Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч Н.Б /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1987 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 6 дугаар гудамжны 120 тоотод оршин суух хаягтай, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 1-60 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэж, өмнө таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нь нэмж эдлэх ялыг 13 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 22 дугаартай магадлалаар зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ДП87041411 регистрийн дугаартай, Х овогт Н.Б.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хороо 6-11 тоот хашаанаас хохирогч Г.Х-ын өмчлөлийн 5 сартай, шаргал зүсмийн Питбультерьер үүлдрийн эр гөлөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогтой Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.М миний бие Н.Б-ын хүсэлтээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож байна. Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хороо 6-11 тоот хашаанаас хохирогч Г.Х-ын өмчлөлийн 5 сартай, шаргал зүсмийн Питбультерьер үүлдрийн эр гөлөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Н.Б нь хийсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Мөн ар гэртээ өндөр настай аав, ээжийн хамт амьдардаг байдлуудыг нь харгалзан үзэж Н.Б-т оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны 6-11 тоот хашаанаас хохирогч Г.Х-ын өмчлөлийн 5 сартай, шаргал зүсмийн Питбультерьер үүлдрийн эр гөлөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

 Энэ байдал нь хохирогч Г.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 05 дугаар сард Б.М гэдэг хүнээс 2 сартай, пит үүлдрийн, шаргал зүстэй, гөлгийг 400.000 төгрөгөөр худалдан авч, өөрийн ах Ч-ийн хашаанд арьсан хүзүүвчээр оосорлож, гинжээр уяж, тэжээж байгаад 5 сартайд нь буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үед хулгайд алдсан” тухай мэдүүлэг,

 Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 11-нд Н.Б ирж уулзаад “Цэвэр цусны пит үүлдрийн, шаргал өнгөтэй, чихийг нь тайрсан, гөлгөн нохой 30.000 төгрөгөөр зармаар байна” гэхэд нь “Пит үүлдрийн нохой сонирхдоггүй тул авахгүй” гэж хэлж явуулаад пит нохой сонирхдог М гэх залууд энэ тухай хэлэхэд “Тийм нохой алдагдсан гээд цагдаагаас асууж байсан” гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Б аймаг руу яваад шөнө нь шаргал өнгийн, 2 чихийг нь тайрчихсан, гөлгөн нохой хөтөлж, явган, согтуу ирсэн. Тэр үед гэрчийнх аймгийн төвөөс 9 км зайтай байсан бөгөөд 3 хоногийн дараа түүнийг малдаа явсан хойгуур Б уг нохойг аваад аймгийн төв рүү явсан байсан” тухай мэдүүлэг,

 

Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Бага хүү Г.Х нь 2020 оны 05 дугаар сард М гэх залуугаас шаргал өнгөтэй, хоёр чихийг нь тайрсан, цэвэр цусны пит үүлдрийн гөлгөн нохойг 400 000 төгрөгөөр худалдан авсныг том хүү Ч-ийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо 6-11 тоот хашаанд тэжээж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-наас 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд алдсан” тухай мэдүүлэг,

 

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 20-ны үед найз Г.Х-т өөрийн тэжээдэг цэвэр цусны пит үүлдрийн Пабби дуудлагатай 1 нас 2 сартай эр нохой, цэвэр цусны пит үүлдрийн Жек дуудлагатай 1 нас 6 сартай эм нохойн дундаас гарсан шаргал өнгийн цэвэр цусны 5 сартай гөлгийг бэлэн мөнгөөр 400 000 төгрөгөөр худалдсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Х-тай тааралдахад нөгөө шаргал гөлгөө хашаанаасаа хулгайд алдчихлаа сурч байгаарай гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

 

“Ашид билгүүн” ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Питбультерерийн 5 сартай, шаргал зүстэй, эр гөлөгний үнийг 400 000 төгрөгөөр тогтоосон” тухай №ТХҮ-820-781 дугаартай үнэлгээний дүгнэлт,

Шаргал өнгийн, 2 чихгүй, нохойн гөлөгийг Н.Б-аас хураан авч, хохирогч Г.Х-т хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэн нэгэн хүний эзэмшилд байгаа аливаа эд юмсыг эдийн баялаг буюу эд хөрөнгө гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэтэй нохойг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч нь хэн нэгэн хөндлөнгийн хүний албадлага шахалтгүйгээр хэргийн үйл баримтын талаар нотлох баримтын ач холбогдолтой үнэн зөв мэдээлэл өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. 

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Н.Б-т анхан шатны шүүхээс оногдуулсан нээлттэй хорих байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ялыг, 408 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож, шүүгдэгчийг суллах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

 А. Шийтгэх тогтоолын 2  дахь заалтад:

“шүүгдэгч Н.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг,

“шүүгдэгч Н.Б-ыг 408 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг хасч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт цагдан хоригдсон 51 хоногийг, нийтэд тустай ажил хийлгэх ялаас нь хасч тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож сулласугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

 

ШҮҮГЧИД                              Ш.Б

 

                                        Ч.Э