Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/04635

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27

101/ШШ2023/04635

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Боржигин овогт Д.Н /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай,The gardens building 00 тоотод оршин суух, Үлэмж саруул овогт Т.Н /рд:0000/-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, гэрч Ч.О нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие БНСУ-ын Дакгалби нэршил бүхий хоол худалдааны үйл ажиллагаа явуулж, тус хоолны нэршил бүхий брэндээр хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэдэг. Хоол үйлдвэрлэлийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа учир тухайн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх сүлжээ ресторан байгуулах зорилгоор судалж эхэлсэн. 2021 оны 5 дугаар сард хариуцагч Т.Н нь Сеntrall mall талбайд байрлах хоол үйлдвэрлэлийн хэсэгт нь талбай олж өгье гэж хэлсэн. Ийнхүү тус газрыг Т.Н түрээслэх юм байна гэж ойлгон ээж Ч.Оийн Хаан банк дахь 5023486633 тоот данснаас 2021 оны 05 сарын 13-ны өдөр Т.Ны Хаан банк дахь 0000 тоот дансруу 15,000,000 төгрөгийг шийлжүүлсэн. Дараагийн төлбөрийг Д.Н би өөрийн Хаан банк дахь 5133195026 тоот данснаас 2021 оны 08 сарын 12-ны өдөр Т.Ны Хаан банк дахь 0000 тоот дансруу 15,000,000 төгрөгийг шилжүүлэн түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Сеntrall mall төвийн үйл ажиллагаа нь бүрэн эхлэж түрээслэсэн В1 давхарт байрлах үйл ажиллагаа эрхлэх талбайд өөрийн бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхээр нүүж орох гэсэн боловч тус талбайд үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөхгүй байсан бөгөөд өөр хүн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний бие тус үйлчилгээний талбайд өөрийн түрээслэсэн объектдоо үйл ажиллагаа явуулж эхэлмээр байгаа тухайгаа холбогдох хүмүүсд хэлэхэд Т.Н гэх хүн энэ газарт хамааралгүй гэж хариулсан. 2021 оны 05 сараас өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгсөн зүйл байхгүй тус түрээслэсэн талбайд миний үйл ажиллагааг минь эрхлүүлэхгүй байна. Мөн түрээсийн төлбөр авсан Т.Н гэх хүнтэй холбогдож чадахгүй надад олдохгүй байна. Т.Н нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сеntrall mall барилгын эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон бөгөөд тус талбайг түрээслүүлэх үүргийг хүлээх боломжгүй учир түрээсийн төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н нь Централ Молл худалдааны байгууллагын төлөөлөгч болох Өвөр Монголын Х х компанитай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр менежментийн үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зааснаар Т.Н нь тухайн Централ Молл талбайн дүгнэлтийн 90 хувь хүртэл хүргэж ажиллуулах мөн үүнтэй холбоотойгоор мөнгө төгрөг төлүүлэх, бусадтай гэрээ хийх гэх мэт үйл ажиллагааг явуулахаар болсон. Энэ гэрээг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2021/04 тоот гэрээг Ч.Отэй менежментийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан байна. Ч.Оээс менежментийн үйл ажиллагаа явуулах гэрээний төлбөрт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин Д.Н гэдэг хүнтэй ямар ч гэрээ байгуулаагүй, мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын данснаас мөнгө шилжсэн гэж ярьж байгаа нь Ч.О хүнтэй ЮБ13 фүүд гишүүнчлэлийн эрх олгох тухай гэсэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Уг гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа бол Ч.О хүн нь нэхэмжлэлээ гаргаад, гэрээгээ дүгнээд цааш нь нэхэмжлэлээ гаргаад явах ёстой. Үндсэн нэхэмжлэгч биш гэж үзэж байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл,

3.2 хариуцагчаас гаргасан UB13 food street-ын гишүүнчлэлийн эрх олгох гэрээ, менежментийн үйл ажиллагаа явуулах тухай гэрээ

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т.Нд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Д.Нийн эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот данснаас 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагч Т.Ны эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот данс руу dakgalbi centrall mall гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.

Мөн гэрч Ч.Оийн эзэмшлийн Хаан банк дахь 0000 данснаас 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг dakgalbi 13 geree uridchilgaa tolbor гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ.

