2, нярав-1, жолооч-1, үйлчлэгч-1 байхаар тус тус тогтоосон байна.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тооны дээд хязгаар, бүтцийг дээр дурдсанаар тогтоожээ.

Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72, 2021 оны А/118, 2023 оны А/34, 2024 оны А/284 дугаар тушаалуудаар аймгуудын Стандарт, хэмжил зүй хэлтсийн дарга нарт харуул, хамгаалалт шаардлагатай болсон тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэх, гэрээт харуул, хамгаалалт ажиллуулахад шаардлагатай төсвийн тооцоог хийж ирүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн боловч шүүгдэгч Г.У нь Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дээрх үүрэг, чиглэлийг биелүүлэхгүйгээр тус байгууллагын орон тооны бүтцэд байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож: 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс С.Дтэй, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн нөхөр Д.Цтой, мөн тус хэлтэст жолоочоор ажиллаж байсан Ч.Дтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж харуулаар ажиллуулсан;

- 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар өөрийн нөхөр Д.Цийг, Б/16 дугаартай тушаалаар Ч.Дг, Б/17 дугаартай тушаалаар С.Дийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад харуулаар буюу төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар томилж, ТҮ-1 дүгээр зэрэглэлээр цалин олгож ажиллуулсан байна.

Шүүгдэгч Г.У нь тус хэлтэст өөрийн нөхөр Д.Цийг 2024 оны 05 дугаар сарыг дуустал ажиллуулж, Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “Д.Цийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар;

- С.Дийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажиллуулж, Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “С.Дийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар;

- Ч.Дг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажиллуулж, Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/23 дугаартай “Ч.Дг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар тус тус чөлөөлжээ.

Энэ хугацаанд Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн батлагдсан цалингийн сангийн зардлаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд С.Дэд 24’655’981 төгрөг, Д.Цид 16’934’603 төгрөг, Ч.Дд 24’006’443 төгрөг, нийт 65’597’027 төгрөг зарцуулсан байна.

Шүүгдэгч Г.У, иргэний хариуцагч Д.Ц нар нь 1996 оны 09 дүгээр сарын 02-нд гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр гэх үйл баримт тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

4. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн зэрэгцээ шинжүүдийг хуульчилжээ.

4.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж;

- Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус  иш татаж тодорхойлжээ. Шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж байсан тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

4.2. 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, Стандарт хэмжил зүйн газарт тус газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Увс аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн зарим эд хөрөнгө, орон тоо, байр зэргийг Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст өөрийн эд хөрөнгө, байрыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд харуул, хамгаалалтын шаардлага бий болжээ.

Шүүгдэгч Г.У нь хийх ёсгүй үйлдлийг хийж хөлсөөр ажиллах харуулын гурван орон тоог бий болгож, улмаар тухайн харуулын ажлын байрыг орон тооны бүтцэд оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл боловч гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл орон тоо нэмж байгаа үйлдэл нь хууль бус боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг хангахгүй байна. 

Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст харуул хамгаалалт зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд харуулын гурван орон тоо бий болгосноор тухайн байгууллагын эрх ашигт хохирол учраагүй, мөн шүүгдэгчийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т зааснаар “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэх тул шүүгдэгч Г.Уын хувьд түүний нөхөр Д.Цийг хамаарал бүхий этгээд гэж үзнэ. 

Харин шүүгдэгч нь өөрийн нөхөр Д.Цтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар төрийн үйлчилгээний албан хаагчаар буюу ажилд авсан төрийн албан хаагчийн хувьд ард түмэнд үйлчлэх, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчсөн байна.

Тодруулбал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм. Энэхүү үйлдэл нь төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэргээр нийгэмд аюултай үйлдэл юм. 

4.3. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “давуу байдал” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгох тул шүүгдэгч нь өөрийн нөхөр Д.Цид давуу байдлыг бий болгосон гэж үзнэ. Харин иргэний хариуцагч С.Д, Ч.Д нарт давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

4.4. Шүүгдэгч Г.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний хувьд өөрийгөө буруутай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр биш тус зүйл ангийн 1 дэх хэсгээр өөрчилж, шийдвэрлэж өгөхийг прокурорын байгууллагаас хүсэж байна. Учир нь миний хохирлын хэмжээ их хэмжээтэй гэж гаргасан ба тийм учраас миний холбогдох хэрэгт хохирлыг төрийн үйлчилгээ болгож тушаал гаргаснаас бодож хохирлыг гаргаж өгнө үү гэж прокуророос хүсмээр байна” гэж;

