Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

М.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч М.Б,

Хохирогч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаар шүүгчийн захирамжийг А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1969 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 52 настай, ДЮ.................. регистрийн дугаартай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 22-16 тоотод оршин суух хаягтай, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Ш овогтой М.Б.

 

Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх хойд талд байрлах, ямар нэгэн хаяггүй нэг давхар нийтийн байранд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Ж.М-ыг “архи авч өг гэж агсам тавьлаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь варений шилээр цохиж“ хамрын нуруунд шарх, хамрын нуруу зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор өөртэй нь маргалдсан П.Х-ыг “олон юм ярьж, найзыгаа өмөөрлөө” гэж толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “...хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт М. Б-д холбогдох 2016000000087 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/230 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад: Яллагдагч Ш овогт М. Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх хойд талд байрлах, ямар нэгэн хаяггүй нэг давхар нийтийн байранд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Ж.М-ыг “архи авч өг гэж агсан тавилаа” хэмээн согтуурхан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь варений шилээр цохиж “...хамрын нуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор өөртэй нь маргалдсан П.Х-ыг “олон юм ярьж найзыгаа өмөөрлөө” хэмээн толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “...Хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 11 дүгээр сарын 09- ний өдөр 98 дугаартай яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 2016000000087 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/230 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаахдаа П.Х нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр биедээ хүнд гэмтэл авсан ба хохирогч П.Х нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байхад тархиндаа гэмтэл авсны улмаас нас барсан эсэх, эсхүл өөр бусад өвчний улмаас нас барсан эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох зайлшгүй шаардлагатай байхад шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй байх тул нас барсан шалтгааныг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох П.Х-ын тархины хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхэнд түүнд хийсэн эмчилгээний үр дүнд П.Х нь ухаан орсон бөгөөд тархины гэмтэл нь эрчимт эмчилгээ хийх явцад эдгэрч, цус хуралтууд шимэгдсэн учир үхэлд хүргэхгүй. П.Х нь эмийн эмчилгээгээр цус хуралтууд шимэгдсэн учир хагалгаанд орох шаардлагагүй хэмээн дүгнэж эмнэлгээс гаргасан байна. П.Х нь тархины хүнд гэмтэл нь эмчлэгдсэн хэдий боловч элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хорт хавдар 3 дугаар үедээ орж Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 11 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 3853 тоот өвчний түүхэнд түүнд хийсэн эмчилгээ нь тархины гэмтэлтэй холбогдуулан ямар ч эмчилгээ хийгээгүй болох нь харагдана. Мөн энэ талаар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасгийн их эмч, П.Х-ыг эмчлэгч эмч Г.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй туссан бөгөөд Г.Т-ийг шүүх хуралдаанд оролцуулан хавтаст хэрэгт авагдсан өвчний түүхийг дэлгэрэнгүй шинжлэн судлуулах бүрэн боломжтой. Хохирогч Д.Б-аас гаргаж өгсөн тайлбараар П.Х-ыг нас барсны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шашны зан үйлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг “Бөөрөг” гэх нэртэй газарт хээр “Ил тавьж” хөдөөлүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын зүгээс түүний нас барсан шалтгааныг эмчилгээний түүх буюу өвчний түүхээр гаргах боломжгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож прокуророос М.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээнд яллагдагчийн гэм бурууг тогтоох бүрэн боломжтой хэмээн дүгнэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/230 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч М.Б-г 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн үед “Ж.М-ыг нүүрэн тус газарт нь варены шилээр цохиж хамрын нуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, П.Х-ыг толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “тархины хоёр тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед хохирогч П.Х нас барсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Х-ын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа бөгөөд хохирогч П.Х нь гэмтлийн улмаас 11 хоног ухаангүй байсан, ухаан орсноосоо хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж бусдын асаргаанд байж байгаад нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэтэл хохирогч ямар шалтгаанаар, хэзээ, хаана, нас барсан, түүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь нас баралтад нөлөөлсөн эсэх зэрэг нь эргэлзээтэй, нотлох баримтаар хангалттай бодитой тогтоогдоогүй бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн тогтоох боломжгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой. Тухайлбал прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон эсэхийг хянах” шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.Ж

 

           ШҮҮГЧИД                                    Ш.Б

 

                                                         Ч.Э