Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч С.Нямцогт, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сайн-Өлзийн Нямцогтод холбогдох эрүүгийн 201726030715 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.


Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1985 оны 07 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий  аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 38-914 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Сайн-Өлзийн Нямцогт /РД:СЭ85072177/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Нямцогт нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-247 тоотод оршин суудаг Г.Цогтын гэрт үлдээд байж байхдаа гагнуурын аппарат, дунд гарын мөнгөн аяга, тасдагч, ботинк, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж, 370.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нямцогтоос: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Цогтын: “...Би 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эхнэр, хүүхдээ дагуулан өглөө 06 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сум руу хувийн ажлаар явцгаасан. ...тухайн үед манай эгчийн хүүхэд Жамъяанжав гэх залуугийн найз Нямцогт өглөө эрт 05 цагийн үед ирсэн. Бид нар Нямцогтод итгэж найдаад гэрээ онгорхой орхиод явсан. ...Ингээд орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрт хулгай ороод дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хүүгийн ботинк, үүргэвч,  тасдагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Дунд гарын мөнгөн аягыг 1984 онд хадам аав бэлгэнд өгсөн үнийг нь мэдэхгүй байна. Гагнуурын аппаратыг 300 000 төгрөгөөр 2013 онд Хар хорин захаас худалдаж авсан, тасдагч нь 30 000 төгрөгний үнэтэй, ботинк 50 000 төгрөгөөр авсан, цүнх 50 000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч А.Занданцэцэгийн: “...Миний ах төрсөн ах С.Нямцогт нь 1985 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, сургуульд сурч байгаагүй, боловсролгүй, уншиж, бичиж чадахгүй... Миний ах төрсөн ах С.Нямцогт зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй нийтэч, зан харьцаа сайтай. Хааяа л архи уудаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны №05/406 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 дугаар хуудас/,

-2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/

-2017 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт.  /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Нямцогтын  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч С.Нямцогт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 30 минутын орчим найз Жаяатай уузахаар түүний ах Цогтоогийн гэр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 6-247 тоотод очсон. Цогт ах эхнэр, хүүхэдтэйгээ хөдөө явах гэж байсан , тэгээд надад гэрээ онгорхой үлдээгээд явлаа шүү... гэж хэлээд явсан. Тухайн үед миний өмнөх орой уусан архи гараагүй бага зэрэг согтолттой байсан. ...07 цаг өнгөрч байхад Цогтоо ахын гэр рүү ороод шүүгээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга, хүүхдийн өрөөнд байсан эрэгтэй хүний гутал 1 хос, хар өнгийн үүргэвч, үүдний таамбарт байсан гагнуурын аппарат, металл төмөр тасдагч, тайл зэргийг хулгайлж аваад гарсан. ...хулгайлсан эд зүйлсийг зарж борлуулаагүй, бүгд гэрт байгаа. Би урьд өмнө хулгай хийж байгаагүй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Цогт ахын байшингийн хаалга онгорхой байхаар нь хулгай хийх санаа бодол үүссэн. ...Би мөнгөгүй болсон учир хулгай хийж мөнгөтэй болж архи авч уух санаатай байсан. Хулгай хийхдээ ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дүгээр хуудас/ 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

  Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Нямцогт нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-247 тоотод оршин суудаг Г.Цогтын гэрт үлдээд байж байхдаа гагнуурын аппарат, дунд гарын мөнгөн аяга, тасдагч, ботинк, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж, 370 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Цогтын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны №05/406 дугаартай криминалистикийн  шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ХУД 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-247 тоотод оршин суух Г.Цогтын байшингийн хаалга эвдрэл гэмтэлгүй хулгай орж гагнуурын аппарат 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 хос, хар өнгийн үүргэвч зэрэг эд зүйл алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Б.Баясгалангийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь сэжигтэн С.Нямцогт, хохирогч С.Наранчимэг нарын гарын хээний дардасууд болон нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 21 дүгээр хуудас/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 дугаар хуудас/,

-2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/

-2017 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт.  /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч С.Нямцогт нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасны дагуу С.Нямцогтыг бусдын эд хөрөнгийг нь хулгайлсны улмаас, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж  заажээ.

Шүүгдэгч С.Нямцогтыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний  хувийн байдлыг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Цогт нь мөрдөн байцаалтын шатанд: “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Алдсан эд зүйлээ бүгдийг нь буцаагаад авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 43 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Нямцогтыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, С.Нямцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.