- Шүүх хуралдаанд “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж, тодорхой чиг үүрэг нь шилжиж ирснээр манай хэлтэс мэргэжлийн хяналтын байранд нүүж ирсэн. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраар ахлуулсан ажлын хэсэг гарч ажлыг хүлээлцүүлэх процесс болсон байгаа. Тухайн цаг үед Мэргэжлийн хяналтын газраас 1 тэрбум 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгө, химийн урвалж бодис, 10 ажилтан цалингийн сантайгаа шилжиж ирсэн. Манай байгууллага өмнө нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны 2 давхарт үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд харуул хамгаалалтыг  Байгаль орчны газрын харуул хамгаалалт хийж байсан, манай байгууллагад байгаагүй. Манай байгууллага онцлог үйл ажиллагаа явуулдаг, хэмжил зүйн лаборатори байдаг, хүнсний итгэмжлэгдсэн лаборатори байдаг, баталгаажуулалтын сорьцын алба зэрэг үйл ажиллагаанууд байдаг. Үйл ажиллагааны онцлогоос хамаарч зайлшгүй харуул хамгаалалт шаардлагатай байгууллага. Манай байгууллага мэргэжлийн хяналтын байранд нүүж ороод үйл ажиллагаагаа эхлүүлэхэд тэнд өчнөөн хөрөнгө химийн урвалж, бодис хүлээж авсан тэрийг харуул хамгаалалтгүй орхих ямар ч боломж байхгүй. Миний ажлын чиг үүрэг болон албан тушаалын тодорхойлолт төрийн өмч хөрөнгийг хамгаалах тухайн аюултай, хортой, шатамхай, дэгдэмхий, тэсрэмтгий урвалж бодисуудыг хамгаалах үүрэг надад байгаа. Тийм учраас би үндсэн ажиллагаа, чиг үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа, гүйцэтгэхээс өөр арга байгаагүй. Хэн ч байсан нь тийм арга хэмжээ авах байсан гэж би харж байгаа. 2022 оны 12 дугаар сарын 30-аас 2023 оны 02 дугаар сарын 01 нь хүртэл эрэгтэй ажилчдаараа харуул хамгаалалтын ажлыг давхар гүйцэтгүүлсэн тэдгээр хүмүүст нэмэлт нэг төгрөг ч өгөөгүй. 2023 оны 02 дугаар сарын 01-нд манай нэг ажилтан тэтгэвэрт гарсан учир цалингийн санд хэмнэлт үүссэн болохоор С.Д гэх Мэргэжлийн хяналтын байгууллагад 11 жил харуулаар ажилласан, сантехникч мэргэжилтэй хүн, хүсэлтээ гаргасан учраас ажил гүйцэтгэх гэрээгээр авч ажиллуулаад, мөн 2 эрэгтэй ажилтан, нийт 3 харуул 2023 оны 05 дугаар сарын 01 нь хүртэл ажилласан.

...10 хоногийн хугацаанд ямар хүн авч ажиллуулах вэ? Байгууллага эзэнгүй болох нь 2 хүнийг тулаагаар ажиллуулбал Хөдөлмөрийн хууль зөрчигдөж байгаа үүнээс болж эрсдэл үүсвэл бид хариуцлага хүлээж магадгүй талаар ярилцаад эрх зүйч мэргэжилтэй, харуул хамгаалалтын байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагатай, төрийн албанд ажиллаж байсан ажлын туршлагатай Д.Цийг ажилд авсан.

...Гэрээт харуул хамгаалалт ажиллуулахаар байсан бол бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал буюу 21-08 гэсэн зардлын зүйл ангид гэрээт харуул хамгаалалтын цалин хөлс гэх мөнгө заавал суулгаж өгсөн байх ёстой. Гэтэл манайд 2023 онд ч байгаагүй, 2024 онд ч байгаагүй. Би худалдан авах ажиллагааны газарт очсон.

...Жил бүр нэг ч зөрчил гаргаагүй гэдгийг баталж мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргачихсан байгаа. Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн төсөвт байгууллагын төсвийг цалингийн сандаа багтааж, орон тооны дээд хязгаарыг  хэтрүүлэхгүйгээр авах энэ заалттай нийцэж байгаа гэж үзэж байна” гэж гэм буруугийн талаар маргажээ.

