Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/03787

 

 

 

 

 

 

 

 2023         08          29                                          101/ШШ2023/03787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоот, Д.С нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, тоот, Н.Г,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, тоот, С.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Т.Б, Б.Т нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний найз Н.Г, түүний эхнэр С.Э нар 2020 оны 12 сард бизнесийн эргэлтийн хөрөнгө 150,000.000 төгрөг хэрэгтэй байна зээлдүүлээч гэж гуйсны дагуу 2020-12-25 өдөр 150,000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай эхнэр С.Этай нь зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөхгүй бол гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тусгасан. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж байсан боловч үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусч С.Э, Н.Г нараас үндсэн мөнгөө төл гэхэд мөнгө бүтэхгүй байна, гэрээг үргэлжлүүлэн сунгаж хоёр найз нь хүүг нь төлж байя гэж хэлснийх нь дагуу миний бие зөвшөөрч гэрээг сунгаж С.Э, Н.Г нар нь зээлийн хүүг сар бүр тогтмол төлж байсан. Ингээд Н.Г 2021-12-25-ны өдөр С.Эгийн нэр дээр байсан зээлийн гэрээг өөрийн нэр дээр болгон зээлдэгчийг сольж зээлийн гэрээг 6 сараар байгуулсан. Тус гэрээний хугацаа 2022-06-25-ны өдөр дуусч зээлдэгч Н.Гас мөнгөө шаардахад хүнээс мөнгө зээлэх гээд хөөцөлдөөд бүтэхгүй байна хугацаа сунгаж өгөөч гэхэд нь миний бие итгэн зөвшөөрч 45 хоног хүү тооцохгүй байхаар тохирч 2022-08-09-ний өдөр хүртэл хугацааг сунгасан. Гэтэл талуудын тохиролцсон хугацаа дуусахад Н.Г нь дахин хугацаа өгөөч гэх болсон. Н.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй атлаа гадагшаа явна гэж ярьж байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Н.Г, С.Э нараас зээлийн хүүнд 134,500,000 төгрөгийг авсан дээр маргахгүй. Иймд С.Э Н.Г нараас үндсэн зээл 150,000,000 төгрөг, 2022-06-25-ны өдрөөс 2023-03-13-ны өдөр хүртэлх хугацааны алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.    

Хариуцагч Н.Г, С.Э нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-өс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гар утасны худалдаа эрхэлдэг бөгөөд эргэлтийн мөнгө хэрэгтэй болж, С-аас мөнгө зээлсэн. 2020-12-25-ны өдөр С.Э Д.Стай зээлийн гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг, бэлнээр, 6 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан нь үнэн. 2021 оны 06-р сард дууссан.

Бид дараах байдлаар мөнгийг төлж барагдуулсан:

2021.01.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.02.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.03.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.04.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.05.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.06.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.07.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.08.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021,09.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.10.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.11.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2021.12.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.01.25-нд Д.Сын ХААН банкны ..... дугаартай данс уруу 7,500,000 төгрөг, 2022.02.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.03.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.04.25-нд Д.Сын ХААН банкны .......... дугаар дансанд 7,500,000 төгрөг, 2022.05.25-нд 7,500,000 төгрөг бэлнээр, 2022.06.25-нд Д.Сын ХААН банкны ......... дугаартай данс уруу 7,000,000 төгрөг, нийт 134,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид гар утасны худалдаа эрхэлдэг бөгөөд Д.Саас зээл авсан хугацаанд хил гааль хаагдан, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Д.С нь бидний санхүүгийн хэрэгцээг далимдуулж шударга бусаар хэт өндөр хүү тогтоон их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэсэн зохицуулалтын дагуу хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү.

Нэхэмжлэлээс 15,500,000 төлөхийг зөвшөөрч байгаа, 2021-12-25-ны өдөр С нь Н.Гтай зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг Иргэний хуулийн 282 зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг бодитоор өгөөгүй тул зөвшөөрөхгүй. Мөн Н.Г энэ хэргийн хариуцагч биш гэв.

Нэхэмжлэгчээс УТХ төлсөн баримт, 2020-12-25-ны өдрийн зээлийн гэрээ, 2021-12-25-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний хавсралт, хүсэлт гэх гараар бичсэн хүсэлт, хариуцагч Н.Гтай фэйсбүүк чатаар харилцсан зурвас зургаар, зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.   

Шүүхээс 2023-05-31-ний өдрийн 13888 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, фэйсбүүк чатанд үзлэг хийж бэхжүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сын хариуцагч С.Э, Н.Г нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага 225,000,000 төгрөгөөс 104,688,000 төгрөгийг хангаж, 120,312,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч С.Э, Н.Г нарын хүсэлтээр гэр бүлийн бизнес гар утасны наймаанд зориулан  С.Этай 2020-12-25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, сар бүрийн 25-ны өдөр төлж байх нөхцөлтэйгөөр мөнгийг зээлдүүлсэн. Н.Г 2021-12-25-ны өдөр С.Эгийн нэр дээр байсан зээлийн гэрээг өөрийн нэр дээр болгон зээлдэгчийг сольж зээлийн гэрээг 6 сараар байгуулсан. Тус гэрээний хугацаа 2022-06-25-ны өдөр дуусч мөнгөө шаардахад хүнээс мөнгө зээлэх гээд хөөцөлдөөд бүтэхгүй байна хугацаа сунгаж өгөөч гэхэд нь 45 хоног хүү тооцохгүй байхаар тохирч 2022-08-09-ний өдөр хүртэл хугацааг сунгасан. Н.Г, С.Э нараас зээлийн хүүнд 134,500,000 төгрөгийг авсан дээр маргахгүй. Иймд С.Э Н.Г нараас үндсэн зээл 150,000,000 төгрөг, 2022-06-25-ны өдрөөс 2023-03-13-ны өдөр хүртэлх хугацааны алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. 

3. Хариуцагч С.Э зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөг олгогдсон талаар маргаагүй, 134,500,000 төгрөгийг буцаан төлсөн, 15,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Цар тахалтай холбоотойгоор гар утасны бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, мөн зээлийн хүүг зээлдэгчид хэт хохиролтойгоор тогтоосон тул бууруулах ёстой гэж маргасан.

4. Хариуцагч Н.Г нь 2021-12-25-ны өдөр Д.Стай зээлийн гэрээ байгуулагдсан боловч мөнгө бодитоор олгогдоогүй, өмнөх гэрээтэй холбоотойгоор дахин гэрээ байгуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч С.Э, Н.Г нар гэр бүлийн бизнест зориулж нэхэмжлэгч Д.Сд хүсэлт тавьж 150,000,000 төгрөгийг зээлсэн. 2020-12-25, 2021-12-25-ны өдрүүдэд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, 2020-12-25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.С, хариуцагч С.Эд 150,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 2021-01-25-ны өдрөөс  2021-12-25-ны өдрийг хүртэл 7,500,000 төгрөг, 2022-01-25-нд Д.Сын ХААН банкны ........ дугаар дансанд 7,500,000 төгрөг, 2022-02-25-нд 7,500,000 төгрөг, 2022-03-25-нд 7,500,000 төгрөгийг бэлнээр, 2022-04-25-нд Д.Сын ХААН банкны ......... дансанд 7,500,000 төгрөг, 2022-05-25-нд 7,500,000 төгрөгийг бэлнээр, 2022-06-25-нд Д.Сын ........ дансанд 7,000,000 төгрөг, нийт 134,500,000 төгрөгийг төлж барагдуулсан дээр зохигч маргаагүй.

6. Хариуцагч Н.Г нь 2021-12-25-ны өдөр Д.Стай хийсэн зээлийн гэрээнд зааснаар мөнгийг бодитоор надад өгөөгүй, хариуцагч С.Э нь зээлийн хүү хэт өндөр гэж маргасан.

7. Хариуцагч Н.Г 2021-12-25-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу мөнгийг надад бодитоор өгөөгүй гэж маргаж байгаа хэдий ч 2020-12-25-ны өдрийн нэхэмжлэгч Д.Саас хариуцагч С.Э бид хоёр гэр бүлийн бизнест зориулж зээлсэн гэдэг дээр маргаагүй ба 2021-12-25-ны өдөр нэхэмжлэгч Д.Стай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2022-01-25-нд Д.Сын ХААН банкны .......... дугаар дансанд 7,500,000 төгрөг, 2022-02-25-нд 7,500,000 төгрөг, 2022-03-25-нд 7,500,000 төгрөгийг бэлнээр, 2022-04-25-нд Д.Сын ХААН банкны ....... дансанд 7,500,000 төгрөг, 2022-05-25-нд 7,500,000 төгрөгийг бэлнээр, 2022-06-25-нд Д.Сын .......... дансанд 7,000,000 төгрөгийг тус тус төлж байсан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

8. Зохигчийн нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.3 дахь хэсэгт заасан Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй.

9. Хариуцагч С.Эгийн шүүхэд гаргасан “Бид гар утасны худалдаа эрхэлдэг бөгөөд Д.Саас зээл авсан хугацаанд хил гааль хаагдан, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Д.С нь бидний санхүүгийн хэрэгцээг далимдуулж шударга бусаар хэт өндөр хүү тогтоосон гэжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт талуудын хэн нэг нь хүсэлт гаргасныг үндэслэн шүүх зээлийн хүүг багасгаж болохоор хуульчилсан байна. Ковид-19 халдварт өвчний улмаас хэл хаасан бизнесийн үйл ажиллагаа зогссон гэдэг нь нийтэд илэрхий байдал ба зээлдүүлэгч нь мөнгө хүүлэх тусгай зөвшөөрөлгүй, иргэн байх бөгөөд гэрээний нэг тал нөгөө талдаа илтэд хохиролтой тухайн салбарт тогтсон жишгээс хазайсан, банк санхүүгийн байгууллагын хүүгээс өндөр хүү тогтоосон байгааг харгалзан сарын хүү 5 хувийн хүүг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж, хүүгийн хэмжээг 3 хувь болгож багасгах боломжтой гэж үзлээ.

9.1. Зохигчийн 2020-12-25-ны өдрийн зээлийн гэрээний хүүг 3 хувиар тооцоход сард 4,500,000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Зээлийн гэрээний 6 сарын хугацаанд нийт 27,000,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй ба сарын хүүг 5 хувиар тооцон төлсөн төлбөрөөс 18,000,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж тооцох.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдана.

Нэхэмжлэгч Д.С нь 2021-07-25-ны өдрөөс 2021-12-25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хүү шаардах эрхгүй. Иймд хариуцагч нараас 2021-07-25-ны өдрөөс 2021-12-25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд төлсөн 45,000,000 төгрөг дээр +18,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийн үндсэн зээлд төлсөн гэж тооцохоор байна.

9.2. Хариуцагч Н.Гтай 2021-12-25-ны өдөр зээлийн гэрээг байгуулахад үндсэн зээлийн үлдэгдэл 87,000,000 төгрөгөөр тооцох ба сарын 3 хувийн хүүгээр тооцоолоход сард 2,610,000 төгрөг, нийт 6 сарын хугацаанд 15,660,000 төгрөгийн хүү төлөх.

Хариуцагч Н.Г, С.Э нар 2022-01-25-ны өдрөөс 2022-05-25-ны өдрийг хүртэл 44,500,000 төгрөгийг төлж биелүүлсэн. Үүнээс зээлийн хүүнд 15,660,000 төгрөгийг тооцож, үндсэн зээлд 28,840,000 төгрөгийг төлж биелүүлсэн гэж үзэж. Үндсэн зээлийн үлдэгдлийг 58,160,000 төгрөгөөр тооцох.

9.3. Хариуцагч Н.Г, нэхэмжлэгч Д.С нарын хооронд 2021-12-25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг түр сунгах тухай, нэмэлтээр баталсан нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд сунгасан гэж үзэхээр байна.

10. Үндсэн зээлийн үлдэгдэл 58,160,000 төгрөг сарын хүүг 3 хувиар тооцоход сард 1,744,800 төгрөг, 10 сарын хүү 17,448,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Хариуцагч С.Э, Н.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 58,160,000 төгрөг, зээлийн хүү 17,448,000 төгрөг, алданги 29,080,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 2021-12-25-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг зохих хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч С.Э, Н.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 104,688,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,312,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,440,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Э, Н.Г нараас 681,290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.Б