 

3.1 Нэхэмжлэгч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрх 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч Т.Нд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Т.Н нь Сеntrall mall үйлчилгээний төвийн байранд хоол үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбай олж өгөхөөр бидний хооронд амаар гэрээ байгуулагдсан. Гэвч хоолны үйл ажиллагаа явуулах талбай олж өгөөгүй, үндэслэлгүйгээр 30,000,000 төгрөг авсан гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Д.Нтэй үйлчилгээний талбай өгөх талаар гэрээ байгуулаагүй, энэ хүнтэй ямар ч гэрээний харилцаанд ороогүй. Харин Ч.О гэдэг хүнтэй гэрээ байгуулсан тул Д.Н нь нэхэмжлэл гаргах эрхгүй. Д.Нөөс шилжүүлсэн 15,000,000 төгрөг ямар учиртай болохыг мэдэхгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3.2 В и ХХК болон Х х ХХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Менежментийн үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр В и ХХК нь шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй соёл амралтын Централ молл үйлчилгээний төвийн талбайн дүүргэлтийг 90 хувиас доошгүй байлган түрээсийн болон ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төвлөрүүлэн ажиллах үүргийг хүлээсэн байна. Уг гэрээг В и ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Т.Н байгуулсан байна.

 

3.2а Хариуцагчаас ...Х х ХХК-тай байгуулсан Менежментийн үйл ажиллагаа явуулах тухай гэрээний дагуу Централ молл үйлчилгээний төвд бусдад талбай түрээслүүлэх эрхийг В и ХХК авсан ба үүний хүрээнд Ч.Отэй талбай түрээслүүлэх агуулга бүхий гэрээг байгуулсан гэж тайлбарласан.

Уг тайлбар нь хэрэгт хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн В и ХХК болон Ч.О нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан UB13 food street-ын гишүүнчлэлийн эрх олгох гэрээгээр тогтоогдож байна. Уг гэрээгээр В и ХХК нь 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн заалттай түрээсийн гэрээг Централ молл ХХК-тай байгуулах эрхийг Ч.Од олгох, Ч.О нь 30,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

3.2б Уг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч.Оээс В и ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

3.2в Гэрч Ч.Оээс ...манай хүү Д.Н надаар гэрээнд гарын үсэг зуруулсан. Ямар гэрээ болохыг би тухайн үед танилцаагүй. Талбай түрээслэхэд мөнгө хэрэгтэй байна гээд надаар 15,000,000 төгрөгийг Т.Ны данс руу шилжүүлүүлсэн гэж мэдүүлсэн.

 

3.3 Хэрэгт авагдсан дээрх бичгийн гэрээ, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс тус тус дүгнэвэл В и ХХК болон Ч.О нарын хооронд Централ молл үйлчилгээний төвд талбай түрээслүүлэхтэй холбоотой гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээний дагуу Ч.Оээс 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

3.3а Хэдийгээр гэрч Ч.Оээс ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй гэх боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэх замаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар бичгээр гэрээг байгуулж, хэн аль нь гарын үсгээ зурсан байна. Аливаа этгээд бусадтай гэрээ байгуулахдаа уг гэрээний агуулгыг танилцаж байгуулах эсэх нь түүний хариуцлагын асуудал бөгөөд уг гэрээний үр дагаврыг хариуцах учиртай.

 

3.4 Иймд нэхэмжлэгч Д.Н нь Ч.Оийн бусадтай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг ...миний мөнгөн хөрөнгө, надаас үндэслэлгүйгээр авсан гэх үндэслэлээр шаардах эрхгүй байна.

Харин Ч.О нь В и ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзвэл энэ талаар тэрээр жичдээ шаардах эрхийг уг шүүхийн шийдвэр хөндөхгүй болно.

 

4. Хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Д.Нтэй ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, түүнээс шилжүүлсэн 15,000,000 төгрөг ямар учиртай мөнгөн хөрөнгө болохыг мэдэхгүй гэж тайлбарлах атлаа уг мөнгөн хөрөнгийг төлөхгүй гэх тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

4.1 Аливаа этгээд бусдаас олж авсан мөнгөн хөрөнгийг ямар учиртай болохыг үндэслэл бүхий тайлбарлах замаар уг тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Д.Нөөс түүний данс руу 2021 оны 8 сарын 12-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй боловч юунд зориулж авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч Т.Наас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.Наас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Т.Наас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