Шүүгдэгчийн Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тооны бүтцэд байхгүй харуулын орон тоог шинээр бий болгосон үйлдлийг нь гэмт хэрэг гэж үзэж, гэм буруутайд тооцохгүй боловч, нийтийн албан тушаалтныхаа хувьд ард түмэнд үйлчлэх, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчиж нөхрөө ажилд томилсон үйлдэл нь дээр дурдсанчлан гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримтын талаар маргадаггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч “хэрэгсэхгүй болгох” талаар дүгнэлт гаргасан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

Учир нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүрэгтэй. Мөн тус зүйлийн 14.1.6-т зааснаар үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх үүрэгтэй тул өмгөөлөгчийг гэм буруугийн талаар маргаж оролцохдоо шүүгдэгчид энэ талаар тайлбарлаж, түүний шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн нь шүүгдэгчийн шийдвэр гэж үзэх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

4.5. Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бус тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Ийм шүүгдэгч Г.Уын Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн нөхөр Д.Цийг тус байгууллагад харуулын ажилд томилсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжтэй гэж үзэж, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон. Тодруулбал энэхүү гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг алдагдуулдаг. Мөн олон нийтийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, төрийн байгууламжийн үнэлэмжийг сулруулснаар Үндсэн хуульт байгуулалд буюу үндэсний ашиг сонирхолд хохирол учруулдаг.

Шүүгдэгч Г.У нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн нөхөр Д.Цийг Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст харуулаар ажиллуулсны улмаас тухайн хэлтсээс түүнд цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод болон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг нийт 16’934’603 төгрөгийн зардал гаргасан байна.

Гэмт үйлдлийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол гэж үзэх тул Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн цалингийн сангаас Д.Цид олгосон цалин хөлс, урамшуулал, түүнтэй адилтгах орлого болон ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг 16’934’603 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно. Харин иргэний хариуцагчийн дээрх 16’934’603 төгрөгөөс төлсөн хувь хүний орлогын албан татвар болох 1’112’188.73 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцохгүй. Учир нь иргэний хариуцагчид олгож байгаа цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогыг төлж буй нийгмийн даатгалын шимтгэл зэргийг улсын төсвөөс санхүүжүүлдэг, цалингаас төлсөн татвар нь буцаж улсын төсөвт орж байгаа тул хохиролд тооцох боломжгүй байна. Иймд Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн цалингийн сангаас гарсан нийт 16’934’603 төгрөгөөс иргэний хариуцагч Д.Цийн 2023 онд төлсөн 530’148.75 төгрөг, 2024 онд төлсөн 582’039.98 төгрөг буюу нийт 1’112’188.73 төгрөгийг хасаж,  15’822’414.27 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул дээрх хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд нь шүүгдэгч Г.У юм.

Шүүгдэгч Г.У нь өмнөх эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч Төрийн сангийн 1001500000988 тоот дансанд шүүхээс тогтоосон 65’597’027 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал шүүгдэгч нь шүүхийн дүгнэлтээс үүдэж (65’597’027₮-15’822’414.27=) 49’774’612.73 төгрөг илүү төлжээ. Иймд Төрийн сангийн 1001500000988 тоот данснаас илүү буюу үндэслэлгүй төлсөн 49’774’612.73 төгрөгийг буцаан гаргаж шүүгдэгчид олгох нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 38 дугаар хуудас), шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (2 дахь хавтаст хэргийн 41-68 дугаар хуудас) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.У нь өндөр насны тэтгэвэрт, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл “...Манай үйлчлүүлэгч нь төрд 36 жил ажиллахдаа нэг удаа өөртөө давуу байдал олгоё, хууль зөрчье, нийтийн албанд хохирол учруулъя гэх субьектив санаа зорилго агуулаагүй. Ажлаа хийж явахдаа алдаа гаргасан байна. ...Өнөөдрийн нөхцөл байдалд шүүгдэгч Г.Уын хувьд эрүүл мэндийн магадалгаагаа өгсөн. Солонгос улсад очиж яаралтай дахин шинжилгээ өгч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хуулийн заалтад байгаа 1 жил тэнсэн харгалзах ял оноож өгнө үү” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа “...Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Төрд 36 жил тасралтгүй ажиллах хугацаандаа бүхий л шагнал урамшууллыг авсан зэрэг нөхцөл байдлыг хувийн байдлын зүгээс харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялын доод хэмжээг 1 жилээр тэнсэн харгалзаж өгөөч” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болдог.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө” гэх агуулга бүхий саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

3.3. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Энэ агуулгын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээг багасгаж оногдуулах нь зүйтэй.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

4. Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/29 дугаартай магадлалаар уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг суллажээ. Энэ хугацаанд шүүгдэгч Г.Уыг энэ хэрэгт холбогдуулан 69 хоног цагдан хорьжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасах журамтай тул шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Х ургийн овогт Г-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн, нийт 69 (жаран ес) хоногийг эдлэх хорих ялаас нь хасаж тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Г.Ут оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Уын илүү төлсөн 49’774’612.73 төгрөгийг Төрийн сангийн 1001500000988 тоот данснаас буцаан гаргуулж шүүгдэгчид олгосугай.

9. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА